Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00960

 

Н.Э-О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00489 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 961 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Э-Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “У Ц Т С”ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ш.Базаррагчаа нарын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Э-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э-О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанид 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15, “У Ц Т С” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2016-ны 9 дүгээр сарын 21-ний 23 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Баярсайхан томилогдсон. Тэрээр 11 дүгээр сарын эхэн үеэс эхлэн Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэж өг хэмээн надаас шаардах болсон. Би хууль зөрчөөгүй, сахилгын зөрчил гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний яам дээр ажилтай явж байхад "ажлаа хүлээлгэж өг" хэмээн утсаар хэлж, улмаар хаалгыг маань эвдэн орж, ажлыг маань өөр хүнд хүлээлгэн өгсөн байна. Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ажилтнуудад уншиж танилцуулсан ч надад гардуулж өгөөгүй болно. Би ямар тушаал гарсныг ч мэдээгүй, өөр ажилд томилогдсон талаар ч мэдэгдээгүй, надтай ярилцсан, харилцан тохиролцсон зүйл ч байхгүй. Би ажлаа сайн хийж байсан, ямар ч зөрчил гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа намайг 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш өөр албан тушаалд шилжүүлсэн, цалин буураагүй гэсэн боловч нэг ч цалин хөлс аваагүй. Иймд намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд минь эгүүлэн тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, халсан зүйл байхгүй бөгөөд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан байгаа. Манай байгууллага Хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийнхөө бүрэн эрхийн дагуу захирлын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлж, захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлж ажиллуулсан. Энэ талаар өөрт нь мэдэгдээд, тушаал гардуулна гээд шилжүүлж байгаа талаараа хэлсэн, энэ талаар өөрөө мэдсэн. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, ажлын байрыг шилжүүлж байгаа учир тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барих шаардлагагүй. Тушаалын үндэслэл нь ажилтнуудын хөдөлгөөн зохицуулах журмыг барьж ажилд шилжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 4.11, 4.12-оор шилжүүлэн ажиллуулахаар заасан байгаа. Гэхдээ энэ үндэслэлүүдийн 4.11-ийг удирдлага болгож, ажлыг нь сайжруулах зорилгоор шилжүүлсэн. Байгууллагууд ч гэсэн шилжин ажиллуулах талаар хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ журмын дагуу захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлэн ажиллуулсан боловч нэхэмжлэгч 11 дүгээр сараас хойш ажилдаа ирээгүй, тийм учраас цалин бодогдоогүй. Бид Н.Э-Оыг Захиргаа хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэнгээр томилсон байсан. Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер байхдаа авдаг байсан цалин нь буураагүй хэвээрээ байгаа. Одоо томилогдсон ажлын байрандаа ирэхгүй байгаа тул дараагийн арга хэмжээ яригдах байх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00489 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Бархас овогт Н.Э-О-ыг“У Ц Т С” Төрийн өмчит хувьцаат компанийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У Ц Т С” ТӨХК-аас Н.Э-Оын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 105 918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “У Ц Т С” Төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид 112 644 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 961 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00489 дүгээр шийдвэрт “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “У Ц Т С” Төрийн өмчит хувьцаат компанид нэхэмжлэгч Н.Э-Оын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгасугай” гэсэн 3 дахь заалт нэмж, 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан давж заладах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “У Ц Т С” Төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ш.Базаррагчаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийн дагуу Н.Э-Оын нэхэмжлэлтэй “У Ц Т С”ТӨХК-д холбогдох хэргийн хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Э-О нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэх шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь ажлаас буруу шилжүүлсэн тушаалд бус ажил олгогч хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Э-О нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болох шилжүүлэн ажиллах тушаалтай танилцаж мэдэлгүйгээр, тушаалыг гардан авалгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нэхэмжлэлээ буруу тодорхойлоход хүргэжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн ундэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр байхыг хуульчилсан. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэлд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох гэдгийг өмнөх ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байна гэж ойлгон хэргийг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.” гэж заасан бөгөөд “У Ц Т С” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Д.Баатарнямыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хүлээн авсан болно. “У Ц Т С”ТӨХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/673 дугаартай Н.Э-Оын шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд Д.Баатарням ... нэхэмжлэгч одоо ажилдаа ирэхгүй байгаа. ... ажил тасалсан гэж үзэж байгаа, ... ямар нэг байдлаар ажлаас халсан тушаал байхгүй гэх мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халсан талаар бичилт хийгдээгүй байгаа зэрэг бичгийн нотлох баримтууд зэргээс үзэхэд Н.Э-Оыг “У Ц Т С”ТӨХК түүнийг Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтнуудын хөдөлгөөн зохицуулах журам зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг баримтлан өөр ажлын байранд шилжүүлсэн бөгөөд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Н.Э-О нь шилжүүлсэн ажлын байранд 1 цаг ч ажиллаагүй байхад түүнд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 105 918 төгрөгийг олгохоор шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхтэй гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд хэргийн матриалтай бүрэн танилцаж, шүүх хуралдаанд оролцсон гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 24-ний хооронд “Энх ундарга” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу 1 дэх өдрийн 16 цаг орчим 99000139 дугаараас “У Ц Т С”ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Энхцэцэг үү гэж утсаар залгасан бөгөөд тухайн үед "...би өмгөөлөгч Ч.Өнөржаргал байна. Итгэмлэгдсэн төлөөлөгч нь н.Төрболд, н.Энхчимэг гэх хүмүүс байгаа, би эмнэлэгт хэвтэж байгаа болохоор шүүх хуралдаанд оролцох эсэхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай ярьж байж шийднэ гэхэд за танд ямар ч байсан мэдэгдлээ шүү гэж хэлсэн байхад хуралдааны товыг “2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргалд мэдэгдэв, за гэв” гэх мэт худал зүйл тэмдэглэн хэрэгт хавсаргасан нь хууль бус бөгөөд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхэд халдаж байгаа хууль бус үйлдэл юм. Өмгөөлөгч миний бие нь шүүх хуралдааны товыг үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэх үүрэг хүлээгээгүй бөгөөд харин үйлчлүүлэгч “У Ц Т С”ТӨХК-ийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох эрхтэй тул 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцжээ гэж ойлгож байсан юм. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Төрболд, н.Энхцэцэгийн хэн алинд нь мэдэгдээгүй болохыг тодруулан хэлье.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Э-Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн  магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Э-О нь хариуцагч “У Ц Т С”ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. 

Ажил олгогч “У Ц Т С”ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/673 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2, 6.2 дахь заалтыг тус тус баримталж,  Н.Э-Оыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй гэж заажээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал, өөр ажилд шилжүүлсэн гэх ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар хоёр шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх баримт байхгүй тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69.1,  46 дугаар зүйлийн 46.2, 32 дугаар зүйлийн 32.1-т заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлээгүй орхисныг давж заалдах шатны шүүх залруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, шүүх нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, өмгөөлөгч авах  эрхийг хязгаарласан гэж үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхийг хүсчээ.

Ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хөдөлмөрлөх нөхцлөөр хангахгүй, улмаар тушаалыг гардуулаагүй, ажлыг нь хүлээлцүүлсэн ажил олгогчийн үйлдэл “ажилтныг ажлаас халсантай” адилтгаж үзэх нөхцөл юм. Нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлдээ дурдаж ямар тушаал гарсныг, мөн өөр ажилд шилжүүлснийг ч мэдээгүй тул ажилд эгүүлэн тогтоох шаардлага гаргасан ба уг шаардлагыг ойлгомжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс компанид зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн, компанийн үр ашгийг дээшлүүлэх, технологийн шинэчлэлтэй холбоотой ажлын байр өөрчлөгдсөн, ажил сайжруулах бодлогын хүрээнд ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн ажиллуулах шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж, шилжүүлсэн гэж тайлбарлан, ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 32  дугаар зүйлийн 32.1-т заасан агуулгаар татгалзлын үндэслэлээ тодорхойлсон боловч энэ байдлаа нотлоогүй байв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан  Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн  урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон гэх үндэслэл бий болоогүй, эдгээр шалтгаан нь ажил олгогчийн тушаалын үндэслэл болоогүй тул өөр ажилд шилжүүлэх зорилгоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй юм.  Ажлын зайлшгүй шаардлагаар өөр  ажилд түр шилжүүлэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан бөгөөд үүнээс өөр үндэслэлээр буюу ажил олгогчийн санаачлагаар ажилтныг өөр ажилд шилжүүлэх  эрхийг хуулиар олгоогүй байна. Мөн хэрэгт байгаа баримтаас үзвэл шүүх хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 961 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                      ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА