Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02096

 

 

 

 

 

 

 

2023 12 04 210/МА2023/02096

 

 

Бес ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04122 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Бес ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.*******т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,904,000 төгрөг, алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Бес ******* ******* ХХК нь хариуцагч М.*******тай 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр захиалгын гэрээ байгуулж, ******* ******* /******* *******/ орон сууцны хорооллын Е блок байранд 88.71 мкв 3 өрөө байрыг худалдсан. Гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн.

1.2.Тус гэрээний 2.2-т зааснаар гэрээний үнийг захиалагч нь орон сууцыг ашиглалтад орох үед 100 хувь төлсөн байх, 2.4-т захиалагч нь төлбөрийн харилцан тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, төлбөрийн хуваарийн дагуу төлөх нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр заасан.

1.3.Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар шаардсан боловч биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч М.*******аас орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 22,904,000 төгрөг, гэрээний 2.4-т заасан алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

2.2.Нэхэмжлэгч тал гэрээний үнийг 1 м.кв талбай, 2,400,000 төгрөгөөр тооцон, нийт 212,904,000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сүүлийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг гүйлгээ хийж, төлбөрийг дуусгаж орон сууцанд орсон. Гэтэл нэхэмжлэгч талаас ямар ч нотлох баримтгүй, 12 сард байранд оруулсан, үлдэгдэл төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэл гаргаж байна.

2.3.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.*******аас 28,020,000 /хорин найман сая хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бес ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,336,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 298,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

4.1. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үйлчлэлд хамаарах тул хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Учир нь нэхэмжлэгч орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 22,904,000 төгрөг, алдангид 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэн шаардах эрхийн үндэслэл, хөөн хэлэлцэх хугацааны хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай зөвлөмж, Иргэний хуулийн тайлбарт хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хэсгийг тайлбарлахдаа ...эд юмсын эрхийн харилцаа болох үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох, газрыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн хууль бус эзэмшлийг тогтоолгож, нүүлгэн гаргаж чөлөөлүүлэх болон үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагч нарын хоорондын өмчлөлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд баримтлах... тухайн маргааны гол зүйл нь өмчлөл, эзэмшилтэй холбоотой тохиолдолд тусгай зохицуулалт буюу 6 жил, бусад тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүхий л төрөлд хамаарна.

4.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимтай байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үнэлээгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан.

4.3. Бес ******* ******* ХХК тухайн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэн талбайн хэмжээг үндэслэн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэн орон сууцны түлхүүрийг М.*******т хүлээлгэн өгч, өмчлөх эрх баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг гэрээнд заасны дагуу өгсөн.

4.4. Хэрэгт авагдсан баримтуудаар орон сууцны талбайн хэмжээ 79 м.кв болохыг баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагын нотлох баримтуудыг үндэслэн шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой байхад нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй.

Иймд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтална. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг шаардсан.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах, худалдагч үнийг төлөх үүрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үндсэн үүргийг шаардаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна.

5.2. Орон сууцыг 79 м.кв талбайтай гэж бичигдсэн гэрчилгээтэй холбоотой талууд маргаж, шинжээч томилуулахад 86,95 м.кв талбайтай гэж дүгнэсэн. Хариуцагч тал дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Улсын бүртгэлд буруу бүртгэгдсэн талаар шинжээч томилж уг асуудлыг нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Бес ******* ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,904,000 төгрөг, алданги 11,452,000 төгрөг, нийт 34,356,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээгээр Бес ******* ******* ХХК нь дүүргийн дугаар хороо, ******* ******* хотхоны Е блок, тоотод байрлах 88,71 м.кв талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч М.******* нь орон сууцны үнийг 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцон нийт 212,904,000 төгрөг төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-6-8/ Энэ үйл баримтад талууд маргаангүй.

 

Дээрх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болж, мөн энэ үндэслэлээр хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

 

4. Талуудын гэрээний зүйл нь дүүргийн дугаар хороо, ******* ******* хотхоны Е блок, тоотод байрлах 88,71 м.кв талбай бүхий орон сууц байх бөгөөд нэг бүрийн шинжээр тодорхойлогдох, тухайлсан захиалгаар гүйцэтгэх эд хөрөнгөд хамаарахгүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь учир дутагдалтай байна.

 

5. Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зургаан жилийн хугацаа үйлчилнэ гэж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

5.1. Талууд өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан орон сууцны үнэ төлөх үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардаж, гэрээний үлдэгдэл төлбөрт 22,904,000 төгрөг нэхэмжилж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа үйлчилнэ.

5.2. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.3 дахь заалтаар орон сууцны төлбөр төлөх хуваарийг баталж, хариуцагч нь 2017 оны 08 сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн оны 12 сарын 20-ны өдөр 92,904,000 төгрөг, байр ашиглалтад ороход 100,000,000 төгрөг, нийт 212,904,000 төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээжээ. /хх-6/

Хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлхэд хариуцагч М.******* нь гэрээний үнэд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 80,000,000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 90,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөг төлсөн байна. /хх-9/

5.3. Нэхэмжлэгч Бес ******* ******* ХХК нь байрны түлхүүр авах зөвшөөрлийг 2018 оны 04 сарын 19-ний өдөр бичгээр олгосон, хариуцагч М.******* дүүргийн дугаар хороо, 333 дугаар байрны 12 давхрын тоот хаягт байрших 79 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-87/ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс гэрээний үүрэг шаардах эрх үүссэн гэж үзэн хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг тоолоход 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусчээ.

Хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч М.******* нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч М.*******т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бес ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/04122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 34,356,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бес ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД