| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03844/И |
| Дугаар | 210/МА2024/00387 |
| Огноо | 2024-02-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00387
Д.Зэсэндэмидийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03769 дугаар шийдвэртэй
Д.Зэсэндэмидийн нэхэмжлэлтэй, Ариунхайрхан ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
илүү төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ариунхайрхан ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд ажлын хөлсийг 11,200,000 төгрөг гэж тохиролцон урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Манай 2 ажилчин Булган аймгийн Хишиг-Өндөр суманд орших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд очиж Б.Наранхүүгийн хяналт доор 2 хэсэг талбайд хөрс хуулж, овоолго хийн, керамзит ашиглахад бэлэн болгоод ажлаа хүлээлгэн өгсөн.
1.2. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн хөлсөө шаардаж уулзахад мөнгө өгнө эсвэл мөнгөндөө керамзит авбал ав гэж хэлсэн. Дараа нь би чамд өргүй, чи одоо надад өртэй болсон гэж хэлсэн. Талуудын байгуулсан гэрээ анхнаасаа хөрс хуулах ажил байсан баримт байгаа гэж өөрөө хэлдэг атлаа нэг ч баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй.
Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул ажлын хөлсний үлдэх төлбөрт 5,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 10,000 м3 газрын хөрсийг хуулуулж шороон овоолго хийлгэхээр тохиролцон урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Гэрээнд 2 хүн ээлжлэн 12 цагаар өдөрт 22 цаг ажиллана гэж заасан. Техник цагт 30 литр түлш зарцуулдаг тул зарцуулсан түлшээрээ ажилласан цагийг хэмждэг. Гэрээний дагуу 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 10 цагт ажлыг эхлүүлээд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл ажилласан боловч энэ хугацаанд тасралтгүй 22 цагийн турш ажиллах боломжгүй байтал нэхэмжлэгч тасралтгүй ажилласнаар тооцон хөлсийг шаардаж байна.
2.2. 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс ажил зогссон шалтгаан нь нэхэмжлэгчээс болоогүй, харин хөрс хуулалт хийж байтал дунд нь том галт уулын хайлаагүй чулуу гарч ирснээс зогссон. Дээрх нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид албан шаардлага бичиж мэдэгдсэн. Улмаар ажлын хөлсийг тооцоод үзэхэд урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөгт ажилласан цагийн хөлс 4,640,000 төгрөг болсон. Иймд илүү төлсөн мөнгийг буцаан өгөх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тул түүний гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Иргэн Д.Зэсэндэмид болон экскаваторын жолооч нарын мэдүүлж байгаа шиг уул геологийн хүнд нөхцөлд цул хадан цохиог ухахад LC-7-3000 Экскаватор цагт 20 литр түлш биш, дунджаар 30-40 литр түлш хэрэглэж байсныг гэрээт ажилд хяналт тавьж байсан иргэн Б.Нармандах сайн мэдэх бөгөөд талбайд авчирсан түлшний нийт нийлүүлэлтэнд хяналт тавьж акт үйлдэн тооцоо нийлсэн. Улаанбаатар хотоос 2,105 литр түлш татан авч хэрэглэснээс үлдсэн 500 литр түлшийг Д.Зэсэндэмид өөрийн крантай машин, экскаваторт 100 литр түлш, Хишиг-Өндөр сумын төвд байх блокны цехийн ажилтан Р.Алтангэрэл, Н.Ганхөлөг нарт 220 литр түлшийг, мөн трайлерийн жолоочид 100 литр түлш, Эрдэнэт, Улаанбаатар хотоос ачаа ачсан шлазын жолооч Одсүрэнд 100 литр түлш тус тус худалдсан. Уурхайд Улаанбаатар хотоос татан авсан 2,105 литр түлшнээс 520 литрийг хасч үлдсэн 1,585 литр түлш уурхайн хөрс хуулалтанд хэрэглэсэн.
3.2. Гэрээнд заасан мото цагаар бодвол 52,6 цаг ажилласан, үүнийг нэг өдрийн 12 цагаар тооцвол 4,4 өдөр, хоногийн төлбөрийг 800,000 төгрөгөөр тооцвол 3,500,000 төгрөг болох бөгөөд урьдчилгаа 6,000,000 төгрөг өгсөн тул 2,480,000 төгрөг илүү төлсөн. Өдөр бүр 22 цаг тасралтгүй 5 хоног дараалан ажиллана гэдэг бол хүний хүчин зүйл, техникийн бололцооноос давсан. Ажил эхлэхэд талбай дээр Хөдөлмөрийн хууль, ХАБ-ын журам танилцуулж, нэг жолооч нь амарч, нөгөө жолооч нь ажиллаж ажлын бүтээмжийг шалгах өөрийн хянагчийг экскаваторын кабинд суулгая гэхэд экскаваторын жолооч нар эрс татгалзсан. Өдөр бүр 22 цаг 5,5 өдөр дараалан тасралтгүй ажиллах нь хүний өөрийн биологийн болон техникийн түлшний зарцуулалтаас худал болох нь илт байна. Экскаваторын жолооч Б.Банзрагчид хүлээлгэн өгсөн портерийн жолооч Р.Алтангэрэл нарын мэдүүлэг бичгийн нотлох баримтаар 1,605 литр түлшээр дээрх экскаватор Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мөнгөн уулын уурхайд ажилласан нь хөдөлшгүй тогтоогдож байна. Энэ тооцоогоор бол уул экскаватор нь 53,5 цаг ажилласан бөгөөд гэрээ ёсоор өдөр бүр 12 цаг ажилласан гэж үзвэл 4,4 хоног буюу хоногийн төлбөр гэрээ ёсоор 800,000 төгрөг болох бөгөөд нийт төлбөр 3,520,000 төгрөг төлнө.
Иймд илүү төлсөн 2,500,000 төгрөгийг Д.Зэсэндэмидээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө хийх ажлын байдлыг урьдчилан үзэж, нийт үнийн дүнг талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Нийт 7 хоног ажиллаад бүх хий гэсэн ажлыг дуусгасан тул тохиролцсоны дагуу экскаваторыг буцаасан гэдгээ захирал Б.Наранхүү өөрөө ярьсан. Сүүлд гэрчийн мэдүүлгээр түлшийг нэхэмжлэгчийн ажилтан бус хариуцагч зарсан болох нь тогтоогдсон. Анхнаасаа түлшний хэмжээ, мото цагаар ажилласан хугацааг тооцох талаар гэрээгээр тохиролцоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ариунхайрхан ХХК-аас 3,600,000 төгрөгийг гаргуулж, Д.Зэсэндэмидэд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,600,000 төгрөг болон Д.Зэсэндэмидээс илүү төлсөн 2,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай Ариунхайрхан ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,150 төгрөг, хариуцагчийн төлсөн 54,630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хариуцагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тогтоох зорилгоор тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/Ш32022/16094 дүгээр захирамжаар шинжээч томилсон боловч шинжээч Итгэлт-Эстимэйт ХХК-аас шинжилгээний обьектын эзэмшигчид байхгүй зэрэг шалтгаанаар үзлэг хийх нөхцөл боломжгүй, улмаар шинжээчээр ажиллахаас татгалзсан хариуг ирүүлсэн. Нэгэнт шинжилгээний обьект байхгүй буюу гэрээний дагуу хэдий хэмжээний галт уулын шаарга олборлосныг 2023 онд нөхөн тогтоох боломжгүй болсон, түүнээс гадна олборлосон шааргыг бусдад худалдан борлуулсан талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлаж байсан тул шүүх дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлгүй.
Учир нь компанийн ашиглаж буй А зөвшөөрөлтэй уурхай дээр манаач, тoo бүртгэгч байнга ажилладаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч хүн, хуулийн этгээд уурхай дээр очиж шинжээчийн дүгнэлт гаргана гэж бидэнд мэдэгдээгүй, хөрс хуулсан уурхайн талбайд олборлолт, борлуулалт одоог хүртэл хийгээгүй хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүлээж байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хагас дутуу хэрэгжүүлэхээр оролдсон хэдий ч шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр иргэн Д.Зэсэндэмдийн хийсэн хөрс хуулалтын ажлын гүйцэтгэлийг шалган тогтоох боломжтой, хөрс хуулах ажилд бэлдсэн талбайгаас олборлолт хийлгүй маргаан бүхий талбай хэвээр хадгалагдаж, бусад талбайд хөрс хуулалт хийн олборлолт явуулж байгаа тул талуудыг оролцуулан шинжээч томилон, шүүхийн үзлэг хийх боломжтой.
6.2. Шүүх 5 өдөр дараалан 2 хүн өдөр бүр 22 цаг уурхайн хүнд даацын эксковатор дээр тасралтгүй ажилласан, эксавотор нь цагт 30-40 литр түлш зарцуулдаг техникийн хүчин чадалтай талаар дүгнэсэн. Гэвч 1 өдөр 22 цаг ажилласан бол 880 литр түлш, 2 өдөр 1760 литр түлш зарцуулж уурхай дээр татан авчирсан түлш хүрэлцэхгүй болох хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан боловч нэг талыг барьсан буруу шийдвэр гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж хариуцагчийн хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Талууд ажил гүйцэтгэх гэрээг маргааны үндэслэл болгох ёстой. Гэрээний дагуу ажлыг хийж эхлэхдээ талууд хэмжилт хийж, хэдэн өдрийн ажлыг хийж гүйцэтгэх талаар тохиролцсон зүйл байхгүй. Мөн гэрч, нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн талбайд очиж үзээд уг ажлыг 9 хоногийн дотор 11,600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Талуудын хооронд тохиролцож ажлыг 8 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа ажлыг сайн хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Мөн хариуцагч нь амралтгүй ажилласан гэж тайлбарласан боловч 2 хүн 12 цагаар ажиллаж, бүх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэж, тухайн талбайг хүлээлгэн өгсөн талаарх тайлбар хэрэгт авагдсан.
7.2. Томилогдсон шинжээч нэхэмжлэгч руу утсаар яриад ...Ариунхайрхан ХХК-ийн захиралтай холбогдохгүй, дугаараа өгөхгүй байна, та тухайн газрыг мэдэх үү гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Мөн ямар шалтгаанаар шинжээч томилуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Уг хэрэг маргаанд удаа дараа гэрч оролцуулах хүсэлт гаргасныг хангаж, гэрчийн мэдүүлэг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.Зэсэндэмид нь хариуцагч Ариунхайрхан ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Д.Зэсэндэмид нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт орших ашигт малтмалын А зөвшөөрөлтэй талбайгаас Галт уулын шаарга олборлох нөхцөлийг ханган хөрс хуулалт овоолго хийж бэлтгэх ажлыг Хьюндай-3000 /Hyundai 300lv7/ маркийн экосковатороор өөрийн гэрээт ээлжийн хоёр операторын аюулгүй байдлыг ханган ажиллуулах, захиалагч Ариунхайрхан ХХК нь ажлын хөлсөнд 11,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.
3.1.Талуудын байгуулсан гэрээний 3.2-т ажлын хөлсөнд өгөх 11,200,000 төгрөгөөс уулан дээр ажил эхэлмэгц 6,000,000 төгрөгийг Хаан банк дахь 5845147016 тоот дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон бөгөөд хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
3.2. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэхдээ 2 ээлжээр тасралтгүй 22 цаг ажилласан, гүйцэтгэх ажлын хөлсийг гэрээнд тодорхой тусгасан, ажилласан цагийг мотоцаг болон шатахуун зарцуулалтаар тооцохоор тохиролцоогүй тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тайлбарласан бол хариуцагч нь ажлыг тасралтгүй 22 цагийн турш гүйцэтгэх боломжгүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын зарцуулсан шатахуунаар тооцоход 4,640,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул илүү төлсөн 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж зөрүүтэй тайлбар гарган тус тус маргажээ.
4. Зохигчдын хооронд ажлын хөлсийг мото цаг, түлшээр тооцохоор тохирсон эсэх, ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
4.1. Нэхэмжлэгч ажлыг бүрэн хийж дуусгасан гэж, хариуцагч уулын чулуулаг гарч ирснээс ажлыг бүрэн дуусгаагүй гэж маргасан боловч зохигчдын хэн аль нь энэ талаар нотлох баримтгүй, гэрээнд гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээний талаар талууд тохиролцоогүй байх тул хийсэн ажлын хэмжээг тогтоохоор хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилсон, шинжилгээний обьект байхгүйгээс шинжээчээр ажиллахаас татгалзсан хариу ирснээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.2. Гэрээний 1.1-д техникийг хоёр ээлжийн оператороор хангаж ажиллах, гэрээний 3.1-д 12 цаг ажиллант ажлын хөлс 800,000 төгрөгөөр тооцох, 2 ээлжээр 22 цаг тасралтгүй ажиллахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгчийн ажлыг 12 цагаар тооцвол 14 хоногт гүйцэтгэх, 22 цагаар ажиллавал 7-8 хоногт гүйцэтгэнэ гэж тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй, гэрээний дээрх зохицуулалтаар тооцвол тохирч байгааг гэрч Т.Банзрагчийн мэдүүлгээр нотлогдсон гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй байна.
4.3. Зохигчид ажил эхэлсэн, дууссан хугацааны талаар маргаагүй, харин ажилд ирэх буцах хугацааг ажилласан хугацаанд орох эсэх талаар маргасан боловч энэ талаар гэрээнд тохироогүй тул уг хугацаан ажилласан хугацаанд оруулан тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
4.4. Хэргийн баримтаар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдийн 10.00 цагаас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цаг хүртэл 6 өдөр нэхэмжлэгчийг ажилласан талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.
4.5. Анхан шатны шүүх гэрч Ү.Ганбаяр, Б.Нармандах нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар хад гарч ирснээр ажлыг цааш нь гүйцэтгэх боломжгүй болсонд нэхэмжлэгч буруугүй Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан талаар хийсэн дүгнэлт зөв байв.
5. Талуудын хооронд гэрээнд гүйцэтгэвэл зохих ажлын тоо хэмжээ хэд болох, ажлыг гүйцэтгэх цаг хугацааны талаар тусгаагүй, ажлын тоо хэмжээ болоод хөлсийг тооцохдоо түлшний зарцуулалтын хэмжээгээр болон ажилласан мото цагаар тооцох талаар гэрээнд тохиролцоогүй тул гэрээний гол нөхцөл байсан гэж үзэхгүй тул гэрээг үнэ, ажиллах өдрөөр тооцож тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
6. Шүүх гэрч Б.Нармандахын мэдүүлэгийг хариуцагчтай төрөл сандангийн холбоотой өөр бусад баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй харин гэрч С.Банзрагч, Б.Баттүвшин нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс 3,600,000 төгрөгийг хангаж нэхэмжлэлээс үлдэх 1,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7. Хариуцагч Ариунхайрхан ХХК нь нэхэмжлэгч Д.Зэсэндэмидэд холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
7.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...нэхэмжлэгч мото цагаар тооцвол 4,4 өдөр буюу нийт 52,6 цаг ажилласан тул ажлын хөлс 3,500,000 төгрөг болно. Үүнээс урьдчилгаанд төлсөн 6,000,000 төгрөгөөс хасахад 2,500,000 төгрөгийг илүү төлсөн гэжээ.
7.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацааг 6 өдөр буюу ажлын хөлсийг 9,600,000 төгрөг гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
8. Хариуцагчийн төлөөлөгч ...дахин шинжээч томилуулах, хэргийн газар үзлэг хийлгэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
8.1. Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2022/16094 дүгээр захирамжаар шинжээчээр Итгэлт эстимэйт ХХК-ийг томилсон бөгөөд шинжээчээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/09 тоот албан бичгээр үзлэг хийх нөхцөл боломжгүй, шинжилгээний обьект нь одоогоор эзэмшигчид байхгүй гэх шалтгаанаар үзлэг хийх нөхцөл боломжгүй, улмаар шинжээчээр ажиллахаас татгалзсан хариуг ирүүлсэн байна. /хх-ийн 231-233, 237/
8.2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, талуудын харилцан тохиролцсон ажлын онцлог зэргийг үндэслэн уг хэрэгт дахин шинжээч томилох, үзлэг хийлгэх шаардлагагүй гэж дүгнэн, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ариун хайрхан ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 98,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ