Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00414

 

Д.О*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/00095 дугаар шийдвэртэй

Д.О*******ийн нэхэмжлэлтэй, Г.Н*******д холбогдох

7,917,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О*******, хариуцагч Г.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.2. Миний бие 40 м.кв байр, үнэ 85,000,000 төгрөг гэсэн зарын дагуу 81,000,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2. Хариуцагчийн зүгээс ******* дүүргийн ******* хороо, ******* байр, ******* хаягт байрлалтай орон сууцны үл хөдлөх эрхийн гэрчилгээн дээрх талбайн хэмжээг хуучны орон сууц учраас бүх талбай биш, ашигтай талбайгаар нь бичсэн байдаг гэж тайлбарласан. Би 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц гэж итгэн 1 м.кв талбайг 2,025,000 төгрөгөөр тооцсон.

1.3. Байрандаа амьдарч эхлэхэд жижиг санагдсан тул талбайн хэмжээг тогтоолгох зорилгоор Батдах ХХК-д хандан хэмжилт хийлгэхэд хэмжилтээр 40 м.кв биш 36.09 м.кв талбайтай болохыг мэдээд хариуцагчид энэ талаар мэдэгдэхэд надад талбайн зөрүүг төлье гэдгээ хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Орон сууцны зөрүү болох 3.91 м.кв талбайг 2,025,000 төгрөгөөр тооцвол 7,917,750 төгрөг болсон. Иймд хариуцагчаас орон сууцны талбайн зөрүү болох 7,917,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч байраа худалдаж авахын өмнө тус байрыг үзэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсан. Тус байр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр 27 м.кв талбайтай гэж бичигдсэн бөгөөд байрыг 81,000,000 төгрөгөөр худалдсан.

2.2. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан 40 м.кв талбай гэдэг нь тус байранд засвар хийсэн засварчид надад танай байр хуучны хэмжилтээр 27 м.кв талбайтай, харин одоо үеийн м.кв-аар тооцвол 40 м.кв талбайтай болно гэж хэлсний дагуу нэхэмжлэгчид хэрэв та үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шинэчлээд 40 м.кв талбайтай гаргуулахыг хүсвэл хэмжилт хийлгэж болно шүү гэж хэлсэн.

2.3. Би байрыг анх 85,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч нэхэмжлэгчийн төсөвт тааруулан үнийн дүнг бууруулаад 81,000,000 төгрөгөөр зарсан. Нэхэмжлэгчийн байр авах үндсэн нөхцөл 40 м.кв талбайтай байр авах байсан бол тухайн үед м.кв-ыг шалгаж үзэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н*******аас 7,917,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,622 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 141,622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь 27 м.кв талбайтай гэрчилгээ бүхий байр авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байхад 40 м.кв талбай бүхий байр гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Би хуульд заасны дагуу холбогдох баримт бичгийг шилжүүлж, хэлэлцэн тохирсон үнийг төлж авсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь зарын дагуу ирж гэрээ байгуулах саналыг өөрөө хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Түүнчлэн байрны гэрчилгээг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, талуудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчсөн.

Тодруулбал, тухайн байрны хууль ёсны өмчлөгч нь өөрийн байрыг байршил, тохижилт зэргээс шалтгаалан үнэ тогтоож зарсан байхад байршил тохирохгүй, өөр газар байр авах байсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь зарын дагуу ирж байрыг үзээд хэн ч албадаагүй, хүч хэрэглээгүй байхад сайн дурын үндсэн дээр ирж гэрээ байгуулж, улмаар байрны үнийг өөрийн хүсэлтээр буулгаж авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдөр улам үнэгүйдүүлж нэмэлт 7,917,750 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ямар зорилгоор хэзээ хэнээр хэмжилт хийлгэсэн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, нэхэмжлэгчийн амаар 40 м.кв хүрээгүй гэснийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Талууд сайн дурын үндсэн дээр үнэ тохирч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

4.2 Мөн хариуцагчийн зүгээс 27 м.кв талбай бүхий байрыг зарсан байгааг албан ёсны үл хөдлөхийн гэрчилгээгээр нотолж байхад 40 м.кв талбай хүрээгүй гэж үзэн нэмэлт төлбөр төлүүлэхээр шийдвэрлэхдээ ямар ч нотлох баримтгүй, худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ тохирч шилжүүлэн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан гэдгийг дүгнээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Саппорогийн байршилд байх байрны үнэтэй адил байна гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байх бөгөөд байр зарах нь байршлаас гадна тохижилт, гал тогоо тусдаа, орчин нөхцөл зэргээс шалтгаалж үнэ тогтоодог байтал байрны м.кв-аар байрыг үнэлэх ёстой гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхнаасаа 27м.кв талбайтай орон сууц худалдах талаар зар тавьсан бол тус байршлын орон сууц үнийн дүнд хүрэхгүй гэх үндэслэлээр худалдаж авахгүй байсан. 27 м.кв талбайтай орон сууцыг 40 м.кв талбайтай орон сууц гэж намайг хууран мэхэлсэн.

5.2 Худалдах-худалдан авах гэрээг хийх үед 27 м.кв талбайтай гэрчилгээг хараад тодруулж асуухад та хүсвэл хэмжилт хийлгээд 40 м.кв талбайгаар нь шинээр гэрчилгээ авч болно гэж хэлсэн. Гэрээ байгуулсныхаа дараа хэмжилтийн байгууллагад хандахад 40 м.кв хүрэхгүй байсан болохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Д.О******* нь харуцагч Г.Н*******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний доголдлыг үнэ бууруулан 3.91 м.кв дутуу талбайн үнэд 7,917,750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Н******* нь ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, *******од байрлах, 27 м.кв талбай бүхий орон сууц болон түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Д.О******* нь үнэ 60,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх11/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

3.1. Худалдагч Г.Н******* нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн худалдан авагч Д.О*******ийн эзэмшил ашиглалтад худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгч, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.О******* үнийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 24/

4. Талуудын хооронд худалдсан эд хөрөнгө чанарын доголдолтой байсан эсэх, худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

4.1.Гэрээний 3.1-д орон сууцны үнийг 60,000,00 төгрөг гэж тусгасан боловч хариуцагч нь 81,000,000 төгрөгөөр орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан болох нь хэргийн 13 дугаар тал дахь Д.О*******ийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. Гэрээний үнийг өөрөөр бичсэн байдлаа үл хөдлөх эд хөрөнгийн газарт мэдүүлэхэд хариуцагч гуйснаар 60,000,000 төгрөг гэж бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. /хх-ийн 13/

4.2. Нэхэмжлэгч Д.О******* нэхэмжлэлээ Батдах ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 3.91 м.кв-аар дутуу гэж маргаж, уг талбайн зөрүү төлбөр 7,917,750 төгрөгийг хариуцагч Г.Н*******аас гаргуулна гэж тайлбарласан байна.

4.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор доголдлын талаар гомдлын шаардлага гаргах тухай зохицуулалтыг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Учир нь тухайн эд хөрөнгө доголдолтой тохиолдолд тэр хэмжээгээр худалдагчаас үнийг бууруулахаар худалдан авагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зохицуулсан.

4.4. Мөн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авахдаа уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдана.

4.5. Худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийг хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Тодруулбал, орон сууцны талбайг баримжаагаар бус хэмжих бололцоотой тул талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь хүлээж авах үед мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдолд хамаарна.

4.6. Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй боловч тэрээр гэрээнд заасан орон сууцны талбайг хүлээн авах үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч 40 м.кв талбай бүхий орон сууц зарна гэх зарын дагуу хариуцагчаас 40 м.кв талбай бүхий орон сууц худалдан авсан гэх боловч маргааны зүйл болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц гэсэн байхаас гадна талууд орон сууц худалдах худалдан авах гэрээгээр нэг бүрийн шинжийг 27 м.кв талбайтай орон сууц гэж тохирсон байна.

4.7. Мөн нэхэмжлэгч нь хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан тул гэрээгээр шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөд Батдах ХХК-аар хэмжилт хийлгэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иймээс хариуцагч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар худалдан авагч шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг залруулж давж заалдах шатны шүүхээс дүгнэлтийг өөрчлөв.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлохдоо ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан хуулийн нарийвчилсан зохицуулалт байхад мөн хуулийн 219 дүгээр зүйлд заасан гэрээний үүргийн зөрчилд хамруулсан нь оновчгүй болжээ.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2024/00095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.Н*******д холбогдох 7,917,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,634 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ