| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0150/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Б-од холбогдох 19100007200000 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвд тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамж 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Б-ын Б-
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 25-00 тоотод өөрийн дагавар хүү Э.Ж-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-оос: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өглөө гэрээс гарахдаа хүүхэдтэйгээ муудалцаж гарсан. Миний санаж байгаагаар гадаа бүрэнхий болсон байсан. Би 2 шил архи уусан. Тэгээд ухаан ортол хүүхдээ мөргөсөн байсан. Би хүүхдээсээ юу болсон бэ гэж асуухад манай хүүхэд та намайг мөргөсөн гэсэн. Тэгээд би хүүхдийнхээ гар дээр ус хийж өгөхдөө Цагдаагийн байгууллага руу залгаж, би хүүхдээ зодчихлоо гэж хэлсэн. Хэрэг гарсан өдөр би эрүүлжүүлэхэд хоносон. Манай хүүхэд гадуур яваад хичээлдээ суухгүй компьютер тоглоом тоглоод байсан тул би уурласан...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Э.Ж-гийн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал манай хойд аав болох Б- нь орой 17 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирээд чи гэр орон цэвэрлэсэнгүй, хичээл номондоо муу сурлаа гэх мэтээр хэлж байгаад намайг гөлөг минь би чиний сургалтын төлбөр төлсөн чи миний төлбөрийн мөнгийг буцаан өг гээд байхаар нь та тэгж ярьдаг хүнтэйгээ ярь гэсэн чинь миний хоолойг шууд багалзуурдаж авахаар нь би түлхээд унагасан босож ирээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохиж мөн толгойгоороо миний нүүр лүү 2 удаа мөргөсөн энэ үед нь миний хамарнаас цус гарсан тэгсэн чинь миний өөдөөс ус цацаад гэрээс зайл гээд хөөгөөд байхаар нь би ааваасаа айгаад гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч С.Баттунгалагийн: “...хүү Жавхлан руу утсаар залгасан чинь хойд аав Б.Б- намайг зодсон гэж хэлсэн тэгэхээр нь би эгч Батцэцэгийнхээ гэрт очоод байж бай гэж хэлчихээд ажлаас чөлөө аваад явж байх замдаа нөхөр Б- руу залгаж юу болсон талаар асуухад би хүүхдээ гэр орон цэвэрлэсэнгүй гэж маргалдаж байгаад зодчихлоо би энэ талаар цагдаад хүүхдээ зодчихлоо гэж хэлээд дуудлага өгчихсөн одоо гэрт ирэх байх гэж хэлэхээр нь би шууд Батцэцэг эгчийн гэрт очоод Э.Ж-гаас юу болсон талаар асуухад аав архи уучихсан орж ирээд намайг гэр орон цэвэрлэсэнгүй гэж уурлаад намайг заамдаж байгаад миний хамар руу 2 удаа мөргөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн шинжээчийн №722 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 42-53 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нисэхийн тэнд байдаг танил Ганбатыг гэрт 2 найзын хамт 0.75, 0.5 литрийн 2 шил “Их Монгол” нэртэй архи уусан. Тэгээд би тэндээс 18 цагийн үед гараад гэр лүүгээ явж байх замдаа согтсон байна. Би нэг ухаан орсон чинь гэртээ ирчихсэн дагавар хүү Э.Ж-гийн толгой дээр нь ус хийж өгч байсан. Тухайн үед Э.Ж-гийн хамарнаас нь цус гарчихсан байж байхаар нь юу болсон юм, би сая л ухаан орлоо гэхэд та намайг мөргөсөн биздээ гэхээр нь би хүүхдээ зодчихлоо гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний санаж байгаагаар би маргалдаж байхдаа нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн санагдаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 25-00 тоотод өөрийн дагавар хүү Э.Ж-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирогч Э.Ж-гийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч С.Баттунгалагийн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн шинжээчийн №722 дугаартай
Энэ хэргийн шүүгдэгч Б.Б- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн хохирогч Э.Ж- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Мөн хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүд хамаарна гэж заажээ. Шүүгдэгч Б.Б- болон дагавар хүүхэд Э.Ж- нар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь тогтоогдож байна.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Э.Ж-г гэр цэвэрлэсэнгүй, хичээл номондоо муу сурлаа хэмээн мөргөж түүний биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул дотор салстын язрал гэмтэл учруулсан нь дээрх хуульд заагдсан гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч Э.Ж- нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 54 дүгээр хуудас/ байх тул Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Б-ын Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-од мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ