Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00341

 

М*******,*******, уул уурхайн

үйлдвэрчний эвлэлийн холбоо ҮЭБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04585 дугаар шийдвэртэй

М*******,*******,******* ҮЭБ-ын нэхэмжлэлтэй, Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ, Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-д тус тус холбогдох,

Гишүүн байгууллагын татварт 241,868,651 төгрөг гаргуулах тухай үндсэн,

М*******,*******,******* ҮЭБ-ын гишүүнээс гарсан болохыг тогтоолгож, гишүүнээс хасахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагвадорж, М.С*******, хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-ын төлөөлөгч Б.А*******, хариуцагч Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, хариуцагч Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-ын төлөөлөгч Д.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай холбоо 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 100 гаруй анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороотой, 23 орчим мянган гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Уг холбоо нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр эрчим хүчний үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчид, металл болон металл биш эрдэс, газрын тос, химийн түүхий эд, эрдэс баялгийг цэвэршүүлж, хийн түлш боловсруулах ажилчид, нүүрсний ил ба гүний уурхайчид,*******чид болон тэдгээртэй хамаарал бүхий ажилчдын мэргэжил үйлдвэрлэлийн шинжээрээ эвлэлдэн нэгдсэн.

 1.2. Манай салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь анх элсэхдээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон М*******,**************ны дүрмийг мөрдөж ажиллахаа хүлээн зөвшөөрснөөр гишүүн байгууллагаар элсдэг. Тухайлбал, МҮЭ-ийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Үйлдвэрчний эвлэлийн хороонд нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож сар бүр бэлэн бусаар хураана гэж, 14.2-т Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоондоо сар тутам төлнө гэж, М************** уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т Салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг сар бүр /Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын ҮЭ-ийн холбоонд төвлөрүүлнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д Салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн ҮЭ-ийн хороод нь ажилтны цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос сар бүр 1 буюу түүнээс дээш хувиар тогтоож ҮЭ-ийн гишүүний татварыг бэлэн бусаар хураана гэж, 25.2-т Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гишүүн ҮЭ-ийн хороо нь гишүүдээс хураасан татварынхаа 30 хувийг сар бүр салбарын ҮЭ-ийн холбоонд төвлөрүүлнэ гэж тус тус заасан.

М*******,*******,******* нь гишүүн байгууллагад үзүүлэх үйлчилгээгээ ямар нэгэн хязгаарлалтгүйгээр бусад ҮЭ-ийн хороодын нэгэн адил тухайн хороог хамруулж, бүхий л үйл ажиллагааны мэдээ, мэдээллээ тухай бүр хүргүүлж ажиллан үүргээ биелүүлж, дүрмээр заагдсан гишүүн байгууллагын эрхийг хангаж ажилладаг. Улмаар гишүүдийнхээ цугларсан татварыг дүрмийн дагуу зарцуулан нийт гишүүдийн жагсаал цуглаан, ҮЭ-ийн гишүүдийг чадавхжуулах, хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалхын тулд олон төрөлт сургалт, семинарт хамруулах, салбарын хамтын хэлэлцээр байгуулан эрчим хүчний салбарт ажиллагсадын хөдөлмөрлөх эрхийг хамтын хэлэлцээр байгуулж хамгаалах гэх мэт дүрмийн зорилго, зорилтдоо хүрэхэд чиглэсэн үйл ажилагаануудад зарцуулдаг.

1.3. Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ нь манай салбарын үйлдвэрчний эвлэлийн хороонд 2013 онд нэгдсэн бөгөөд нийт 400 гишүүнтэй, тус хорооны даргаар Б.А*******, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ нь 1996 онд нэгдсэн бөгөөд нийт 300 гишүүнтэй, тус хорооны даргаар Э.А, Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ нь 1996 онд нэгдсэн бөгөөд нийт 1500 гишүүнтэй, тус хорооны даргаар Д.Г нар тус тус ажиллаж, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тус хороонууд нийт гишүүдийн цугларсан татварыг шилжүүлэхгүй байгаа нь холбогдох хууль тогтоомжид заасан хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмыг алдагдуулахад хүрээд байна. Хариуцагч байгууллагууд нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд зааснаар гишүүн байгууллагаас гараагүй тул 2022 оны гишүүн байгууллагын татвараа төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-аас 19,057,698 төгрөг, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 23,318,988 төгрөг, Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 199,491,965 төгрөг, нийт 241,868,651 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-ын татгалзал, тайлбарын агуулга:

М*******,************** ҮЭБ нь дүрэмд зааснаар ажиллаагүй. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд зааснаар ажилчид өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулах эрхтэй бөгөөд эвлэлдэн нэгдэх, холбоо байгуулахыг холбооны дүрмээр хязгаарлаагүй. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 16 дугаар зүйлд их хурлын бүрэн эрхийг зааж тайлан, төсвийг хэлэлцэж батлана гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь олон удаа татвараа нэмсэн, татварын мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, энэ талаар тайлбар хүсэхэд байгууллагын хувь нууцтай холбоотой гэдэг тул бид өөрсдийн салбарын хэмжээнд тусдаа хороо байгуулж, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн. Дүрэмд 30 хувиар гишүүн байгууллагын татвар төлнө гэж заагаагүй тул 30 хувийн тал буюу 15 хувиар татгавар төлөхөөр хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж, гишүүний татварт 8,500,000 төгрөг төлж ирсэн гэжээ.

3. Хариуцагч Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-ын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас та нар холбооноос гарах бол бүх гишүүдийн хурлаас шийдвэр гарах бөгөөд хурлын гуравны хоёроос доошгүй саналаар шийдэж тогтоолоор баталгаажуулна гэж тайлбарладаг боловч дүрмийн 10.2.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн байгууллагын татвараа 6 сар түүнээс дээш хугацаагаар төлөөгүй бол гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал өөрт ашигтайгаар гишүүнээс гарах бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллага гишүүдийн төвлөрүүлсэн татварыг ашигладаг, хяналтын зөвлөлд өөрсдийн хүмүүс байдаг, мөн ажилчдын эрх ашгийг хамгаалахаар холбоонд албан бичиг хүргүүлэхэд хариу өгдөггүй, бидний эрх ашгийг хамгаалдаггүй. Өмнөх жилүүдэд хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулан жил бүр 72,000,000 төгрөг төлдөг байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-ын татгалзал, тайлбарын агуулга:

Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-ыг гишүүн байгууллагаар элсүүлсэн тогтоол, шийдвэр байхгүй. Харин бид 2013 оноос хойш гишүүн байгууллагын татварыг төлж ирсэн боловч гишүүнчлэлээс гарах гэхэд гаргахгүй, татвар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2022 онд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй 27-28 байгууллага байсан байхад манай 3 байгууллагыг онцолж шүүхэд хандсан нь ойлгомжгүй. Хүсэл зорилгоороо нийлээд тусдаа холбоо байгуулаад мэргэжил үйлдвэрлэлийнхээ чиглэлээр нэгдэж байгаа бидний хүсэл зоригийг няцаасан, хүчээр гишүүн байгууллагыг шүүхэд өгч татвар нэхэмжилж байна. Гишүүний татварыг 30 хувиар өгч байгаагүй, 30 хувиар татвар авна гэвэл тус холбоо гишүүн байгууллагагүй болно. Манай байгууллагатай өмнөх жил хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн татвар төлсөн. Харин 2022 онд уг үнийн дүнгээр дахин гэрээ байгуулсан гэжээ.

5. Хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ, Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1. Хариуцагч байгууллагууд 2021 оны 12 дугаар сараас тус холбооноос гараад тусдаа үйл ажиллагаа явуулах болсон. Учир нь тус холбоо манай гишүүдийн хуримтлуулсан татварын 30 хувийг тооцон авдаг боловч гишүүдийн эрх ашгийг хамгаалах болон ямар нэгэн дорвитой үйл ажиллага явуулдаггүй, эрчим хүчний салбарын хамтын гэрээ хэлэлцээрийг дээрдүүлэхгүй, салбарт ажиллаж байгаа ҮЭХ-дуудын санаа бодлыг тусгадаггүй, санхүүгийн ил тод байдалд шилэн дансгүй, олон удаа санхүүгийн асуудал үүсч байсан.

5.2. Гишүүнээс хасч өгөхийг олон удаа илэрхийлж байсан боловч холбооны зүгээс хууль бус эс үйлдэхүй гаргаж биднийг гишүүнээс хасаагүй. М*********************ны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.4, 8.4-т зааснаар ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд 1 жил буюу түүнээс дээш хугацаанд оролцоогүй тохиолдолд тус холбооны гишүүн байгууллагаас хасна, гишүүн байгууллагын татвараа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй, салбарын ҮЭ-ийн холбоонд 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тохиолдолд уг ҮЭ-ийн хороог гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж зааснаар бид 2022 оны 01 дүгээр сараас эхлэн гишүүн байгууллагын татвараа төлөөгүй, үйл ажиллагаанд оролцоогүй тул дүрэмд зааснаар хасагдсан.

Дээрх байдлаар гишүүнээс хасаагүй үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх, Нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэж заасан эрхүүдийг зөрчсөн.

Иймд хариуцагч байгууллагуудын хороог нэхэмжлэгч М********************* ҮЭБ-ын гишүүнээс хасагдсан болохыг тогтоож, гишүүн байгууллагаас хасахыг даалгаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

6.1. М*******,*******,******* ҮЭБ нь дүрмийн хүрээнд нийт салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалах ажлыг бодлогын түвшинд өнөөдрийг хүртэл гүйцэтгэж ажилласан. Тухайлбал, ажилчдын эрх ашигтай холбогдон гарч буй бүх хуульд бид салбарын ажилчдын эрх ашгийг тусгаж, мөн гишүүдийг сургах, бүх хороодын дарга нарыг чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулахаас гадна Эрчим хүчний яам, ажил олгогч эздийн төлөөлөл, ҮЭ-ийн төлөөлөлтэйгээр байгуулдаг салбарын хамтын хэлэлцээрт ажилчдын эрх ашгийг хамгаалж тогтмол оролцож, бүх нийтийг хамарсан тэмцлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Харин анхан шатны хороодын дарга нар ҮЭ-ийн гишүүн бүрийн эрх ашгийг байгууллага дээрээ хамгаалж, хамтын хэлэлцээрээр тогтоосон хэм хэмжээг өөрсдийн байгууллага дээрээ дээрдүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээгээ байгуулан ажиллах үүрэгтэй. Манай холбоо дүрмийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх хорооны 2 дугаар хуралдаанд 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тайлагнасан тул эдгээр байгууллагууд салбарын холбоог ажил хийхгүй байна гэж буй нь үндэслэлгүй. Манай холбоо нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль болон дүрмийн хүрээнд эрчим хүч,*******, уул уурхайн салбарын мянга мянган гишүүдийн эрх ашгийг 20 гаруй жил хамгаалан ажилласан.

6.2. Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлэх, гишүүнчлэлээс гарах, хасах асуудлыг дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасны дагуу гүйцэтгэх хорооны хуралдааны эрх үүргийн хүрээнд дотооддоо шийдвэрлэх заалтын дагуу дээрх хороодын асуудлыг авч хэлэлцээд дүрмийн 6.1-т заасны дагуу хороодын эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлсний дараа гүйцэтгэх хорооны хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын шийдвэр гаргадаг, гишүүдийнхээ санал хүсэлт, хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийн хүрээнд ажилладаг тул бүх гишүүдийн шийдвэр гараагүй байхад гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тус ҮЭ-ийн хороодын дарга нар даргын албан тушаалаа ашиглан бүх гишүүдийн эрхэд халдан эв нэгдлийг бусниулж, манай холбооны ажил хэргийн нэр хүндэд халдан, гишүүчлэлийг бууруулах, эвлэлдэн нэгдсэн гишүүдийн итгэл сэтгэлээр тоглож, татвар хөрөнгийг дүрмийн бусаар захиран зарцуулж байгаа буруутай үйлдлийг таслан зогсоож дүрмийн хэрэгжилтийг хангуулна.

6.3. Улмаар сөрөг нэхэмжлэлд жилийн турш үйл ажиллагаанд хамрагдаагүй гэж хариуцлагын үйл ажиллагаанд тодорхойлсон боловч тэд өнгөрсөн хугацаанд байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцож байсан. Манай холбооны зүгээс эдгээр хариуцагч байгууллагын дарга нарын үзэл бодолд хулээцтэй хандан гишүүн байгууллагын эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр явуулсан байхад дотоод хяналтын байууллагад хандсан байна. М*******,*******,******* ҮЭБ-ын гишүүн байгууллагууд гарах эсэх асуудал хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд зохицуулагдах эрх зүйн харилцаа юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагч Хасу мегаватт ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 3,000,000 төгрөг, хариуцагч Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 8,500,000 төгрөг, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 72,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 158,368,651 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлий 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,008,305 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хасу мегаватт ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 62,950 төгрөг, хариуцагч Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 150,950 төгрөг, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 517,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ-нд олгож,

Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-т зааснаар нэхэмжлэгч М*******,************** ҮЭБ-д холбогдох хариуцагч Хасу мегаватт ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ нарын М*******,*******,*******ны гишүүнээс гарсан болохыг тогтоолгож, гишүүнээс хасахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлий 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 8. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасан. Гэтэл тус хэргийн хариуцагч болох Хасу мегаватт ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-ыг төлөөлөх этгээдийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Хасу мегаватт ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-ын даргаар ажиллаж байсан Б.А******* нь ажил олгогч Хасу мегаватт ХХК-ийн удирдлагын бүтцэд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтнуудыг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд ажил олгогчоос хараат бус, бие даасан шинжтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үүнийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж заасан. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь дээрх хуулийг зөрчсөн.

8.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1.3-т ҮЭ-ийн холбооны гишүүнээс гарах хүсэлтээ бүх гишүүдийн хурлаасаа гаргасан, гишүүн байгууллагаас хасах асуудлыг Тэргүүлэгчид, Гүйцэтгэх зөвлөл, Хяналтын хороо шаардлагатай бол бага хурлаараа хэлэлцэж шийдвэрлэхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8, 10.4-т зааснаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. М*******,*******,*******ны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4 дүгээр зүйлд хасах болон хасагдсанд тооцох тухай зохицуулалтууд заасан байхаас гадна 8.1 дэх хэсэгт ҮЭ-ийн холбооны гишүүнээс гарах хүсэлтийг гүйцэтгэх хорооны хуралдаанаас гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл хүсэлт шийдвэрлэхэд заасан 8.1 дэх хэсгийг 8.2 болон 8.4 дүгээр заалтад хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсноос гадна хасах, хасагдах гэж тусгайлан заасан байгааг давхардуулан ойлгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гаргасан тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс гишүүнээс хасах эсэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа тухай шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч байгууллага дүрмээ хэрэгжүүлэхгүй байснаар гишүүнээс гарах хүсэл зориг бүхий үйлдвэрчний эвлэлийн хороодын эрхийг зөрчин үндэслэлгүйгээр татвар нэхэмжлэх боломжийг бий болгож байна. Үүнээс гадна шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дүрмийн 8 дугаар зүйлийг үндэслэл болгосон бөгөөд мөн л дүрмийн 8.1 дэх заалтад заасан байгааг 8.2 болон 8.4 дэх хэсгүүдтэй хамааруулан буруу хэрэглэсэн байх бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Үйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан байдлыг хангах тухай заалтуудыг баримтлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

8.3. Нэхэмжлэгчийн дүрэмд заасан татвар нь хуульчлагдсан буюу заавал төлөх үүрэг үүсгэх албан татвар биш, гишүүд сайн дурын үндсэн дээр төлж буй мөнгөн хөрөнгө бөгөөд нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардах эрх үүсгэх эрх зүйн зохицуулалтгүй. Энэхүү татвар төлөөгүй тохиолдолд шаардах эрх үүсэх, түүний албадан гаргуулах эрх үүсээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гишүүний татварыг төлөөгүй тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ нь гишүүнчлэлээс хасах талаар зохицуулалттай байхад шүүх татвар төлөх үндэслэлтэй гэж, мөн гишүүнээс гарсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж байгаа нь илтэд үндэслэлгүй. Нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь захиргааны гэрээний үндсэн дээр төрийн зарим эрх мэдлийг шилжүүлэн авч хуулийн дагуу эрх олгогдсон үйлдвэрчний эвлэлүүдийн эрх барих дээд байгууллага биш бөгөөд хуулиар хүлээлгэсэн татвар төлөх үүрэг үүсгэх холбоод шиг үзэн хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаар тогтоолын 1-т захиргааны албан тушаалтан гэдэгт үйлдвэрийн газар, байгууллага, аж ахуйн нэгжийн ажил олгогчийн эрх эдлэхээр сонгогдож, томилогдсон албан тушаалтныг хэлнэ. Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд компанийн эрх бүхий албан тушаалтан гэж Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийг зохицуулсан. Хасу мегаватт ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлөх Б.А*******ын төлөөлөх эрх хэвээр хадгалагдаж байгаа. Үйлдвэрчний хорооны даргын ажил эрхэлж байгаад захиргааны албан тушаалтан эсхүл компанидаа өөр ажил албан тушаалд шилжвэл Монголын үйлдвэрчний холбооны дүрэм болон эрчим хүч,*******, уул, уурхайн эвлэлийн хорооны дүрмийн дагуу бүх гишүүдийн хурал зарлаж, дараагийн дарга сонгогдох хүртэл хугацаанд төлөөлөх эрх нь хадгалагддаг. Д, Дулааны цахилгаан станц-4, Хасу мегаватт ХХК нарын үйлдвэрчний хороо одоог хүртэл Эрчим хүч,*******, уул уурхайн үйлдвэрчний холбооны гишүүн байгууллага байгаа болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг болон хавсралтаар нотлогдож байна.

Үйлдвэрчний эвлэлийн хороо нь холбоонд гишүүнээр элсэхдээ тухайн холбооны дүрмийг дагаж мөрдөхөөр хуулийн этгээдэд бүртгүүлдэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын эвлэлдэн нэгдэх эрхийн тухай 81 дүгээр конвенцэд тухайн анхан шатны нэгжид хороо нь зөвхөн дүрэмд захирагдах болзлын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч талын тайлбараар Монгол улсад Үндсэн хууль болон Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай БНМАУ-ын хуульд заасны дагуу үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэх, гишүүнээс гарах асуудал нь хэзээ ч нээлттэй. Харин хуулийн этгээд буюу холбоонд гишүүнчлэлтэй бол дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн бол гарахдаа дүрмийн хүрээнд албан хүсэлтээ өгөөд гарах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар тус хариуцагч нар 2022 оны 11 дүгээр сард өөр холбоо гэж хуулийн этгээд байгуулсан боловч Эрчим хүч*******, уул уурхайн үйлдвэрчний холбооны гишүүнээс гарах хүсэлтээ ирүүлээгүй. Үүнээс 3 сарын дараа 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дулааны цахилгааны станц-2 ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо анх гишүүн байгууллагаас гарах хүсэлтээ ирүүлсэн. Мөн бүх гишүүдээр холбооноос гарах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 5 хүн нийлж хуулийн этгээдэд бүртгүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нар 2022 онд Эрчим хүч,*******, уул уурхайн үйлдвэрчний холбооны эрх барих дээд байгууллага буюу ээлжит бус 10 дугаар бага хуралд оролцсон. Хасу мегаватт ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.А******* нэр дэвшсэн, Д ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга н.А хоолны комиссын дарга гэх мэтчилэн бүгд тодорхой үүрэгтэйгээр оролцсон. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр баталсан Эрчим хүч,*******, уул уурхайн үйлдвэрчний холбооны гүйцэтгэх хорооны бага хуралд бүгд оролцож, хурлаар татвартай холбоотой асуудал болон 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, санхүү төсвийг баталсан бөгөөд тус хуралд оролцсон хүмүүс гишүүнчлэлээс гарах асуудлыг гүйцэтгэх хорооны 30-аад гишүүнтэй хурал хуралдсан. Хариуцагч нар гишүүн байгууллагаас гарах хүсэлтээ ирүүлэхдээ дүрэм зөрчсөн учраас бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн эсэхийг Монголын үйлдвэрчний холбооны Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсгийн хамт тус хороодуудад ажиллаж, тогтоосны дараа гишүүн байгууллагаас хасах асуудлыг шийдвэрлэж болно гэсэн 02 дугаар тогтоол гарсан.

Гишүүн байгууллагаас гарах асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс хориглоогүй, дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Иймд М*******,*******,*******ны дүрмийн 8 дугаар зүйлд ...гишүүнээс гарах эсэх асуудлыг гүйцэтгэх хорооны хурлын гишүүдийн 3/2-оос доош саналаар шийдвэрлэнэ гэж заасан. 2022 онд М*******,*******,*******ны дүрмийн дагуу 30 хувийн татвар нэхэмжилсэн. Хариуцагч нар анхан шатны шүүх хуралдаанд ...бид нар өмнө нь дүрмийн дагуу 30 хувийн татвар төлж байгаагүй, хариуцлага, үр дүнгийн гэрээний дагуу татвар төлж байсан гэж тайлбарлан нотолсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нар өмнө М*******,*******,*******нд татвар төлж байсан гэдэг нь нотлогдож байх тул М*******,*******,*******ны дүрмийн 7.2-т заасны дагуу хариуцлага, үр дүнгийн гэрээгээр тохирсны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ нь хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ, Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-д тус тус холбогдуулан 2022 оны гишүүн байгууллагын татварт хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-аас 19,057,698 төгрөг, Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 23,318,988 төгрөг, Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ-аас 199,491,965 төгрөг, нийт 241,868,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, М*******,*******,******* ҮЭБ-ын гишүүнээс гарсан болохыг тогтоолгож, гишүүнээс хасахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэргийн баримтаар дараахь үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

3.1. М*******,*******,******* ҮЭБ нь анх 1996 оны 05 дугаар сарын 17-ны өдөр холбооны дүрмийг баталж, 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хх-ийн 210, 231-232/

3.2. Хариуцагч Д*******ын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо ҮЭБ /цаашид Д*******ын дэргэдэх ҮЭХороо/ нь 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, хариуцагч Д*******ын үйлвэрчний эвлэлийн хороо ҮЭБ /цаашид Д*******ын ҮЭХороо/ нь 1994 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ /цаашид Х******* ХХК-ийн дэргэдэх ҮЭХороо/ нь 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус тус үүсгэн байгуулагдаж, нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч, 1996 онд хариуцагч Д*******ын дэргэдэх ҮЭХороо, Д*******ын ҮЭХороо, 2013 онд хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх ҮЭХороо тус тус гишүүнээр элсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10/10329 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна. /1-р хх-ийн 186-189, 193-196, 200-205, 3-р хх-ийн 5-7/

3.3. Хариуцагч нар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дулаан цахилгаан үйлвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбоог 5 гишүүнтэй үүсгэн байгуулсан болох нь хэрэгт авагдсан үүсгэн байгуулагчдын болон удирдах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлгаа, тус холбооны дүрэм зэрэг баримтаар тогтоогджээ. /3-р хх-ийн 49-64/

3.4. Хариуцагч нар ньгишүүн байгууллагаас гарах хүсэлтийг гаргасан боловч М*******,*******,******* ҮЭБ-ын гүйцэтгэх хорооны 02 дугаар хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолоор дүрмийн дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр хойшлуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /2-р хх-ийн 119, 153/

4. Зохигчдын хооронд М*******,*******,******* ҮЭБ-аас хасагдсан эсэх, гишүүний татвар төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана гэж, 2-т Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ гэж заасан. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т МҮЭ-ийн холбоонд санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж, гишүүн байгууллагын татварыг тогтсон журмын дагуу төлөх үүрэгтэй, мөн холбооны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд нь гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлнө гэж тус тус заасан.

4.2. Түүнчлэн, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т ... гишүүнчлэлээс гарах саналаа тухайн хорооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, хуралд оролцогчдын гуравны хоёроос доошгүйн саналаар, гишүүн холбооныхоо гүйцэтгэх болон холбооны зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийн саналаар шийдвэрлүүлсэн байна гэж, дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д гишүүн байгууллага нь холбооноос гарахдаа энэ тухайгаа Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж, дүрмийн 10.4-т МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагаас гарах, хасах асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн 50-аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан бөгөөд дүрэмд зааснаар хариуцагч нарын М*******,*******,******* ҮЭБ-аас гарах асуудлыг шийдвэрлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

Иймд хариуцагч нарыг нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ-ын гишүүнээр бүртгэсэн бүртгэл хүчинтэй хэвээр байх тул Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль болон дүрэмд заасан гишүүний татвар төлөх үүрэгтэй.

4.3. М*******,******* уул уурхайн үйлдвэрчний холбоо ҮЭБ-ын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т Салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг сар бүр /Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын ҮЭ-ийн холбоонд төвлөрүүлнэ гэж заасан.

 4.4 Нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ-аас хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх ҮЭХороо, Д*******ын дэргэдэх ҮЭХороо тус бүртэй хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх ҮЭХороо нь 2022 онд гишүүний татварт 3,000,000 төгрөг, хариуцагч Д*******ын дэргэдэх ҮЭХороо нь 8,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн хариуцагч Д*******ын ҮЭХороо нь 2021 онд гишүүний татварт 72,000,000 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /2-р хх-ийн 225/

4.5. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэн хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-аас 3,000,000 төгрөг, Д*******ын дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-аас 8,500,000 төгрөг, Д*******ын дэргэдэх үйлдвэрчны эвлэлийн хороо ҮЭБ-аас 72,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 158,368,651 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагч нарын ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

5.Хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх ҮЭХороо, Д*******ын дэргэдэх ҮЭХороо нь нэхэмжлэгч М*******,*******,******* ҮЭБ-д холбогдуулан М*******,*******,******* ҮЭБ-ын гишүүнээс гарсан болохыг тогтоолгож, гишүүнээс хасахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.1. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...тус холбоо нь гишүүдийн эрх ашгийг хамгаалдаггүй, дорвитой үйл ажиллагаа явуулаагүй, шилэн дансгүй, олон удаагийн санхүүгийн асуудал гарч байсан, бид дүрэмд зааснаар зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцоогүй, гишүүний татвараа 6 сар болон түүнээс дээш хугацаагаар төлөөгүй тул гишүүн байгуулагаас хасагдсан гэх агуулгаар тайлбарлажээ.

5.2. Анхан шатны шүүх дээрх дүрэмд зааснаар гишүүнээс гарах асуудлыг шийдвэрлээгүй, М*******,*******,******* ҮЭБ-ын гүйцэтгэх хорооны тогтоолоор дүрмийн дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

6. Хариуцагч нар ...Хасу мегаватт ХХК-ийн дэргэдэх ҮЭХорооны даргаар ажиллаж байсан Б.А******* нь Хасу мегаватт ХХК-ийн захиргааны удирдах албан тушаалд томилогдсон тул үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй талаар хуульд заасан байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

6.1. Шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.А*******т нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Хасу мегаватт ХХК-ийн Нийгмийн асуудал хариуцсан менежерээр ажилласан нь хэргийн оролцогч гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалттай холбоотой ажил албан тушаал өөрчлөгдсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д*******ын дэргэдэх ҮЭХорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 517,950 төгрөг, хариуцагч Д*******ын дэргэдэх ҮЭХорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 150,950 төгрөг, хариуцагч Х******* ХХК-ийн дэргэдэх ҮЭХорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ