Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00388

 

С.Г*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/04998 дугаар шийдвэртэй,

С.Г*******ын нэхэмжлэлтэй, Т.А*******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Т.А*******тай 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг мөнгийг бусдаас хүүтэй зээл авч өгсөн.

1.2. Эхнэр бид хоёр хувийн орон сууц бариулахаар Д******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт хувийн орон сууц бариулахаар тохирсон төлбөрөө төлсөн боловч уг компани ажлаа дуусгалгүй орхиод явсан. Ажлаа дуусгахыг шаардаж уулзахад ...барилгын дутуу байгаа материал авах мөнгөгүй, мөнгө зээлээд материал авах хэрэгтэй байна, та хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн. Бид барилгын ажлаа дуусгуулахын тулд Т.А*******т хүүтэй мөнгө зээлэхдээ зээлсэн мөнгөө бэлнээр өгөхгүй компанийн хүмүүстэй явж барилгын материалаа сонгож, худалдаж аваад зарлагын баримтыг үндэслэж, түүний зээлсэн мөнгийг шилжүүлэхээр тохиролцсон.

1.3. Гэрээний дагуу 2020 оны 08 сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7,000,000 төгрөгийн барилгын материал худалдан аваад үнийг нь зээлсэн мөнгөнөөс төлсөн. Тухайн үед барилгын материал 10 орчим сая болох байх гэж тооцож 10,000,000 төгрөг зээлэхээр болсон боловч барилгын материал 7,000,000 төгрөг болсон. Иймд 7,000,000 төгрөгийг байгуулсан гэрээний дагуу сарын 8 хувийн хүүтэй төлөхөөр болсон.

1.4. Зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийн 1 сарын хүү 560,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Т.А******* зээл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүг төлөөгүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 4,480,000 төгрөг, нийт 11,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Тухайн үед мөнгө зээлж аваагүй, зөвхөн барилгын материал л авсан. Анх энэ байшинг барихад материал дутсан учрас нэхэмжлэгчээс барилгын материал гаргуулж авсан. Тиймээс барилгын материал авахын тулд зээлийн гэрээ байгуулсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Т.А*******аас 11,480,000 төгрөгийг гаргуулан С.Г*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А*******аас 198,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г*******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх зохигчид 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүг сар бүрийн 11-ний өдөр төлөхөөр тохиролцож Т.А*******т шилжүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг зээлдэгчид төлөхдөө тодорхой зориулалт зааж, зарцуулалтанд хяналт тавих байдлаар нийт 7,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзсэн. Тодорхой зориулалт зааж зээлийн зарцуулалтанд зээлдүүлэгчийн зүгээс хяналт тавьж байсан явдлыг хөрөнгө өмчлөлд шилжүүлээгүй, эсхүл зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой бус байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шүүх нэхэмжлэгчийн эхнэр нь хариуцагчийн ажиллаж байсан Д******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хувийн сууц бариулж байсан, мөн хувийн гүйцэтгэл дутуу байсан зэрэг нь Т.А******* болон С.Г******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй эрх зүйн хувьд шууд хамааралгүй гэж үзжээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Г******* нь 7,000,000 төрөгийг Т.А*******т өгсөн гэж үзэх боломжгүй эсхүл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй гэж тодорхойлсон нь эрх зүйн зөв дүгнэлт гаргаагүй.

4.3. Шүүхийн шийдвэрт хариуцагч тал дээрх гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус шаардлага гаргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй гэжээ. Хариуцагч нь тухайн зээлийн гэрээг Д******* ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн барилгын гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл бөгөөд зээлийн гэрээ биш гэж маргасан. Тиймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй, үүргийн гүйцэтгэл шаардахаас зээлийн гэрээний хүү шаардах ёсгүй гэж маргасныг шүүх буруу дүгнэсэн.

Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Учир нь шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэх боловч шүүхийн үндэслэл ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Т.А*******, С.Г******* нар 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрсдийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээг байгуулсан талаар маргаагүй. Мөн Т.А******* нь зээлийн гэрээг байгуулснаас хойш 1 сарын дараа хүүгийн төлбөрт 800,000 төгрөгийг шилжүүлсэн тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч маргаж буй үндэслэлээ нотолж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.Г******* нь хариуцагч Т.А*******т холбогдуулан зээлиийн гэрээний үүрэгт 11,480,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний барилгын материал дутаж 7,000,000 төгрөгийн материал нэхэмжлэгчээс авсан уу эсвэл зээлийн гэрээ байгуулагдаж 7,000,000 төгрөг зээлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Хэргийн баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

4.1 Д******* ХХК нь Б.О*******тэй 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан уг гэрээгээр гүйцэтгэгч Д******* нь ******* аймаг ******* сумын нутаг дэвсгэрт байрлах 203 м.кв талбайтай газар Амины орон сууцны зориулалт бүхий 132 м.кв талбайтай барилга барьж, захиалагч Б.О*******т хүлээлгэн өгөх, ажлын үр дүнг хүлээн авснаар ажлын хөлс 171,362,500 төгрөг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 111-119/

4.2 С.Г******* нь Т.А*******тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр зээлдүүлэгч С.Г******* 12,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч Т.А******* сар бүр зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөх, хугацааны эцэст үндсэн төлбөр төлөх, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 5/

4.3 Хэргийн 29-58 дугаар тал дахь зарлагын баримтаар барилгын материалын үнэд нийт 7,000,000 төгрөг С.Г******* төлсөн, хэргийн 8 дугаар тал дахь Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар С.Г*******ын дансанд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээл А******* Төртогтох гэсэн утгатайгаар 560,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

4.4 Гэрч Б.О******* шүүхэд С.Г******* миний нөхөр, хувийн орон сууц бариулахаар Д******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж захирал Т.А******* гэх хүнтэй танилцсан, 2020 оны 6 дугаар сарын байдлаар ажлын хөлс 171,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэтэл мөнгөө авчихаад барилгын ажил дуусгаагүй орхиод явсан, дараа нь санхүүгийн хүндрэлд орчихоод байна танай барилгыг гүйцээхэд мөнгө гаргаач сүүлд нь төлчихье гэсэн гэх агуулгатай мэдүүлэг өгсөн. /хх-ийн 126-138/

4.5 Дээрх 2 гэрээний талууд өөр өөр боловч нэхэмжлэгч С.Г******* Б.О******* нар гэр бүл тэдгээр нь амины орон сууц Д******* ХХК-иар захиалан бариулсан, хариуцагч Т.А******* нь тус компанийн хувьцаа эзэмшигч байна.

5. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд захиалагч гэрээгээр хүлээсэн үүрэг болох 171,000,000 төгрөгийн ажлын хөлсийг бүрэн төлсөн, уг ажлын хөлсөнд сүүлд зээлдүүлсэн гэх 7,000,000 төгрөг багтаагүй талаар зохигчид маргахгүй байна.

5.1. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, зарлагын баримтууд, банкны дансны хуулга, гэрч Б.О*******ийн мэдүүлэг зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох амины орон сууцыг барьж дуусгах зорилгоор мөнгөн хөрөнгө зээлэхээр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

5.2. Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 7,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалын үнийг төлснөөр зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

5.3. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн үндэслэлтэй зөв болжээ. Иймд харуицагчийн өмгөөлөгчийн ...барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч С.Г******* нь 7,000,000 төрөгийг Т.А*******т өгсөн гэж үзэх боломжгүй эсхүл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй талаар тодорхойлсон нь эрх зүйн зөв дүгнэлт гаргаагүй гэх гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй.

5.4. Хариуцагчийн материал дутсан тул нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөгийн барилгын материал авсан, харин зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, бодитоор мөнгө аваагүй тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч хүү шаардсаныг зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

5.5. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч С.Г******* нь хариуцагч Т.А*******аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

5.6. Анхан шатны шүүх хариуцагч Т.А******* зээлийн төлбөрөөс 560,000 төгрөг төлсөн, бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр талууд хүү тохиролцсон, нэхэмжлэгч нь 8 сарын зээл болон зээлийн хүүгийн төлбөр шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг няцааж чадаагүй гэж дүгнэн, хариуцагч Т.А*******аас зээлийн гэрээний үүрэгт 11,480,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Г*******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлийн хүү шаардах эрхгүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Учир нь талууд гэрээнд зээлийг хүүтэй төлөхөөр бичгээр тохирсон байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/04998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,630 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ