Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 216

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би 
Нэхэмжлэгч: ************ оршин суух ********-н нэхэмжлэлтэй 
Хариуцагч: ************оршин суух ************-д холбогдох
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4.200.000 төгрөг болон гэрээнд заагдсан алданги, шүүхийн явцын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *********** нь **********-тэй 2015 оны 03 дугаар сарын 20-нд 3 сараар нь төлбөрөө авч түрээслүүлнэ гэж байтал гуйсаар байгаад 1 сараар нь төлбөрөө сар бүр ямар ч асуудалгүй төлөхөөр сарын 700.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө иж бүрэн тавилгатай орон сууцны байр түрээслэхээр гэрээ байгуулсан. *********нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, 2015 оны 09 дүгээр сарын 20-оос 2016 оны 03 дугаар сарын 20 хүртэлх нийт 6 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 4.200.000 төгрөгийг төлөхгүй гэрээний заалтыг зөрчиж ирсэн болно. Өвлийн хүйтэн байсан тул төлбөр төлөхгүй удаад байгаа тул байрнаас гаргах бодол байсан ч гуйж найдвартай болно гэсэн олон удаагийн гуйлтанд арга буюу хүн чанар гаргаж сунгаж ирсэн. Тухайн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар амлалт өгч 2016 оны 02 сарын 05-ны өдөр нотариатаар баталгаажуулж хугацаа авч төлнө гэж амлаад араас нь явж бөөн нэхэл дагал болж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал тэвчээртэй хүлээгээд бүр болохгүй болохоор нь 2 өрөө байраа хүнээр сахиулж байгаад ирэхээр нь орж байраа үзтэл маш муу эдлэж паркетэн шалыг ус алдуулж солихоос өөр аргагүй болгож, 00-ын суултуурыг хагалж цул шивтэр, буйданг эвдэлж, шинээр иж бүрэн засвар хийж оруулсан ханын обойг цул халтайсан бичиг зураас, гарнизнуудын ирмэгнүүдийг сэтлээд тун харамсалтай эдэлж, олон хүмүүс өөрөө байхгүй үедээ байлгаж муутгаж гэмтээсэн тул гэрээний дагуу урин дулаан цаг ч болсон тул арга буюу гаргасан бөгөөд төлбөр огт төлөгдөөгүй байсан тул дахин 1 сар төлбөр барагдуулах хугацааг сунгаж нотариатаар баталгаа гаргуулсан. Иргэн ************, миний бие ********-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 4.200.000 төгрөгийг, 2 сарын 20 хойших гэрээнд заагдсан алдангийн хамт, мөн шүүхийн явцын төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ********* нь *******-с 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөг нэхэмжилснээс 1.500.000 төгрөг өгөөд одоо 2.700.000 төгрөгийг 07 сарын 01-ний дотор өгч барагдуулахаар болсон. 2 сараас хойших алдангийг авахгүй байхаар тохирсон гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ********** би ********-д байрны төлбөр 4.200.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2.700.000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Үлдсэн 2.700.000 төгрөгийг 07 сарын 01-нд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
***********-н нэхэмжлэлтэй, ********-д холбогдох Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4.200.000 төгрөг болон гэрээнд заагдсан алданги, шүүхийн явцын төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  
Учир нь нэхэмжлэгч ********** нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа “...Миний бие ********** нь ********-с 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөг нэхэмжилснээс 1.500.000 төгрөг өгөөд одоо 2.700.000 төгрөгийг 07 сарын 01-ний дотор өгч барагдуулахаар болсон. 2 сараас хойших алдангийг авахгүй байхаар тохирсон...” гэсэн байх бөгөөд хариуцагч *********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь “...********** би **********-д байрны төлбөр 4.200.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2.700.000 төгрөгийг 07 сарын 01-нд төлж барагдуулна...” гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.710 төгрөгийн 82.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 14.560 төгрөгийг төрийн сангаас, 82.150 төгрөгийн тал хувь 41.075 төгрөгийг хариуцагч ***********-с, 41.075 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *********-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх  хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
 1. ********-н нэхэмжлэлтэй, **********-д холбогдох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4.200.000 төгрөг болон гэрээнд заагдсан алданги, шүүхийн явцын төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.710 төгрөгийн 82.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 14.560 төгрөгийг төрийн сангаас, 82.150 төгрөгийн тал хувь 41.075 төгрөгийг хариуцагч ************-с, 41.075 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***********-д олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


 ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ