Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00415

 

Т******* ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/04330 дугаар шийдвэртэй,

Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Г*******, Б.З**** нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 71,365,805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Б.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч О.Г*******, Б.З нар 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 61,800,000 төгрөгийн амины сууц худалдан авах зээлийг сарын 1.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 61,800,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж зээлийг олгосон. 

1.2. Зээлдэгч О.Г*******, Б.З нар зээл авснаас хойш зээлийн гэрээний хавсралтад зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт өгч, уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар урьдчилан мэдэгдэж, холбоотой ажилласан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч О.Г*******од 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн ч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй. 

1.3. Зээлдэгч нар үндсэн зээлд 1,883,243.18 төгрөг, зээлийн хүүнд 7,111,967.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,272.68 төгрөг, нийт 9,013,483 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 59,916,756.82 төгрөг, зээлийн хүү 6,574,227.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,805.19 төгрөг, нотариатын зардалд 95,000 төгрөг, нийт 66,662,788 төгрөг гаргуулна.

1.4. Зээлдэгч О.Г*******, Б.З нар 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээний 2.2-т Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байрлах, О.Г*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан. 

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүний төлбөр 4,704,039.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 58,975.49 төгрөг, нийт 4,763,015.41 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээл 59,916,756.82 төгрөг, зээлийн хүү 11,278,267.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,780.68 төгрөг, нотариатын зардалд 95,000 төгрөг, нийт 71,365,805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Учир нь Т******* ХК-ийн Сансар тооцооны төвийн харилцааны менежер Б.Б******* нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Т******* ХК-ний гүйцэтгэх захирал Ө.Г******* нь Баянзүрх дүүргийн салбарын захирал Р.Гэд нэхэмжлэгчийн итгэмжлэл олгож, улмаар Р.Г нь дээрх итгэмжлэлийг тооцооны төвийн харилцааны менежерт дамжуулан олгосон байна. Монгол улсын Дээд шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмжид ... байгууллага өөрийн ажилтнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэл олгож болно. Энэ тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн байгууллагын эрх баригчийн гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

Иргэний хуулиин 29 дүгээр зүйлийн 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан тул салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үүнтэй холбоотойгоор компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан хуулийн этгээдийн эрхтэй оролцох боломжгүй юм хэмээн эрх бүхий этгээд нь өөрийгөө төлөөлөх этгээдэд шууд итгэмжлэл олгохыг маш ойлгомжтой тайлбарлажээ. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь заалт нь хэлцэлд төлөөлөгчөөр дамжуулж оролцох, хэлцэлд оролцохдоо итгэмжлэлийг бусдад дамжуулах хууль зүйн үндэслэлийг хуульчилсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах нь хэлцэл биш тул иргэний шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргахдаа төлөөлүүлэгчээс шууд итгэмжлэл авах ёстой.

2.2. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацаагаар сунжирсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч нараас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь явцын хугацаа хэтрэлт гаргасан гэх үндэслэлээр зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний шүүхэд гэрээний үүрэг шаардаж хандсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үндэслэлгүй.

2.3. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нь нэгэнт тодорхой, үүргээ биелүүлээгүй 204 хоносон тухай хамгийн сүүлд өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот мэдэгдэлд дурдсан. Гэрээний нэг тал нь үүргээ биелүүлж чадахгүй 204 хоноод байхад нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу сүүлийн мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан нь зориудаар хугацааг сунжруулж, хүү нэмж тооцон нэхэмжлэх гэсэн арга юм. Иймд хариуцагч нар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан хэмээн үзэж үндсэн зээл 59,916,757 төгрөг, зээлийн хүү 3,855,813 төгрөг, нийт 63,772,570 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 7,593,235 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Түүнчлэн, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан тул тэр барьцаагаар үүргийг хангуулах боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг баримтлан хариуцагч О.Г*******, Б.З нараас 66,602,789.97 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,763,015.41 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд О.Г*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* гудамж, тоот хаягт байршилтай, 452 м.кв талбайтай, хувийн сууц, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,322.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 561,164 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Т******* ХК-ийн Сансар тооцооны төвийн харилцааны менежер Б.Б******* нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Т******* ХК-ний гүйцэтгэх захирал Ө.Г******* нь Баянзүрх дүүргийн салбарын захирал Р.Гэд нэхэмжлэгчийн итгэмжлэл олгож, улмаар Р.Г нь дээрх итгэмжлэлийг тооцооны төвийн харилцааны менежерт дамжуулан олгосон байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь заалт нь хэлцэлд төлөөлөгчөөр дамжуулж оролцох, хэлцэлд оролцохдоо итгэмжлэлийг бусдад дамжуулах хууль зүйн үндэслэлийг хуульчилсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах нь хэлцэл биш тул иргэний шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргахдаа төлөөлүүлэгчээс шууд итгэмжлэл авах ёстой.

4.2. Зээлдэгч нь гэрээгэр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон, үүргээ биелүүлээгүй 204 хоносон тухай хамгийн сүүлд өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 03 тоот мэдэгдэлд тодорхой дурдсан бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлж чадахгүй 204 хоноод байхад нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сүүлийн мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан. Гэтэл шүүх гэрээ хэзээ цуцлагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэрээс 2,830,220 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно гэж заасан. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж заасан. Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр оролцож болохоор хуульчилсан бөгөөд Т******* ХК-ийн гүйцэтгэх захирлаас салбарын захиралд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан. Иймд Т******* ХК-ийн гүйцэтгэх захирлаас Р.Гэд олгосон итгэмжлэлийг Б.Б*******т дамжуулснаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасны дагуу тус итгэмжлэлээр иргэний шүүхэд төлөөлөх, үйлдэл хийх эрхийг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан байх тул гомдол үндэслэлгүй.

5.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн зүйл заалтуудыг тодорхой заасан. Банк хуулийн дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаагаар зээлдүүлж зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү төлнө. Анхан шатны шүүх нотлох баримтыг дүгнэж, үнэн бодитойгоор шийдвэр гаргасан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 3. Нэхэмжлэгч Т******* ХК нь хариуцагч О.Г*******, Б.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 59,916,756.82 төгрөг, зээлийн хүү 6,574,227.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,805.19 төгрөг, нотариатын зардалд 95,000 төгрөг, нийт 66,602,789 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4,763,015.41 төгрөгөөр ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 59,916,756.82 төгрөг, зээлийн хүү 11,278,267.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,780.68 төгрөг, нотариатын зардалд 95,000 төгрөг, нийт 71,365,805 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар зээлийн хүүгийн зарим хэсгийг болон нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 206-209/

3.1. Т******* ХК болон О.Г*******, Б.З нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т******* ХК нь зээлдэгч О.Г*******, Б.З нарт 61,800,000 төгрөгийг сарын 1.2 хувь, жилийн 14.4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх, хуваарийг зөрчсөн тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх14-16/

3.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Г*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Бэлх 4 гудамж, ******* тоот, 152 м.кв талбай бүхий хувийн сууц болон гражийн зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 18-21/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.3. Зээлдүүлэгч Т******* ХК нь зээлийн гэрээний дагуу 61,800,000 төгрөгийг зээлдэгч О.Г*******од 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь мемориалын баримтаар нотлогдсон байхаас гадна энэ талаар хариуцагч нар маргаагүй. /хх 22/

3.4. Хариуцагч О.Г*******, Б.З нар нэхэмжлэгч Т******* ХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй  байх ба нэхэмжлэгч Т******* ХК-аас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хариуцагч нарт хүргүүлсэн, улмаар хариуцагч О.Г*******оос 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Т******* ХК-д хандан зээлийн болон хүүгийн зөрчилгүй төлөлт хийх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 34-37/

3.5. Хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүүний тооцооллын хүснэгтээр хариуцагч нар үндсэн зээлд 1,883,243.18 төгрөг, зээлийн хүү 7,111,967.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,272.68 төгрөг, нийт 9,013,483 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдсон.

3.6. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Иймд хариуцагч О.Г*******, Б.З нараас үндсэн зээл 59,916,756.82 төгрөг, зээлийн хүү 6,574,227.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,805.19 төгрөг, нотариатын зардалд 95,000 төгрөг, нийт 66,602,789.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ХК-д олгож, хариуцагч О.Г*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Бэлх 4 гудамж, ******* тоот, 152 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,763,015.41 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

4.1. Т******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/695 тоот албан бичгээр Т******* ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын захирал Р.Гэд ...шүүхэд нэхэмжлэл гаргах, хариу тайлбар гаргах, эрэн сурвалждлуулах, болон бусад хүсэлт гаргах, нотлох баримт цуглуулан өгөх, бүх шатны шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эвлэрэхээс бусад бүх эрх, үүргийг эдлэх бүрэн эрхийг талаар итгэмжлэлийг олгосон бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэлээр дээрх эрхийг салбарын шууд удирдлаган дахь ажилтанд шилжүүлэн олгох талаар тусгажээ. /хх-ийн 12-13/

4.2. Дээрх итгэмжлэлийг үндэслэн Баянзүрх дүүргийн салбарын захирлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25/138 тоот албан бичгээр Т*******ны Сансар тооцооны төвийн харилцааны менежер Б.Б*******т итгэмжлэл олгож, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч О.Г*******од мэдэгдэл хүргүүлсэн өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан тул уг хугацаагаар зээлийн хүүг төлөх үндэслэлтэй гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

5.1. Нэхэмжлэгч Т******* ХК нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

5.2. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч Т******* ХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэн, мөн өдрөөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/04330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Г*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,234 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ