| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0539/Э |
| Дугаар | 534 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 534
2019 4 05 534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Ганбулган,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ш.Бад холбогдох эрүүгийн 1906 01303 0584 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Боржигон овогт Ш.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1а хэсгийн 178 тоотод иргэн Б.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01303 0584 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Б.Оюуцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Билгүүнийг ирэхээр гаръя гэхэд одоо зайлаач гээд намайг сууж байсан сандал дээрээс түлхэж унагаагаад нүүр рүү 2 удаа, толгой руу 1 удаа, нуруу руу 2 удаа өшиглөсөн, Тэгээд намайг өшиглүүлээд байж байхад Билгүүн гаднаас орж ирээд салгасан. Тэгээд би гэртээ харьсан. Би Ш.Б гэх хүнийг нэрийг мэдэхгүй зүс танина гэрт нь өмнө 2-3 удаа очиж байсан. Өмнө найз Билгүүнтэй хамт гэрт нь очиж байсан юм. Ш.Бын хүргэний дүү нь манай найз Билгүүн байгаа юм. Тэр өдөр Билгүүн эгч дээрээ очиж золгоно цуг явъя гээд цуг очсон. Намайг гэрт нь байж байхад чамайг ирэхээр хүүхэд өвчин тусдаг зайл гэж хөөгөөд зодсон. Ш.Бтай муудалцах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Ш.Б архи хэрэглэх нь хэрэглэсэн байсан, тэгэхдээ тийм их согтоогүй байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн, согтоогүй байсан. Надад гомдол санал байхгүй. Би шинжилгээ болон эмчилгээндээ 200.000 төгрөг зарцуулсан. Энэ зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Гэрч Ж.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Ээж түлхэж унагаагаад Оюуцэцэгийн нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн тэгэхээр нь би очиж салгасан. Тэгээд Оюуцэцэг манай гэрээс явсан. Оюуцэцэг манай гэрт ирэхдээ согтуу ирсэн. Манай гэрт архи уугаагүй манай ээж бас архи уучихсан дунд зэргийн согтолттой байсан. Оюуцэцэгийг манай ээж унагаж байгаад нүүр рүү өшиглөсөн өөр хүн цохиж зодсон юм байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Гэрч Г.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гадуур айлаар золголт хийж яваад бага зэрэг архи уучихсан Ш.Б эгчийн гэрт очоод унтаж байсан юм. Тэгсэн хүмүүс орилолдоод байхаар нь сэрсэн чинь Ш.Б эгч Оюука нар зууралдаад байж байсан. Тэгэхээр нь би Доржханд аниа бид хоёр салгасан. Тэгээд салгахад Оюука цуг явж байсан танихгүй залуутай хамт гараад явсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Ш.Б эгч манай ах Баянмөнхийн хадам ээж байгаа юм. Оюука буюу Оюуцэцэгтэй 5-6 жилийн өмнө үерхэж байсан юм тэгээд таньдаг юм. Би Оюуцэцэгийн гэрт очоогүй намайг Ш.Б эгчийн гэрт байж байхад ирсэн байсан. Тэр хоёр хоёулаа архи уусан согтуу байсан. Намайг сэрэхэд Ш.Б Оюуцэцэг нар зууралдчихсан байж байсан. Намайг сэрснээс хойш тэр 2 зодолдоогүй Оюуцэцэгийн нүд нь хөхөрчихсөн байсан. Дараа нь Доржханд эгчээс асуухад Оюуцэцэг Ш.Б хоёрыг хэрэлдээд хоорондоо зодолдсон гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Шүүгдэгч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим Оюуцэцэг манай гэрт нэг танихгүй залуугийн хамт согтуу орж ирсэн. Би Оюуцэцэгийг гэрт орж ирэхэд нь “манай гэрээс зайл чамайг манай гэрт ирэхээр манай хүүхдүүд өвдөөд байдаг” гэхэд намайг Оюуцэцэг заамдаад авсан. Тэгэхэд нь би Оюуцэцэгийг татаж унагаагаад газар унасан байхад нь нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн. Би Оюуцэцэгийг өшиглөж байхад манай охин Доржханд салгасан тэгэхэд Оюуцэцэг манай гэрээс гараад явсан. Оюуцэцэгтэй цуг ирсэн танихгүй залуу Оюуцэцэгтэй хэрүүл хийж байхад манай гэрээс гараад явчихсан байсан. Би архи уусан байсан гэхдээ их согтоогүй дунд зэргийн согтолттой байсан. Харин Оюуцэцэг манай гэрт ирэхдээ маш их согтолттой байсан. Оюуцэцэг манай хүргэн Баянмөнхийн эгчийн хүүхэд Билгүүнтэй гэрлэнэ гээд манай гэрт ирдэг байсан юм. Тэгээд Оюуцэцэгийг мэдэх болсон гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2139 дугаартай:
Б.Оюуцэцэгийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруу, хоёр талын хацар зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, цус хуралт, баруун гарын алга зүүн гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээч эмч Т.Чимэд-Очирын дүгнэлт /хх-ийн 24 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6 тал/,
Ш.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 42 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ш.Бын иргэн Б.Оюуцэцэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож хийлгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бад оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ