| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0137/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- овогт Б-ийн Ч-д холбогдох 181000000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажилуулдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 00000 тоотод оршин суудаг,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгагдсан, Л- овогт Б-ийн Ч-
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутагт байх дугуй засварын газарт иргэн Э.Э-, Б.Д-нартай маргалдан, улмаар зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Ч-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Э.Э-ийн “...Миний төрсөн өдөр 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон ба маргааш нь буюу 21-ний өдөр нь найз Д-той 11 цагийн үед 2.5 литрийн савлагаатай боргио пиво манайд хувааж уучихаад хадам аав Хүрэлчулууны портер маркийн автомашин дугуйг солиулахаар болоод хадам аав Д-той хамт манай гэрийн замын эсрэг талд байдаг Д-ийн таньдаг хүн ажиллуулдаг дугуй засвар руу явсан. Тэгээд би ардаас нь очтол манай хадам аав машинаа орхиод гэрт орсон байсан. Тэгээд намайг дугуй засварт ороход Д- тэр засварын газрын Ч- гээд залуутай хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би тэр залууг заамдаж автал Д- намайг салгаад бид хоёр тэндээс гараад алхтал хойноос тэр залуу гартаа алх барьсан ирэхээр нь арай цохичихгүй байлгүй гэж бодоод зогсож байтал Д-ийг шууд хамранд нь толгойгоороо мөргөчихөөд намайг гартаа барьсан алхаараа толгойны дагз хэсэгт нэг цохисон. Тэгтэл цаанаас нь манай эхнэр хүрч ирээд цагдаа дуудсан. Д- бид хоёр Ч-ыг цохиж зодоогүй. Би түүнийг нэг удаа хувцаснаас нь заамдсан. Намайг засварын газарт ороход тэр хоёр муудалцаад маргалдаж байсан. Дараа нь Д-оос яагаад муудалцсан талаар нь асуухад “өмнө нь хэд хоногийн өмнө нь бас согтуу байхдаа муудалцсан талаараа яриад хэрэлдсэн” гэсэн...Би эмчилгээнд зарцуулсан 211.178 төгрөгөө авчих юм бол гомдолгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 12 дугаар хуудас/
Хохирогч Б.Д-ийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай найз Э-ийн төрсөн өдөр болоод би түүний гэрт 12 цагийн үед очсон ба Э- бид хоёр 2.5 литрийн савалгаатай боргио пиво хоёр савыг хувааж уусан. Тэгээд байж байтал гаднаас Э-ийн хадам аав орж ирээд “машиных нь дугуй хагарчихлаа” гэж хэлэхээр нь би Э-ийн байрны урд байдаг таньдаг дугуй засварчин Ч-ын дугуй засвар дээр очоод “нэг дугуй нөхөөд өгчих” гэтэл надад зөвшөөрсөн. Тэгээд би 2018 оны 09 дүгээр сард Ч-ыг согтуу байхад нь муудалцаж байсан талаараа хэлээд “чи залуу хүн байж ингэж болохгүй” гэж хэлтэл Э- бас хажуунаас Ч-д бас “чи ингэж болохгүй” гэж хэлтэл Ч- уурлаад Э-тэй барилцаж авахаар нь би тэр хоёрыг салгаад Э- бид хоёр засварын газраас нь гартал хойноос Ч- зогсож бай гэж орилохоор нь эргээд хартал гартаа алх барьчихсан хүрч ирээд миний хамранд нэг удаа мөргөөд цус гаргасан. Тэгтэл хажуугаас Э- намайг өмөөрөөд Ч-ыг бариад автал Э-ийн толгойд барьсан алхаараа цохичихсон. Тэгээд Ч- засварын газар руугаа орсон. Э- бид хоёр түүнийг цохиж зодоогүй. Өмнө нь 2018 оны 09 дүгээр сард Ч-ыг согтуу байхад нь бид хоёр маргалдаж байсан болохоор түүнийгээ яриад л муудалцсан...Би эмчилгээнд зарцуулсан 128.000 төгрөгийг авчих юм бол гомдолгүй. Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17,20 дугаар хуудас/
Гэрч Х.-ийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт нөхрийн найз Д- ирсэн ба өмнөх өдөр нь манай нөхөр Э-ийн төрсөн өдөр болсон болохоор тэр хоёр 2.5 литрийн савалгаатай боргио пиво хоёрыг уусан. Тэгээд тэр хоёр манай аав Хүрэлчулуунтай хамт машиных нь дугуйг янзлуулна гээд гарсан юм. Тэгээд би байж байгаад 16 цагийн үед цонхоороо хартал манай цонхны харалдаа доор манай манай нөхөр болон Д- нар танихгүй хүнтэй муудалцаад байх шиг харагдсан ба тэр залуу гартаа алх барьсан байдалтай манай нөхрийн дагз хэсгээс цус гарсан, Д-ийн хамар нь хавдаад цус гарсан байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №12773 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №12774 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Б.Ч- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын газартаа байж байтал гаднаас танил Д- согтуу орж ирээд “нэг дугуй үнэгүй нөхөөд өгчих гэхээр нь би “дугуйгаа оруулаад ир” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө дугуй солиулах хүн нь өөр тийшээ явчихсан юм шиг байгаа юм. Тэгээд Д- ах надтай юм яриад байж байтал гаднаас Д-ийн найз Э- гаднаас орж ирээд намайг яасан том дуутай бацаан бэ гэхээр нь би түүнд танд ямар хамаатай юм гар гэж хэлтэл намайг цохичихоор нь би түүнийг буцаагаад түлхээд зууралдаад уначихаар нь би Д- ахад найзыгаа аваач гэж хэлтэл Д- миний нүүрэнд хөлөөрөө тийрсэн. Тэгээд би ажлынхаа ногоон өнгийн бариултай алхыг орны хажуу талаас аваад Э-ийн дагзанд нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр хоёр гараад явахаар нь ардаас нь гараад “зайлцгаа” гэж хэлтэл Д- миний өөдөөс тулаад ирэхээр нь би түүний хамранд нэг удаа мөргөчихөөд буцаад ажил руугаа орсон юм. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. Би Э-ийг ногоон өнгийн резинэн бариултай ажлаа хийдэг алхаараа цохисон. Би Э-, Д- нарт ямар нэгэн мөнгө өгөөгүй. Гэхдээ би мөнгөтэй болохоороо тэдний гомдлыг барагдуулна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/
-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутагт байх дугуй засварын газарт иргэн Э.Э-, Б.Д-нартай маргалдан, улмаар зодож энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, хохирогч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Х.Ариун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №12773 дугаартай
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №12774 дугаартай
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ч-ыг хохирогч Э.Э-, Б.Д-нарын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Ч-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Шүүгдэгч Б.Ч-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардалд 211.178 төгрөгийг хохирогч Э.Э-д, 128.000 төгрөгийг хохирогч Б.Д-ид тус тус гаргуулан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн резинэн бариултай алх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Л- овогт Б-ийн Ч-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ч-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ч- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт ногоон өнгийн резинэн бариултай алх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Ч-аас 211.178 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э-д, 128.000 төгрөгийг гаргуулж Б.Д-ид тус тус олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ