Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 326

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Мөнхзул

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908003620133 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Гн Э Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг Мөнххаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй,  хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6-54 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Регистрийн дугаар: 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа иргэн Д.Г банкны виза картыг бусдын эзэмшилд байгаа болохыг мэдсээр байж, картнаас нь 500.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүэлгтээ:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өн цаг” төвийн зочид буудал руу нэг найзынхаа хамтаар өдөр 16 цагийн үед орсон. Тэгээд би буудалд орсон цагаасаа эхлэн “Өн цаг” төвийн 1 дүгээр давхарт байрлах хүнсний дэлгүүрээр үйлчилүүлж пиво худалдан авсан. Би пиво худалдан авах үедээ дандаа өөрийнхөө “Хаан банк”-ны виза картаар тооцоогоо хийж байсан. Тэгээд хамгийн сүүлд буюу орой 22 цагийн орчимд хамгийн сүүлийн 2 лааз пиво худалдан авчихаад тооцоогоо картаа уншуулж хийсэн. Тэгээд хүнсний дэлгүүрээс гарахдаа би дэлгүүрийн лангуун дээр мартаад гарчихсан байсан. Тэгээд гэртээ хариад картаа гэнэт санаад хүнсний дэлгүүрт мартчихсан байна гэж бодоод маргааш өдөр нь очиж авъя гэж бодоод гэртээ байж байтал миний утсан дээр 500.000 төгрөгийн гүйлгээ гарсан мэдээлэл ирсэн. Үүний дараа би үлдэгдэл 2.280.000 төгрөгийт авга ах Хүрэлболдын данс руу шилжүүлчихээд дараа нь үйлчлүүлсэн дэлгүүрлүүгээ яваад очтол хаачихсан байсан. Тэр үед би 102 луу залгаж цагдаад мэдэгдээд маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гомдолоо өгсөн. Өөр зүйл болоогүй. Надад 500.000 төгрөгний хохирол учирсан. Би хохирол болох 500.000 төгрөгийг өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дансаар авсан. ...” гэжээ. /хх-06-07/,

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:

“...Тухайн өдөр би өөрийнхөө найз Батболдын хамт орой 21 цагийн үед “Хилчин” хотхоны замын урд талд байдаг “Өнө цаг” нэртэй гурван давхар бүхий доор нэг давхартаа хүнсний дэлгүүртэй, хоёрдугаар давхарт нь ресторантай үйлчилгээний газар орсон. Анх нэг давхарт нь байдаг дэлгүүрт нь ороод найз бид хоёр “Алтан говь” нэртэй 0,5 литрийн лаазтай 2 ширхэг пиво аваад дээшээгээ хоёрдугаар давхарт нь ресторанд нь ороод Батболд бид хоёр уг 2 пиво ууж дуусгасан. Би анх дэлгүүрээс пиво аваад тооцоог нь виза картаараа хийсэн бөгөөд худалдагч нь миний картын кодыг нь асуухаар нь “8989” гэж хэлээд өгсөн. Тэгээд Батболд бид хоёр эхний авсан 2 пивоо ууж дуусгасны дараа Батболд гэр лүүгээ яваад өгсөн байсан. Харин миний бие гарах гэж байгаад нэг давхарт нь байдаг дэлгүүр лүү дахин ороод нөгөө пивоноосоо дахиад 2 ширхэгийг аваад худалдагч нь картаа өгөөд тооцоогоо хийгээд гараад явсан ба уг 2 пивыг Хүрэлболд гэх төрсөн авга ахын гэрт нь очоод уугаад дуусгасан. Хүрэлболд ахын гэрт 22 цаг болж байхад очсон байсан. Би пиво авсан дэлгүүрт сүүлд нь орж, дахин пиво авч гарахдаа өөрийнхөө виза картыг мартаад үлдээгээд явсан байсан. Картаа мартаад үлдээснээ Хүрэлболд авга ахын гэрт очоод амраад унтаж байхад шөнийн 00 цаг 59 минутанд миний утсанд мессеж ирэхээр нь сэрсэн. Тэгээд утсаа харахад “Хаан банк”-ны лавлахаас миний утсанд таны данснаас 500,000 төгрөг хасагдсан гэсэн байсан. Тэгэхлээр нь би Хүрэлболд ахын гэрт хонож байсан авга ах Мөнхбаянтай цуг нөгөө “Өнө цаг төв” нэртэй үйлчилгээний газарт очсон. Тухайн үед нэг давхарт нь байдаг дэлгүүр нь хаагаад явсан байсан бөгөөд дээд хоёр давхарын ресторан нь хаагаагүй нээлттэй байхаар нь би тэр даруй нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч нар ирээд тус дэлгүүрийг онгойлгуулсан, дэлгүүрийн худалдагчийн гэр нь тус үйлчилгээний доод давхарт нь байсан. Тэгээд цагдаа нар тус дэлгүүрийн хяналтыг камерийг шалгахад худалдагч эзэн нь миний тус дэлгүүрт хийсэн эхний гүйлгээг харуулаад дараагийн пиво авсан гүйлгээг камер ажиллахгүй байна гэх шалтаг хэлээд гаргаж өгөөгүй. Тэгсний дараа цагдаагийн алба хаагч намайг маргааш цагдаагийн байгууллагад дуудсан. Болсон асуудал энэ. Би 2019 оны 01 сарын 15-ны шөнө нь Хүрэлболд ахын гэрт унтаж байхад шөнө гэнэт миний утсанд зурвас ирхээр нь харахад миний данснаас нэг дор 500,000 төгрөг гараад явсан байхаар нь нөгөө “Өн цаг төв” нэртэй үйлчилгээний газрын нэг давхарын дэлгүүрт виза картаа мартаснаа гэнэт санаад үлдэгдэл сая хэдэн зуун мянган төгрөгийг бас гаргаж авах байх гэж бодоод шууд авга ахынхаа данс руу тэр даруй нь шилжүүлсэн. Манай авга ахын нэр Хүрэлболд бөгөөд уг хүн одоогоор Улаанбаатар хотод харъяалалтай, оршин суугч, манай авга ах хотод байгаа болно. 2019 оны 01 сарын 16-ны өдөр миний бие дэлгүүрийн эзнээс 500.000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа, мөн нэмж хэлэхэд хэргийн материалтай танилцахгүй, надад ямар нэгэн санал, гомдол байхгүй болно. Аль болох хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ. /хх-41-42, 68-69/,   

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Манай нөхөр Г.Э  нь 1978 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн төвд айлын 8 хүүхдээс дээрээсээ 5 дахь хүүхэд болж мэндэлсэн гэдэг. Бага насандаа Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн гэж сонссон. Дээд боловсролгүй авто механикч мэргэжилтэй, би нөхөртэйгээ анх 2001 онд Улаанбаатар хотод оюутан ангийнхаа найз Эрдэнэтунгалгаар дамжуулж танилцаж байсан юм. Манай нөхөр Г.Эрдэнэболд Эрдэнэтунгалаг хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан юм. Тэрнээс хойш нөхөртэйгээ үерхэж явж байгаад 2005 онд гэрлэлтээ батлуулж нэг гэрт хамт орж амьдрах болсон юм. 2005 оны 12 дугаар сары 27-ны өдөр манай охин Э.Эрдэнэцэцэг төрж бид гурав тэрнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Би нөхөртэйгээ суусанаас хойш бид хоёр одоог хүртэл хувиараа ажил хөдөлмөр эрхэлж яваа, энэ хугацаанд манай нөхөр Г.Эрдэнэболд Солонгос улсад 2 жил мөн Япон улсад 2 жил тус тус гэрээгээр ажиллаж байсан. Одоо нөхөр бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Өнө ца” төвд 8 нэрийн хүнсний дзлгүүр ажиллуулж байгаа. Манай нөхөр Г.Э д дуу цөөтэй, элдэв янзын ааш араншин байхгүй, хааяадаа огцом ууртай, уур нь амархан гардаг тиймэл хүн байгаа юм. Манай нөхөр Г.Эрдэнэболдын муу зуршил гэвэл тамхи татдаг, архи уухгүй, заримдаа найз нөхөдтэйгээ уулзахаараа бага хэмжээгээр пиво уудаг. Өөр муу зуршил гээд байх зүйл байхгүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө гэртээ унтаж байтал хүмүүс ярих чимээ гараад байхаар нь сэрээд хартал цагдаа болон нэг залуу ирчихсэн манай нөхөр Г.Э й уулзаад “танай дэлгүүрт би “Хаан банк”-ны виза картаа мартаад гарчихсан 500.000 төгрөг дотроос нь авчихсан байна” гэх яриа гараад байсан би ярианд нь оролцолгүй цагдаа болон виза картаа орхисон гээд байсан залуу гараад явсаны дараа нөхөр Г.Эос “юу болоод байгаа юм” гэж асуутал “юу ч болоогүй өглөө болъё” гээд унтаж амарсан юм. Тэгээд тэр өдрөө өглөө сэрээд байж байтал нөгөө виза картаа орхисон залуу дэлгүүр дээр ирчихсэн манай нөхөр Г.Э ыг цагдаад өргөдөл бичээд өгчихсөн байгаа гээд байсан юм. Би тэгэхэээр нь нөхөр Г.Э  “чи хүний юм авсан юм биш үү” гэж асуутал “харин би виза картнаас нь 500.000 төгрөг авчихсан юм аа” гэж хэлсэн яг яах гэж авсанаа надад хэлээгүй удалгүй дэлгүүр дээр нөгөө залуу цагдаа дагуулж ирээд манай нөхөр Г.Э  аваад явсан юм. Манай нөхөр Г.Э урд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. ...” гэжээ. /хх-12-13/, 

Гэрч Э.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ачит-115 дугаар чиглэлд “киа рио” маркийн 2061 УНҮ улсын дугаартай автомашинтай цагдаагийн ахлагч О.Батсайхантай үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Ачит-10 аас шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Өнө цаг” төвд байрлах хүнсний дэлгүүрт “Хаан банк”-ны виза картаа мартаад гарчихсан чинь картнаас минь 500.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгаж дуудлага мэдээлэл өгсөн иргэн өөрийгөө Ган-эрдэнэ гэх залуутай уулзаж тус “Өнө цаг” төвийн нэг давхарт байрлах хүнсний дэлгүүрийн хаалгыг цохиж тус дэлгүүрт үйл ажиллагаа эрхэлдэг Э  гэх залуутай уулзаж “танай дэлгүүрээр Ган-эрдэнэ гэх энэ хүн үйлчлүүлж байгаад “Хаан банк”-ны виза картаа мартаад гарсан байна. Хаан банкны виза картнаас нь 500.000 төгрөгний гүйлгээ хийгдсэн байна” гэж хэлтэл Эрдэнэболд гэх залуу Ган-эрдэнийг “наад залуу чинь манай дэлгүүрээс пиво худалдан авч виза картаа уншуулж гүйлгээ хийчихээд өөрөө “Хаан банк”-ны виза картаа аваад гарсан юу яриад байгаа юм” гэж хэлхээр нь Ган-Эрдэнэ гэх залууг дагуулж гараад “та уусан архиа гарахаар манай цагдаагийн хэлтэс дээр очоод гомдолоо гаргаж өгөөрэй” гээд явуулсан. Тухайн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ган-Эрдэнэ гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.Тэгэхдээ биеэ авч явах чадвартай, хүний ярьсан хэлсэн зүйлийг бүгдийг нь сайн ойлгож байсан. Тухайн өдөр дэлгүүрийн худалдагч Эрдэнэболд гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч О.Батсайхан машин дотороо саатуулах байранд хүргэж өгөх гэж байсан хүн хараад сууж байсан юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Өнө цаг” дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг худалдагч Эрдэнэболд гэх залуугаас “Ган-эрдэнэ гэх энэ залуу танай дэлгүүрт “Хаан банк”-ны виза картаа яг орхиогүй нь үнэн биз” гэж асуухад Эрдэнэболд, Ган-эрдэнэ гэх залууг “наадах чинь худалдан авалт хийчихээд картаа уншуулж тооцоогоо өгөөд “хаан банк”-ны виза картаа аваад гарсан би харсан” гээд байсан. Би бие муутай болохоор дахин нааш цааш яваад байж чадахгүй...” гэжээ. /хх-16-17/,

Гэрч Х.Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 хороо Орбитын 61 дүгээр гудамж 45 тоот гэртээ байж байсан чинь манай төрсөн ах Дамдинсүрэнгийн дунд хүү Ган-эрдэнэ орой 23 цагийн орчим надруу залгаж “дүү нь жоохон юм уучихсан байна. Та дүүгээ Баянхошууны Хилчин хотхоны урд талд байрлах “Өнө цаг” нэртэй төвөөс ирээд авчих гэж хэлэхээр нь би Ган-эрдэнийг очиж аваад гэртэй авчирсан. Тэгээд манай гэрт хоол цай идээд юм яриад зурагт үзээд сууж байхадаа Ган-эрдэнэ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой шөнө 01 цагийн орчимд “миний “Хаан банк”-ны данснаас 500.000 төгрөгний зарлагын гүйлгээ хийгдчихлээ” гэж хэлэхээр нь би гайхаад “чи картаа яасан юм гэж асуутал, “би “Хаан банк”-ны виза картаа сая та намайг очиж авсан. “Өнө цаг” төвийн нэг давхарт байрлах хүнсний дэлгүүрийн лангуун дээр нь мартчихсан байна” гэж хэлэхээр нь “чиний виза картны нууц кодыг яаж мэдсэн юм бэ” гэж асуусан чинь “тэр “Өнө цаг” хүнсний дэлгүүрийн худалдагч залуу л мэдэж байгаа тэрнээс өөр мэдэх хүн байхгүй би тэр дэлгүүрээр 5-аас 6 удаа худалдан авалт хийсэн” гэж хэлэхээр нь “чиний дансанд одоо өөр мөнгөө байгаа юу” гэж асуутал “2.000.000 гаран төгрөг байгаа” гэхээр нь “тэгвэл чи миний дансруу үлдсэн мөнгөө яаралтай шилжүүл дахиад үлдсэн мөнгийг чинь шилжүүлээд авчихан шүү” гэхэд Ган-эрдэнэ “за” гэж хэлээд гар утасныхаа мобайль банкаар миний 5057093222 гэсэн дугаартай “Хаан банк”-ны дансруу 2.288.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд тэр оройноо Ган-Эрдэнэ манай гэрээс гарч яваад “Өнө цаг” хүнсний дэлгүүрийн худалдагчтай очиж, уулзаж “Хаан банк”-ны виза картаа авна гээд явсан юм. Тэгээд намайг гэрт унтаж байсан чинь өглөө үүрээр Ган-эрдэнэ ирээд “ахаа нөгөө дэлгүүрийн худалдагчтай уулзсан чинь виза карт чинь байхгүй чи манай дэлгүүрт орхиж яваагүй, аваад гарсан гээд гүрийгээд байна” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд Ган-Эрдэнэтэй хамт Баянхошуунд байрлах цагдаагийн газар очиж өргөдөл өгчихөөд “Өнө цаг” төвийн нэг давхарт байрлах хүнсний дэлгүүр дээр яваад очтол худалдагч нь гэх 40 орчим насны залуу “танай дүү виза картаа манай дэлгүүрт орхиж яваагүй” гэж хэлэхээр нь би “өө тийм үү цагдаагийн газар өргөдөл өгчихсөн байгаа цахим хэрэг гэж байна. Хэрэвээ авсан хүн нь баригдах юм бол их олон жил ял авах юм байна” гэж /айлгах санаатай/ хэлчихээд дэлгүүрээс нь гараад явах гэтэл нөгөө залуу “танай дүү чинь манай дэлгүүрт виза картаа орхиж гараагүй” гээд гүрийгээд байсан худалдагч залуу “намайг ёстой уучлаарай” гэж хэлээд Ган-Эрдэний виза картыг гаргаж өгөөд “дотороос нь авсан 500.000 төгрөг дээрээ 100.000 төгрөг нэмээд өгчихье” гэж хэлэхээр нь Ган-Эрдэнэ бид хоёр “тийм юм байхгүй наадахыг чинь авахгүй цагдаагийн газар нь шийддэг журмаараа шийдэнэ биз” гэж хэлчихээд дэлгүүрээс нь гарч яваад Баянхошууны цагдаагийн газар ирж цагдаатай уулзаж “Өнө цаг” төвд байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч залуугийн хэлсэн үгийг нь хэлж зааж өгсөн юм. Намайг 2019 оны 01 дүгээр сарын 14-ны орой “Өнө цаг” төвийн гаднаас Ган-Эрдэнийг очиж авахад Ган-Эрдэнэ биеэ авч явах чадвартай ярьсан хэлсэн зүйл ойлгож байсан амнаас нь бага зэрэг архи үнэртэж байсан. Намайг 2019 оны 01 дүгээр сарын 14-ны орой “Өнө цаг” төвийн гаднаас Ган-Эрдэнийг очиж авахад ганцаараа явж байсан. Ган-Эрдэнэ Баян-өлгий аймгийн Алтай суманд гэртээ байгаа. ...” гэжээ. /хх-18-19/,

Шүүгдэгч Г.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өглөө гэрээсээ гарч гадуур ажилтай явж байгаад өдөр 15 цагийн орчимд өөрийн түрээсэлж байгаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6-54 тоотод байрлах “Өнө цаг” нэртэй хүнсний дэлгүүр дээр ирэхэд эхнэр Баярцэцэг, охин Эрдэнэцэцэг 2 худалдаа хийгээд байж байхаар нь эхнэртээ “би жаахан ядраад байна арын өрөөнд ороод унтлаа” гэж хэлээд унтаж байгаа дорой 20 цагийн үед сэрээд дэлгүүрлүүгээ ортол эхнэр охиноо аваад “хүний төрсөн өдөрт явлаа чи дэлгүүртээ худалдаа хийгээд байж бай” гэж хэлэхээр нь “за” гээд эхнэр охин 2-оо явуулчихаад дэлгүүртээ ганцаараа үлдэж худалдаа хийгээд зогсож байтал орой 21 цагийн үед гаднаас 30 орчим настай, халамцуу, намхан нуруутай, махлаг бор царайтай, 2 хацар нь бага зэрэг улаасан залуу ганцаараа орж ирээд 2 лааз пиво аваад “Хаан банк”-ны картаар тооцоогоо хийгээд гарсан. Орой 22 цаг 17 минутанд нөгөө 32 лааз пиво авсан залуу дахиж орж ирээд дахиад 2 ширхэг пиво аваад бас картаараа тооцоо хийгээд гарсан, тэгээд би дэлгүүртээ хэсэг юм хийж байгаад гар утсаараа кино үзээд сууж байгаад кассын машин байрлуулсан лангууруугаа хартал “Хаан банк”-ны ногоон өнгөтэй Ган-Эрдэнэ гэсэн нэртэй виза карт байхаар нь сая манайхаас пиво аваад гарсан залуу картаа мартаад явсан байна гэж бодоод кассын машины буланд тавьчихаад 00 цаг хүртэл дэлгүүртээ худалдаа хийчихээд хаагаад арын өрөөндөө ороод амраад зурагт үзээд сууж байтал эхнэр, охин 2 гаднаас орж ирээд унтаж амрахаар нь би хувцасаа өмсөөд манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаад мартаад гарсан Ган-Эрдэнэ гэх залуугийн “Хаан банк”-ны виза картыг нь дэлгүүрлүүгээ орж аваад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэртбайрлах “Хаан банк”-ны бэлэн мөнгөний машин дээр очоод манай дэлгүүрт байсан картыг уншуулаад дансны үлдэгдэлийг нь хартал 2.700.000 гаран төгрөг байгаа харагдахаар нь картыг суглаж аваад дахин уншуулж 500.000 төгрөг бэлнээр авчихаад буцаад дэлгүүр дээрээ ирж унтаж амараад байж байтал 2019 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 04 цаг өнгөрч байхад манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаад картаа орхиод явсан Ган-Эрдэнэ гэх залуу цагдаа дагуулчихсан “би танай дэлгүүрт картаа үлдээчихсэн байна ногоон өнгийн “Хаан банк”-ны карт байгаа, сая миний данснаас 500.000 төгрөг уншуулчихсан байна” гэж хэлэхээр нь би “манай дэлгүүрт тийм карт байхгүй, чи картаа аваад гарсан” гэж хэлээд гаргасан. Тэгээд ыи өглөө 07 цаг өнгөрч байхад дэлгүүрээ онгойлгоод худалдаа хийгээд байж байтал нөгөө картаа орхисон Ган-Эрдэнэ 10 цаг өнгөрч байхад орж ирээд “би цагдаад өргөдөл өгчихсөн байгаа” гэж хэлэхээр нь би “за за чиний картнаас чинь авсан 500.000 төгрөг энэ байна энийгээ ав” гэж хэлсэн чинь Ган-Эрдэнэ “би наад мөнгийг чинь авахүй, намайг шөнө ирэхэд миний картыг өгчихгүй яасан юм бэ энэ асуудлыг цагдаагаар шийдүүлнэ” гэж хэлэхээр нь би гуйгаад бараагүй. Тэгээд Ган-Эрдэнэ гарч  яваад удалгүй цагдаа Мөнхтүвшин байцаагчийг дагуулж орж ирээд намайг цагдаагийн газарт авчирсан. Тухайн өдөр Ган-Эрдэнэ цагдаа дагуулаад ороод ирэхээр нь 500.000 төгрөг авчихсан байсандаа сандараад байхгүй гээд гүрийгээд байсан юм. Би Ган-Эрдэнэ гэдэг хүний карт гэдгийг нь мэдэж байсан картан дээр нэр нь байсан. Ган-Эрдэнэ манай дэлгүүрээр 2 удаа үйлчилүүлж байхдаа 89 89 гэж кодоо хэлж байсан болохоор кодыг нь цээжилчихсэн юм. Тухайн өдөр тэр картанд хэдэн төгрөг байгааг нь сонирхож үзээд 2.700.000 гаран төгрөг байхаар нь шунал хөдлөөд 500.000 төгрөг авчихсан. Тэр авсан 500.000 төгрөгөө дэлгүүртээ захиалчихсан байсан барааны тооцоог хийх гэж байсан. Би Ган-Эрдэнэ гэх хүний картнаас авсан 500.000 төгрөгийн хохиролоо бүрэн барагдуулсан. Би урд өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Тухайн гэмт хэргийг би ганцаараа үйлсэн, хамтарсан хүн байхгүй. Манай эхнэр Баяцэцэг намайг хүний картнаас мөнгө аваад цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгааг мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй, надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. ...” гэжээ. /хх-59-61/,

Хохирогч Ган-Эрдэний гаргасан өргөдөл /хх-03/, “Мастер үэлггээ” ХХК-ийн /хх-22-23/, шүүгдэгч Г.Эрдэнэболд иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28-29/, Г.Эрдэнэболдын нэр эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-31/, тээлрийн хэрэгслийн лавлагаа /хх-33/, гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33-34/, Г.Эрдэнэболдын банкны дансны гүйлгээний хуулга /хх-39/, Г.Эрдэнэболдын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, Ган-Эрдэнийн хохиролыг барагдуулсан баримт /хх-48/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э  холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа иргэн Д.Г банкны виза картыг бусдын эзэмшилд байгаа болохыг мэдсээр байж, картнаас нь 500.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авч завшсан болох нь:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ган-Эрдэнийн өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өн цаг” төвийн хүнсний дэлгүүрээс... орой 22 цагийн орчимд хамгийн сүүлийн 2 лааз пиво худалдан авчихаад тооцоогоо картаа уншуулж хийсэн. Тэгээд хүнсний дэлгүүрээс гарахдаа би дэлгүүрийн лангуун дээр мартаад гарчихсан байсан. ...утсан дээр 500.000 төгрөгийн гүйлгээ гарсан мэдээлэл ирсэн...” гэх мэдүүлэг /хх-06-07/,

         Гэрч Д.Б өгсөн ”...Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө гэртээ унтаж байтал хүмүүс ярих чимээ гараад байхаар нь сэрээд хартал цагдаа болон нэг залуу ирчихсэн манай нөхөр Г.Эрдэнэболдтой уулзаад “танай дэлгүүрт би “Хаан банк”-ны виза картаа мартаад гарчихсан 500.000 төгрөг дотроос нь авчихсан байна” гэх яриа гараад байсан...Би тэгэхэээр нь нөхөр Г.Эрдэнэболдоос “чи хүний юм авсан юм биш үү” гэж асуутал “харин би виза картнаас нь 500.000 төгрөг авчихсан юм аа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-12-13/, 

Гэрч Х.Хн өгсөн “...Г 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой шөнө 01 цагийн орчимд “миний “Хаан банк”-ны данснаас 500.000 төгрөгний зарлагын гүйлгээ хийгдчихлээ” гэж хэлэхээр нь би гайхаад “чи картаа яасан юм гэж асуутал, “би “Хаан банк”-ны виза картаа сая та намайг очиж авсан. “Өнө цаг” төвийн нэг давхарт байрлах хүнсний дэлгүүрийн лангуун дээр нь мартчихсан байна” гэж хэлэхээр нь “чиний виза картны нууц кодыг яаж мэдсэн юм бэ” гэж асуусан чинь “тэр “Өнө цаг” хүнсний дэлгүүрийн худалдагч залуу л мэдэж байгаа тэрнээс өөр мэдэх хүн байхгүй би тэр дэлгүүрээр 5-аас 6 удаа худалдан авалт хийсэн” гэж хэлэхээр нь “чиний дансанд одоо өөр мөнгөө байгаа юу” гэж асуутал “2.000.000 гаран төгрөг байгаа” гэхээр нь “тэгвэл чи миний дансруу үлдсэн мөнгөө яаралтай шилжүүл дахиад үлдсэн мөнгийг чинь шилжүүлээд авчихан шүү” гэхэд Ган-эрдэнэ “за” гэж хэлээд гар утасныхаа мобайль банкаар миний 5057093222 гэсэн дугаартай “Хаан банк”-ны дансруу 2.288.000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг. /хх-18-19/,

Шүүгдэгч Г.Э яллагдагчаар өгсөн “...кассын машин байрлуулсан лангууруугаа хартал “Хаан банк”-ны ногоон өнгөтэй Ган-Эрдэнэ гэсэн нэртэй виза карт байхаар нь сая манайхаас пиво аваад гарсан залуу картаа мартаад явсан байна гэж бодсон... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн үед “Хаан банк”-ны бэлэн мөнгөний машин дээр очоод манай дэлгүүрт байсан картыг уншуулаад дансны үлдэгдэлийг нь хартал 2.700.000 гаран төгрөг байгаа харагдахаар нь картыг суглаж аваад дахин уншуулж 500.000 төгрөг бэлнээр авчихаад буцаад дэлгүүр дээрээ ирсэн... Ган-Эрдэнэ манай дэлгүүрээр 2 удаа үйлчилүүлж байхдаа 89 89 гэж кодоо хэлж байсан болохоор кодыг нь цээжилчихсэн юм. ...” гэх мэдүүлэг. /хх-59-61/,

зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийг авч хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Г.Э  виза картнаас авч завшсан 500.000 төгрөг нь биет байдлаараа хохирогч Д.Г буцаан олгогдсон болно.

Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Э дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.