Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Э-,

шүүгдэгч Ч.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Г-гийн Э-, Б- овогт Ч-ийн Б- нарт холбогдох 18100274000000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, “Эртура” студид найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, охин, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Г-гийн Э-

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, зохиолч мэргэжилтэй, “Сити” дээд сургуулийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүү, охины хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Ч-ийн Б-,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Ч.Б-нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа П.Д-тай “дүү нарын ажлын хөлсийг өгсөнгүй” гэснээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа “ахыг зодож гэмтээлээ” гэх шалтгааны улмаас Ч.Б-тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.Б-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

Шүүгдэгч Г.Э-аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ч.Б-ий: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall”-д Төмөрхуяг гавьяатын цолны найранд уригдаад намайг зодсон гэх Дэлгэрбаяр, Э- нарын сууж байсан ширээн дээр очоод хамт сууж байсан хүмүүстэй мэндлээд хамт сууцгаасан. 21 цагийн үед Дэлгэрбаяр, Э- нар намайг хамт тамхи татъя гээд дуудахаар нь лифтэнд суугаад гадагш гарах гэж байтал Дэлгэрбаяр надаас дүүгийн цалинг өгөөрэй гэж хэлэхээр нь би цалин тавьдаг хүн биш, энэ хүн чинь өөрөө хэлж болдоггүй юм уу? гээд хэлсэн чинь Дэлгэрбаяр лифтний үүдэнд намайг цохих гэж ойртохоор нь би өөрөөсөө холдуулж хөлөөрөө жийсэн. Тэгтэл хажуунаас нь Э- чи миний ахыг яаж байгаа юм гээд миний толгойруу цохисон чинь хамгаалагч нар ирээд салгасан... Удалгүй эхнэр ирээд намайг эмнэлэг рүү авч явж үзүүлчихээд цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Хохирогч П.Д-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цагийн үед шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall”-д Төмөрхуяг гавьяатын цолны найранд уригдаад дүү Э-ын хамтаар 8 хүний ширээнд сууж байтал 22 цагийн үед Б- манай ширээн дээр ирээд танай ширээний пиво байна уу? би ууна гээд ирээд суусан. 23:00 цагийн үед би дүү Э-, Мэндсайхан нарын хамтаар гарахаар болоод Б- бид нартай хамт нэг лифтэнд суугаад 1 давхарын өлгүүрийн хажууд хувцасаа өмсөөд байж байхдаа би Б-д хандаж дүү Э-, Энхтөр нарын кинонд ажилласан цалин мөнгийг нь өгөөч цаад продюсертээ хэлээч гэж хэлсэн чинь  Б- хар хүний өмнөөс шар хүн чи юу вэ гэж над руу агсарсан. Тэгэхээр нь би нүүр тулаад лифтний хажууд баруун гараа нугалж байгаад шуугаараа шанаа руу нь цохисон чинь ойр хавьд байсан Мэндсайхан, Бат-Ирээдүй нар салгахаар нь бид нар гадаа гараад тамхи татаж байсан. Б- хажууд ирсэнээ миний хажууд зогсож байсан Мэндсайхан, Бат-Ирээдүй нарын голоор орж ирээд хөлөөрөө эмзэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би газар унасан чинь дүү Э- намайг өмөөрч Б-тэй маргалдаж зууралдаад байсан тэр үед хамгаалагч нар ирээд Б-, Э- нарыг салгахаар нь би Мэндсайхан, Э-, Бат-Ирээдүй нарын хамтаар таксинд суугаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч А.Мэндсайханы: “...2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” ресторанд Төмөрхуяг  гавьяатын найран дээр... Бид нарыг сууж байхад үл таних Б- гэгч ирээд танай ширээн дээр пиво байна уу? би өөрийнхөө ширээн дээр байсан пивонуудыг ууж дуусгасан тэр хүн Э- чи надад пиво хийж өг би архи уудаггүйг мэднэ биз дээ гээд хэлж байхыг сонссон. 23 цагийн үед бид нар гарахаар болоод Дэлгэрбаяр, Э-, Бат-Ирээдүй нарын хамтаар лифтэнд суух гээд байж байтал Б- гэх залуу хамт суугаад 1 давхарт байрлах өлгүүрээс хувцаснуудаа аваад байж байтал Дэлгэрбаяр, Б- гэх залууд “чи манай дүү нарын кинонд тоглосон мөнгийг өгөөрэй” гэж хэлсэн чинь Б- хар хүний өмнөөс шар хүн гэж чи юу юм бэ? гэж хэлэхээр нь Дэлгэрбаяр баруун гарынхаа тохойгоор толгой хавьцаа цохисон. Би яг хаашаа нь цохисоныг нь хараагүй би дундуур нь орж салгасан чинь тус үйлчилгээний газрын хамгаалагч бас ирээд салгасан. Тэгээд бид нар гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь Б- гэх залуу бид нарын дундуур орж ирээд Дэлгэрбаярын эмзэг эрхтэн рүү хөлөөрөө өшиглөж газар унагахаар нь би дундуур нь орж салгасан. Э- “чи миний ахыг яаж байгаа юм” гээд Б-ийг цохисон тэр үед би Бат-Ирээдүйд Э-ыг барьж бай гээд би дотогш орж Э-ын хувцасыг авчихаад гарч ирээд Э-ад хувцасыг өмсүүлээд Дэлгэрбаяр, Э- нарын хамтаар явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар  хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн №14017 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар  хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн №13837 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Г.Э-ын “...Б- бид хоёр 2018 оны зун “Дайчий” гэдэг кинон дээр хамт ажилласан. Б- ерөнхий найруулагчаар, би туслах найруулагчаар ажилласан. Энэ кинон дээр ажилласан цалинг одоо болтол гүйцэт өгөөгүй байгаа юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Төмөрхуяг гавьяатын найран дээр Дэлгэрбаяр болон нийт наймуулаа нэг ширээнд сууж байсан чинь Б- өөр ширээнээс манай ширээн дээр ирээд “ширээнийхээ бүх пивог уугаад дуусгачихлаа, одоо танай ширээн дээрх пивонуудыг ууж дуусгана” гэж хэлсэн. ....Лифтэнд дотор Б- хойноос орж ирсэн. Дэлгэрбаяр ах Б-ээс чи “ Дайчий” киноны ерөнхий найруулагч мөн билүү гэж асуусан чинь мөн гэж хариулсан. Дэлгэрбаяр ах надруу заагаад чи ерөнхий найруулагч юм чинь продюсертоо хэлээд Э-ын үлдсэн хэдэн төгрөгийг аваад өгчихөөч, наадах чинь эхнэр нь төрөх гээд мөнгө, төгрөг хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Лифтнээс буусан чинь Б-, Дэлгэрбаяр ах руу шар хүний өмнөөс хар хүн гэж чи хэн юм бэ ална шүү гэсэн чинь Дэлгэрбаяр ах “ахын дүү зүгээр байгаарай” гээд Б-ийг тохойгоороо нэг удаа цохисон. Тэгээд зодолдох гэхээр нь тэнд байсан хүмүүс салгаад гадаа гарсан. Гадаа Б- та нарыг бүгдийг чинь ална гэж байсан чинь Б- Дэлгэрбаяр ахын цавь руу төмсөг орчимд өшиглөсөн. Тэгэхээр нь би пиджакаа тайлаад Мэндсайханд өгөөд үзвэл үзье гээд зүүн шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгтэл Бат-Ирээдүй ах ирээд салгасан. Тэгээд тэнд байсан хамгаалагч болон бусад хүмүүс Мэндсайхан, Дэлгэрбаяр бид 3-г яв гээд бид гурав таксинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Яллагдагч Ч.Б-: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” ресторанд Төмөрхуяг гавьяатын найранд уригдаж очоод би багш нартайгаа хамт нэг ширээнд суусан. Тэгээд удалгүй би босоод таньдаг найруулагч нартай мэндлэх гээд Дэлгэрбаяр Э- Мэндсайхан нарын сууж байсан ширээнд дээр очоод тэнд байсан хүмүүстээ мэндлээд юм яриад сууж байсан....Дэлгэрбаяр эргэж хараад манай дүүгийн цалинг өгөхгүй юм уу? гээд надаас асуухаар нь би цалин өгдөг хүн бишээ шарын өмнөөс хар хүн гэж энэ хүн өөрөө хэлж болдоггүй юм уу? гэж хэлсэн чинь Дэлгэрбаяр шууд миний зүүн нүд рүү гараараа цохиход тус үйлчилгээний газрын хамгаалагч нар ирээд салгасан чинь Дэлгэрбаяр, Э-, Мэндсайхан 3 гараад явсан. Би Дэлгэрбаяраас яагаад намайг цохиж байгаа талаар асуух санаатай араас нь гарсан чинь намайг цохих гэж байгаа юм шиг надруу ухасхийгээд би биеэ хамгаалах зорилгоор би хөлөөрөө гуян тус газар нь жийсэн. Миний зүүн гар талд зогсож байсан Э- миний ахыг ингэхгүй шүү гээд надруу дайраад миний толгой руу 2-3 удаа цохиход хамгаалагч болон Бат-Ирээдүй нар ирээд салгасны дараа Э- дахиж ирээд миний толгой руу 2-3 удаа цохисон. Энэ үед Дэлгэрбаяр, Мэндсайхан нар ирээд салгаад Э-ыг аваад явсан. Би зүүн нүдээ дараад Бат-Ирээдүйгийн хамтаар өөрийнхөө тайлсан хувцас болон утсыг цуглуулаад замруу такси барихаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 83, 87 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80,86 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82, 88 дугаар хуудас/,

-Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,

-гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр хуудас/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 84,91 дүгээр хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 85, 89 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Э-, Ч.Б-нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.Б-нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа П.Д-тай “дүү нарын ажлын хөлсийг өгсөнгүй” гэснээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “One event hall” рестораны гадаа “ахыг зодож гэмтээлээ” гэх шалтгааны улмаас Ч.Б-тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Д-ын мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,гэрч А.Мэндсайханы мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн №14017 дугаартай

  1. П.Д-ын биед баруун дайварын зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 45 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн №13837 дугаартай

  1. Ч.Б-ий биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

         Прокуророос шүүгдэгч Г.Э-, Ч.Б-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

         Иймд шүүгдэгч Г.Э-, Ч.Б-нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Энэ хэргийн шүүгдэгч Г.Э-, Ч.Б- нар нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нар нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай Прокурорын тогтоолоор тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

   Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Э-, Ч.Б-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

        Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Э-, Ч.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1.Б- овогт Г-гийн Э-, Б- овогт Ч-ийн Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Ч.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-, Ч.Б-нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Э-, Ч.Б-нарт мэдэгдсүгэй.

          5.Энэ хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Э-, Ч.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Э-, Ч.Б-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ