Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 168

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

 

 

 

 

                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ө.О-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ө-ы О-д холбогдох эрүүгийн 1810026580000  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол 14 дүгээр гудамж 00 тоотод оршин суух,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б- овогт Ө-ы О-

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны оройн 18 цаг 38 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд “Тоёота приус” маркийн 0000УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч Ө.О-гээс: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой Өлзийт хорооллоос 57-58 км/цагийн хурдтай таксинд явж байсан.  Яармагийн цагдаагийн хэлтсийн урд талын зам дээр явж байсан.Тухайн үед машины ард болон урд машин байхгүй байсан. Гэтэл машины урдуур гэнэт нэг хүн орж ирсэн. Би хохирогчид хохирол төлбөрт 4.600.000 төгрөг төлсөн. Мөн “Мөнгөн Гүүр” эмнэлгийн эмчилгээний зардал болох 1.600.000 төгрөгийн төлбөрийг төлөх болно. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Хохирогч О-ийн: “...тэр өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн хамт ажилладаг Хүрэлсүх  ах, Хүрэлсүх ахын хүү Энхжин нарын хамт, хамт ажилладаг Болдбаатар ахын гэрээс нь гараад гэртээ харих санаатай “Яармаг” худалдааны төв буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд засмал зам хөндлөн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам хөндлөн гарч яваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан Toyota Prius-10 маркийн 0000УНЗ улсын дугаартай авто машинд мөргүүлсэн, тэгээд уг авто машины жолооч нь бололтой танихгүй залуу намайг сэгсрээд байсан, тэгээд би миний бие өвдөөд байна болиоч, тавиач гэж хэлсэн, тэгээд л миний ухаан санаа балартаад мөргүүлсэндээ болоод ч тэр үү шоконд орж 103 түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдэн ирж ухаан орсон. Би тухайн зам тээврийн осолд орох үед хамт ажилладаг Хүрэлсүх ах, Хүрэлсүх ахын хүү Энхжин нарын хамт явсан, гэхдээ би түрүүлж засмал зам хөндлөн гарч явсан. Миний ард Хүрэлсүх ахын хүү Энхжин, тэгээд Хүрэлсүх ах гээд бид гурав цуварч явсан. Тухайн үед би ойролцоогоор 100-150 грамм архи уусан байсан, гэхдээ би нэг их согтоогүй гайгүй байсан тухайн зам тээврийн ослын улмаас миний биед толгойн хэсэгт цус хурсан, нүүрэн хэсэг зулгарсан, баруун өвдөгний чагтан холбоос, дотор талын холбоос, жийрэг зэрэг тасарч сунасан, хүзүүнд зөөлөн эд гэмтсэн гэмтэл, бэртэлүүд учирсан. Надад эмчилгээ болон хохиролдоо зарцуулсан мөнгөн дүнтэй баримт байхгүй, харин намайг мөргөж гэмтээсэн автомашины жолоочид эм тариа болон эмнэлэгт үзүүлсэн баримтууд байгаа байх. Миний биеийн байдал одоо нуруу, баруун хөл зовиуртай байна, мөн гадуур физик эмчилгээ хийлгэн, толгой тархиа бариулж байгаа. Миний хувьд жолоочоос эм тариа авахуулаагүй, харин миний эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг төлсөн гэсэн. Тэр баримт нь жолоочид өөрт нь байгаа байх, тэрнээс өөр хохиролдоо мөнгө хүлээн авсан асуудал огт байхгүй, тийм болохоор маш их гомдолтой байна. Уг жолоочоос эмчилгээнийхээ зардал болон хохиролоо нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхбатын: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой харанхуй болсон байхад хичээлээ тараад гэртээ харих санаатай Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд автобусанд суух гээд зогсож байтал замын хойд талаас 3 хүн хамт явж байгаад цувраад нэг нь түрүүлж засмал зам хөндлөн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй гүйж гарах гэж яваад баруунаас зүүн чиглэлтэй явж байсан Тоёота Приус 10 маркийн 0000УНЗ улсын дугаартай автомашинд мөргүүлсэн. Би хохирогчийн мөргүүлсэн. Би хохирогчийн мөргүүлсэн газрыг зааж өгөөд хэргийн газрын үзлэг хийсний дараа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.Батбаатарын: “...Би тэр өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн төрсөн эцэг Сүхбаатарын хамт, аавын маань танил дүү хамт ажилладаг Гансүх ахын хамт Болдбаатар ахын гэрээс гаран Гансүх ахын ажил дээгүүр орчихоод харина гээд “Яармаг” худалдааны төв буюу Хан-Уул дүргийн 5 дугаар хороо Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд засмал замаар хамгийн урд талд Гансүх ах, ардаас нь би, миний ард талд манай аав Х.Сүхбаатар бид гурав цувраад явж байгаад манай аав Х.Сүхбаатар хөөе гээд намайг дуудахаар нь би зогсоод эргээд хартал гэнэт пид хийх чимээ гарч танил Гансүх ах засмал зам дээр хөндлөн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гарч яваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан  Toyota Prius-10 маркийн0000УНЗ улсын дугаартай автомашинд мөргүүлсэн, тэгээд би аав Х.Сүхбаатарын хамт зам гаран Гансүх ах дээр очсон тэгэхэд Гансүх ах босч чадахгүй засмал зам дээр хэвтэж байсан, тэгээд зам тээврийн осол гаргасан жолооч  ах Гансүх ахыг бариад сэгсэрхэд манай аав Х.Сүхбаатар тэр залууд хандан уурлаж байсан. Тэгээд нилээд хугацаа өнгөрсөний дараа 103 түргэн тусламжийн автомашин ирж Гансүх ахыг үзээд машиндаа суулган гэмтлийн эмнэлэг рүү авч явсан, тэгэхэд нь би аав Х.Сүхбаатарын хамт 103 түргэн тусламжийн автомашинд суун гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Тухайн үед Гансүх ахын нэг их согтоогүй, юм яриад өөрөө ганцаараа хүнээр түшүүлэхгүй явж байсан. Тухайн үед манай аав Х.Сүхбаатар, танил Болдбаатар, Гансүх ах гурав 1 шил 0.5 литрийн “Экс” архи хувааж уусан. Тухайн үед би Гансүх ахыг ямархуу байдалтай яг хаана автомашинд  мөргүүлэхийг нь хараагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Гэрч Х.Сүхбаатарын: “...Тэр өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн хамт ажилладаг Гансүх, Болдбаатар нарын хамт Болдбаатарын гэрт нь бид гурав хамт 1 шил 0.5 литрийн “Экс” архи хувааж уусан. Тэгээд Гансүх бид хоёр манай хүү С.Батбаатарын хамт Болдбаатарын гэрээс гаран Гансүхийн ажил дээгүүр орчихоод харих санаатай “Яармаг” худалдааны төв буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсийн урд засмал замыг хөндлөн гарчихаад би тамхи асаах гээд хүү С.Батбаатарыг хөөе гээд дуудсан, тэгээд тахиа асаах хооронд пид хийх чимээ гарч танил Гансүх засмал зам хөндлөн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гарч яваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан Toyota Prius-10 маркийн 0000УНЗ улсын дугаартай автомашинд мөргүүлсэн, тэгээд би хүү С.Батбаатарын хамт Гансүх дээр очсон, тэгэхэд Гансүх босч чадахгүй засмал зам дээр хэвтэж байхад зам тээврийн осол гаргасан жолооч залуу Гансүхийг сэгсэрч болохгүй шүү наад хүн чинь үхчихэж мэднэ шүү гэж хэлсэн. Тэгээд нилээд хугацаа өнгөрсөний дараа 103 түргэн тусламжийн автомашин ирж Гансүхийг үзээд машиндаа суулган гэмтлийн эмнэлэг рүү явна гэхээр нь би хүү С.Батбаатарын хамт 103 түргэн тусламжийн автомашинд суун гэмтлийн эмнэлэг рүү О-тэй хамт явсан. Тухайн үед Гансүх нэг их согтоогүй, өөрөө өөрийгөө хянах чадвартай явж байсан. Тухайн үед танил Болдбаатар, Гансүх бид гурав 1 шил 0.5 литрийн “Экс” архи хувааж уусан. Гансүх ахыг ямархуу байдалтай яг хаана авто машинд мөргүүлэхийг нь хараагүй, гэнэт пид хийх чимээ гарахад О-  автомашинд мөргүүлчихсэн хэвтэж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/

      Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13264  дугаартай дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/

Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 861 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Ө.О- нь мөрдөн байцаалтын шатанд яллагдачаар мэдүүлэхдээ: “...Тэр өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 цаг 35 минутын орчимд шиг санагдаж байна. Өөрийн хувийн эзэмшлийн “Toyota Prius-10” маркийн 0000УНЗ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрээсээ буюу Өлзийт хорооллоос хотын төв рүү орох санаатай “Яармаг” худалдааны төв буюу Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт чиглэн зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 57-58 км цагийн хурдтай, тамхи татаад явж байтал гэнэт жолоодож явсан автомашины урдуур явган хүний гарцан дээр эрэгтэй хүн гарч ирж тааран би тэр залууг харсан даруйдаа автомашиныхаа тоормозыг гишгэн, жолоодож явсан автомашиныхаа урд хэсгээр мөргөж, тэр залуу автомашины урд талд буюу ертөнцийн зүгээр зорчих хэсгийн зүүн талд зам дээр унасан, тэгээд би жолоодож явсан автомашинаасаа бууж ирээд тэр залуу дээр очиж өргөж цээжийг нь өндийлгөхөд тэр залуу юм дуугараагүй, харин тэр үед тэр залуутай хамт явж байсан бололтой хүүхдээ дагуулсан согтуу ахимаг насны залуу над руу ойртож ирээд чи битгий наад залуугаа сэгсрээд бай алах  нуу гэж хэлсэн, тэгтэл уг зорчих хэсгийн хойд талд явж байсан намайг зүс танидаг залуу над дээр ирж цагдаагийн байгууллагын 102 болон 103 түргэн тусламж руу утсаараа залгаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй 10-15 орчим минутын дараа 103 түргэн тусламжийн автомашин ирэн түргэний эмч  миний автомашинд мөргүүлсэн залууг үзээд шууд авто машиндаа суулган, тэр залуутай хамт явж байсан хүүхэд дагуулсан согтуу залуугийн хамт гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Харин би уг зам тээврийн осол, хэрэг гарсан газарт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн үзлэг, хэмжилт хийсэн бүрэлдэхүүний цагдаа нар, тухайн үед замын хойд талд явж байсан, намайг зүс танидаг залуугаар бас заалгасан, тэр залуу ч гэсэн энэ хавьд гэдгийг нь хэлж байсан, би тэр залуугийн нэрийг нь сайн мэддэггүй юм. Би тухайн зам тээврийн осол гарах үед өөрийн жолоодож явсан автомашин дотроо өөрөөсөө гадна ямар нэгэн зорчигчгүй, ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

 -Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 85, 88 дугаар хуудас/,

 -Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/,

 -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87,90 дүгээр хуудас/,

      -Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 -Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 84,86 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ө.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ө.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны оройн 18 цаг 38 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд замд “Тоёота приус” маркийн 0000УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О-ийн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,насанд хүрээгүй гэрч Г.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,насанд хүрээгүй гэрч С.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,гэрч Х.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-17 дугаар хуудас/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13264 дугаартай

  1. О-ийн биед баруун өвдөгний урд чагтан холбоос болон дотор талын  холбоосын  урагдал, арын чагтан холбоосын суналт, дух, хацар, шанаа, ооч, баруун  сарвуу, ууц, өгзөгний хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/

Тээврийн цагдаагийн алба 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн: “...1.Toyota Prius-10 маркийн 0000УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө- овогтой О- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Очирбат овогтой Гансүх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Прокуророос шүүгдэгч Ө.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.

          Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.2-т зааснаар  үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч О-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Хохирогч О-эд мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд  шүүгдэгч Ө.О- нь  нийт 4.670.000 /дөрвөн сая зургаан зуун далан мянган/ төгрөг  төлсөн, иргэний нэхэмжлэгч “Мөнгөн гүүр” эмнэлэг нь 1.627.940 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун дөчин/ төгрөгийг нэхэмжилсэн нь төлөгдөөгүй байна.

Шүүгдэгч Ө.О-гээс 1.627.940 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Мөнгөн гүүр” эмнэлэгт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт хураагдсан Ө.О-гийн №470561 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ө.О-  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Ө-ы О-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.О-г 350 /гурван зуун тавин/ цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.О-гээс 1.627.940 /нэг сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Мөнгөн гүүр” эмнэлэгт олгосугай.

5. Хохирогч О- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          6. Энэ хэрэгт хураагдсан Ө.О-гийн №470561 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлсүгэй.

 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ө.О- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ө.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ