Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ганпүрэвт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жаргалсайхан,

яллагдагч Г.Ганпүрэв,

хохирогч Н.Галбадрахын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

хохирогч С.Дүгэрээ,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярын гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 9 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201626030201 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Гантулгын Ганпүрэв, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 101 дүгээр байрны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УС86101618/;

            Г.Ганпүрэв нь шунахайн сэдэлтээр иргэн С.Дүгэрээд “Нэг хүний 10,000,000 төгрөг гарган Тэлмэн констракшн ХХК-ийн барилга дээр арматур төмөр нийлүүлж, ашигаа хувааж авах ажил байна” гэж итгүүлэн хуурч мэхлэн 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байрны 36 тоот 1 өрөө орон сууцыг нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд хувь иргэнд 10,000,000 төгрөгийн барьцаанд, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Монголын Санхүүгийн групп” ББСБ-д 17.000.000 төгрөгийн барьцаанд, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд хувь хүнд 21,000,000 төгрөгийн барьцаанд дамжуулан барьцаанд тавиулж, нийт 16,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

            иргэн Н.Галбадрахад “Би Хятад улсаас цемент оруулж ирж зардаг, Замын-Үүдийн боомт дээр 3 вагон цемент байгаа, оруулж ирэх гэсэн чинь мөнгөгүй болоод байна, цементээ зараад 3 хоногийн дараа хүү нэмж төлнө” гэж итгүүлэн, хуурч мэхлэн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт зээлийн гэрээгээр халхавчлан 15,500,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мөн аргаар 20,000,000 төгрөг буюу нийт 35,500,000 төгрөг залилан мэхэлж авсан,

            иргэн М.Энхболдоос Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээгээр халхавчлан 3,500,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр итгэл эвдэх аргаар 3,500,000 төгрөг, мөн иргэн Л.Баярмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511-46 тоот 1 өрөө орон сууцыг М.Энхболдод өөрийн өмчлөлийн орон сууц гэж итгүүлэн, хуурч мэхлэн м2-ийг нь 1 сая төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн өмнөх 7,000,000 төгрөг дээр нэмж 2,200,000 төгрөг буюу нийт 9,200,000 төгрөг залилан мэхэлж авч, бусдад нийт 60,700,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Ганпүрэвийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ганпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн гүйцэт шалгаагүй үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, нэр бүхий зарим хохирогчийн хохирлын асуудлыг бүрэн тогтоогоогүй байна. Тухайлбал:

Хохирогч С.Дүгэрээ нь яллагдагч Г.Ганпүрэвийн “барилгын арматур төмөр хамтарч заръя” гэх ятгалгаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байрны 36 тоот, 18 мкв, 1 өрөө орон сууцаа бусдад барьцаалж, Г.Ганпүрэвт 2015 оны 1 дүгээр сард 10.000.000 төгрөгийг, мөн нэмж 3.000.000 төгрөг ба уг зээлээ төлөхийн тулд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Монголын санхүүгийн групп” ББСБ-тай 12001530 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр 17.000.000 төгрөг зээлснээс /2-р хх-ийн 72-79/ өмнөх зээлээ төлж, үлдэх 1.000.000 төгрөгийг Г.Ганпүрэвт өгсөн, улмаар 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Д.Мөнхжаргалаас 1 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэйгээр 21,000,000 төгрөгийн зээл авч /2-р хх-ийн 80/ “Монголын санхүүгийн групп” ББСБ-тай байгуулсан 12001530 дугаартай гэрээний үүргийг гүйцэтгэсэн байна. Хохирогч С.Дүгэрээ нь Д.Мөнхжаргалтай зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Мөнхжаргалд итгэмжлэлээр олгосон байна. /2-р хх-ийн 81/, Д.Мөнхжаргал нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр С.Дүгэрээгийн өмчлөлийн орон сууцыг 10.000.000 төгрөгөөр С.Батжаргалд худалдсан гэх ба /2-р хх-ийн 68/ уг байрны өмчлөгч нь С.Батжаргал болох нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 000510785 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна /2-р хх-ийн 69/. Хохирогч С.Дүгэрээ нь Г.Ганпүрэвийн “удахгүй мөнгө орж ирэхээр зээлийг чинь төлж өгнө” гэх зэргээр ятгаснаар ийнхүү өмнөх зээлээ төлөхийн тулд орон сууцаа барьцаалан дахин зээл авч байсан талаар мэдүүлжээ. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд: хохирогч С.Дүгэрээ нь яллагдагч Г.Ганпүрэвийн үйлдлийн улмаас Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байрны 36 тоот, 50.000.000 төгрөгийн үнэ бүхий 18 мкв, 1 өрөө орон сууцаа /2-р хх-ийн 84-92/ өмчлөх эрх нь зөрчигдсөн байхад хохирогч С.Дүгэрээд 16.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч С.Дүгэрээгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байрны 36 тоот, 18 мкв, 1 өрөө орон сууц С.Батжаргалын өмчлөлд шилжсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 64/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /2-р хх-ийн 63/ зэрэг баримтуудаар тогтоогдож байхад Д.Мөнхжаргалыг иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ /2-р хх-ийн 102/. Иймд иргэний нэхэмжлэгч хэн болохыг зөв тогтоох.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 51 дугаартай “Ял өөрчилж сонсгох тухай” тогтоолоор Г.Ганпүрэвт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар /2-р хх-ийн 220-221/ ял өөрчлөн сонсгох тогтоол үйлдэхдээ хохирогч Н.Галбадрахын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны 46 тоот орон сууцны өмчлөх эрхийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Нинж нь 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 10 дугаартай “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоолоор 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 51 дугаартай “Ял өөрчилж сонсгох тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон байна /2-р хх-ийн 222-223/. Хохирогч Н.Галбадрахын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны 46 тоот орон сууцыг залилан мэхэлж, итгэл эвдэн авсан гэх үйлдэл холбогдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Иймд яллагдагч Г.Ганпүрэвт холбогдох дээрх үйлдэл холбогдол нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгаж, хохирогч Н.Галбадрах, М.Энхболд нарт танилцуулах нь зүйтэй байна. Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн зөв, хөтөлбөргүй тогтооход ач холбогдолтой гэж үзэж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Ганпүрэвт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч С.Дүгэрээ нь яллагдагч Г.Ганпүрэвийг “Тэлмэн констракшн ХХК-ийн барилга дээр, арматур төмөр нийлүүлж ашигаа хувааж авах ажил байна, нэг хүний арван сая төгрөг гаргана, ашгаа хувааж авъя” гэж хэлэн, хуурч мэхэлсний улмаас тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан учраас өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, Төмөр замын 50 дугаар байрны 36 тоот, 1 өрөө орон сууцыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд хувь иргэнд 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээлээ төлж чадаагүйн улмаас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Монголын Санхүүгийн групп” ББСБ-д 17,000,000 төгрөгийн барьцаанд шилжүүлэн тавьж 10,000,000 төгрөгийн хүүгийн хамт төлж үлдсэн 3,000,000 төгрөгийг Г.Ганпүрэвт дахин өгсөн, улмаар дээрх зээлийн төлбөрийг мөн төлөх боломжгүй болсны улмаас 2015 оны 8 дугаар сарын 12-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд хувь хүнд 21,000,000 төгрөгийн барьцаанд шилжүүлэн тавьж 17,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж 3,000,000 төгрөгийг Г.Ганпүрэвт өгч нийт 16,000,000 төгрөгийг Г.Ганпүрэвт шилжүүлэн өгсөн. Яллагдагч Г.Ганпүрэв нь анхнаасаа хохирогч С.Дүгэрээгийн орон сууцны өмчлөх эрхийг залилан мэхэлж авах гэсэн санаа зорилго агуулаагүй, үүнд чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй, харин хуурч мэхлэх аргаар түүнээс бэлэн мөнгө авах гэсэн санаа зорилготой байсан бөгөөд түүнийгээ хэрэгжүүлсэн. Харин хохирогч С.Дүгэрээ нь яллагдагч Г.Ганпүрэвт бэлэн мөнгө олж өгвөл “Тэлмэн констракшн ХХК-ийн барилга дээр, арматур төмөр нийлүүлж ашиг авна” гэж мэхлэгдэж, Иргэний хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж, өөрийн орон сууцыг дамжуулан барьцаанд тавьсан бөгөөд улмаар 2015 оны 8 дугаар сарын 12-нд иргэн Д.Мөнхжаргалтай 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа, түүнд төлөөлөх эрхийг олгосноор түүний өмчлөлийн орон сууц гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн нь Г.Ганпүрэвийн үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэлтэй хамааралгүй, хуульд заасны дагуу шилжсэн байх тул залилан мэхлэх гэмт хэргийн улмаас байрны өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Хохирогч С.Дүгэрээгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 50 дугаар байрны 36 тоот, 18мкв, 1 өрөө орон сууц С.Батжаргалын өмчлөлд шилжсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот зэрэг баримтуудаар тогтоогддог. Гэвч Д.Мөнхжаргал нь С.Дүгэрээг төлөөлөх эрхийг өөртөө авснаар Иргэний хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг өөрийн нэр дээр биш гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх бий болох бөгөөд үүний дагуу тус орон сууцны өмчлөх эрхийг өөрийн найз С.Батжаргалын нэр дээр шилжүүлсэн энэ талаараа 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэрчээр өгсөн: “...Тухайн үед барьцааны гэрээ байгуулсан чинь үл хөдлөхөд бүртгүүлээгүй учраас барьцааны гэрээ нь хүчингүй болдог гэсэн. Тэгээд тухайн үед С.Дүгэрээ гээд залуу нь надад итгэмжлэл хийж өгөөд сарын хугацаанд зээлээ төлж чадахгүй бол байр аваарай гэж хэлж байсан. ...Ингээд Дүгэрээ гээд хүн зээлээ төлөхгүй байсан учраас би энэ байрыг 2016 оны 7 дугаар сард байх найз Батжаргалын нэр дээр шилжүүлсэн байгаа. Учир нь би эрсдэлээс хамгаалахын тулд Батжаргалын нэр дээр шилжүүлсэн байгаа. Тухайн үед зээл өгөхдөө барьцаа гэрээ байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлэх үед надаас мөнгө нэхсэн учраас тухайн үед мөнгөгүй явсан учраас бүртгүүлж чадаагүй. Тэгээд С.Дүгэрээ гээд залуугаар тухайн зээл авсан өдрөө итгэмжлэл хийлгэж авсан. ...Би 2015 оны 8 дугаар сараас хойш бүтэн нэг жилийн хугацаанд хүлээсэн. Учир нь байр барьцаанд тавьсан мөнгөө хүнд алдчихсан гэж хэлсэн учраас ерөнхийдөө би хүн чанар гаргаад хүлээж байсан. Тэгээд сүүлдээ надад худлаа хэлээд байхаар нь өөрийгөө эрсдэлд оруулахгүйн үүднээс найз Батжаргалын нэр дээр хуулийн дагуу шилжүүлсэн байгаа” гэж мэдүүлсэн мэдүүлгээс дүгнэхэд орон сууцны өмчлөгчөөр С.Батжаргал бүртгэлтэй боловч үндсэн агуулгаараа С.Дүгэрээтэй байгуулсан 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээ үнийн дүнд итгэмжлэлийн дагуу Д.Мөнхжаргал нь байрыг бусдын нэр дээр шилжүүлэн авсан тул иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 186 дугаартай “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Г.Ганпүрэв нь “хохирогч Н.Галбадрахын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны 46 тоот орон сууцны өмчлөх эрхийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авсан үйлдэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн уг үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 51 дугаартай “ял өөрчлөн сонсгох тухай” тогтоолоор урьд сонсгосон Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан ялыг “хохирлын онц их хэмжээ өөрчлөгдөн их хэмжээний хохирол учирсан гэж үзэн” Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон байна. Дээрх шийдвэрийг дүүргийн орлогч прокурор Б.Нинж танилцаад уг хэрэгт Г.Ганпүрэвийн давтан үйлдэл тус бүрээр хохирлын хэмжээг тооцож эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй харин нийт учирсан 60.700.000 төгрөгөөр онц их хэмжээний хохирол учруулсан гэж ял сонсгох нь үндэслэлтэй гэж дүгнэн хяналтын прокурор Ж.Батхуягийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 51 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин хохирогч Н.Галбадрахын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны 46 тоот орон сууцны өмчлөх эрхийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгоогүй, тус тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр тул яллах дүгнэлтэд уг үйлдэл холбогдлыг орхигдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...2016 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 186 дугаартай “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Г.Ганпүрэв нь “хохирогч Н.Галбадрахын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны 46 тоот орон сууцны өмчлөх эрхийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авсан үйлдэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн уг үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тогтоолын 3 дахь хэсэгт энэ хэрэгт битүүлжлэгдсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас энэ байранд өмчлөх эрхийн гэрчилгээ гарах бүрэн боломжтой...” гэв.

Хохирогч Н.Галбадрахын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Н.Галбадрах нь бэлэн мөнгөөр 35,000,000 төгрөгийг өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлалтай, 1 өрөө орон сууцаа зарах гэж байгаа гэсэн учраа хэлэхэд, Г.Ганпүрэв би зараад өгье гэж түлхүүрийг нь авснаар хохирогч Энхболдод 9,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энхболд нь энэ байрыг 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг боловч уг байрыг мөрдөн байцаалтын шатанд дөчин хоёр сая төгрөгөөр үнэлсэн байгаа. Прокуророос Н.Галбадрахын байр биш гэсэн ч түүний эхнэр Баярмаагийн “Бэрэн тайж” группээс захиалгын гэрээгээр авсан байр юм. Одоогоор эрүүгийн хэрэг үүсээд захиран зарцуулах эрхийг нь хаасан байгаа учир өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах эрхгүй байгаа. Энхболдод мөрдөн байцаалтаар Г.Ганпүрэвээс 9,000,000 төгрөгийн хохирлоо гаргуулж авахаар тогтоогдсон байна. Одоо байраа суллаж өг гэхээр шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа суллаж өгнө гэдэг. Өнөөдрийн байдлаар орон сууцныхаа гэрчилгээгээ гаргуулж авч чадахгүй, захиран зарцуулах боломжгүй байна. Баярмаагийн нөхөр болох Н.Галбадрах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоогдсон гэснээс хохирсон талаараа гомдол, саналгүй гэж хэлээгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна...” гэв.

Хохирогч С.Дүгэрээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүүлд Д.Мөнхжаргалд орон сууцаа 21,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байгаа. Үүнийгээ хүү, алданги тооцолгүйгээр гаргуулж авъя гэсэн саналтай байна. ...” гэв.

Яллагдагч Г.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би төмөр замд ажилладаг байсан. Би Хятад улсаас цемент оруулж ирж зардаг, Замын-Үүдийн боомт дээр 3 вагон цемент байгаа, оруулж ирэх гэсэн чинь мөнгөгүй болоод байна, цементээ зараад 3 хоногийн дараа хүү нэмж төлнө гээд мөнгө зээлсэн. Тэгээд хүүгээ төлж дийлэхгүй байсан учир ойр дотны хүмүүсээс мөнгө зээлж эхэлсэн. Намайг 44 дээр цемент зардаг боломжтой гэдгийг мэддэг учраас хүмүүс мөнгө зээлүүлж байсан. Н.Галбадрах ах намайг Энхболдыг байрнаас гаргачих тэгээд 35.000.000 төгрөгөө ажилдаа ороод сард сард нь төлөөд яваарай гэж тохиролцсон...” гэв.

ХЯНАВАЛ:

            Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн  захирамжийн заалтаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хавтаст хэрэгт бүрдсэн баримтуудаас дүгнэхэд яллагдагч Г.Ганпүрэвийн үйлдлийн улмаас хохирогч С.Дүгэрээд хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай.

            Мөн шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад “Прокурорын ял өөрчилж сонсгох тухай тогтоол”, “ял өөрчилж сонсгох тухай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тогтоол”-уудын дунд “хохирогч Н.Галбадрахын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511 дүгээр байрны 46 тоот орон сууцыг залилан мэхэлж итгэл эвдэн авсан” гэх үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүйгээр орхигдсон гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул дахин шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Харин шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад дурдсан “иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох” ажиллагааг дахин шалгах шаардлагагүй байна.

Иймээс шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1, 3 дахь заалтуудыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлээс шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2 дахь заалттай холбогдуулан гаргасан хэсгийг хүлээж авч, захирамжийн 1, 3 дахь заалттай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярын гаргасан 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 1, 3 дахь заалтуудыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн 2 дахь заалтыг хүлээн авч, 1, 3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ