Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 
биелүүлснийг баталж, хэргийг 
хэрэгсэхгүй болгох тухай


Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би 
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хороолол 3-7б тоотод оршин суух Өөлд Нямдоржийн Гантулгын /РД: ДЭ76032701/ нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдох
Ажилд буруу шилжүүлсэн тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Н.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 04 сарын 01-нд ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн юм. Энэ үеэс дарга И.Болорцэцэг нь шүүхэд өгсөн өргөдлөө ав. Тэгэхгүй бол ажлаас чинь гаргана гэж байнга дарамталж ажил хийлгэхгүй хөөж байсан юм. Ингээд шүүхэд өгсөн өргөдлөө авсангүй гэж 2016 оны 04 сарын 15-ны 08 дугаар тушаалаар миний ажлын байрыг үндэслэлгүйгээр өөрчлөн гал тогооны туслах ажилтнаар ажиллуулсан юм. Иймд намайг өмнө хийж байсан жижүүрийн ажилд буцаан ажиллуулж өгнө үү гэжээ. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч И.Болорцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Гантулгын нэхэмжлэлтэй ажлаас буруу шилжүүлсэн тухай иргэний хэрэгт Н.Гантулгыг 2016 оны 06 сарын 20-ны өдөр жижүүрийн ажилд буцаан томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Гантулгын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдох ажлаас буруу шилжүүлсэн тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  
Учир нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч И.Болорцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь “...Н.Гантулгын нэхэмжлэлтэй ажлаас буруу шилжүүлсэн тухай иргэний хэрэгт Н.Гантулгыг 2016 оны 06 сарын 20-ны өдөр жижүүрийн ажилд буцаан томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн шүүхэд ирүүлсэн тайлбар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар тушаал, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх  хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
 1.Н.Гантулгын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдох ажлаас буруу шилжүүлсэн тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай. 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай. 
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


 ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ