Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00377

 

Г*******

НҮТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/03481 дугаар шийдвэртэй,

Г******* НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Л******* ХХК-д холбогдох

Барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардалд 128,815,618 төгрөг, алданги 64,407,809 төгрөг, нийт 193,223,427 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******, нэхэмжлэгчийн өмөөлөгч Д.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд Амины орон сууц түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх гэрээ нэртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Ар гүнтэд Г******* НҮТББ-ын ажилчдын 3 айлын амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэй 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн 3 айлын орон сууцны түлхүүр гардуулах, барилгын бүх зардалд 149,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Г******* НҮТББ-ын касснаас бэлнээр 40,000,000 төгрөг, даргын 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаалын дагуу иргэн Д.Л*******гийн ХААН банкны ******* тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллагын захирал Б.Э*******ийн Хаан банкны ******* тоот дансанд 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 460012461 тоот дансанд 13,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Харин 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 26,000,000 төгрөгний үнэ бүхий, 2 вагон цемент өгснөөр 2021 оны 07 дугаар сарын 31-ны өдөр барилгын ажил эхэлсэн. Гүйцэтгэх ажлын явц гэрээний хугацаандаа амжихааргүй болж захиалагч тал гүйцэтгэгч талд хатуу анхааруулга өгч, барилгын ажлыг хурдан дуусгахын тулд Л******* ХХК-аас хүссэн 30,000,000 төгрөгөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Л******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд 15,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, барилгын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар харилцан амаар тохиролцсон.

1.3. Л******* ХХК нь тохиролцсон хугацаандаа барилгын ажлаа дуусгалгүй алга болж, 2021 оныг дуусгаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр холбогдож асуухад цар тахлаас шалтгаалан хил гааль хаагдсаны улмаас барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа боловч дээрх зөрүү тооцоог өмнө байгуулсан гэрээний төсөвт өөрчлөлт оруулахгүйгээр барилгын ажлаа дуусгаж хүлээлгэн өгнө гэж албан бичгээр мэдэгдээд барилгын ажлыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлнэ гэж амласан. Улмаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, 2022 оны 4 дүгээр сарын 12, 2022 оны 5 дугаар сарын 17, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд гурвалсан уулзалт хийсэн. 2022 оны 5 дугаар сарын 26-нд АОС/002-22 тоот албан бичгээр Л******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансаар орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт тодорхой бус шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдон өнөөг хүрсэн учир Амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх гэрээ-ний дагуу түлхүүр гардуулан өгсний дараа олгогдох үлдсэн санхүүжилтээс 20,000,000 төгрөгийг урьдчилан олгож өгөхийг хүссэн бөгөөд эхний 2 амины орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 08, дараагийн 1 амины орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор багтаан 100 хувь хүлээлгэн өгнө гэж дурдсан. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр АОС/003-22 тоот албан бичгээр хүсэлт ирүүлж, Л******* ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 29-нд 12,780,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-нд 7,220,000 төгрөгийн санхүүжилт шилжүүлж өгөхийг хүссэн бөгөөд албан бичгээр ирүүлсэн удаа дараагийн хүсэлтэд итгэж, 2022 оны 05 дугаар сарын 30-нд захирал Б.Э*******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд 12,280,000 төгрөг болон 500,000 төгрөгийн шилжүүлгийг тус тус хийсэн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 07-нд захирал Б.Э*******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд 7,220,000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 106,000,000 төгрөг, 26,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент авсан.

1.4. Л******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2 байшингийн таазны цутгалтыг хагас дутуу хийгээд ямар нэг шалтаг шалтгаан хэлэлгүй, дутуу баригдсан барилгаа хүлээлгэж өгөөгүй. Үүний дараа дутуу баригдсан барилгын ажлын доголдлыг мэргэшсэн инженер Г.Наар шалгуулж, 6 хуудас фото акт гаргуулсан. Манай байгууллага барилгын ажлын доголдлыг арилгуулахаар Р ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийг тус тус байгуулж, дээрх 3 амины орон сууцны доголдлыг арилгахад нийт 128,815,618 төгрөгний зардал гаргасан.

Иймд барилгын ажлын доголдлыг арилгасан зардалд 128,815,618 төгрөг, алданги 64,407,809 төгрөг, нийт 193,223,427 төгрөгийг Л******* ХХК болон Б.Э******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Гэрээний дагуу захиалагч тал 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлбөр хийсээр нийт 106,000,000 төгрөг болон 26,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент авч барилга угсралт гүйцэтгэлийн ажил эхэлүүлсэн боловч захиалагч тал гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн. Үүнд:

1-рт: Гэрээнд цахилгаан болон усны хангамжийн асуудлыг барилга угсралт гүйцэтгэлийн ажлыг дуустал захиалагч тал бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй учраас гүйцэтгэгч тал өөрсдийн зардал, техник тоног төхөөрөмж ашиглан цахилгаан болон усан хангамжийн асуудлыг шийдэж барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ирсэн. Тиймээс захиалагч тал үүргээ биелүүлээгүйн улмаас барилга угсралтын ажил удааширч цаг хугацаа алдсан.

2-рт: Захиалагч тал төлбөрөө цаг хугацаанд төлөөгүйн улмаас гадаад валютын ханш нэмэгдэж барилгын материалын үнэ ханш өсөхөд нөлөөлсөн.

3-рт: Захиалагч тал барилга угсралтын явцад барилгын зурагт өөрчлөлт оруулж амины орон сууцны дээврийг модон хийцээр барихаар төлөвлөснийг цутгамал хавтгай дээвэр бариулахаар өөрчлөлт оруулж төлбөрт өөрчлөлт орсон.

4-рт: Гүйцэтгэгч талын хувьд барилга угсралтын ажлын явцад дэлхий нийтээр тархсан давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас хэсэгчлэн буюу бүхэлд нь хөл хорио тавигдаж, барилгын ажилчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд өвдсөний улмаас барилгын ажил цаг хугацаандаа явагдах боломжгүй зогсонги байдалд орсон.

Дээрх нөхцөл байдлын улмаас барилга угсралт гүйцэтгэлийн ажил цаг хугацаандаа баригдаж дуусаагүй. Захиалагч тал манай компанийн барилгын ажил гүйцэтгэлд хоёр талаас хамтран байлцаж ажил гүйцэтгэлийн талаар дүгнэлт болон мэргэжлийн шинжээчийн үнэлгээ гаргуулахгүй гэрээг цуцалж, гуравдагч этгээдээр барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Иймд барилгын ажлын доголдол арилгуулахаар төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л******* ХХК-иас барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардалд 128,815,618 төгрөг, алданги 32,203,904.50 төгрөг, нийт 161,019,522.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 32,203,904.50 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Э*******т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г******* ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,124,067 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 963,048 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г******* ТББ-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардал 128,815,618 төгрөг, алданги 64,407,809 төгрөг, нийт 193,233,427 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн шунахайн сэдэлтэй, эрүүгийн албан тушаалын авлигын шинжтэй хэрэг үйлдэж байгаа нь тодорхой. Нийт 132 төгрөгөөр амины орон сууцны түлхүүр гаргуулах ажил хийлгэхээр тохиролцсон боловч улс орон даяар ажил хөдөлмөр хийх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг тооцоолохгүйгээр гэрээ байгуулсан. Мөн нэхэмжлэгч нь төлбөр тооцоог цаг хугацаандаа хийгээгүйгээс барилгын материалын үнэ өссөн, барилгын ажил хийх хугацаа боломж алдагдсан тул гэрээний дагуу ажиллуулах боломжгүй болгосон.

4.2. 132,000,000 төгрөгөөр гурван байшин, худаг барьж дуусах боломжтой эсэх талаар бодит байдлын үнэлгээ гаргуулах, үнэлгээний компанийг томилж ажиллуулах шаардлагатай байсныг шүүх хэрэгжүүлээгүй. Мөн шүүх санаачлагаараа Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж эрсдэлийн үнэлгээ гаргуулах ажиллагаа хийгээгүй. Мөн уг барилгын бодит байдлыг үзлэг хийх журмаар газар дээр нь очиж үзээгүй, хамааралгүй нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, буруу шийдвэр гаргасан.

4.3. Нэхэмжлэгч хуурамж нотлох баримт бүрдүүлснийг шүүх шийдвэрлэсэн талаар Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн гаргасан гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэл дурдагдаагүй байна. Шүүх санаачилгаар Монголын аж үйлдвэрийн танхимд хандаагүй, эрсдэлийн үнэлгээг шүүх гаргах ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан болохоос хариуцагчийн өмнөөс шүүх нотлох баримт цуглуулах үүрэггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх талаар заасан. Гэтэл хариуцагчаас дээрх агуулгаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. 2 дахь гомдлын шаардлага мөн үндэслэлгүй. Хариуцагч талаас гүйцэтгэсэн барилгын ажлын дүгнэлт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, шинжээч томилсон. Өөрөөр хэлбэл, 132,000,000 төгрөгөөр 3 байшин, худаг барьж дуусгах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй.

Шүүх хариуцагчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байхад, өөрөө шинжээч дээр очоогүйн улмаас шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан. Ус, дулаан, худаг барьж өгсөн болон цахилгаанаар хангасан талаарх баримт хэрэг авагдсан. Цар тахлын нөхцөл байдлын талаар гомдолдоо дурдсан байна. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цар тахлын нөхцөл байдал бий болсон. 2021 оны 07 дугаар сард 40 хоногийн хугацаанд барьж гүйцэтгэнэ гэж тохиролцоод гэрээ байгуулсан. Мөнгөө аваад 2 хоног дүр үзүүлсэн байдалтай байгаад алга болсон. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасны дагуу доголдлыг арилгуулсан тул хариуцагчийн гүйцэтгэсэн гэх барилгын бодит байдлыг үзлэг хийлгэж тогтоох боломжгүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв тус баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн бол нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргах боломжтой байсан бөгөөд тус хүсэлтийг гаргаж байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Гэрээгээр халхавчилж нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тус асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г******* НҮТББ нь хариуцагч Л******* ХХК-д холбогдуулан барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардалд 128,815,618 төгрөг, алданги 64,407,809 төгрөг, нийт 193,223,427 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Талууд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Л******* ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт зуслангийн бүсэд 52 м.кв талбайтай бүхий 2 ширхэг амины орон сууцыг тус бүрийг 45,000,000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай бүхий амины орон сууцыг 48,000,000 төгрөгөөр, 3 айлын бохирын худаг гаргах ажлыг нийт 10,500,000 төгрөгөөр, 3 айлын холболтын зардлыг нийт 1,000,000 төгрөгөөр 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, Г******* НҮТББ нь 149,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ. /хх-ийн 11-13/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.2. Нэхэмжлэгч Г******* НҮТББ нь хариуцагч Л******* ХХК-д ажлын хөлс 106,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар, 26,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент, нийт 132,000,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, бэлэн мөнгөний зарлагын баримт, дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 19, 21-23/

4. Зохигчдын хооронд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, барилга угсралтын ажлын явцад өөрчлөлт орсон эсэх, хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1. Гэрээний 3.2.1.1-3.2.1.3-т захиалагч нь гүйцэтгэгчид эхний санхүүжилт 40 хувь болох 59,800,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажил эхэлмэгц, ажлын гүйцэтгэл актаар баталгаажин 50 хувьд хүрсэн тохиолдолд 2 дахь удаагийн санхүүжилт болох 30 хувь болох 44,850,000 төгрөгийг, ажлын гүйцэтгэл актаар баталгаажин 100 хувьд хүрсэн гэж 2 тал тохиролцож түлхүүр хүлээлгэн 3 жилийн баталгаа гаргасан тохиолдолд 3 дахь удаагийн санхүүжилт 30 хувь болох 44,850,000 төгрөгийг олгохоор тохиролцсон. /хх-11-14/

4.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 29,000,000 төгрөгний цемент нийлүүлснээр нийт 82,000,000 төгрөг, үүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 13,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 12,280,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 7,220,000 төгрөг, бүгд 129,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.

4.3. Нэхэмжлэгч хариуцагчид ажлын урьдчилгаа буюу эхний санхүүжилтанд 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар 59,800,000 төгрөг шилжүүлэхээс 43,000,000 төгрөг шилжүүлсэн, 2 дахь удаагийн санхүүжилтанд 86,500,000 төгрөг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлсэн гэж үзнэ.

4.4. Талуудын байгуулсан гэрээнд захиалагч нь цахилгаан болон усны хангамжийг барилга угсралт гүйцэтгэлийн ажлыг дуустал хариуцах үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээсэн гэх байдал зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

4.5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь барилга угсралтын ажлын явцад барилгын зурагт өөрчлөлт оруулж амины орон сууцны дээврийг модон хийцээр барихаар төлөвлөснийг цутгамал хавтгай дээвэр бариулахаар өөрчлөлт оруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

4.6. Талууд гэрээний хугацааг 40 хоног гэж тохирсон, ажлын гүйцэтгэлийг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж өгөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн буруутай.

4.7. Хариуцагч нэхэмжлэгч цахилгаан болон усны хангамжийг барилга угсралт гүйцэтгэлийн ажлыг дуустал хариуцах үүргээ биелүүлээгүй, барилга угсралтын явцад барилгын зурагт өөрчлөлт оруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

4.8. Мөн хариуцагч Л******* ХХК дээрх ажлыг бүрэн гүйцэтгэлгүй орхин явснаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар цуцлагдсан, хариуцагч нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Учир нь хавтас хэргийн 158-169 дүгээр талд авагдсан мэргэшсэн инженерийн дүгнэлт, фото зургаар хариуцагч Л******* ХХК гэрээнд заасан барилгын ажлыг доголдолтой гүйцэтгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 158-169/

5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

5.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Г******* НҮТББ нь уг барилгын доголдлыг өөрийн зардлаар арилгуулахаар Р ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр 52 м.кв болон 56.6 м.кв талбайтай орон сууцыг 86,385,682 төгрөгөөр, мөн 52 м.кв талбайтай орон сууцыг 39,429,936 төгрөгөөр, нийт 128,815,618 төгрөгөөр гүйцэтгүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-ийн 38-45/

5.2. Анхан шатны шүүх хариуцагч Л******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 128,815,618 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г******* НҮТББ-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцнэ..

6. Нэхэмжлэгч Г******* НҮТББ нь хариуцагч Л******* ХХК-д холбогдуулан алдангид 64,407,809 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, 32,203,904.50 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан тайлбар гаргасан.

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар алданги 64,407,809 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн байх ба нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, 32,203,904.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

7. Хариуцагчийн ... хуурамч нотлох баримт бүрдүүлсэн тул хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа... гэх агуулга бүхий гомдол гаргасан.

7.1. Хэргийн баримтаар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдохгүй байхаас гадна энэ талаар эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогоогүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

8. Хариуцагч ... шүүх санаачилгаараа Монголын аж үйлдвэрийн танхимд хандан эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, 132,000,000 төгрөгөөр гурван байшин, худаг барьж дуусах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй, уг газарт үзлэг хийгээгүй ... гэх агуулга бүхий гомдол гаргасан.

8.1. Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэх, эрсдэлийн үнэлгээ гаргуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүйгээс гадна шүүх санаачлагаараа эдгээр ажиллагааг хийхийг хуулиар олгоогүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

9. Хариуцагч ... Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөн тул гэрээний дагуу ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

9.1. Талууд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед Монгол улсад Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үргэлжилж байсан бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн талаар гэрээнд тусгаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/03481 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 963,048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ