Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00572

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00572

 

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00229 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: О ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: цалин, хөлс 4,527,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , хариуцагчийн өмгөөлөгч З. а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 С.Б нь О ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу 1 гарахдаа 12 цагаap ажиллаж, мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу 1 ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Гэтэл ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байна.

1.2 Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь С.Бын илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 10 дугаар сарын 7,676,506 төгрөг, 11 дүгээр сарын 6,502,117 төгрөг, 12 дугаар сарын 13,828,035 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 53,893.69 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 4,527,070 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны 1 ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй.

2.2 Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Тиймээс нэхэмжлэлд дурьдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэсэн нь үндэслэлгүй. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа.

2.3 Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэвч нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.4 Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сард ажилд орсон бөгөөд тухайн үед хөдөлмөрийн нөхцөл, дотоод журам зэргийг танилцуулан зөвшөөрсний үндсэн дээр ажилд орсон.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бын хариуцагч О ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн хөлс 4,527,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх ажилтныг 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан ажил амралтын хугацааг ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн. Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.

4.2 Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 94.4 дэх хэсгийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй, харин илүү цагийн хөлсийг тооцуулах авах эрх үүссэн.

4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 94.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ мөн зүйлийн 92.3 дахь хэсэгт илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй.

4.4 Мөн дээрх хуулийн зохицуулалтууд нь ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээсээ хол уул уурхайд ажиллаж байгаа хүн 8 цаг ажиллаад миний ажил дууслаа гээд явах боломжгүй. Хуулиар 12 цагаас илүүгүй байна гэдгийг зөвшөөрсөн. Мөн ажил, амралтын цагийн горимыг 14 хоног амраад 14 хоног ажиллана гэж хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баталсан.

5.2 Уг журмын 1.6-д хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 хоног, дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэсэн. Эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 2.3-т зааснаар 1 дүгээрт хууль, 2 дугаарт хэм хэмжээний акт орж байгаа. Уг акт хүчинтэй, уг актад ажилтны дундаж цалин хөлс гэж заасан болохоос уртын ээлжинд хамаарахгүй гэж хуульчлаагүй. Үүнээс дүгнэхэд ажилтны сарын дундаж цалин 168 цагаар тооцогдоно. О ХХК-ийн хувьд хууль болон журамд нийцүүлж дотоод хэм хэмжээ болох Ажлын цагийн журам, Цалин хөлсний журмуудыг баталсан. Тухайн журмууддаа уртын ээлжээр ажиллах ажилтны сарын ажлын цаг 168 байна, 168 цагаас дээш гарсан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно гэж заасан. Уртын ээлжээр ажиллах ажилтны хувьд 14 хоногт 12 цагаас илүүгүй ажиллахад 168 цаг ажиллахаар байгаа. Энэ нь сайдын тушаалаар батлагдсан журам, түүний дагуу батлагдсан 2 журамд нийцсэн, хууль зөрчөөгүй.

5.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасны дагуу 12 цагаар ажиллаж байгаа ажилтан сард 168 цаг ажиллаад мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг баримталбал 14 хоногт 88 цаг илүү ажиллах харагдаад байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол мөнгө авъя гэж байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн хэрэглээний хувьд маргаан гараад байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн суурь урьдчилсан нөхцөл нь нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгоно. Компанийн зүгээс амраасан гэсэн үндэслэл гаргаж байгаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагын дагуу ердийн ажилтан шиг 8 цаг ажиллах ёстой гэсэн хатуу байр сууринаас хандах юм бол 14 хоног ажилласан ажилтан нь 14 хоног амраад нэмээд 11 хоног нийт 25 хоног амраад 6 сар тутамд 150 хоног амраад, 1 жилд 300 хоног амрах дүр зураг харагдаж байгаа.

5.4 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ч хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сараар тооцож цалин хөлсийг олгодог. Шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хөдөлмөрийн гэрээнд ажлын цагаар тусгайлан заасан. Ийм байдлаар ажилласан байдаг. 2022 оны 01 дүгээр сараас хойш ийм байдлаар ажиллаад ямар нэгэн гомдол санал гаргаагүй атлаа 1 жилийн 1 сарын дараа 2023 оны 02 дугаар сард гомдол санал гаргаж байгааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна.

5.5 Нэхэмжлэгчийн зүгээс уурхайд ажилласан бүх ажилтнуудтай сар болгон адилхан ажилласан юм шиг байдлаар 10 дугаар сард 176 цаг, 11 дүгээр сард 168 цаг, 12 дугаар сард 176 цаг гэдэг байдлаар нэхэмжилсэн. Үүнийгээ тайлбарлахдаа тухайн сарынх нь өдрөөр тооцсон гэж байгаа. Гэтэл бодит байдалд нэхэмжлэгч 10 дугаар сард 176 цаг ажиллаагүй, байгууллагаас гаргаж өгсөн 84 цаг ажилласан гэх баримтын талаар маргаагүй. Адилтгаж хийсвэр байдлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 168 цаг илүү ажилласан нэмэгдэл хөлс 4,527,070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. /1хх 28-41/ Гэрээний дагуу ажилтан С.Б нь ажил олгогч О ХХК-д Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператораар өдөрт 12 цаг ажиллаж, 12 цаг амарч буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа үйл баримт болон талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

4. Ажилтан С.Б нь ажил олгогч О ХХК-иас илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт зааснаар нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Мөн зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг мөн хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно.

5.1 Нэхэмжлэгчийн ажиллаж буй хөдөлгөөнт хHүнд машин механизмын операторын ажлын байрны тодорхойлолтын 1.9-д зааснаар ажил амралтын хуваарь 14/14 байх бөгөөд мөн тодорхойлолтын 1.10-т зааснаар нэг өдөр ажиллах цаг 8+4 байх талаар тус тус заасан байна /2хх 99/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж буй ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэсэн байна. Уртын ээлжээр ажиллуулах горимын хувьд мөн зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар тухайн 12 цагийн 4 цагийг уртасгасан цагт хамааруулан тооцно. Энэ нөхцөлд ажил олгогч нь мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу ажилтанд илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. Ийнхүү ажил олгогчоос ажилтанд илүү цагийг тооцож нэмэгдэл олгох урьдчилсан нөхцөл нь илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй байх явдал юм.

5.2 Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтанг өдөрт 12 цаг буюу 4 цаг илүү ажиллуулсан атлаа нөхөн амруулаагүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжид 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 87,383 төгрөг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасанд нийцээгүй байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын орлогоос 87,383 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,383 төгрөг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН