Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00310

 

Ц.Б*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03654 дугаар шийдвэртэй,

Ц.Б*******ийн нэхэмжлэлтэй, М******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлс 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би М******* ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар ажиллаж байсан бөгөөд өөрөө хүсэж өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтээ бичгээр гаргаагүй байхад 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хувийн чөлөө хүсэх тухай хүсэлтийг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Тухайн үед миний хувийн амьдралд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан учраас хугацаатай хувийн чөлөө хүссэний дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-181 дугаартай тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хувийн чөлөө олгосон.

Миний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох холбогдох хуульд заасан эрх үүссэн боловч тухайн насны хуульд заасан дээд хязгаарт хүрээгүй байгаа бөгөөд чөлөөний хугацаагаа дуусгаад ажилдаа эргэн орж, тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ өөрийн сайн дурын үндсэн дээр бичгээр гаргаж шийдвэрлүүлэх зорилготой байсан. Гэтэл дээр дурдсан тушаал гарсан тухай банкны холбогдох нэгжийн ажилтан 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр надад утсаар мэдэгдсэний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч, мөн өдөр тушаалаа гардан авсан.

1.2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн нэмэгдэл хөлс олгох тухай 2022 оны Б-182 дугаар тушаалаар 2022 оны ажлын үр дүнг үндэслэн ажилтны 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцүү хэмжээгээр тус банкны ажилтан тус бүрт нэмэгдэл хөлс олгосон. Би 2022 онд бүтэн жилийн туршид тасралтгүй бүтэн цагаар, үр бүтээлтэй ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн тайланг тухай бүр гаргаж тайлагнасан боловч надад уг нэмэгдэл хөлс олгоогүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон 2022 оны ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлс 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийг М******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5, 82.1.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дэх заалт, Ц.Б*******ийн хүсэлтийг тус тус үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5, 82.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б*******т 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ц.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хувийн чөлөө олгох болон тэтгэвэртээ гарах тухай хүсэлтээ сайн дурын үндсэн дээр гаргасан. Учир нь нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гаргасан хүсэлтдээ ...тус банкинд хийж бүтээсэн ажилдаа би сэтгэл ханамжтай байгаа бөгөөд цаашид хүчин зүтгэх залуустаа баяртайгаар ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн байна. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар хувийн чөлөө олгохыг хүсэж байна. Чөлөөний хугацаагаа дуусгаад тэтгэвэртээ гарах хүсэлтэй байгаа болно гэсэн байдаг.

Мөн хүсэлтдээ ...цаашид байнгын асаргаанд байх хэрэгцээтэй болсон өндөр настай ээжийгээ асрах гэж өөрийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж цаашид хүчин зүтгэх залуустаа баяртайгаар ажлаа хүлээлгэх өгөхөд бэлэн, чөлөөний хугацаагаа дуусгаад үргэлжлүүлэн тэтгэвэртээ гарах хүсэлтээ гэж хүсэл зоригоо амаар болон бичгээр тодорхой илэрхийлсэн. Хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 7.1-т чөлөөг дараах журмаар олгоно, 7.1.4-т хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд ажлын 6-20 өдрийн чөлөөг харьяалах удирдлага, Хүний нөөцийн асуудал хариуцсан захирлын саналыг үндэслэн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гүйцэтгэх захирлын тушаалаар гэж заасан бөгөөд ажил олгогч тус журамд заасан хугацаанаас өөрөөр Ц.Б*******ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалинтай чөлөө олгосон.

2.2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б-182 дугаартай тушаалаар чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулах, шат дараалсан хяналт шалгалтын хүрээнд 2022 онд илүү цагаар ажилласан ажилтнуудад нэмэгдэл хөлс олгосон бөгөөд нэхэмжлэгч нь энэ тушаал гарахад нэмэгдэл хөлс авах ажилтнууд дунд өөрийнх нь нэр байхгүй талаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч болон Захиргаа удирдлага газрын захиралд мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан бөгөөд Ц.Б******* нь нэмэгдэл цалин хөлстэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу нэмэгдэл хөлс олгох тухай тушаал гарсан өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй байсан боловч маргаан шийдвэрлүүлэх хугацааг хэтрүүлсэн.

Иймд Ц.Б*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Ц.Б*******ийг М******* ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 16,166,658 төгрөгийг хариуцагч М******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ц.Б*******т олгож,

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 109.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар 2022 оны ажлын үр дүнгээр тооцон олговол зохих нэмэгдэл хөлс 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******ийн төлбөл зохих ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******ээс 70,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,783 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалсан эсэх нь тодорхойгүй, нөгөө талаас ...ажилтан өөрийн хүсэл зоригоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хувийн чөлөө олгох болон тэтгэвэртээ гаргах хүсэлтээ нэг өргөдлөөр гаргасан. Тус хүсэлтэд ...цаашид хүчин зүтгэх залуустаа баяртайгаар ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Чөлөөний хугацаагаа дуусгаад тэтгэвэртээ гарах хүсэлтэй байгаа болно гэж хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр ажил олгогчид бичгээр гаргасан. Гэтэл шүүх дээрх нотлох баримтыг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... ажил олгогчтой ажиллах хүсэл зориг байхгүй, харин 3 сарын тэтгэмж олгосонд гомдолтой байна. Мөн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд гаргасан ... миний чөлөө хүссэн өргөдөл тэтгэвэрт гарах тухай цухас дурдсан байсныг үндэслэсэн байна. Банкны системд ажилласан жилийг харгалзан үзээгүй. 25-наас дээш жил ажилласан хүнд интервал хэмжээ байх ёстой гэж үзэж байна гэх тайлбар, гэрч З.Б*******ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгт ... сүүлд та надтай уулзах үедээ би тэтгэвэрт гарах гэж байгаа учраас нэр хүндтэйгээр банкнаас гармаар байна, 2 дахь хуудаст би 3 сард тэтгэвэртээ гаръя гэхэд та үгүй, гүйцэтгэх захирал зөвшөөрөхгүй байгаа гэж надад хэлсэн гэв. Гэрч би тийм хариулт өгөөгүй. Та би тэтгэвэрт гарах шаардлагатай байна. Хүүхэд маань Австри улсад сурдаг. Настай ээж маань өвчтэй учраас надад 3 сарын цалинтай чөлөө олгоод үргэлжлүүлээд тэтгэвэртээ гармаар байна гэж надад хэлсэн гэх мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зэрэгтээ харьцуулан үзэлгүйгээр нотлох баримтыг үнэлсэн.

Түүнчлэн, ажил олгогч болон ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан 2 талт гэрээний нэг төрөл ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу Ц.Б*******ийн ажил олгогчид бичгээр гаргасан хүсэлтийн агуулгыг түүний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хүсэлтэд бичигдсэн үгтэй харьцуулж үзсэний үндсэн дээр хуульд нийцүүлэн бүрэн тайлбарлах боломжтой байхад шүүх хүсэлтийн үгийг анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэгч Ц.Б*******т хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгох хүсэл зориг байсан бөгөөд ажил олгогчоос олгосон 3 сарын тэтгэмжид гомдолтой байгаа нь түүний гурван талт хорооны хурал, шүүх хуралдаан дээр гаргасан удаа дараагийн тайлбараар нотлогддог.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөлд урт хугацааны чөлөө хүссэн, мөн тэтгэвэртээ гарах зорилгоор ажлаас чөлөөлөгдөх хоёр өөр агуулга тусгагдсан байхад тухайн өргөдлийн дагуу захиргааны чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн атлаа чөлөөний хугацаа дуусгавар болсны дараа өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах бодит хүсэл зоригийг нь дахин нягтлахгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, шууд ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажилтан нэг өргөдлөөр хэдэн хэдэн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ажил олгогчид хандан хүсэл зоригоо илэрхийлэх эрх нь нээлттэй бөгөөд анхан шатны шүүхээс ажилтны гаргасан хүсэлтэд 2 агуулга тусгагдсан гэдгийг дүгнэсэн атлаа ажил олгогчийг дахин нягтлаагүй гэж буруутгаж байгаа нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Ц.Б*******ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөлд 2 хүсэлт тусгагдсан байсан ба ажил олгогч нь хүсэлтэд дурдсан цаг хугацааны дарааллаар хүсэлтүүдийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т талууд харилцан тохиролцсон гэж заасны дагуу Ц.Б******* нь ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон гэж үзэж байна.

Учир нь М*******ны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлангаар Ц.Б*******ийг Хөдөлмөрийн гэрээ, Ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчил гаргасныг илрүүлсэн бөгөөд дараах үйл баримтаар тогтоогдож байсан. Тус тайлангийн 5 дахь хуудасны тогтоогдсон нөхцөл байдал дүгнэлт хэсэгт ТУЗ-ийн тогтоолд тусгагдсан шаардлагуудыг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний төсөл утсгагдсан гэх асуудлын талаар ...Хуулийн хэлтсийн ахлах хуульч Ц.Б******* өмнө нь өөрийн хянасан, гадны этгээд баталгаажуулсан 3 талт гэрээний төслийг устгасан асуудал гарсан байна. 6 дахь хуудаст ...уг баримт бичиг нь тухайн саналыг хүлээн авсан эсэхийг мэдэгдэх хүртэл буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл гэрээ байгуулсанд тооцогдож болохуйц үнэ цэнтэй баримт бичиг байжээ. Түүнчлэн, гэрээний төсөлд гадны этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч банк уг гэрээг байгуулах, батлах эцсийн зөвшөөрлийг өгөөгүй байхад баримт бичгийн үнэ цэнийг нягтлан шалгалгүйгээр устгалд оруулсан асуудал бий болсон. Иймд Хуулийн хэлтсийн ахлах хуульч Ц.Б******* нь дээрх журмаар өөрт уг баримт бичгийг утсгах эрхийг олгоогүй байхад дур мэдэн утгасан байна гэжээ. 11 дэх хуудасны дүгнэлт хэсэгт а. баримт бичгийн үнэ цэнийг нягтлан шалгалгүйгээр шууд устгалд оруулсан нь дүрэм, журамд олгогдоогүй асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна гэсэн.

Мөн М*******ны захирлуудын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар дээрх хяналт шалгалтын тайланг хэлэлцэж ...судлагдаж байсан гэрээг устгасан нь ажилтны ёс зүйн хувьд байж болохгүй үйлдэл бөгөөд ажилтанд хариуцлага тооцох асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэхээр тогтов гээд 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Ц.Б*******ийн гаргасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг тогтоож, хөдөлмөрийн харилцааг цуцлах арга хэмжээ авахыг Дотоод үйл ажиллагаа хэлтэст үүрэг болгож шийдвэрлэсэн. Дотоод үйл ажиллагааны хэлтсээс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах явцад Ц.Б******* нь ажил олгогчтой тохиролцсон тул 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн дуусгавар болгосон бодит нөхцөл байдлыг шүүх тогтоогоогүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй.

Дотоод үйл ажиллагааны хэлтсээс Захирлуудын зөвлөлд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан танилцуулгад Ц.Б******* нь өөрийн ээжийн эрүүл мэндийн байдал зүрхний дутагдлын улмаас мэс засал хийлгэх шаардлагатай, цаашид байнгын асаргаа шаардлагатай болсон тул ... хувийн чөлөө олгох, чөлөөний хугацаа дуусгаад тэтгэвэртээ гарахыг хүссэн өргөлдлөө 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргажээ гэх агуулгаар танилцуулагдсан бөгөөд Захирлуудын зөвлөлөөс ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өргөдлийн дагуу гэж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тус танилцуулгын шийдвэрлүүлэх асуудал хэсэгт Захирлуудын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг биелүүлж, шууд ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсэх, хүсэлтийн дагуу... цалинтай чөлөө олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр танилцуулагдсан, Захирлуудын зөвлөл Ц.Б*******ийн тэтгэвэрт гарах хүсэл зориг болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний хүсэлтийн дагуу цалинтай чөлөө олгож, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээ өөрчилсөн нь холбогдох баримтуудаар нотлогддог.

Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Ажлаас чөлөөлсөн тушаал болон хувийн чөлөө олгосон тушаал нэг хүсэлтийг үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл, нэг хүсэлтээр 2 өөр тушаал гаргасан. Үүнд гомдолтой учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би чөлөөний хугацаагаа дуусгаад үргэлжлүүлэн ажиллаж байгаад хүсэлтээ гаргана гэсэн хүсэл зоригтой байсан. Үүнийгээ би хувийн чөлөө хүссэн хүсэлтдээ тодорхой бичсэн. Хувийн чөлөө хүссэн хүсэлтийг гаргахад удирдлагын зүгээс тэтгэвэрт гар гэсэн дарамт шахалт үзүүлж байсан. Би эхлээд хүсэлтээ хувийн чөлөө хүссэнээр гаргасан боловч хүсэлтийг буцааж өгөөд Хүний нөөцийн газрын захирал н.Төгөлдөрөөр дамжуулж хүсэлтдээ тэтгэвэрт гарна гэж бич гэж дарамталсан. Би эмнэлэг, ар гэрийн гачигдлын шалтгаанаар шахагдаж 2 салаа утгатай хүсэлт бичсэн.

Гэхдээ би тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрээгүй байсан учраас ажилдаа буцаж ороод тохиромжтой үедээ боломжтой цагтаа хүсэлтээ гаргаад тэтгэвэрт гарна гэдэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн боловч чөлөөний хугацаа дуусаагүй байхад 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж өмнөх хувийн чөлөө хүссэн хүсэлтийг үндэслэн тэтгэвэрт гаргасан. Нэгэнт энэ маргаан давж заалдах шатны шүүхээс хянагдаж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлс 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а. М******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б-27 тоот тушаалаар Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульч Ц.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5/

3.б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ би тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн бол хариуцагч нь татгалзлалын үндэслэлээ нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргах байсан боловч түүний хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хувийн чөлөө олгосон бөгөөд тэрээр чөлөөний хугацаа дуусгаад тэтгэвэрт гарна гэсэн тул Захирлуудын зөвлөлөөс гаргасан шийдвэрээ өөрчилсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан эсэх, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

3.в. Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалсан эсэх нь тодорхойгүй, мөн ажилтан өөрийн хүсэл зоригоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Учир нь нэхэмжлэгч Ц.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагад хувийн чөлөө олгох хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ .... миний хувьд тэтгэвэр тогтоолгох хуульд заасан эрх үүссэн бөгөөд өөрөө хүссэн үедээ хүсэлтээ гаргах хуулийн зохицуулалтын хүрээнд одоогоор ажиллаж байна. ,... өөрт таатай нөхцөлөөр тогтоолгох тэрхүү тохиромжтой хууль, эрх зүйн орчин цаг хугацааны хувьд арай бүрдээгүй..., ... цаашид хүчин зүтгэх залуустаа баяртайгаар ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн байна. ... өндөр настай ээжийгээ асарч, төрүүлж өсгөсөн ачийг нь ... хариулах боломж олгож, ... 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар хувийн чөлөө олгохыг хүсэж байна. Чөлөөний хугацаагаа дуусгаад тэтгэвэртээ гарах хүсэлтэй байгаа болно.... гэх агуулгыг тусгажээ. /хх-ийн 57/

Дээрх хүсэлтийг үндэслэн тус банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б-181 тоот тушаалаар Ц.Б*******т 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цалинтай чөлөө олгосон байна. /хх-ийн 57, 59/

3.г. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-т хувийн чөлөөтэй байх хугацаанд түүний ажлын байрыг хэвээр хадгалана гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгчийн хувийн чөлөөтэй байх хугацаагаа дуусаагүй байхад хариуцагч байгууллагаас түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай болжээ. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

3.д. Түүнчлэн, чөлөө хүсэх болон ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригийг аль алиныг нь илэрхийлсэн салаа утгатай хүсэлт гаргасан тохиолдолд чөлөө олгосон хугацаа дуусгавар болсны дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг хэвээр байгаа болохыг дахин нягтлахгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг чөлөөний хугацаа дууссаны дараа тэтгэвэрт гарах хүсэл зориг нь хэвээр байгаа талаар тодруулах ажиллагааг хийгээгүй нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүх Ц.Б*******ийг урьд эрхэлж байсан Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

4. М*******ны Захирлуудын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хурлын товч тэмдэглэлд ...Ц.Б******* нь ажилтнуудын дунд эмх замбараагүй байдал үүсгэж, үнэ цэнэтэй баримт бичиг устгасан нь хяналт, шалтгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн харилцааг цуцлах арга хэмжээ авахыг Дотоод үйл ажиллагааны хэлтэст үүрэг болгож шийдвэрлэсэн хэдий ч дээрх үндэслэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд тусгагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт хийхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хх-ийн 119-120/

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үр дүнгийн нэмэгдэл хөлс 3,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ