| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0339/Э |
| Дугаар | 368 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 368
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Ганзориг ,
шүүгдэгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Р. О-т холбогдох эрүүгийн 1808022830382 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овогт Р О , Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг Арвайхээр хотод 1981 оны 05 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түшээ мээрэн” ХХК-ны, Нарантуул салбарт худалдагч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 28 дугаар гудамж 15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Р.О 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ОД” гэх нэртэй караоке баар зочид буудлын гадаа иргэн Б.Нарантуяатай “...манай нөхрийн цүнх үүрсэн байна...” гэж хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой, хөл, нүүрэн тус газрууд нь хөл, гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.О мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, болсон асуудал үнэн зөв, мэдүүлэг өгсөн, гэм буруугаа зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найз Бүдсүрэн надаар тамхи заруулах гэж уулзья гэхээр нь бид хоёр орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр уулзсан юм. Тэнд байдаг Од караокены зочид буудал руу Бүдсүрэнтэй хамт орчихоод буцаж гараад явж байтал зам дээр Бүдсүрэнгийн эхнэртэй таарчихсан. Эхнэр нь хажуудаа нэг эмэгтэй хүнтэй явж байсан. Би Бүдсүрэнгийн цүнхийг нь үүрчихсэн байсан чинь тэр Бүдсүрэнгийн эхнэр гээд байгаа эмэгтэй нь “чи миний нөхрийн цүнхийг үүрдэг хэн бэ?” гээд миний толгой руу гараараа нэг цохиод би толгойгоо гараараа дараад газар явган суучихсан. Тэгээд намайг босоход Бүдсүрэнгийн эхнэр намайг босоход дахиж салтаа баруун гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн үедээ учраа олъе гэсэн чинь “буудалд юу хийж явдаг юм, наад салтаа, саамаа захирч яв” гэж хэлсэн. Тэгээд тэр Будсүрэнгийн эхнэр намайг зодоод яваад өгсөн. Будсүрэн тухайн үед хаашаа ч юм алга болчихсон байсан...Надад Отгончимэгт ямар нэгэн гомдол санал байхгүй, бид нар хоорондоо эвлэрээд учраа олчихсон юм. Ямар нэгэн маргаангүй болсон юм. Надад О гээс нэхэмжпэх эмчилгээний төлбөр зардал байхгүй. Эмчилгээний төлбөр зардал гараагүй юм. Би шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. /хх-19-24/,
Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дүү болох О Сонгинохайрхан Дүүргийн хангай захын орчим байдаг гэрт нь очсон бөгөөд намайг очиход О гэртээ байсан бөгөөд тухайн үед Бүдсүрэн байхгүй, өчигдөр ажилтай гээд гараад явсан ирээгүй л байна гэж хэлж байсан юм. Тэгээд би байж байгаад өдөр 17 цагийн орчим гэрээс нь гараад Сонгинохайрхан дүүргийн Ханын материал руу явдаг автобусны буудал дээр автобусанд суух гээд алхаж байтал манай дүү О нөхөр болох Бүдсүрэн нь Хангай захын автобусны буудлын хойд талд байдал зочид буудал руу алхаад орж байсан. Тэгэхээр нь би Отгочимэг рүү утасдаж яриад “Бүдсүрэн автобусны буудлын хойд талын зочид буудал руу орчихлоо, танай нөхөр чинь ажил хийх биш хүүхэнтэй орооцолдоод яваад байгаа юм биш үү” гэж хэлээд, тэгээд удалгүй О над дээр явж ирсэн юм. О ирээд бид 2 Бүдсүрэнгийн байгаа буудал руу алхаж байтал Бүдсүрэн өөдөөс алхаж байсан бөгөөд нэг хүүхэн Бүдсүрэнгийн цүнхийг үүрчихсэн хойноос нь дагаад явж байсан. Тэгээд Бүдсүрэн О бид хоёрыг харчихаад Бүдсүрэн нөгөө хүүхнээ хаячихаад зугтаагаад яваад өгсөн бөгөөд харин О нөгөө хүүхэн дээр нь явж очоод уулзаад зогссон, харин би тэр хоёрын орсон зочид буудал руу явж ороод буудлын ресепшинтэй нь уулзаж Бүдсүрэнг яах гэж орсон талаар асуухад нэг хүн асуучаад гараад явлаа гэж хэлсэн. Тэгээд би буудлаас гараад хажуу талын буудал руу нь ороод дахиад сая нэг хүүхэн, залуу 2 орж ирсэн үү, ямар шалтгаанас орж ирсэн талаар тодруулахад залуу нь нэг хүн асуугаад байхгүй байна гээд гараад явсан гэж яг л өмнөх шиг буудлын ресепшний хэлсэн үгийг хзлж байсан. Тэгээд би тухайн буудлаас гараад иртэл гадаа О нөгөө хүүхэнтэй маргалдаад 2 биенийхээ үснээс зулгаалцчихсан, зууралдаад байж байхаар нь би явж очоод салгасан. Тэгээд тэр хүүхнийг салгаад явуулсан бөгөөд харин О нь Бүдсүрэнгийн цүнхийг аваад үлдсэн юм. Өөр зүйл болоогүй юм. Намайг гарч ирсэний дараа бол О тухайн хүүхний үснээс нь зулгаачихсан, тэр хүүхэн бас О үснээс нь зулгаачихсан зууралдаж байсан бөгөөд би шууд салгасан. Намайг гарч ирэхээс өмнө нь цохисон эсэх талаар би мэдэхгүй байна. Гарч ирсэний дараа бол цохиогүй...гэжээ. /хх-30-31/,
Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...О утсаар яриад юу болсон талаар асуутал надад хандаж “сая өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүргийн буудлын орчим явж байтал манай нөхөр Бүдсүрэн зочид буудлын гадна нэг хүүхэнтэй явж байгаад Бүдсүрэн намайг харчихаад зугтаад явчихсан бөгөөд харин нөгөө хүүхэн дээр нь би очиж хоорондоо маргалдаж тэр согтуу хүүхэн нь намайг цохихоор нь би буцаагаад цохичихсон” гэж хэлсэн юм...гэжээ. /хх-32/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №5772 дугаар дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн тохойд Зх2см, 2x1,2см, баруун бугалганы ар доод хэсэгт 7x4,5см, баруун гуяны дотор дээд хэсэгт 6,5х4,5см, дотор доод хэсэгт 11х8см, 5,5х4см хүрэн ягаан өнгийн захаараа бага зэргийн шаргал туяа бүхий цус хуралттай, зүүн хацрын төвгөрт 3,7х2см хөхөлбөр өнгийн, захаараа шаргал туяа бүхий цус хуралттай, эргэн тойронд зөөлөн эдэд хаван хавдартай.
Дүгнэлт:
1. Б.Н биед зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн тохой, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-36 /,
Шүүгдэгч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ байж байтал манай эгч Онон над руу залгаад “танай хүн чинь энд хүнтэй явалдаад байгаа юм биш шүү” гэхээр нь манай ойрхон байдаг болохоор би гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын ард байдаг Од караокены хажууд яваад очтол манай хамтран амьдрагч Бүдсүрэн нэг эмэгтэйтэй хамт байхаар нь би очоод “чи яахаараа манай нөхрийн цүнхийг үүрчихсэн явдаг юм бэ?” гэсэн чинь Нарантуяа “чи нөхрөө захирч чадахгүй хохино ш дээ” гэхээр нь миний уур хүрээд эхлээд гараараа толгой руу нь цохьсон чинь Нарантуяа доош суучихсан. Тэгээд Нарантуяаг босохоор нь би салтаа болон баруун гуя руу нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би Нарантуяаг салтаа саамаа захирч яв гээд явчихсан юмаа. Манай нөхөртэй хамт явж байхаар нь би Нарантуяаг тухайн үед таньдаггүй, дээрээс нь манай нөхрийн цүнхийг үүрчихсэн явж байхаар нь миний уур хүрээд маргалдсан юмаа...гэжээ. /хх-77-78/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, хохирогч Н.Нарантуяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-80-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Отгончимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.О 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ОД” гэх нэртэй караоке баар зочид буудлын гадаа иргэн Б.Нарантуяатай “...манай нөхрийн цүнх үүрсэн байна...” гэж хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой, хөл, нүүрэн тус газрууд нь хөл, гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Н.Нарантуяагийн өгсөн “...миний толгой руу гараараа нэг цохиод би толгойгоо гараараа дараад газар явган суучихсан. Тэгээд намайг босоход Бүдсүрэнгийн эхнэр намайг босоход дахиж салтаа, баруун гуя 2-3 удаа өшиглөсөн...” гэх,
гэрч Р.О өгсөн ”... О нөгөө хүүхэнтэй маргалдаад 2 биенийхээ үснээс зулгаалцчихсан, зууралдаад байж байхаар нь би явж очоод салгасан...” гэх,
“...Б.Н биед зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн тохой, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №5772 дугаар дүгнэлт,
шүүгдэгч Р.О яллагдагчаар өгсөн “...гараараа толгой руу нь цохьсон чинь Нарантуяа доош суучихсан. Тэгээд Нарантуяаг босохоор нь би салтаа болон баруун гуя руу нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд Р.О нь хохирогч Б.Нарантуяаг нөхрийнх нь цүнх үүрчихсэн явсан гэх шалтгааны улмаас зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Р.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Н.Н нь гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Р.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.