Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00463

 

Э.С*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/05579 дугаар шийдвэртэй,

Э.С*******ийн нэхэмжлэлтэй, ******* СӨХ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.С*******э, хариуцагчийн төлөөлөгч Л.И*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бүжин, Ч.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажиллах байх хугацаанд Удирдах зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, ёс зүйн алдаа гаргасан гэж намайг ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй, СӨХ-ны дотоод дүрмийн дагуу сууц өмчлөгч 180 айлын эрх ашгийг хамгаалах, 3 ажилтандаа хяналт тавьж, ажиллаж байсан.

1.2. Намайг ажлаас халах болсон шалтгаан нь Удирдах зөвлөлөөс 1 ажилтанг ажлаас халах чатыг ирүүлснийг ажлаас халах тушаал гарга гэж ойлгосон. ******* СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулахын тулд өмнө явагдаж байсан ажиллагаанаас өөр хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, оршин суугчдын эрх ашгийн төлөө цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах санал гаргаж, өөрийн эрх мэдлийн хүрээнд ажилчидтайгаа ярилцахад ажилчид санал нийлээгүй, нэг ажилтан ажлаасаа гарна гээд явсан. Үүнийг ажилтанг дур мэдэн ажлаас халсан гэж ажлаас халах үндэслэлээ болгосон байсан.

1.3. Ажиллах хүнгүй байсан тул өөрийн охины хамт 4 орцыг чадахаараа цэвэрлэсэн. Улмаар охиндоо ажил хийх бол гэрээ, контракт байгуулдаг гэж эх хүний хувьд зөвлөгөө өгч, ажлын байран дээрх ноорог гэрээг харуулсан. Уг гэрээний дагуу өөрийн хүүхдэд цалин мөнгө олгож байгаагүй, түүнийг үйлчлэгчээр ажилд авсан зүйлгүй. Уг гэрээнд байгууллагын тамга, тэмдэг дараагүй, гэрээг ашиглаагүй, өөрийн хүүхдийг эрх мэдлээ ашиглаж дур мэдэн ажилд авсан зүйл байхгүй тул эрх мэдлээ ашигласан гэж ажлаас халах үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй.

1.4. Өмнөх СӨХ-ны дарга ажлаа хийж чадаагүй учраа ******* СӨХ-ны мөнгийг хуримтлуулах зорилгоор засвар үйлчилгээтэй холбоотой мөнгийг өөрийн Төрийн банкны дансандаа хийсэн. Ажилд орохоос өмнө 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* СӨХ-ны дансанд 506,000 төгрөгийг 10в байрны 69 тоотын 11 сарын төлбөр гэсэн утгаар төлсөн. Гэтэл СӨХ-ны мөнгийг авдаг банкны хуулганд манайхыг өртэй гаргасан тул лавлахад сар бүрээр нь нэг бүрчлэн программд өөрчлөлт оруулдаг учраас нэг ч мөнгөн дүн зөрүүлж болохгүй, энэ харагдаж байгаа мөнгөн дүнгээр албан тоот бичнэ гэсэн учраас банкинд хүсэлтээ бичиж өгсөн болохоос мөнгө буцааж олгох талаар хүссэн зүйлгүй. Үүнийг ******* СӨХ-ны удирдах зөвлөлөөс намайг эрх мэдлээ ашиглаж СӨХ-д төлсөн мөнгөө эргүүлж авахыг оролдсон гэж гүтгэсэн.

Иймд ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 10 сарын хугацааны үндсэн цалин 800,000 төгрөгх10сар=8,000,000 төгрөг, нэмэгдэл 100,000 төгрөгх10 сар=1,000,000 төгрөг, энэ хугацаанд төлөгдөх байсан нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар 192,000 төгрөгх10 сар=1,920,000 төгрөг, амаржихаас өмнөх 2 сарын, төрсний дараах 2 сарын тэтгэмж 800,000 төгрөгх4 сар =3,200,000 төгрөг, нийт 14,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.С*******этэй 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар ажиллуулах болсон. Тэрээр ажиллах хугацаандаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зохицуулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, дүрэм зэрэг хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн тул 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Удирдах зөвлөлийн хурлаар гүйцэтгэх захирал Э.С*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.3-т холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах гэж заасны дагуу мөнгөн хөрөнгийг зарцуулах ёстой байтал хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа мөнгө завшсан.

2.2. СӨХ-ны бараа бүтээгдэхүүний худалдан авалтын НӨАТ-ын баримтыг байгууллагын регистрээр бүртгүүлэхгүй, хувь хүнээр бүртгүүлдэг зөрчил удаа дараа гаргаж байсан. Э.С*******этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-д хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангаж ажиллах үүрэгтэй гэсэн заалтыг удаа дараа зөрчиж, ******* СӨХ-д ажиллаж байсан ажилтнуудтай зүй бусаар
харьцдаг, худлаа зүйл зохион ярьж хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг, элдэв зүйлээр дарамталж ажлын байрны дарамт үзүүлдэг зэрэг байдал нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Тус СӨХ-ны 3 үйлчлэгчийг хууль бусаар ажлаас халж, энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан бөгөөд энэ талаар гурван үйлчлэгч нь Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд хандаж гомдол гаргасан. Тэднийг ажлаас халсан гэх хуульд заасан шаардлага хангасан тушаал шийдвэр гаргаагүй. Мөн үйлчлэгч байхгүй байх хугацаанд өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй О.М*******тэй хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн. Гүйцэтгэх захирлын эрхээ урвуулан ашиглаж, өөрийн амьдардаг 10в байрны 3 дугаар орц, 69 тоотын СӨХ-ны төлбөр болох 2022 оны 1-12 сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй байсан ба энэ 558,608 төгрөгийг хасалт хийлгэхээр Төрийн банкинд хүсэлт илгээж, буцаан авахыг завдсан зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан.

2.3. Нэхэмжлэгч шаардлагатай тохиолдлоос бусад үед ажлын байран дээр байдаггүй нь СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Түүнчлэн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тамга тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх үүрэгтэй атал тамга тэмдэг өгөхгүй СӨХ-ны үйл ажиллагаа доголдсон. Энэ хугацаанд СӨХ болон оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, ажилчдын цалин хөлс, тог цахилгаан, хог, цэвэрлэгээний материал, нийгмийн даатгал, татвар, улирлын тайлан гэх мэт тогтмол хийгддэг ажлууд бүрэн зогссон. Тогтмол зардлаас бусад худалдан авалт, ажил үйлчилгээний төлбөрийг Удирдах зөвлөлийн дарга, гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдэж байх гэдэг шаардлагыг зөрчин, дур мэдэн худалдан авалтуудыг хийсэн. Эдгээр байдлаас болж Э.С*******этэй ******* СӨХ цаашид хамтран ажиллах боломжгүй, ёс зүйн болон ур чадварынхаа хувьд тэнцэхгүй гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5 дахь заалт болон хөдөлмөрийн гэрээний 5.2-д зааснаар гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Э.С*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С*******ийг ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* СӨХ-ноос ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,636,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С*******эд олгож, хариуцагч ******* СӨХ-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,483,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.С*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* СӨХ-ноос 137,129 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ...2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл энэхүү хугацаанд нэхэмжлэгч нь жирэмсэн байсан бөгөөд хүүхдээ төрүүлсэн болохыг шүүх дүгнээгүй. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т Эхэд жирэмсний амралт болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно гэж заавал жирэмсэн болон амаржсаны амралтыг 4 сарын хугацаатай олгохоор заасан. Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ачит Мед эмнэлгийн жирэмсний эход харуулсан баримтын эх хувийг ирүүлсэн. Тус баримтаас үзэхэд төрөх өдрийг 2023 оны 08 сарын 26-ны өдөр гэж тооцоолсон байх тул дээрх ажилгүй байсан хугацаа гэдэгт хуульд заасан заавал олгох ёстой амралтын 4 сарын хугацаа хамарч байна. Нэхэмжлэгч нь ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэхдээ жирэмсэн байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөөгүй ердийн журмаар ажиллаж байсан тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн жирэмсний амралтаа хуульд зааснаар заавал авах учиртай буюу энэ хугацааны цалин хөлсийг шаардах эрхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн төрсөн охин гэх О.М*******ийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Тус хүсэлтийг шүүхээс хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хангахаас татгалзсан. Гэтэл маргаан бүхий ажлаас чөлөөлсөн тогтоол болох ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар тогтоолын 2-т чөлөөлөгдөх болсон үндэслэлүүдийн жагсаалт, ажилчдын гомдлыг тогтоолын ард хавсаргасугай гээд хавсралтын 3-т СӨХ-ны ажилтнуудыг дарамталж, үг хэлээр доромжлон 3 үйлчлүүлэгчийг ажлаас халсан. Орны хүнийг нь олоогүй байж дур мэдэн хөдөлмөрийн зөвшөөрөгдөх насанд хүрээгүй хүүхдийг хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан орц цэвэрлүүлэн тэвчишгүй хөдөлмөр хийлгүүлсэн гэж зөрчлийг тодорхой дурдсан байна. Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн охин О.М*******д илт давуу байдлыг бий болгож, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, цалин хөлс болох 30,000 төгрөгийг шилжүүлсэн. Маргаан бүхий тогтоол үндэслэлтэй эсэхийг хөдөлбөргүй тогтоохын тулд хөлсөөр ажиллагч О.М******* нь насанд хүрсэн эсэх, нэхэмжлэгчийн төрсөн охин мөн эсэх үйл баримтыг тогтоох шаардлагатай бөгөөд үүнийг нотлох төрсний гэрчилгээ нь хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

4.3. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Б.М*******, Т.Г*******, Б.М******* нарыг ажлаас халсан байдаг. Тухайн ажилчид ******* СӨХ-ны удирдах зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлд нэхэмжлэгч Э.Соёл- Эрдэнийн ёс зүйн алдаа зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан талаар тодорхой дурдсан. Мөн энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.г-д хариуцагчаас татгалзлын үндэслэл болгож буй хөлсөөр ажиллуулах гэрээ, мессенжер, огноо, тамга, гарын үсэггүй Төрийн банк-д гаргасан хүсэлт, Б.М*******, Т.Г*******, Б.М******* нарын гомдол зэрэг баримтаар тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна гэж шүүхээс үзсэн. Тодруулбал шүүхээс тус үйлчлэгч нарын гаргасан гомдлыг нотлох баримт гэж үзэж, дүгнэлт хийсэн байна. Гэтэл хэргийн нотлох баримт гэдэгт хэргийн зохигч бус этгээдийн гомдол, тайлбар хамаарахгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хүн байгаа тохиолдолд тухайн хүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь хэсэгт заасны дагуу хууль сануулсны үндсэн дээр гэрчээр асууж, түүний мэдүүлгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж байж шаардлага хангахаар байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх болсон нэхэмжлэгч О.С*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтын хүчинтэй хугацаа 30 хоног байх ба нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд баримтын хүчинтэй хугацаа дууссан байна. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг харгалзан үзэлгүйгээр, харицагчийн олж авах боломжгүй нөхцөл байдал, баримтыг судлан үзэлгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн талын гаргаж өгсөн баримтад зөвхөн тулгуурлан дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг игүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

4.4. Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар болон шүүхэд хандахдаа хариуцагчаар ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Л.И*******ийг татсан байна. Хуульд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхтэй бөгөөд анхнаасаа ******* СӨХ буюу хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг биш, Удирдах зөвлөлийн даргыг тодорхойлсон. Харин шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагчаар ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга байсныг ******* СӨХ болгон өөрчилсөн. Үүнээс үзэхэд хариуцагчаар ******* СӨХ-г татахдаа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын №5 дугаар тогтоолоор албан үүргээсээ чөлөөлөгдөж, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг тогтоолыг гүйцэтгэх захирлын ажлын өрөөнд ажилтнуудын дунд хүлээж авсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан байна. Үүнээс үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг гомдол гаргах хугацаа дууссанаас 10 хоногийн дараа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж шүүхээс үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн гомдолд хүчин төгөлдөр бус, хугацааны талаар дурдсаныг ойлгоогүй. Би мэргэжлийн хүмүүсийн зааврын дагуу хүчинтэй хугацаандаа гомдол, нэхэмжлэл гаргаж байсан. Намайг ажлаас халагдахад оршин суугчид миний хийж байсан үйл хэргийг дэмжиж байсан. Хүүхдэдээ мөнгө олгосон байна гээд баримт өгсөн байсан.Гүйлгээний утга нь орцны 10 гэрэл, 2 прожектор зоолгов гэсэн утгатай О*******ын М******* гэсэн данс руу хийсэн 30,000 төгрөгийн баримт байсан.

Би Удирдах зөвлөлийн дарга Л.И*******ийн төлбөр мөнгө гаргахдаа зөвшөөрөл авч байгаарай гэсэн зааврын дагуу ажиллаж байсан. Ажил хийж байх хугацаандаа Л.И*******ийн заавраар хотхонд ажил хийх мужаан, аж ахуйч хүн байна уу, зохих хэмжээний хөлс мөнгө өгнө гэж зар оруулж байсан. Шүүх бүх баримтыг хүчин төгөлдөр мөн эсэхийг шалгасан. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Э.С*******э нь хариуцагч ******* СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нэмэгдэл хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, амаржсаны болон төрсний дараах тэтгэмж зэрэгт нийт 14,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Э.С*******ийг гүйцэтгэх захирлаар томилж, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Улмаар ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлын эрх үүргээ хэтрүүлэн ашигласан, ёс зүйн ноцтой алдаанууд гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 7-8, 25/

4.1. Тодруулбал, дээрх тогтоолын хавсралтад тогтмол зардлаас бусад худалдан авалт, ажил үйлчилгээний төлбөрийг Удирдах зөвлөлийн дарга, гишүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр шийдэж байх гэсэн аман шаардлагыг зөрчин дур мэдэн худалдан авалтуудыг хийсэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т Холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах гэж заасныг зөрчиж хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа мөнгө завшсан, СӨХ-ны ажилтнуудыг дарамтлан ажлаас халсан, насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсэн, өөрийн эрх мэдлээ ашиглан СӨХ-д төлсөн холбооны төлбөр болох 558,608 төгрөгийн хасалт хийлгэхийг завдсан, СӨХ-ны ажилтнуудаас Удирдах болон Хяналтын зөвлөлд гомдол гаргасан, СӨХ-ны худалдан авалтын НӨАТ-ын баримтыг байгууллагын регистрээр бүртгүүлээгүй, ор үндэсгүй баримтгүй худал зүйл зохиож ярьсан, удирдах, удирдуулах зарчимд суралцаагүй, ажлын туршлага муутай, өөрийнхөөрөө аашилдаг зэрэг дутагдлуудыг гаргасан гэжээ.

4.2. Гэтэл ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаартай тогтоолын хавсралтад заасан зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхаас гадна ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болохыг уг тогтоолд баримтлаагүй байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх Э.С*******ийг ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

4.3. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн цалинг 800,000 төгрөгөөр тогтоосон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалинг 800,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байхаас гадна ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 7,636,230 төгрөгийг хариуцагч ******* СӨХ-ноос гаргуулан нэхэмжлэгч Э.С*******эд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

5. Хариуцагчийн төлөөлөгч ... нэхэмжлэгч цалин хөлс гаргуулахаар тодорхойлсон хугацаанд тэрээр жирэмсэн байсан бөгөөд нэхэмжлэгчийн төрөх өдрийг 2023 оны 08 сарын 26-ны өдөр гэж тооцоолсон байх тул дээрх ажилгүй байсан хугацаа гэдэгт хуульд заасан заавал олгох ёстой амралтын 4 сарын хугацаа хамаарч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

5.1. Нэхэмжлэгч дээрх хугацаанд жирэмсэн байсан, улмаар хүүхэд төрүүлсэн боловч хариуцагч байгууллага түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх нөхцөл бүрдээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

6. Хариуцагчийн төлөөлөгч ...О.М*******ийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хангахаас татгалзсан, Б.М*******, Т.Г*******, Б.М******* нарыг гэрчээр асуугаагүй, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

6.1. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчөөс охин О.М*******ийн төрсний гэрчилгээний хуулбар гаргуулах хүсэлтийг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2023/11014 дугаартай захирамжаар хэрэгт хамааралгүй гэж дүгнэн, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу биш байна. Мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Б.М*******, Т.Г*******, Б.М******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаагүй тохиодолд шүүх санаачилгаар гэрч асуух үүргийг хуулиар хүлээгээгүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна. Дээрх үндэслэлийн хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Хариуцагчийн төлөөлөгч ... нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдол гаргажээ.

7.1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийг анх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байх ба  шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/03194 дугаар захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тус хорооны хуралдааны 2023 оны 02 сарын 20-ны өдрийн №26 тэмдэглэл гарснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.

7.2. Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг хүлээн авснаас хойш 2023 оны 02 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэхгүйгээр шүүхэд хандах боломжтой байжээ. Иймд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/05579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* СӨХ-ны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 137,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ