Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 21

 

             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 


 
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн М.Батсайханы нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох
2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “М.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч М.Батсайханаас ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/18  дугаар “М.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг эс зөвшөөрч байна. Учир нь бүтэн жилээр ажил дүгнэж байж өмнөх улирлуудын дүнг харгалзаж үзээгүй, Цахир сумын Засаг дарга үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээгээ ирүүлээгүй, Аймгийн Засаг дарга /Нийгмийн бодлогын хэлтэс/-т тайлан ирүүлээгүй гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр үр дүнгийн гэрээг 33.1 хувь буюу F үнэлгээгээр үнэлсэн... Боловсрол, соёл, урлагийн газраас миний тайланг 66.2 хувьтай дүгнэсэн атлаа Нийгмийн бодлогын хэлтэс тайлангаа ирүүлээгүй гэж тайланг дүгнээгүй байсан. 
Иймд миний буруутай үйл ажиллагаанаас болж тайлан хүргэгдээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Урьд жилүүдэд ч гэсэн тайлангаа Боловсрол соёлын газраар дамжуулж Нийгмийн бодлогын хэлтэст өгдөг байсан. Тийм учраас миний бие нь өөрийн биеэр тайлангаа Нийгмийн бодлогын хэлтэст хүргэж өгөөгүй. Тухайн ажлыг хариуцсан ажилтнуудын алдаа дутагдлаас болж миний бие нь хохирох ёсгүй гэж үзэж байна.
Мөн Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байдаг. Миний бие нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ...Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй.”, 5.3-т “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд тусгагдсан байгууллага стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг хагас жил тутам ... илтгэх хуудсаар бүтэн жилээр гаргаж, менежерт тайлагнана.” гэж заасны дагуу эрх бүхий субъектэд тайлангаа илтгэх хуудсаар хүргүүлэх ёстой атал нэхэмжлэгч М.Батсайхан нь албан ёсоор тайлан, илтгэх хуудсаа ирүүлээгүй нь түүний өөрийн нэхэмжлэлд дурдсан “...Боловсрол, соёл урлагийн газарт тайлангаа 2 хувь хүргүүлсэн. ... Урьд жилүүдэд ч гэсэн тайлангаа Боловсрол, соёлын газраар дамжуулж, Нийгмийн бодлогын хэлтэст өгдөг байсан.” гэсэн тайлбараас гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. ...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч М.Батсайхан нь аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг мөн оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Иймд М.Батсайхан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Батсайхан тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “М.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн М.Батсайханаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “ М.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 03 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Батсайхан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
Уг хүсэлтэндээ: “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “М.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

Иймд нэхэмжлэгч М.Батсайхан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, М.Батсайханы нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “М.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   
ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан  Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “М.Батсайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, М.Батсайханы нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4,  50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА