Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 53

 

 

Н.А-, А.Б-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03ы өдрийн 645 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13ы өдрийн 1319 дугаар магадлалтай, Н.А-, А.Б-нарт холбогдох 1809029080808 дугаартай хэргийг шүүгдэгч А.Б гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй,

Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 166 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан,

Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ялыг 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сараар тогтоосон,

Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, 6 сарын хугацаатай хорих ялд 25.000 төгрөгөөр торгох ялыг багтааж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 7 сарын хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 501 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 6 сар хорих ял,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 2.4-д зааснаар нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 20 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн, А,

 

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.2.1-д 3 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, Б.

 

Н.А- 2018 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар буудлын урдах цэцэрлэгт иргэн Г.Бэд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж гар утсыг нь дээрэмдэн авч 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Н.А-, А.Б-нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр 09-өөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын ордон”-ы урдах талбайд иргэн Х.Б хоолойноос боох, нүүр лүү нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж “Эл Жи К-4” маркийн гар утсыг нь дээрэмдэж 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч А.Бг бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т 3 жил 6 сар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батдоржид 3 жил хорих ял тус тус оногдуулж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А-т энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар 20 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 23 хоног хорих ялыг нэмж нэгтгэн Н.А-ын нийт эдлэх ялыг 7 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял, 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Баид энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн А.Бийн нийт эдлэх ялыг 5 жил 14 хоног хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,   шүүгдэгч Н.А- цагдан хоригдсон 239 хоног, шүүгдэгч А.Б-цагдан хоригдсон 239 хонгийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-аас нийт 1.208.000 төгрөгийг гаргуулж 1.112.000 төгрөгийг хохирогч Г.Б, 96.000 төгрөгийг хохирогч Х.Баасанжаргалд,  шүүгдэгч А.Бс нийт 96.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Баасанжаргалд тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-гаргасан гомдолдоо “... миний бие хийгээгүй хэрэгт шийтгүүлсэндээ гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Мөнгөншагай нь яллах дүгнэлт үйлдэхдээ хэт нэг талыг баримталж хууль зөрчсөний улмаас шүүх алдаатай шийдвэр гаргасан. Би анхнаасаа хохирогчийг нүүрэлдүүлэн байцаалт авах, мөн анхан шатны шүүх хуралд хохирогчийг биеэр суулгах хүсэлтэй байгаагаа удаа дараа бичгээр шат шатны байгууллагад нь өгсөөр ирсэн. Мөн 3 гэрчийг мэдүүлэг өгүүлэх талаар мөрдөгч Мөнхсонор, Базар, Пүрэв нараас хүсэхэд “тэрэнд санаа зовох хэрэггүй Самбуу нь Хятад явсан гэсэн удахгүй ирнэ” гэдэг. Самбуу, Өнөрөө, Энхээ нарын гэрийн хаяг утасны дугаар нь мөрдөгч Пүрэвт байсаар байхад нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Ийм байхад прокурор тухайн цаг үед харсан гэх 3 гэрчийг зааж өгч чадаагүй Батдоржийн буруу гэсэн байна. Хохирогч Баасанжаргал нь тухайн хэрэг гарсан өдөр намайг хамааралгүй гээд явуулсан. Мөнгөншагай прокурорын нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зохиомол худлаа яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх олж харахгүй байна. Үүнд таньж олуулах ажиллагаа хийгдсэн гэдэг. Энэ нь хохирогч Баасанжаргал бид 2 байхад эрүүгийн мөрдөгч Базар нь Амгаланбаатарын зураг руу гараар заалгаж зураг аваад байсан. Өнөөдөр тэр эвлүүлэгтээ таниулах ажиллагаа хийсэн гээд шүүхийн өмнө худлаа яриад зогсоод байдаг. Сайн муу ч хүний хувь заяаны асуудал яригдаж байхад ийм хөнгөн хуумгай хандаж байгаад нь гомддог. Бас өнөөдөр томилолтын өмгөөлөгч буюу улсын өмгөөлөгч нэртэй Чулуунцэцэг, Өсөхбаяр гэдэг энэ хүмүүст үнэхээр гомддог. Учир нь энэ хүмүүс намайг 1 жил цагдан хоригдоход ганц ч удаа ирээгүй, ямар царай зүстэй хүмүүс байдгийг ч мэдэхгүй. Ядаж өмгөөлөгч 1 удаа ирсэн бол Самбуу, Өнөрөө, Энхээ нараас үнэн зөв мэдүүлэг авахуулах, хохирогчийг шүүх хуралд оролцуулах боломжтой байлаа. Үнэхээр харамсалтай байна. Энэ хүмүүс эцэст нь намайг өмгөөлсөн гэх байх. Шударга хэлэхэд өнөөдөр хууль хэрэглэдэг хүмүүс нь өөрсдөө хуулийг буруу зөвөөр яаж гуйвуулж болдгийг өөрийн биеэр  мэдэрлээ. А.Б-би нэг л зүйлийг ойлгоогүй байсан нь Амгаланбаатарын мэдүүлэг. Яагаад гэхээр нэг ч удаа байцаалт өгөөгүй, тэр битгий хэл яллах дүгнэлт гардаж аваагүй хүн. Тодруулж хэлбэл мөрдөгч Пүрэв, прокурор Мөнгөншагай нарын сэдсэн зүйл өнөөдөр Амгаланбаатар нь надад чи хохирогчтой хамт цагдаагийн газар очиж намайг зааж өгөөгүй бол би баригдахгүй байсан, мөрдөгч намайг ганцааранг дуудаад тийм мэдүүлэг өгчих гээд хайрцаг тамхи өгөхөөр нь би албаар чамайг татсан мэдүүлэг өгсөн гэж байна. Ийм улаан, цагаан худлаа дүгнэлт үйлдээд байхад өмгөөлөгчгүй би яаж ч чадахгүй байна. Иймд эрхэм шүүгчид та бүхэн энэ талаар прокуророос тайлбар авч, хэргийг шударгаар, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй байна. Учир нь хохирогч Х.Баасанжаргал, шүүгдэгч А.Б-нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй ба мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг хийгээгүй. Хохирогч Х.Баасанжаргалын өгсөн гурван удаагийн мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан байдлаас зөрүүтэй. Мөн тухайн үед хамт байсан, эрүүлжүүлэгдсэн н.Өнөрөө, н.Самбуу, н.Энхээ гэх хүмүүсийг шалгаагүй нь мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. Хохирогч Х.Баасанжаргалын “Эл Жи К-4” маркийн гар утсанд “Дамно” ХХК-иар үнэлгээ гаргуулж, Н.А-, А.Бж, өмнөх хэргийн хохирогч болох Г.Базаргүр нарт танилцуулсан бөгөөд хохирогч Х.Баасанжаргалд танилцуулаагүй. Мөн прокуророос хэргийг нэгтгэх тогтоолыг залруулсны дараа өмнөх тогтоолыг хүчингүй болгосон процессийн алдааг гаргасан байна. Миний үйлчлүүлэгч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу энэ хэрэгт шалгагдах хугацаанд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн ба хоригдох хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр энэ хэргийн яллагдагчийн мэдүүлэг авсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт холбогдуулж шалгасан гэж ойлгож байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр удаа ял шийтгүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 тоот шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ” гэв.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Н.А-, А.Б-нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг хангалттай хийж гүйцэтгэсэн бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгч А.Б-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан 2 хэргийг үйлдсэн буюу тухайн хэргүүдийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэгтгэсэн. Хоёр хохирогчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн арга ижилхэн буюу хоорондоо муудалцаж буй дүр эсгэн бусдын анхаарлыг татдаг, хохирогчийн хоолойг араас нь боож дээрэмддэг. Мөн тухайн гэмт хэргүүд нь шүүгдэгч нарын урьд шийтгүүлсэн хэрэгтэй ижил аргаар үйлдэгдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдана. Шүүгдэгч А.Батдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэн буюу тэрээр тухайн хугацаанд болсон үйл явдлыг харсан хүмүүсийг зааж чадаагүй, түүний үйлдсэн хэрэг эргэлзээгүй тогтоогдсон. Хохирогч Х.Баасанжаргалын удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг эргэлзээгүй тогтоогдсон байна. Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.А-, А.Б-нарыг дангаар болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Н.А- нь ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “Улаанбаатар” зочид буудлын урдах цэцэрлэгт хохирогч Г.Бн “iphone 7 plas” маркийн гар утсыг,

 

А.Амгаланбаатар, А.Б-нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө “Тусгаар тогтнолын ордон”-ны урдах цэцэрлэгт хохирогч Х.Бын “Эл жи К-4” маркийн гар утсыг тус тус дээрэмдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, үгүйсгэн няцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хүрээ хязгаарын дотор хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлага, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчимд бүрэн нийцсэн байна гэж үзлээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-нь “... хохирогч нь намайг хамааралгүй гэсэн байхад ямар учраас яллаад байгааг ойлгохгүй байна. Миний бие гэрч болохоос хамсаатан биш” хэмээн гэм буруугүй талаар марган гомдол гаргажээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан олж авсан, цуглуулсан нотлох баримтад тулгуурлан тогтоодог болно.

 

Хохирогчийн гэмт халдлагад хэрхэн өртсөн талаараа “... гэнэт нэг нь гүйж ирээд шууд хоолойноос боож, эргэж хараад заамдалцаад зогссон. Тэр залуу намайг “муу гөлөг минь ална шүү” гээд хажуу талын саад руу оруулаад намайг газар унагаж халаас руу дайраад байсан. Тэгтэл хажуу талаас үл таних бүрх малгайтай залуу гарч ирээд “ална” гээд 1 удаа цохисон. Би та нар ав гээд халаасан дээрээс гараа авсан” гэж тодорхой дүрсэлсэн мэдүүлэг нь гэмт хэрэг хамтран үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн Н.А-ын “... Батдорж хажуугаас ална, хядна гэж ирээд тэр хүний эд зүйлийг авсан” гэх мэдүүлэг болон гэмт халдлагын талаар дуудлага авч хүрэлцэн ирсэн цагдаагийн алба хаагчийн А.Батдоржийг хохирогчийн таньж заасны дагуу түр саатуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.Б-нь бусадтай бүлэглэн хохирогч Ж.Баасанжаргалын гар утсыг дээрэмдсэн гэм буруу нь хөдөлбөргүй нотлогдсон гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч А.Бн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийн бүх үйл ажиллагааг хянавал анхан шатны шүүх хуралдаанд А.Батдоржийн өмгөөлөгчөөр Г.Өсөхбаярыг, давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Чулуунцэцэгийг тус тус оролцуулж, түүний хуулиар олгогдсон мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхийг хангасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон тул мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шалгах, шийдвэрлэх ажиллагааны үед оролцогчийн эрхийг хассан, хязгаарласны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт томилогдсон өмгөөлөгч нар нь тус бүрдээ үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03ы өдрийн 645 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13ы өдрийн 1319 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                 Б.ЦОГТ

 

                                                             Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                             Ч.ХОСБАЯР

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН