| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0062/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э-ны Г-өд холбогдох эрүүгийн 18100 0069 0787 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Сэрчмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 8-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Э-ны Г- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Г 2017 оны 12 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хамтран амьдрагч З.Л-тай маргалдан, улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулахдаа энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би Хятадын мах боловсруулдаг үйлдвэрт ачигч хийж байгаа. Сарын 700.000-900.000 төгрөгийн цалин авдаг. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Хэрэг гарах үед хохирогч З.Л-тай хамтран амьдрагчийн харилцаатай байсан. 1 жил гаруй хамт амьдарсан. Тэр өдөр хохирогч гэрээ цэвэрлэхгүй архи уугаад, утсаа салгачихсан байсан. Нилээн их архи уусан байсан. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Машинаас үсэрч буухад өвдөг нь халцарсан. Мөн би түлхээд машины хаалгыг мөргүүлэхэд хамар нь халцарсан. Хохирогчиийг дагуулж эмнэлгээр явсан. Ойролцоогоор эмчилгээний төлбөрт 400.000-500.000 төгрөг зарцуулсан. Өмнө нь хамтран амьдрагчаа дарамталдаг болон бие эрх чөлөөнд халдаж байсан асуудал байхгүй. Одоо хохирогчтой холбоогүй болсон. Урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, захиргааны зөрчил гаргасан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0069 0787 дугаартай хэргээс:
1. Хохирогч З.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-310 тоотод эх Алтанцэцэгийн хамт оршин суудаг байсан юм. Сүүлийн жилүүдэд ганцаараа байр түрээслэж амьдардаг байсан. 2016 оны 09 дүгээр сард Энхтайваны Г гэх залуутай танилцсан. Бид хоёр танилцаад хэсэг уулзаж байгаад нэг гэрт орсон ба 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Нисэхийн байр дундах Улаан царам гэх нэртэй газар нийтийн байр түрээслэн амьдрах болсон. Э.Г архи их уудаг, уухаараа агсам согтуу тавьдаг болсон. Архи уухаа больчих гэхээр болихгүй их хэцүү байдаг байсан ба 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр гэртээ байхдаа архи уугаад согтоод унтсан. Шөнө сэрээд тамхи нэхсэн.
Тухайн үед би тамхи байхгүй байна гэхэд Э.Г уурлаад “чи нөхөртөө яахаараа тамхи авдаггүй юм бэ” гээд надтай маргалдаж байгаад зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиж гэмтээсэн. Тэрнээс хойш архи уух болгондоо надад агсам согтуу тавиад дарамталж эхэлсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 25-ны үед санагдаж байна, Эрдэнэт хотод очиж үзэсгэлэн үзэж байгаад орой нь найзуудтайгаа зочид буудалд хонож байхдаа бас архи ууж, би нэмж архи уулгахгүй гэснээс болоод архины мөнгө нэхэж уурлан, намайг ариун цэврийн өрөөнд ороход араас дагаж орж ирээд хоолой боож ухаан алдуулах шахсан. Тухайн үед хамт явж байсан хүмүүс салгаж, гадаа гарах гэж байхад зочид буудлын үүдний хэсэгт заамдаж аваад гараараа нүүр, цээж рүү цохиж гэмтээж байсан.
Түүний дараа 2017 оны 03 дугаар сард би ӨМӨЗО-ны Улаан хот руу ажлаар явж, 2017 оны 06 дугаар сарын 09-нд ирсэн ба 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эрээн хотод Гтэй уулзсан. Манай хамаатны эгч тэр үед надтай хамт явж байсан бөгөөд бид 3 зочид буудалд архи уусан. Тэр үед мөн л Г нь намайг бусадтай хардаж нүүр, бие рүү цохиж зодсон. Г нь дээрх байдлаас гадна намайг маш их зодож, зовоож сэтгэлийн дарамтанд оруулж байна. Би 2017 оны 09 дүгээр сард түүнээс салахаар шийдэж уулзахгүй, тусдаа 3 сарын хугацаанд байсан ба би ээж Алтанцэцэгтэй хамт амьдарч байсан юм.
2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 04 цагт эгчийнхээ хүүхдийг харж өгчихөөд такси барьж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 15 дугаар гудамжинд байх найз Дөлгөөний гэрт очиж хонох гээд явж байтал гудамжинд Э.Г өөрийн машинтайгаа ирж зогсоод, таксины жолоочийг надтай хардаж дайрсан ба таксины жолооч тухайн үед эхнэртэйгээ явж байсан болохоор асуудал үүсгэлгүй больсон.
Тэр үед Г согтуу байсан ба намайг машиндаа суулгахаар нь би “хоёулаа одоо гэртээ хариад амаръя, чи согтуу машин бариад хэрэггүй” гэхэд “машиндаа бензин авна” гэж хэлээд ШТС-руу явж байгаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Янгир хайрхан” дэлгүүрийн хойд талын гудамж руу машинаа зогсоож байгаад намайг хардаж, үсдээд толгой, нүүр, цээж рүү олон удаа цохиж зодож байгаад машинтайгаа хөдлөн Био комбинат руу явсан. Морингийн даваа орох замд машиных нь бензин дуусаад унтарсан чинь тэр уураа надад дахин гаргаад намайг үсдээд цохиж, унагаад цээж рүү тийрч өшиглөөд, дахин машинаа асааж хөдлөх гэхээр нь би машинаас үсэрч буухдаа өвдгөө шалбалсан.
Г намайг буцааж машиндаа суулгаад Био руу гэртээ аваачиж байгаад үсдэж зодсон ба шөнөжингөө агсам тавьж байгаад унтахаар нь дүү рүүгээ утсаар ярьж хэлэхэд цагдаад мэдэгдсэн байсан. Одоо миний бие муу байна. Намайг Г хардалт болон мөнгөний хэрүүлээс болж маргалдан архи уух болгондоо агсам тавьж цохиж зоддог.
Намайг үсдэж байгаад нүүр, цээж, толгой руу гараараа хэд цохисон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Олон удаа цохисон, хамар, цээж, гар гэмтсэн мөн өвдөг шалбарсан. Г намайг хамтран амьдрах болсоноос хойш олон удаа цохиж зодож байна. Би урьд өмнө нь Гийн цохиж зодсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, одоо анх удаа хандаж байна. Э.Г архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Би шүүх эмнэлэгийн 1177 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө найз залуу Г хардалтын улмаас миний үснээс гараараа зулгааж үсдэж байгаад нүүр, цээж, толгой орчимд гараа атгаж байгаад 7- 8 удаа цохиж үүсгэсэн. Дараа нь машинаас чирч буулгаад үснээс зулгаагаад газарт чирэх үед өвдөг, гарын сарвуу хэсэгт зулгаралтууд үүссэн.
...Анх би мэдүүлэг өгөхдөө Э.Г-өд уурласандаа болоод хэтрүүлэгтэй зүйл ярьсан байна. Намайг тэгж сүртэй зодож, цохисон асуудал байхгүй. Залуу хосууд учир хэрэлдэж, маргалдах үе гардаг байсан. Би тухайн үедээ ч хамт архи уучихсан байдаг учраас зодож, цохих биш хоорондоо бие биенийгээ хардсаны улмаас маргалддаг байсан юм. Намайг Г 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө нэг л удаа зодсон нь үнэн. Э.Г надтай хамт амьдарч байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, бусадтай харилцахыг хязгаарлах, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэнд халдаж хүчирхийлж байсан удаа байхгүй. Харин хааяа архи уугаад согтохоороо л “янхан, гичий” гэж хэлдэг.
Би 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө зодуулчихаад эмнэлэгт очиж зургаа авахуулсан. Мөн тос авч түрхсэн, өвчин намдаах эм авч уусан бөгөөд энэ бүгдийг тухайн үед Э.Г мөнгийг гаргасан. Ойролцоогоор 150,000 төгрөг болсон. Э.Г мөнгийг бүгдийг нь гаргасан учраас би ямар нэгэн баримт аваагүй. Гөд гомдолгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сайн дураараа эвлэрсэн, гэхдээ одоо бид хоёр салсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 22-23х, 25х/,
2. Гэрч З.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө зодсон асуудлыг би мэднэ. Манай төрсөн ах Мөнхтөр эгчийг Биокомбинатад байх Э.Г-ийн гэрээс очиж авсан байсан. Тэгээд Цагдаа дээр ирэхэд нь би очиж эгчийн царайг харахад хамар нь халцарчихсан, гар гуя нь хөхөрчихсөн, үс гэзэг нь арзайчихсан байсан.
Урьд нь зодож цохиж байсныг би мэдэхгүй байна. Надад “зодууллаа, цохиуллаа” гэж манай эгч хэлж байгаагүй. Зодуулж, цохиулаад нүүр ам нь гэмтэж байгаагүй. Ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдлаа, зодууллаа гэж сонсогдож байгаагүй. Харин Э.Г хот хоорондын нийтийн тээврийн жолооч хийж байхдаа архи их уудаг байсан. “Архи уугаад гэртээ хонохгүй шоудаад явчихлаа” гэж эгч надтай ярихдаа хэлдэг байсан. Урьд нь манай эгчийг зодож цохиж байгаагүй. Одоо манай эгч Э.Г-өөс салчихсан. Уулзахгүй байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,
3. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө үүрээр 06 цагийн үед миний хүү Г “Морингийн даваа өгсөж яваад машины бензин дуусчихлаа” гэхээр нь би “харанхуй шөнө яаж бензин хүргэх вэ дээ” гэж хэлчихээд орноосоо босоод галаа түлж байтал удалгүй Г, Л хоёр хамт ороод ирсэн. Лын үс нь сэгсийчихсэн, согтуу хамар нь зулгараад цус гарчихсан, мөн гар нь шалбарчихсан байсан. Би юу болсон юм бэ гэж асуухад Л уйлаад, Г машинаас өөрөө бууна гээд үсрээд шалбарчихсан гэж хэлсэн.
Тэгээд Г унтаад өгсөн чинь Л би Гийг айлгах гээд машины хаалга онгойлгоод үсэрсэн чинь Г “хүн хэрэгт хийхнэ үү чи” гээд айх шинжгүй намайг машин руу оруулсан гэж хэлж байсан. Тэгээд би үхрээ саах гээд гэрээсээ гарсан бөгөөд 1 цаг орчмын дараа Лын дүү нь цагдаа дагуулж, гэрт хүрч ирээд миний хүүг аваад явсан. Би “юу болж байгаа юм бэ” гэхэд Л “би Гтэй одоо амьдарч чадахгүй, танай хүүхэд чинь намайг зодсон” гэхээр нь би “та нар өөрсдөө учраа ол” гээд явуулсан юм.
Л нь миний хүүтэй 2 жил шахуу найзалж амьдрах хугацаандаа байнга архи ууж, гэр орондоо ирэхгүй байдгаас болж миний хүү маргаан үүсгэдэг байсан. Тэгтлээ зодож, цохиж биед нь гэмтэл учруулж байгаагүй. Ер нь хоёулаа нийлж архи уусан үед нь хэрүүл болдог юм шиг байгаа юм. Эмэгтэй хүн архи уугаад, гадуур яваад байвал ямар ч хүн уурлах байх. Миний хүү тэрийг нь ойлгоод уучлаад л хамт амьдардаг байсан. Зодож цохиж байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1177 тоот дүгнэлтэд:
1. З.Л-ын биед баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, үзүүр, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 47х/,
5. Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээж Батхүүгийн машинтай халтууранд явсан. Хамтран амьдрагч З.Л-ыг “гэртээ байж байгаарай, баяр болж байгаа юм чинь би халтуур хийгээд мөнгө олъё” гээд гэрээсээ гарсан. Шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд Л байхгүй, утас нь холбогдох боломжгүй байхаар нь “шөнө яасан юм бол” гэж санаа зовоод урд талын гудамж руу найзынх нь гэр лүү машинтайгаа явж байхад найзынхаа үүдэнд яг таксинаас бууж таарсан.
Би очоод “хаашаа явж байгаа юм бэ” гэхэл Л согтуу “хуурай эгчийнхээ хүүхдийг харж байгаад ирлээ, утасны цэнэг дууссан” гэхээр нь би “чи тэр айлынхаа утсаар ярихгүй яасан юм” гээд маргаан гарсан. Тэгээд ээжийнхээ машинд суугаад Био руу ээжийнх рүү явсан. Морингийн даваа руу өгсөж байтал Л машины хаалга онгойлгоод үсрэх гэхэд нь би нэг гараараа гарнаас нь барьж аваад, огцом тормос гишгээд зогссон боловч нэг гараараа дийлэхгүй зогсох үед Л машинаас унасан. Тэр үед өвдөг болон гараа шалбалсан. Ээжийн гадаа ирээд би хашааны хаалга онгойлгоод машинаа оруулаад буцааж хашааны хаалга хаагаад Л-ыг “буу” гэхэд Л буугаад “гэр лүү орохгүй” гэхээр нь би “орооч” гээд түлхсэн чинь машины хаалга мөргөөд хамраа халцалчихсан. Тэгээд босч ирээд над руу орилоод дайрахаар нь би дахиж түлхээд газарт унагаагаад куртикнийх нь малгайнаас татаж босгоод гэр лүү хамт орсон.
Тухайн үед баяр болж байсан болохоор мөнгө олох гээд халтууранд явсан. Л-ыг гэрээ цэвэрлээд байж бай гэсэн боловч утсаа салгаад архи уугаад явчихсан байхаар нь маргалдаж би машины хаалга мөргүүлж хамрыг нь халцалсан. Түлхэж газарт унагаасан. Би архи уугаагүй, халтууранд явж байсан. Харин Л согтуу байсан. Би урьд нь түүнийг зодож, цохиж байгаагүй.
Л нь архи уусан үедээ өөрөө над руу дайрч давшлаад хэрүүл болдог. Хүний хажууд дандаа намайг муу үгээр хэлж доромжилдог. Ер нь архи уух гээд байдаг, “эмэгтэй хүн байж архи битгий ууж бай” гэж хэлснээс болж маргаан гардаг. Би эхнэр болох хүнээ ажлаа хийгээд, гэртээ хоолоо хийгээд, хааяа найз нөхөдтэйгөө гарах асуудал байж болно л гэж боддог. Л бол эсрэгээрээ хоол унд хийхгүй, байнга найз нөхөдтэйгөө шоудаад явчихдаг. 2017 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө л зодсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-60х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 67х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул тэдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Г-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Г 2017 оны 12 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 19 тоотод хамтран амьдрагч З.Лтай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түлхэх, цохих зэргээр зодож биед нь “баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, үзүүр, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:
- хохирогч З.Л-ын: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-310 тоотод эх Алтанцэцэгийнд хамт оршин суудаг байсан юм. 2016 оны 09 дүгээр сард Энхтайваны Г гэх залуутай танилцсан. Бид хоёр танилцаад хэсэг уулзаж байгаад нэг гэрт орсон ба 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Нисэхийн байр дундах Улаан царам гэх нэртэй газар нийтийн байр түрээслэж амьдрах болсон. Э.Г архи их уудаг, уухаараа агсам согтуу тавьдаг болсон. Архи уухаа больчих гэхээр болихгүй их хэцүү байдаг байсан ба 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр гэртээ байхдаа архи уугаад согтоод унтсан. Шөнө сэрээд тамхи нэхсэн. Тухайн үед би тамхи байхгүй байна гэхэд Э.Г уурлаад чи нөхөртөө яахаараа тамхи авдаггүй юм бэ гээд надтай маргалдаж байгаад зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиж гэмтээсэн. Тэрнээс хойш архи уух болгондоо надад агсам согтуу тавиад дарамталж эхэлсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 25-ны үед санагдаж байна, Эрдэнэт хотод очиж үзэсгэлэн үзэж байгаад орой нь найзуудтайгаа зочид буудалд хонож байхдаа архи ууж, би нэмж уулгахгүй гэхэд архины мөнгө нэхэж уурлаад намайг ариун цэврийн өрөөнд ороход араас дагаж орж ирээд хоолой боож ухаан алдуулах шахсан. Тухайн үед хамт явж байсан хүмүүс салгаж, гадаа гарах гэж байхад зочид буудлын үүдний хэсэгт заамдаж аваад гараараа нүүр, цээж рүү цохиж гэмтээж байсан.
Түүний дараа 2017 оны 03 дугаар сард би ӨМӨЗО-ны Улаан хот руу ажлаар явж, 2017 оны 06 дугаар сарын 09-нд ирсэн ба 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эрээн хотод Гтэй уулзсан. Манай хамаатны эгч тэр үед надтай хамт явж байсан бөгөөд бид 3 зочид буудалд архи уусан. Тэр үед мөн л намайг Г хардаад нүүр, бие рүү цохиж, зодсон. Г нь дээрх байдлаас гадна намайг маш их зодож, зовоож сэтгэлийн дарамтанд оруулж байна. Би 2017 оны 09 дүгээр сард түүнээс салахаар шийдэж уулзахгүй, тусдаа 3 сарын хугацаанд байсан юм.
2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 04 цагт эгчийнхээ хүүхдийг харж өгчихөөд такси барьж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 15 дугаар гудамжинд байх найз Дөлгөөний гэрт орж хонох гээд явж байтал гудамжинд Э.Г өөрийн машинтайгаа ирж зогсоод, таксины жолоочийг надтай хардаж дайрсан ба таксины жолооч тухайн үед эхнэртэйгээ явж байсан болохоор асуудал үүсгэлгүй больсон. Тэр үед Г согтуу байсан ба намайг машиндаа суулгахаар нь би “хоёулаа одоо гэртээ хариад амаръя, чи согтуу машин бариад хэрэггүй” гэхэд “машиндаа бензин авна” гэж хэлээд ШТС-руу явж байгаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Янгир хайрхан” дэлгүүрийн хойд талын гудамж руу машинаа зогсоож байгаад намайг хардаж үсдээд толгой, нүүр, цээж рүү олон удаа цохиж зодож байгаад машинтайгаа хөдлөн Био комбинат руу явсан. Морингийн даваа орох замд машиных нь бензин дуусаад унтарсан чинь тэр уураа надад дахин гаргаад, намайг үсдээд цохиж, унагаад цээж рүү тийрч өшиглөөд, дахин машинаа асааж хөдлөх гэхээр нь би машинаас үсэрч буухдаа өвдгөө шалбалсан.
Г намайг буцааж машиндаа суулгаад Био руу гэртээ аваачиж байгаад үсдэж зодсон ба шөнөжингөө агсам тавьж байгаад унтахаар нь дүү рүүгээ утсаар ярьж хэлэхэд цагдаад мэдэгдсэн байсан. Миний бие одоо муу байна. Намайг Г хардалт болон мөнгөний хэрүүлээс болж маргалдан архи уухаараа агсан тавьж цохиж зоддог. Намайг үсдэж байгаад нүүр, цээж, толгой руу гараараа хэд цохисон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Олон удаа цохисон, хамар, цээж, гар гэмтсэн мөн өвдөг шалбарсан. Г намайг хамтран амьдрах болсоноос хойш олон удаа цохиж зодож байна. Би урьд өмнө нь Гийн цохиж зодсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, одоо анх удаа л хандаж байна. Э.Г архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг.
Би шүүх эмнэлэгийн 1177 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө найз залуу Г хардалтын улмаас миний үснээс гараараа зулгааж үсдэж байгаад нүүр, цээж, толгой орчимд гараа атгаж байгаад 7- 8 удаа цохиж үүсгэсэн. Дараа нь машинаас чирч буулгаад үснээс зулгаагаад газарт чирэх үед өвдөг, гарын сарвуу хэсэгт зулгаралтууд үүссэн. ...архи уугаад согтохоороо л “янхан, гичий” гэж хэлдэг.
Би 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө зодуулчихаад эмнэлэгт очиж зургаа авахуулсан. Мөн тос авч түрхсэн, өвчин намдаах эм авч уусан бөгөөд энэ бүгдийг тухайн үед Э.Г мөнгийг нь гаргасан. Ойролцоогоор 150,000 төгрөг болсон. Э.Г мөнгийг бүгдийг нь гаргасан учраас би ямар нэгэн баримт аваагүй. Гөд гомдолгүй, ямар нэгэн санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сайн дураараа эвлэрсэн, гэхдээ бид одоо салсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 22-23х, 25х/,
- гэрч З.М-ын: “...2017 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө зодсон асуудлыг би мэднэ. Манай төрсөн ах Мөнхтөр эгчийг Биокомбинатад байх Э.Гийн гэрээс очиж авсан байсан. Тэгээд Цагдаа дээр ирэхэд нь би очиж эгчийн царайг харахад хамар нь халцарчихсан, гар гуя нь хөхөрчихсөн, үс гэзэг нь арзайчихсан байсан. Урд нь зодож цохиж байсныг би мэдэхгүй байна. Надад “зодууллаа, цохиуллаа” гэж манай эгч хэлж байгаагүй. Зодуулж, цохиулаад нүүр ам нь гэмтэж байгаагүй. Ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдлаа, зодууллаа гэж сонсогдож байгаагүй. Харин Э.Г хот хоорондын нийтийн тээврийн жолооч хийж байхдаа архи их уудаг байсан. “Архи уугаад гэртээ хонохгүй шоудаад явчихлаа” гэж эгч надтай ярихдаа хэлдэг байсан. Одоо манай эгч Э.Гөөс салчихсан. Уулзахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,
- гэрч Д.Б-ийн: “...2017 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө үүрээр 06 цагийн үед миний хүү Г “Морингийн даваа өгсөж яваад машины бензин дуусчихлаа” гэхээр нь би “харанхуй шөнө яаж бензин хүргэх вэ дээ” гэж хэлчихээд орноосоо босоод галаа түлж байтал удалгүй Г, Л хоёр хамт ороод ирсэн.
Л-ын үс нь сэгсийчихсэн, согтуу хамар нь зулгараад цус гарчихсан, мөн гар нь шалбарчихсан байсан. Би юу болсон юм бэ гэж асуухад Л уйлаад, Г машинаас “өөрөө бууна” гээд үсрээд шалбарчихсан гэж хэлсэн.
Тэгээд Г унтаад өгсөн чинь Л би Гийг айлгах гээд машины хаалга онгойлгоод үсэрсэн чинь Г “хүн хэрэгт хийхнэ үү чи” гээд айх шинжгүй намайг машин руу оруулсан гэж хэлж байсан. Нэг цаг орчмын дараа Лын дүү нь цагдаа дагуулж гэрт хүрч ирээд, миний хүүг аваад явсан. Би “юу болж байгаа юм бэ” гэхэд Л “би Гтэй одоо амьдарч чадахгүй, танай хүүхэд чинь намайг зодсон” гэхээр нь би та нар өөрсдөө учраа ол гээд явуулсан.
Л нь миний хүүтэй 2 жил шахуу найзалж амьдрах хугацаандаа байнга архи ууж гэр орондоо ирэхгүй байдгаас болж миний хүү маргаан үүсгэдэг байсан. Тэгтлээ зодож, цохиж биед нь гэмтэл учруулж байгаагүй. Ер нь хоёулаа нийлж архи уусан үед нь хэрүүл болдог юм шиг байгаа юм. Эмэгтэй хүн архи уугаад гадуур яваад байвал ямар ч хүн уурлах байх. Миний хүү тэрийг нь ойлгоод уучлаад л хамт амьдардаг байсан. Зодож цохиж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1177 дугаартай: “...З.Л-ын биед баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, үзүүр, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 47х/, шүүгдэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч З.Лын биед учирсан “баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, үзүүр, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Г түүнийг түлхэх, цохих зэргээр зодсоны улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл бүхий хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч З.Л, шүүгдэгч Э.Г нар нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан нь тогтоодгсон ба тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд юм.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч нь өөрийн хамтран амьдрагч З.Л-ыг зодож бие, эрх чөлөөнд нь халдаж бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийснээс хохирогч З.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос Э.Г-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч З.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирогч З.Л нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 19х, 25х/ хэмээн мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Э.Гөөс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 67х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон, тэрээр хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч шүүх, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.
Шүүгдэгч Э.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тоологдох хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон байна.
Тодруулбал: Уг гэмт хэрэг нь 2017 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө үйлдэгдсэн, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар дуусгавар болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилал тодорхойлсон мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасан ба “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааж хуульчилсан байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Э.Гөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Э.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Э-ны Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан Т овогт Э-ны Г-өд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт Э.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч З.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
5. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Г-өд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД