| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 0496 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 0496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Э.Гэрэлмаа
хохирогч : Ж.Ш
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Х.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Х М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906012520591 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч овогт Х М,19 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Сургуулийн тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Х.М нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн дугаар хороо Сургуулийн тоотод буюу гэртээ гэр бүлийн харилцаатай эхнэр Ж.Ш том охиныг хөдөө явууллаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар галын төмөр хайчаар цохиж эрүүл мэндэд цээж, зүүн өгзөг,зүүн гуя, шилбэний няцрал, зүүн 4,5 дугаар хурууны орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ганцаараа пиво уугаад байж байсан. Хадмууд манай том охиныг хөдөө сургана гээд аваад явсанаас болж би дургуйцэж, бид хоёр маргалдсан. Би галын хайчаар хоёр цохьсон. Миний буруу. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Хохирогч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дунд сургуулийн амралт болоод том охиноо хөдөө өгч явуулсан. Охин өөрөө эмээ өвөөгийндөө байна гэж шийдсэн. Гэтэл гэнэт хүүхдээ явууллаа гэж уурлаад маргалдсан. Өмнө нь намайг ажилтай байхад гэрт хүмүүс ирж архи уугаад том охиныг энэ танай аав биш чи энд байх шаардлагагүй гэж хэлснээс болж охин гомдоод гэртээ байхгүй гэж шийдсэн. Би энэ хэргээс болж 14 хоног листтэй байсан. Одоо ажлаа хийж байгаа. Гомдол санал байхгүй. Манай нөхөр ажил хийдэггүй. 3 хүүхдийн минь аав юм чинь гомдолгүй гэж хүсэлт бичсэн. Ер нь байнга ууж, хэцүү байдаг. Өнгөрсөн 7 сард мөн гар хүрсэнээс болж цагдаагийн байгууллагад хандаж байсан. Өөрөө тухайн үед гэмшиж байна, дахиж ингэхгүй гэхээр нь би гомдлоо буцааж авч байсан гэв.
Шүүгдэгч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо сургуулийн тоотод гэртээ би ганцаараа том савтай Нийслэл пиво уугаад эхнэр Ж.Ш чи надад хэлэлгүй том охин Г хөдөө явуулсан байна гэж маргалдаад гуя хэсэгт нь галын төмөр хайчаар 2 удаа цохиж, гуя, зүүн шилбэ хэсэгт нь гэмтэл учруулсан. Би өмнө нь 2018 онд эхнэрээ зодсон гэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ. /хх-ийн 11/
Хохирогч Ж.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 10-ний өглөө манай нөхөр Х.М гэртээ ганцаараа 1 литрийн пиво уугаад намайг чи том охин Г хөдөө явуулсан байна гээд хэрүүл хийгээд байхаар нь би өөрөө ирэхгүй гээд байгаа юм чинь яах юм. Ээж дээр хөдөө байж л байг гэж хэлсэн. Тэгээд би ээж хотод ирж байгаа гэсэн хүүхдийнхээ хувцас хунарыг өгч явуулна гэтэл уурлаад байсан. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ аваад унтаад өгсөн. Шөнийн 01.00 цагийн орчимд нөхөр гэнэт бахираад намайг унтаж байхад сэрээгээд чи хүүхэд өгч явууллаа гэхээр нь би ирэхгүй байгаа хүүхдийг яах юм гэж хэлсэн чинь чи хүүхэд авч ир эсвэл надад зодуул гээд байсан.Тэгээд галын төмөр хайч аваад миний баруун талын хөлний гуя хэсэгт нэг удаа цохиж миний нуруу, өгзөг, баруун хэсэгт бас цохисон. Бид нарыг манай хүргэн болох М салгасан. Манай нөхөр өмнө нь намайг байнга зодож байсан. Бид хоёр гэр бүл болоод 11 жил болж байгаа юм. Ш.Г бол миний дагавар охин юм гэжээ. / хх-н 3-6/
Гэрч Л.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ма гэх залуу манай гэрт 2008 онд хүргэн болж миний том охин Ж.Ш гэр бүл болж 2-13 насны нэг хүү, гурван охинтой болсон. М амьдрах хугацаандаа ажил төрөл хийж байгаагүй. Манай охин л ажил төрөл хийж амьдралаа авч яваа. М гэртээ хүүхдээ харж архи ууж л байдаг байх. Миний охиныг байнга зоддог. Би хөдөөнөөс ирээд М байхдаа том охиныг нь ээж, аав хоёр нь өсгөөд өгий хөдөө аваад явий гэхэд М ээжээс нь асуу гэсэн. Манай охин болохоор тэгий гэсэн юм. Гэтэл М манай охиныг хүүхдээ авчир гэж хайчаар зодсон байна. М их муу санаатай дандаа эхнэрээ ганцаараа байхдаа зоддог юм байлаа гэжээ. /хх-н 7-9/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 12/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 25 тоот шинжилгээ Дүгнэлт:
1.Ж.Ш цээж, зүүн өгзөг, зүүн гуя, шилбэний няцрал, зүүн 4,5 дугаар хурууны орчмын зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.
3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ. /хх-ийн 13/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14-15/
Х.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/
Х.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 16/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 18-21/
Х.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 22/, прокурорын тогтоол /хх-н 23-24/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/ зэрэг болно.
Х.М нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн тоотод буюу гэртээ гэр бүлийн харилцаатай эхнэр Ж.Ш том охиныг хөдөө явууллаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар галын төмөр хайчаар цохиж эрүүл мэндэд цээж, зүүн өгзөг, зүүн гуя, шилбэний няцрал, зүүн 4,5 дугаар хурууны орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … хүүхдээ явууллаа гэж уурлаад маргалдсан. Өмнө нь намайг ажилтай байхад гэрт хүмүүс ирж архи уугаад том охиныг энэ танай аав биш чи энд байх шаардлагагүй гэж хэлснээс болж охин гомдоод гэртээ байхгүй гэж шийдсэн. Би энэ хэргээс болж 14 хоног листтэй байсан. Одоо ажлаа хийж байгаа. Гомдол санал байхгүй. Манай нөхөр ажил хийдэггүй. 3 хүүхдийн минь аав юм чинь гомдолгүй гэж хүсэлт бичсэн. Ер нь байнга ууж, хэцүү байдаг. Өнгөрсөн 7 сард мөн гар хүрснээс болж цагдаагийн байгууллагад хандаж байсан. Өөрөө тухайн үед гэмшиж байна, дахиж ингэхгүй гэхээр нь би гомдлоо буцааж авч байсан гэсэн мэдүүлэг, Х.М галын төмөр хайчаар цохисоноос болж Ж.Ш биед цээж, зүүн өгзөг,зүүн гуя, шилбэний няцрал, зүүн 4,5 дугаар хурууны орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... эхнэр Ж.Ш чи надад хэлэлгүй том охин Ганцэцэгийг хөдөө явуулсан байна гэж маргалдаад гуя хэсэгт нь галын төмөр хайчаар 2 удаа цохиж, гуя, зүүн шилбэ хэсэгт нь гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Х.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Х.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт Х М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.М 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Х.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН