| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/00633/И |
| Дугаар | 210/МА2024/00376 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/00376
О.Дэмбэрэлмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/04641 дугаар шийдвэртэй,
О.Дэмбэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Ч.Даваадоржид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 28,100,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,
Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Дэмбэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн. Уг гэрээний хугацааг хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар сунгаж, энэ хугацааны хүүг сарын 6 хувиар тохирсон.
Дээрх гэрээний дагуу хариуцагч Ч.Даваадоржийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 2,700,000 төгрөг төлсөн боловч түүнээс хойш гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
1.2. Талууд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо 8 дугаар байр, 107 тоотод байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 13,100,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 28,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Би дүү Б.Чимэдмаагийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй уулзаж, тэдний хэлсний дагуу гэрээг уншиж үзэлгүй гарын үсэг зурсан. Дараа жил нь мөн Б.Чимэдмаа нь нөгөө хүнтэйгээ уулзаж гарын үсэг зурах хэрэгтэй байна, удахгүй зээлээ төлж дуусгана гэсний дагуу ахин нэг гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний зээл авах хүсэлт, тохиролцоог Б.Чимэдмаа хийж, зээлийг ашиглаж, эргэн төлөлтийг хийж байсан, тухайн үед тэдний хэлсний дагуу өөрийн байраар зээлийн гэрээний барьцааг гаргаж байна гэж ойлгосон. Эдгээр гэрээтэй холбоотой мэдэх зүйл байхгүй. Мөн бодитоор зээлийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Зээл авах хүсэлт, тохиролцоог Б.Чимэдмаа хийж, зээлийг ашиглаж, эргэн төлөлтийг хийж байсан, тухайн үед тэдний хэлсэнд итгэж уншилгүй гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ болохыг шүүхэд маргаан үүссэнээр мэдсэн. Дараа жил нь дүү гүйснаар ахин гэрээнд гарын үсэг зурсан нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байсныг сүүлд мэдсэн. Бодит байдал дээр О.Дэмбэрэлмаагаас Ч.Чимэдмаа зээл авч төлж байсан тул зээл болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна.
Иймд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн тул 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хамт ажиллаж байсан залуугийн хуурай эгчийн ах нь мөнгө зээлэхээр хөөцөлдөөд зээл бүтэхгүй, удаад байгаа учраас хүүтэй мөнгө түр зээлүүлчих, ах өөрийнхөө байрыг барьцаална, найдвартай гэж гуйсны дагуу 2019 оны 8 дугаар сард Ч.Даваадоржтой уулзаж нотариат орж зээл болон барьцаааны гэрээг байгуулсан. Дээрх зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг зээлсэн боловч төлөхгүй байна.
Зээлээ төлөхийг Ч.Даваадоржоос удаа дараа шаардаж байсан боловч сүүлдээ утсаа аваагүй тул шүүхэд хандахад зээлийг дүү н.Чимэдмаа авсан тэрээр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчиж худлаа ярьсан, хариуцагч зээл аваагүй, дүү нь зээл авсан, нэхэмжлэгч байнгын зээлийн үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөл авах ёстой гэх мэт зүйл ярьсан. Тухайн үед нотариатч бид нараас лавлаж тодруулсны үндсэн дээр гэрээг баталгаажуулсан учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Даваадоржоос 20,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дэмбэрэлмаад олгож, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 8 дугаар хороо 8 дугаар байр 107 тоотод байршилтай 29 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010104 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Даваадоржоос улсын тэмдэгтийн хураамжид 328,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дэмбэрэлмаад олгож, улсын орлогоос 368,650 төгрөг гаргуулж хариуцагч Ч.Даваадоржид буцаан олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар хангалттай нотолсон. Гэтэл шүүхийн шийдвэрт ...хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэж маргаж буй нь хүүг зөвшөөрөхгүй агуулга бүхий тайлбар гэж үзэхээр байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Учир нь хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүг багасгахаар хүсэлт гаргаагүй тул шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг хэрэглэх ёсгүй. Нөгөө талаас талууд хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд мөнгөн хөрөнгийг хариуцагчид ашиглуулж, хохирсон бөгөөд гэрээний дагуу зээлийн хүүг тохиролцсон хэмжээгээр хариуцагчааас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Мөн шүүхийн шийдвэрт иргэд хоорондын зээлийн гэрээнд банк бус санхүүгийн байгууллагуудын сарын дундаж хүүгийн хэмжээг үндэслэл болгож илт багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагчаас зээлийн хүүнд 5,100,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Учир нь Монгол Улсын их хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно хэмээн заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор өндөр хэмжээний хүү тогтоож, мөн нэг удаагийн шинжтэй бус зээлийн гэрээг дахин шинэчилж нэмэлт хугацаа тогтоож урт хугацаанд үндсэн зээлийг давсан хэмжээний буюу өндөр хэмжээний хүү зааж шаардаж байгаа нь түүнийг ашиг олох зорилготой болохыг нотолдог. Харин шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг ашиглахгүйгээр хариуцагчаас 5,100,000 төгрөгийн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүүнд хариуцагчаас 5,100,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч О.Дэмбэрэлмаа нь хариуцагч Ч.Даваадоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,100,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч О.Дэмбэрэлмаа нь 10,000,000 төгрөгийг зээлдэгч Ч.Даваадоржид 1 жилийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 5/
3.1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Ч.Даваадорж, Д.Отгонбаяр, Д.Хосбаяр нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205010104 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 08 дугаар хороо, 8 дугаар байр, 107 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 75-77/
3.2. Дээрх зээлийн гэрээнд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа зээлийн гэрээний хугацааг 1 жил буюу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг 6 хувь байхаар талууд харилцан тохиролцсон үйл баримтыг шүүх зөв тогтоосон. /хх-ийн 6/
Анхан шатны шүүх зохигчдын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.3. Хэргийн 46 дугаар тал дахь Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орлогын ордер гэх баримтаар О.Дэмбэрэлмаагаас Ч.Даваадоржийн дансанд зээл гэсэн гүйлгээний утгаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Түүнчлэн, хариуцагчийн зээлийн гэрээ уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, барьцааны гэрээг уншилгүй итгэж гарын үсэг зурсан гэх тайлбар нь үндэслэлгүй болно. Учир нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд аливаа гэрээнд гарын үсэг зурснаар эрх зүйн үр дагавар үүсгэхийг үгүйсгэх, зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
3.4. Хариуцагч талын ...шүүхэд маргаан үүссэнээр уншилгүй гарын үсэг зурсан гэрээ нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ болохыг мэдсэн, дахин гарын үсэг зурсан нь энэ гэрээнд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байсныг сүүлд мэдсэн, бодит байдалд Ч.Чимэдмаа зээл авч төлж байсан тул зээл болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл... гэх тайлбар, мөн зээлийн гэрээний харилцаа нь удаа дараагийн шинжтэй, давтан хийгдсэн тул нэхэмжлэгч нь аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрөл авч, зохих татвараа төлж зээлийн үйл ажиллагааг эрхлээгүй тул зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл.. гэх тайлбар тус тус үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч цааш нь захиран зарцуулж Ч.Чимэдмаад шилжүүлсэнийг зээл барьцааны гэрээг талууд хүсэл зориг эрмэлзлэлгүй, ямар нэг үр дагавар гаргахыг хүсээгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх, мөн талууд зээлийн гэрээг сунгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь тусгай зөвшөөрөл авалгүй, зээлийн үйл ажиллагаа эрхэлж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус үзэх үндэслэлгүй.
3.5. Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгснөөр хариуцагч нь дээрх 10,000,000 төгрөгийг хүлээн авч, үүнээс зээлийн хүүнд 2,700,000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаангүй байна. Харин зээлдэгч нь зээлийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлд зээл, хүү, алданги шаардах эрхтэй.
3.6. Анхан шатны шүүх талуудын хүү, алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн боловч зээлийн хүүгийн хэмжээг тохиролцон тогтоосон нь энэ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд хохиролтой, нийгмийн харилцаанд тогтсон хэмжээнээс илт их байна гэж дүгнэн, хариуцагч Ч.Даваадоржоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 5,100,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 20,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Дэмбэрэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Нэхэмжлэгч ... хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэж маргаж буй нь хүүг зөвшөөрөхгүй агуулга бүхий тайлбар гэж үзэхээр байна гэж дүгнэн, нэхэмжлэлээс 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий гомдол гаргасныг хангахгүй.
Учир нь шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрэний хүү болох 7 хувийг 3.5 хувь гэж, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сунгасан зээлийн гэрээний хүү болох 6 хувийг 3 хувь болгон банк бус санхүүгийн байгууллагын хүүтэй харьцуулан багасгаж тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, хариуцагчийн татгалзсан тайлбарын агуулгыг зээлийн хүүг багасгах агуулгатай тайлбар гаргасан гэж дүгнэж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу биш байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор өндөр хүү тогтоож, нэг удаагийн шинжтэй бус зээлийн гэрээг дахин шинэчилж нэмэлт хугацаа тогтоож урт хугацаанд зээлийг давсан өндөр хүү шаардсан ашиг олох зорилготой болохыг нотолж байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, зээлийн хүүнд 5,100,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
5.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна. Харин Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсноор дагаж мөрдсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнүүд нь энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй байхаас гадна хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6.Анхан шатны шүүх хариуцагч нь зээл, зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тус тус тогтоолгохоор сөрөг шаардлага гаргасныг харилцан тооцогдох шаардлага биш түүний татгалзлын үндэслэл гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/04641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 96,550 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ