| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0151/И/ |
| Дугаар | 226 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 226
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** оршин суух ***********-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********аймгийн ************сумын ********* сургуульд холбогдох
************аймгийн ********* сумын****** сургуулийн захирлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 тушаалыг хүчингүй болгож, 1 сарын цалингийн 20 хувь болох 115.565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******** 1969 онд ******* сумд төрсөн. ************аймгийн ********* сумын****** сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг. 2000 оноос хойш одоог хүртэл тус сумын ********сургуульд тасралтгүй 15 жил ажиллаж байна. Энэ хугацаанд олон захиралтай хамтарч ажилласан. Манай сургуулийн захирал ********** нь ховоор ажлаа явуулдаг, хувийн өс хонзон санаж, багш ажилчдын нэр хүндийг унагаж, худал гүтгэн гүжирдэж доромжилж, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, ямар ч үндэслэлгүйгээр намайг болон өөр 8 хүнд сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргасан. 2015 оны 10 дугаар сард сургуулийн аварга шалгаруулах тэмцээн дуусч, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр медаль авсан сурагчдад шагналаа гардуулж өгсөн. Тэгээд манай сумын хурлын дарга гэрт хүрээд ир гэж дуудахаар нь үдээс хойш хурлын даргын гэрт очсон. Хурлын дарга манай сургуулийн захирлын нөхөр юм. Намайг хурлын даргын гэрт ороход ********** багш хурлын даргатай нэг шил архи талд нь ортол уугаад сууж байсан. Тэгээд би орж сууж байгаад гарсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа сургуулийн захирал намайг чи архи уусан байна гэж худал гүжирдэж арга хэмжээ авсан. Энэ нь 2016 оны 01 сарын 08-нд гаргасан А/01 дугаар бүхий тушаал юм. Үүнийгээ номын санч *********-р дамжуулан гудамжинд явж байхад нь хүргүүлсэн. Үүнээс хойш энэ арга хэмжээгээ авахгүй цуцлана гэж явж байгаад 2016 оны 03 сарын цалин дээрээс 20 хувь болох 115.565 төгрөгийг хассан. Энэ талаар бид бүгд гомдол гаргахад одоо үүнээс хойш хамтарч ажиллана, би тушаалаа өөрчилнө гээд 2016 оны 04 сарын 27-ны өдөр энэ тушаалаа 3 сарын хугацаатай гэснийг 1 сарын хугацаатай гэж өөрчилсөн. Энэ мэт олон ёс зүйгүй үйлдэл газар авч хамт олны төлөвшил алдагдаж байна. Иймд 2016 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 тушаалыг хүчингүй болгож, миний 1 сарын цалингийн 20% болох 115.565 төгрөгийг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************аймгийн ********* сумын****** сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар ***********-д сахилгын шийтгэл оногдуулсан. Уг сахилгын шийтгэлийг оногдуулахдаа хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан багшийн үүрэг болох намрын сурагчдын спортын наадмыг зохион байгуулж, тэмцээний дүнгийн талаар сумын Засаг даргын Тамгын газарт болон сургуулийн захиргаанд цаг хугацаанд нь өгөөгүй, шагнал гардуулах үеэр дүнгийн талаар авах гэсэн боловч өөрөө байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Өмнө нь багш нарын ерөнхий мэдлэгийн шалгалтанд орох үүрэг даалгавар өгсөн боловч уг шалгалтанд ороогүй зөрчил гаргасан учир 2015 оны 11 сарын 25-ны өдөр А/34 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсан, 2016 он гараад багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуул гэсэн үүрэг даалгаврыг өгсний дагуу хөдөлмөрийн гэрээг бүх багш ажилчидтай шинэчилж байгуулахад ******** багш нь хөдөлмөрийн гэрээг одоо болтол байгуулаагүй, өгсөн үүрэг даалгаврыг байнга биелүүлдэггүй тул 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Иймээс биеийн тамирын багш ***********-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ********** нь ************аймгийн ********* сумын****** сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 тушаалыг хүчингүй болгож, 1 сарын цалингийн 20 хувь болох 115.565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
************аймгийн ********* сумын****** сургуулийн захирал ********* нь 2016 оны 01 сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” А/01 дугаартай тушаалаар биеийн тамирын багш **********-н цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан болох нь ************аймгийн ********* сумын****** сургуулийн захирлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 дугаар тушаал, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч ********* нь сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байхаар заажээ.
Нэхэмжлэгч **********нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд ************аймгийн ********* сумын****** сургуулийн захирлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан А/01 дугаар тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн болохоо шүүх хуралдаан дээр тайлбарласан байна.
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй, уг хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт цугласан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар *******-н нэхэмжлэлтэй, хариуцагч ************аймгийн ********* сумын****** сургуульд холбогдох ************аймгийн ********* сумын****** сургуулийн захирлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 тушаалыг хүчингүй болгож, 1 сарын цалингийн 20 хувь болох 115.565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ