Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 239

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 20-23 тоотод оршин суух Жалайр овогт Даваасүрэнгийн Бямбаабаатар /РД: ДЗ86071919/, Жалайр овогт Даваасүрэнгийн Жавзандулам /РД: ДЗ84101508/ нарт холбогдох 
2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн 22.902.131,49 төгрөг, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715,49 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 276.444 төгрөг, зээлийн гэрээ нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын  01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ханджав, хариуцагч Д.Жавзандуламын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
                                       ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Даваасүрэн овогтой Бямбаабаатар /РД: ДЗ86071919/, хамтран үүрэг гүйцэтгэгч Даваасүрэн овогтой Жавзандулам /РД: ДЗ84101508/ нар нь 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200007271 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7%-ийн хүүтэй холимог зориулалтаар авсан. Зээлдэгч нь 1200007271 тоот зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Д.Бямбаабаатар болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Жавзандулам нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. 1200007271 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 145 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрсдийн өмчлөлийн 1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Тоосгоны үйлдвэрийн зүүн хойд талд байрлах 200 м.кв талбайтай байр, Ү-0518001816
2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13-2-13 тоотод байрлах Ү-0518000646, 31 м.кв байр
3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг Баяншанд байрлах Ү-0518001001, 33 м.кв байр
4.Эзэмших эрхтэй газар, Баяншанд баг Тоосгоны үйлдвэрийн зүүн талд №0360592, 641.5 м.кв зэргийг барьцаалсан. 
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1. 2016 оны 05 сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 22.902.131,49 төгрөг, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг байгаа ба Зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 276.444 төгрөг, зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү. 2. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ханджав нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даваасүрэнгийн Бямбаабаатар, хамтран зээлдэгч Даваасүрэн овогтой Жавзандулам нарт 2012 оны 08 дугаар сарын 30-нд 50.000.000 төгрөгийн 60 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй төслийн зээлийг манай банкнаас авсан. Зээлдэгчийн тухайд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байгаа. Шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, болон барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоос гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн төлбөр 22.902.131, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715 төгрөг, тэмдэгтийн хураамж, нотариатаар батлуулсан төлбөрийг зээлдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Даваасүрэн овогтой Бямбаабаатар /РД: ДЗ86071919/ миний бие нь өөрийн эгч Даваасүрэн овогтой Жавзандулам /РД: ДЗ84101508/ бид 2012 оны 08 сард Хас банкнаас 50.000.000 төгрөгийн зээлийг авсан. Өнгөрсөн хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан ба одоо үлдэгдэл 23.698.715,49 төгрөг байгаа. Миний бие нь эрхэлж байсан аж ахуйн үйл ажиллагаа бүрэн зогссон ч “Алтайн Хүдэр” ХХК-д ажиллаж зээлээ төлж байсан. Өнгөрсөн оны 09 сард ажиллаж байсан компаний ажил бүрэн зогссон. Хас банк ирж уулзахад хугацаа хэтэрсэн зээлийг төлнө гэдгээ удаа дараа хэлж байсан. Миний бие нь үлдэгдэл мөнгийг бөөнөөр төлж чадахгүй ба хугацаа хэтрүүлсэн саруудын төлбөрийг бүрэн барагдуулж, үлдсэн зээлийг сар сард нь хийх хүсэлтэй байгаагаа уламжилж байна. Сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлсэн нь миний буруутай үйлдэл бөгөөд цаашид зээлийн хугацаа дуустал сар сард нь хугацаа хэтрүүлэхгүй төлж дуусгах хүсэлтэй байна. Уг зээл нь 2017 оны 11 сард дуусах хүртэл бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хас банкны Говь-Алтай салбар нь Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нарт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн 22.902.131,49 төгрөг, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715,49 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 276.444 төгрөг, зээлийн гэрээ нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны хүү, болон барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоос гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нар нь Хас банкны Говь-Алтай салбараас холимог зориулалтаар 50.000.000 сая төгрөгийг 60 сарын хугацаатай авсан болох нь 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1200007271 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн  гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1200007271 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 5.1.4-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардахаар заажээ.
Зээлдэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээл, хүүгийн эргэн төлөлтийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Зээлдэгчийн тухайд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн...” гэх тайлбар, зээл буцаан төлөх хуваариар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “...одоо үлдэгдэл 23.698.715,49 төгрөг байгаа. Хас банк ирж уулзахад хугацаа хэтэрсэн зээлийг төлнө гэдгээ удаа дараа хэлж байсан. Миний бие нь үлдэгдэл мөнгийг бөөнөөр төлж чадахгүй ба хугацаа хэтрүүлсэн саруудын төлбөрийг бүрэн барагдуулж, үлдсэн зээлийг сар сард нь хийх хүсэлтэй байгаагаа уламжилж байна. Сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлсэн нь миний буруутай үйлдэл бөгөөд цаашид зээлийн хугацаа дуустал сар сард нь хугацаа хэтрүүлэхгүй төлж дуусгах хүсэлтэй байна. Уг зээл нь 2017 оны 11 сард дуусах хүртэл бүрэн төлж барагдуулах болно...” гэх тайлбар, хариуцагч Д.Жавзандуламын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн “...Хасбанкнаас нэхэмжилсэн үндсэн төлбөр 22.902.131, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин нотариатын төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбарыг хариуцагч нараас ирүүлсэн байгаа. Зээлийн төлбөрийн үндсэн мөнгийг төлж барагдуулна. Энэ мөнгийг бөөнөөр нь төлөх боломжгүй цувуулаад төлөх боломжтой байгаа...” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. 
Иймд хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нараас 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн 22.902.131,49 төгрөг, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт нөхөн төлүүлэх шүүхийн зардал гэдэгт шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал, эд мөрийн баримт хадгалах зардал, гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардлыг тус тус ойлгохоор заажээ.
Өөрөөр хэлбэл нотариатын зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй байна.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Хариуцагч Д.Бямбаабаатарт 2016 оны 07 дугаар сарын 07, 17-ны өдөр, хариуцагч Д.Жавзандуламд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.444 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нараас 23.698.715,49 төгрөгийн тэмдэгтийн хураамж 276.444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 1200007271 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн 22.902.131,49 төгрөг, хүү 779.710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.874 төгрөг, нийт 23.698.715,49 төгрөгийг хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нараас гаргуулж Хас банкны Говь-Алтай салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг нотариатаар батлуулсны төлбөр 50.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.444 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам нараас 23.698.715,49 төгрөгийн тэмдэгтийн хураамж 276.444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ