Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1199

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03062 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХ нь миний унаж байсан 89-98 УНИ улсын дугаартай “Ландкруйзер-100” загварын автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Машины үнэнд 15 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 15 000 000 төгрөгт ХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоотын 1 өрөөний нэрийг шилжүүлэхээр болж, машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнээс хойш мөнгө өгөөгүй алга болсон ба байраа ч миний нэр дээр шилжүүлээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд ХХтэй машин худалдах-худалдан авах тухай хэлцлийг үндэслэн машины үнэ болох 30 000 000 төгрөг, 2 жилийн хугацааны алдагдал 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХ нь 2013 оны 11 дүгээр сард өөрийн найз ХХХХ-аар зуучлуулан түүний найз ХХХХ-өөс 89-98 улсын дугаартай “Ланд Круйзер” загварын автомашиныг ХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот, 1 өрөө орон сууц, ХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот 1 өрөө сууцуудаар арилжих болсон. ХХгийн өмчлөлд байх орон сууц нь Хаан банкны барьцаанд байсан ба удахгүй барьцаанаас чөлөөлж өгнө гээд наймаа хийсэн. Гэвч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан бизнес сүүлийн 2 жил уналтанд орсон. Энэ хооронд ХХХХ нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаад шалгуулж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо 2 ширхэг байраа нэхчихээд одоо мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХХ нь биднийг дарамталж эхэлсэн тул бичгээр гэрээ байгуулахаар болсон. Энэ үед Хаан банкны барьцаанд байгаа ХХгийн өмчлөлийн орон сууцыг ХХХХөд шилжүүлэхээр болж, нөгөө байрыг нь 10 000 000 төгрөгөөр үнэлж, алданги 5 000 000 төгрөг нэмээд нийт 15 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэхдээ ХХХХ нь биднийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, худал хэлж, анх тохирсон хэлцэл гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул алданги 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч, ХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот орон сууцыг ХХ-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХгээс 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХөд олгож, илүү нэхэмжилсэн 30 000 0000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 382 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХгээс улсын тэмдэгтийн хураамжинд 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХөд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

ХХХХ миний бие хариуцагч ХХХ-д өөрийн 89-98 УНИ улсын дугаартай автомашиныг 30 000 000 төгрөгөөр үнэлэн хариуцагчийн өмчлөлийн ХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот нэг өрөө байр оролцуулан арилжихаар болсон энэ талаар талууд маргахгүй байсаар байтал шүүх миний автомашины үнийг 15 000 000 төгрөг болгон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгч миний эд зүйлийн үнэлгээг хэт багасгаснаар эд зүйл үнэгүйдэж, миний бие хохирон үлдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг нэхэмжилж, уг шаардлагын үндэслэлээ өөрийн эзэмшлийн “Ланд круйзер 100” загварын 89-98 УНИ улсын дугаартай автомашиныг хариуцагчид 30 000 000 төгрөгт тооцож, 15 000 000 төгрөгийг бэлнэээр, үлдэгдэл 15 000 000 төгрөгт ХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ-ийн ХХ тоотын 1 өрөөгөөр солилцохоор харилцан тохиролцож, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг түүний нэр дээр шилжүүлсэн боловч хариуцагч үүргээ биелүүлэхгүй хохироосон гэж тайлбарласныг эс зөвшөөрч хариуцагч гэрээгээр 30 000 000 төгрөг гэсэн үнэ тохиролцоогүй гэх агуулгаар маргасан байна.

 

Зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч ХХХХ нь өөрийн өмчлөлийн “Ландкруйзер” загварын автомашиныг ХХХХХ аймагт байрлалтай, орон сууцны “ХХ” тоотын тус бүр 1 өрөө, 2 сууцаар солихоор аман хэлцлээр харилцан тохиролцсоны дагуу ХХХ-д тээврийн хэрэгсэл эзэмших эрх болон хөрөнгийг шилжүүлсэн боловч хариуцагчийн зүгээс орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс талууд дээрх гэрээний нөхцөлийг өөрчилж бичгээр хэлцэл хийсэн үйл баримт тогтоогджээ.

 

Шүүх талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Автомашин худалдах тухай хэлцэл” нь тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг бүхий Арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх арилжиж буй автомашины үнийг талууд тодорхой үнийн дүнгээр тохиролцоогүй гэсэн учир дутагдалтай дүгнэлт хийснийг зөвтгөх нь зүйтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй.

 

Зохигчид бичгээр байгуулсан гэрээндээ арилжааны зүйл болох тодорхой эд хөрөнгийг буюу “Ландкруйзер” загварын автомашин, “..:ХХХ-р байрны “ХХ” тоот 1 өрөө”-г харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, гарын үсэг зурж хэлцэл хийсэн байна.

 

Гэрээнд арилжааны гэрээгээр харилцан өмчлөлд шилжүүлэх тодорхой эд хөрөнгийн талаар болон уг хөрөнгийн үнэ тэнцүү биш байгаа тохиолдолд үнийн зөрүүг мөнгөөр тооцохоор зохицуулсан Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсгийн заалттай нийцсэн хэлцэл хийгджээ. Иймээс нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагчаас автомашины хариу төлбөрт үнийн зөрүүг гэрээнд заасан 15 000 000 төгрөг болон ХХХХХ аймгийн ХХХХХХХХХХХХХХХ байрны “ХХ” тоотын нэг өрөө сууцыг шаардах эрхтэй атал 30 000 000 төгрөгийг, гэрээгээр тохиролцоогүй алдагдал гэх 15 000 000 төгрөгийн хамт шаардсан нь хангагдах үндэслэлгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Учир нь нэхэмжлэгчийн хувьд автомашиныг 30 000 000 төгрөгөөр худалдсан болон алданги тооцохоор тохиролцсон гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу автомашины үнэ болон алданги шаардах эрх үүсэхгүй. Уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээнд заагдсан байрыг шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, гэрээнд заасан хөрөнгийн үнийн зөрүүд 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, арилжааны зүйл болох орон сууцыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн заалттай нийцсэн тул буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХ-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА