Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 229

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын 2 дугаар багт оршин суух Алаг адуун овгийн Базаррагчаагийн Батсайханы /РД: ДП69022816/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух Бэлгүдэй овгийн Балжирын Төмөртулгад /РД: ДК85112210/ холбогдох
Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч Б.Лхагвацэрэн, Б.Бархасмаа, Х.Балжир, Д.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нь Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Б.Батсайхан нь 2015 оны 08 сарын 26-ны өдөр тус аймгийн Халиун сумын Олонбулаг багийн иргэн Б.Төмөртулгатай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 31 дүгээр байрны 2 давхарын 01 тоотод байрлах 40.8 м.кв талбай бүхий 2 өрөө хувийн сууцны зориулалттай Ү-0518001747 дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Худалдагч Б.Төмөртулга нь анх байраа худалдахдаа халаалт дулаан нь сайн гэж байсан боловч уг байр хүйтэн, паар нь халдаггүй, паарнаас ус авсаны дараа 2-3 цаг паар нь халаад л эргээд хөрчихдөг, тогоор ажилладаг шалны халаалт авч тавьсан боловч байр нь дулаанаа хадгалдаггүй учир ямар ч нэмэргүй халаалт дулааны доголдолтой. Иймд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б.Батсайхан, Б.Төмөртулга нарын хооронд хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж урьдчилгаанд өгсөн 11.000.000 /арван нэгэн сая/ төргөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батсайхан нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 онд Б.Төмөртулга гэх хүнээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 31 дүгээр байранд 2 өрөө байр худалдаж авсан. Тухайн байрыг авахад халаалт дулаан сайн, өөрөө амьдарч байсан гэж зарсан. Тэгээд намар сургууль ороход хүүхдүүдээ амьдруулахад халаалт муутай хүйтэн байна гэхээр нь тогоор халдаг шалны халаалт тавьсан. Шалны халаалт тавихад бас халахгүй хүйтэн байсан. Хүйтэн учраас хоол, цай хийхэд гэрт уур үүсдэг. Энэ байдлаас харахад тухайн байр хана, дээврээсээ дулаан алддаг байх гэж бодож байна. Хүйтэн, хүн амьдрах боломжгүй болсон учраас хүүхдүүдээ айлд амьдруулдаг. Иймд Б.Төмөртулгаас авсан байрны дулааныг сайн хангуулах, эсвэл худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 11.000.000 төгрөгийг Төмөртулгаас гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь тухайн байрыг 2011 онд 16.000.000 төгрөгөөр худалдаж авч, 4 жил амьдарч байгаад Завхан аймаг руу гэр бүл болж явахаар болж нэхэмжлэгч Б.Батсайханд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зарсан. Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагчид дулаалга хийх, дулааны шугамыг солих талаар шаардлага тавьж байгаагүй, хүйтэн байна гэж ярьж байсан гэж ярьсан. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ хийж 22.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Урьдчилгаа 11.000.000 төгрөгийг авч түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгч дуусгахаар гэрээнд заасан. Мөнгөө авъя гэхээр халаалт болохгүй, хүйтэн байна гэсэн элдэв шалтаг тоочдог. Энэ байр нь төвийн халаалттай байр бөгөөд амьдарч байх хугацаанд халаалт хэвийн дулаахан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Батсайхан нь амьдарч байх хугацаандаа байрны дулааны асуудлыг шийдвэрлэх талаар ярьсан бол шийдэж өгч болох байсан гэж хариуцагч Төмөртулга тайлбарлаж байгаа. Иймд байрны үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь Б.Төмөртулгад холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 
Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч Б.Төмөртулгаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 31 дүгээр байрны 2 давхарын 01 тоотод байрлах 40.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 22.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. 
Дээрх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хэргийн оролцогчид гэрээ байгуулсан талаар маргадаггүй болно. 
Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар орон сууцны үнэ 22.000.000 төгрөгөөс 11.000.000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 26-нд бэлнээр төлсөн байх ба үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. 
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ, мөн хуулийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заажээ. 
Нэхэмжлэгч Б.Батсайхан нь 31 дүгээр байрны 2 давхарын 01 тоот орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу халаалтын улирал эхлээгүй байхад гэрээ байгуулан худалдан авсан байх тул гэрээ байгуулах үед байрны халаалтын талаар мэдэх боломжгүй байсан байна. 
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “...гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ...”, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт “..барилга байгууламж нь хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, галын аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай...” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь уг байрыг хүүхдүүдээ амьдруулахаар худалдаж авсан боловч хүн амьдрах боломжгүй, хүйтэн байсны улмаас байрандаа амьдарч чадаагүй болох нь гэрч Б.Лхагвацэрэнгийн “...Би уг байранд 9 дүгээр сараас амьдарсан. Өвлийн улирал эхэлж халаалт нь муу байсан учраас удалгүй айлд очиж амьдарсан. Уг байр дулаан алддаг, паар нь сайн халдаггүй. Тогоор ажилладаг шалны халаалт тавьсан ч сайн халахгүй байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бархасмаагийн “...Батсайхан хүүхдүүд болох Лхагвацэрэн нар өвөл хүйтрээд 11 дүгээр сарын эхэнд манайд ирсэн. Байр нь халаалт муутай, доод талын паар нь бүлээн дээд талын паар нь хүйтэн байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Говь-Алтай аймгийн “Мандал голомт” ХХК-ий 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 186 дугаартай тодорхойлолтод “...Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлах 31-1 тоот байр нь манай компаний дулааны шугам сүлжээнд холбогдсон ба дотор шугам сүлжээ системийн буруу холболттой өөрчлөх шаардлагатай болно. Тус байр нь дотор систем болон гадна шугам сүлжээгээ шинэчлэн сольсон тохиолдолд дулааны үйл ажиллагаа хэвийн болно...” гэсэн байх бөгөөд гэрч Д.Шинэбаяр нь “...Өнгөрсөн жил халаалтын шугамаа засуулахдаа доторх шугамаа солиулаад тэр шугам дээр алдаа гарсан гэж засвар хийсэн. Энэ жил дахин шугамаа засварлана. Өнгөрсөн жилийн өвөл муу халсан. Дулааны шугамаа сольчихвол халаалт хэвийн болно. Мэргэжлийн хүнээр солиулж, гарах зардлыг оршин сууж байгаа бид өөрсдөө гаргаж засвар хийнэ...” гэсэн мэдүүлгээс үзэхэд уг байрны дотор шугам сүлжээ нь системийн буруу холболттойн улмаас байр халдаггүй, гэрээ байгуулах үед халаалтын доголдолтой байсан байна. 
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. 
Иймд нэхэмжлэгч Б.Батсайхан нь худалдан авсан байр нь халаалт, дулааны доголдолтой, өвөл хүн амьдрах боломжгүй хүйтэн тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж шүүх үзлээ.
Хэдийгээр талууд шүүх хуралдаанд эхний төлбөрийг төлсний дараа байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж байх боловч хэрэгт байрны өмчлөл шилжсэн талаарх баримтыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагчид халаалтын асуудлаар хандаж байгаагүй гэж байх боловч гэрч Х.Балжирын “...Манай хүү Төмөртулга 2011 оны 6 дугаар сарын 10-ны үед н.Дүгэржав гэдэг хүнээс шинэ барьсан байр авсан. 2015 оны өвөл Б.Батсайханы эхнэр нь манай гэрт ирээд муу халж байна гэхээр нь би зүгээр амьдарч байсан. Хэрвээ муу халж байгаа бол мэргэжлийн байгууллагад нь үзүүлье, 4 жил болсон байна, шугам нь муудсан байж магадгүй гэж ярьсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн халаалт муу байгаа талаар хариуцагчид удаа дараа хэлж утсаар ярьж байсан гэх тайлбараар тус тус няцаагдаж байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд байрны халаалтын асуудлыг шийдвэрлэж өгсөн тохиолдолд гэрээг цуцлахгүй, үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой гэж байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн зүгээс байрны халаалтыг засах боломжгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Батсайханы хариуцагч Б.Төмөртулгаас худалдан авсан байр нь хүн амьдрах боломжгүй, халаалтын доголдолтой болох нь тогтоогдож байх тул үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 11.000.000 төгрөгийг буцаан гаргуулах нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх бөгөөд Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар орон сууцны үнэ 22.000.000 төгрөгөөс үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. 
Иймд төлбөр төлж дуусгах хугацаа дуусаагүй, мөн тухайн байр нь халаалт дулааны доголдолтой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.000 төгрөг, хариуцагч Б.Төмөртулгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Төмөртулгаас 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсайханд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Батсайханы илүү төлсөн 4.050 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Батсайханд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсайханы Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 11.000.000 төгрөгийг хариуцагч Б.Төмөртулгаас гаргуулсугай.
2. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэг зааснаар хариуцагч Б.Төмөртулгын Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.000 төгрөг, хариуцагч Б.Төмөртулгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Төмөртулгаас 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсайханд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Батсайханы илүү төлсөн 4.050 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Батсайханд тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ