Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 352

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1908005360247  дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А  Б, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймаг Баян-Өндөр суманд 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой,  мужаан мэргэжилтэй, “ЦМХ” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байр 31 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б-н нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудлын ард байрлах автомашины зогсоол дээр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Амгаланбатын нүүрэн тус газарт цохих болон өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний гадна салстын цус харвалт гэмтэл буюу хүний зрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батчулуун мэдүүлэхдээ:

   Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Н.А-т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 01 дүгээр сарын 22-ны оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо Саппорогийн автобус буудал дээр таксинууд зогсож байхаар нь өөрийн автомашинаа буудлын нилээн урд тавиад машинаасаа буугаад автобусны буудал дээр очсон юм. Тэгтэл тэнд зогсож байсан цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркын автомашинаас нэг залуу цонхоо онгойлгоод “хөөе таньж байна уу” гэхээр нь би танихгүй байна гэж хэлэхэд тэр залуу “чи өчигдөр орой урдуур ороод нисэх явах хүн аваад байсан залуу байна ш дээ” гэж хэлэхээр нь би “өчигдөр эндээс 2-3 хүн аваад гарсан, анзаарсангүй” гэж хэлэхэд тэр залуу машинаасаа бууж ирээд “чи муу пизда эндээс хүн авдаг ямар том пизда бэ, бид нар эндээс зогсож хүн ачдаг юм,  чи зайл” гэхээр нь би тэр залууд хандан Монгол улсын нутаг дэвсгэр, чамд энэ газрыг өмчлөөд өгчихсөн юм уу гээд хэлэхэд тэр залуу миний энгэрээс заамдаад авахаар нь би гараараа хоолойг нь түлхэх гэтэл намайг шууд тонгороод газар унасан. Тэгээд би байж бай гээд толгой манараад босоод ирэхэд тэр залуу миний баруун нүд руу гараараа нэг удаа цохихоор нь тэр залууд хандан “чи байж байл даа миний толгой эргээд юм харж чадахгүй байна”  гээд бид хоёр заамдалцаад маргалдаад хэсэг зогсож байхад өндөр залуу хүрч ирээд боль гээд салгасан. Тэгээд би явах гэтэл тэр залуу намайг зодно гээд миний араас хүрч ирээд баруун гараас бариад ТҮЦ-ны хажуу руу чирэхээр нь чи яах гээд байгаа пиздаа бэ гээд тэр залууг толгойгоороо мөргөх гэтэл хий мөргөөд мөсөн дээр хальтираад газар унахад тэр залуу дахиад миний зүүн талын нүд руу гараараа нэг удаа цохиод, хоёр удаа нүүр лүү өшиглөсөн. Тэгтэл тэнд зогсож байсан таксины хүмүүс нөгөө залууг салгаад аваад явчихлаар нь би тэр залуугийн машин дээр нь очоод машиныг  унтраагаад нь түлхүүрийг аваад машиндаа суугаад цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл нөгөө залуу машин дээр ирээд цонх руу цохиод байхаар нь би шууд хөдлөөд явчихсан юм тэгэхэд араас машинтай хөөж ирээд түлхүүрээ авъя гээд машин дээр суугаад байхаар нь би эхнэр лүүгээ залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Эхнэр ирээд буцаад Саппорогийн автобусны буудал очиход цагдаа ирчихсэн байхаар нь цагдаад хэлээд хэлтэс дээр хамт ирсэн юм. Батчулуун гэдэг залуу миний зүүн баруун талын нүд рүү гараараа нэг нэг удаа цохиж, нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Б г толгойгоороо мөргөх гэсэн боловч мөр хавьцаа хий мөргөсөн. Би цохиж зодоогүй. Би шүүх эмнэлгийн эмч Н.Энхцолмонгийн гаргасан №1654 дугаартай дүгнэлттэй танилцлаа, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг надад Батчулуун гэдэг залуу учруулсан. Би Б с эмчилгээний төлбөр болох 350.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх эд зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй гэжээ. /хх-14-22/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн №1654 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхинд тод улаан хүрэн өнгийн, зүүн нүдний доод зовхинд тод хөхөлбөр өнгийн цус хуралттай, овойж хавдсан. Баруун, зүүн нүдний гадна салстад тод улаан өнгийн цус харвалттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1. Н.Амгаланбатын биед баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-30/,  

Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 01 дүгээр сарын 22-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн автобусны буудал дээр 82-94 УНС улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркын автомашинтай нисэх явах хүн аваад зогсож байхад урд өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Саппорогийн автобусны буудал дээрээс маргалдаж байгаад нисэхийн хүн аваад гарсан Амгаланбат гэх залуу дахиад хүн аваад гээд хүрээд ирэхээр нь би машин дотроосоо Амганбатад хандан юу байна атаманаа гээд дуудахад “чамд ямар хамаатай юм бэ муу пизда минь” гэхээр нь би машинаасаа бууж очоод “чи ямар муухай хүнтэй харьцдаг юм бэ, мэнд мэдэх гэсэн ш дээ” гэхэд А-т шууд намайг заамдаж хоолой боохоор нь би барьж аваад тонгороод газар унагасан. Энэ үед тэнд зогсож байсан таксины жолооч нар бид хоёрыг салгахад Амгаланбат босож ирээд миний машины түлхүүрийг аваад машин дээрээ яваад очихоор нь би очоод машины түлхүүрээ авъя гэхэд Амгаланбат түлхүүрийг чинь өгөхгүй хэн болохыг чинь харнаа гэх нэрийдлээр машины түлхүүр өгөхгүй байхаар нь нүд, дух хавьцаа гараараа нэг удаа цохиход машиндаа суугаад зугтаад явчихлаар араас нь тэнд зогсож байсан таксиг аваад Цамбагаравын автобусны буудал дээр гүйцэж очоод машины түлхүүрээ авъя гэхэд өгөхгүй байхаар нь буцаад машин дээрээ очоод байж байхад араас А эхнэртэйгээ ирээд хэрүүл маргаан хийгээд байж байхад цагдаа ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би А-н нүд, дух хавьцаа гараараа нэг удаа цохисон. А намайг цохиж зодоогүй...Би шүүх эмнэлгийн №1654 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Амгаланбатад учруулсан, хохирлоо барагдуулахад бэлэн байна гэжээ. /хх-39-42/,

   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудас үзэхэд шүүгдэгч А.Б-н Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудлын ард байрлах автомашины зогсоол дээр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Амгаланбатын нүүрэн тус газарт цохих болон өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдиин няцрал, баруун, зүүн нүдний гадна салстын цус харвалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.А-н “...тэр залууг толгойгоороо мөргөх гэтэл хий мөргөөд мөсөн дээр хальтираад газар унахад тэр залуу дахиад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиод, хоёр удаа нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-17-22/,

 шүүгдэгч А.Б яллагдагчаар өгсөн “...А шууд намайг заамдаж хоолой боохоор нь би барьж аваад тонгороод газар унагасан...А-н нүд, дух хавьцаа гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-39-42/,

  “...Н.А биед баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн №1654  дугаар дүгнэлт болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

  Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

  Хууль зүйн хувьд А.Б нь Н.А автомашины зогсоол дээр зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

   Иймд шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Н.А нь гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.

   Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, ямар орлоготой болох нь тодорхойгүй зэргийг харгалзан шүүгдэгч А.Б дээрхи зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч А.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй байна.