Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181

 

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                     

                  

             

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч У.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-  овогт У- гийн А- т холбогдох 1810027360000 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 3 дугаар хороо  Нарны хорооллын 29 дүгээр байр 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б-  овогт У- гийн А-  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч У.А- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ясны сүрьеэгийн ажилчдын 1 дүгээр байрны гадна 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим хамтран амьдрагч буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох А.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч У.А- аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Хохирогч А.Б-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой хүүхдээ сургуулиас авчихаад орой 20 цагийн орчим бие засахаар гарсан. Гадаа байдаг нийтийн бие засах газар сууж байхад А-  гэнэт хойноос орж ирснээ гараараа баруун нүд орчим нэг удаа цохисоноо нөхөр чинь гэртээ байгаа юу? Сайхан байна уу? гээд байсан. Би чи яагаад байгаа юм бэ? гээд босоод ирэхэд чамайг угаасаа алах гэж ирсэн, одоо алчихаад явна гээд миний баруун нүд рүү дахин дахин цохиод үсдэж чирээд доошоо уруудсан. Ингээд доор байдаг хашааны буланд чирч очоод гэдэс, хэвлий, хоёр гар руу 2-3 удаа өшиглөөд зүүн шанаа, баруун нүд орчим руу цохитол миний баруун нүд тагларч хавдаад хамарнаас цус гарсан. А-  намайг зодож байхад тэр барилга дээр ажилладаг бололтой залуучууд явж байхаар нь би тэндээс тусламж гуйж орилтол тэдгээр залуучууд ирж А- ыг  надаас салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар  хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №13698 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч У.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сараас эхлэн хадам ээжтэйгээ таарахгүй болохоороо тусдаа амьдарч байгаа. Тэгээд хааяа нэг гэрээрээ орж гараад явдаг байсан. Намайг гэртээ ирэхэд эхнэр байхгүй хүүхдүүдээсээ асуухаар найзуудтайгаа явсан гэхээр нь утсаар залгахаар шоудаж байна гэхээр нь маргалдсан. Оройн цагаар баар цэнгээний газраар явж мөнгө олоод байхаар нь би уурлаад хэлэхэд яадаг юм, чамд ямар хамаатай юм зайл гэдэг болсон. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр архи уучихаад эхнэртэйгээ уулзая гэхэд уулзахгүй гэж утсаар хэлсэн. Гэртээ харих гэж байхад эхнэр гэрээсээ гараад 00 явах гэж байхаар нь би хойноос нь очсон чинь манай эхнэр утсаар ярьж байхаар нь 00 руу орсон. Би чи яасан нөгөө хүнтэйгээ ярьж байгаа юм уу? миний өөдөөс хэлэх шиг болохоор нь би зодож байхад хажууд барилга барьж байсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 22 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж У.А- т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч У.А- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ясны сүрьеэгийн ажилчдын 1 дүгээр байрны гадна 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим хамтран амьдрагч буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох А.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, хохирогч А.Б-ын мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №13698 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

  1. А.Б-ын биед баруун ухархайн дотор хананы хугарал, баруун зовхи, дээд уруул, доод уруул, зулайн хуйх, дух, зүүн чамархай, хүзүү, зүүн бугалга, баруун шуу, зүүн алганд цус хуралт, баруун өвдөг, зүүн өвдөгөнд зулгаралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон  удаагийн цохих, шүргэх үед  үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

 

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

         Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

         Шүүгдэгч У.А- , хохирогч А.Б- нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй ч, 8 жил хамт амьдарч байсан, 4-7 насны 2 хүүхэдтэй, хамтран амьдрагч болох нь хохирогч А.Б-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон, хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

         Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтээс шүүгдэгч У.А- ыг гэр бүлийн хүчирийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авч, түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

          Энэ хэргийн шүүгдэгч У.А- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн хохирогч А.Б- нь У.А- аас 5 сая төгрөг нэхэмжилж байгаа ба эмчилгээний зардалд нийт 129.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн /хх-ийн 18 дугаар хуудас/, шүүгдэгч У.А- нь хохирогчид эмчилгээний зардалд 130.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.   

          Хохирогч А.Б- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

    Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч У.А- нь гэр бүлийн хүчирийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Б-  овогт У- гийн А- ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.А- ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4.Хохирогч А.Б- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл У.А- т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ