Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 295

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “Үнэлгээний хорооны шийдвэрийг хянаж үзээд манай компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах боломжгүй, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хариуцагчийн 2016 оны 09/1026 тоот албан бичиг, 2016 оны 02/01/3781 тоот албан бичгээр мэдэгдсэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, манай компанийг “Багц 3”-д төсөл хэрэгжүүлэгчээр батламжлахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршиж буй ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 39 барилгыг 10 багц болгон хувааж төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч аж ахуйн нэгжүүдийн дунд дахин төлөвлөн барилгажуулах талаар тендер зарлаж, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тендерийн материалыг хүлээн авсан билээ. Сонгон шалгаруулалтын үр дүнд үнэлгээний хороо сонгон шалгаруулалтад оролцох ерөнхий шаардлагыг хангасан хэмээн үзэж, төсөл хэрэгжүүлэгчээр манай байгууллагыг шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад батламжлуулах саналыг хүргүүлсэн боловч батламжилсан захирамж гаргах боломжгүй гэсэн албан мэдэгдлийг ирүүлсэн тул 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Г*******” ХХК-ийг “Багц-3”-д төсөл хэрэгжүүлэгчээр батламжлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Б******* даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл уг нэхэмжлэлийг гаргасны дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг дарга нь А/117 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон БГД-ийн 3 дугаар /Багц 3/ хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр манай компанийг батламжилж, гэрээ байгуулах эрхийг олгосон албан бичгийн хуулбарыг ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангагдсан хэмээн үзэж, нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд “Багц 3” төсөл дээр дахин тендер зарлаагүй гэсэн лавлагааг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/117 тоот “Г*******” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр баталгаажилж, гэрээ байгуулах эрх олгосон захирамжийг шүүгчийн захирамжид тусган баталгаажуулж, энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “Үнэлгээний хорооны шийдвэрийг хянаж үзээд манай компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах боломжгүй, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хариуцагчийн 2016 оны 09/1026 тоот албан бичиг, 2016 оны 02/01/3781 тоот албан бичгээр мэдэгдсэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, манай компанийг “Багц 3”-д төсөл хэрэгжүүлэгчээр батламжлахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзаж байгаа тухай 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л******* нь шүүхэд хүсэлтээ бичгээр гарган ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү хэрэг дээрх асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан шаардлагыг тус тус хангасан байх тул нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

“Г*******” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л*******д эдлүүлэхээр олгосон байх тул Р.Л******* нь нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх бөгөөд түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 66 дугаар зүйлийн  66.1-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан ба нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ дэмжсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус үндэслэн “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “Үнэлгээний хорооны шийдвэрийг хянаж үзээд манай компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах боломжгүй, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хариуцагчийн 2016 оны 09/1026 тоот албан бичиг, 2016 оны 02/01/3781 тоот албан бичгээр мэдэгдсэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, манай компанийг “Багц 3”-д төсөл хэрэгжүүлэгчээр батламжлахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                       Г.МӨНХТУЛГА