Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00008

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 22 210/МА2024/00008

 

 

Т.ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/03150 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т.

Хариуцагч: Р ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Т. Р ХХК-ийн А Ө эмнэлэгт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс Уламжлалтын эмчээр ажиллан, хөдөлмөрийн гэрээг дараа байгуулахаар тохиролцсон. Эхний 2 сар туршилтын хугацаагаар ажилласан. А Ө эмнэлэг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т.т урьдчилгаа цалин 350,000 төгрөг олгоход нь үндсэн ажилтан болсон гэж ойлгосон. Ажил олгогч сарын 850,000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон ч хөдөлмөрийн гэрээ байгууллаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй.

1.2 Р ХХК-ийн захирал Б.н ...цэвэрлэгээ хийхгүй бол цалингаас суутгана гэж дарамталж, үзэл бодлоо илэрхийлэхэд ... ажлаас хална гэж сүрдүүлдэг. 2022 оны 07 дугаар сард 2 сувилагч амралтаа авсан тул Т. ганцаараа ажилласан ч нэмэгдэл цалин олгоогүй. Т. жирэмсэн байсан боловч сэтгэл санааны дарамтаас болж зулбасан.

1.3 Захирал Б. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр facebook messenger /фэйсбүүк мессенжер/-ээр зураг, бичлэг явуулах даалгавар өгөхөд нь iPad /айпад-/аас зураг, бичлэг явуулаад ажлын ширээний шургуулгад хийсэн. Гэтэл ширээнд байсан бэлэн мөнгө алгасан болсон гэж хэрэгт гүтгэсэн. Т. энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг үүсгэхээс татгалзсан.

1.4 Т. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цалин буух байсан ч цалингийн данс хаагдсан. Захирал Б. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өрөөндөө дуудаж ...ажилласан хугацааны цалингаа аваад гар гэж хэлсэн. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан. Иймд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэл нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Т. нь Р ХХК-д 2022 оны 06 дугаар сараас эхлэн ажиллан, сард 850,000 төгрөгийн цалин олгож байсан. Т. 2022 оны 09 дүгээр сард Хас банк ХК дахь данс руу нууцаар нэвтрэхийг оролдсоноор үл ойлголцол үүссэн. Т. Хас банк ХК дахь дансны нууц үгийг олох гэсэн олон удаагийн үйлдэл хийсэн гэж буруу сэтгэгдэл төрүүлсэндээ захирлаас уучлал гуйсан.

2.2 Т.ийг ажлаас халаагүй тул ажилдаа орох нь нээлттэй. Гэвч тэрээр ажилдаа орохгүй гэдгээ илэрхийлсэн. Түүнийг гомдоосон үйлдэлд уучлалт гуйгаад, тодорхой хэмжээний төлбөр өгч, ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрнө. Харин түүний ажиллаагүй хугацааны цалинг олгох боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,872,078 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар "Р ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч Т. татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 188,903 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрпүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Т. нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас халагдсан ба энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй байсан боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй. Харин 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ...Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ямар хаягаас мөн өдрийн 16:03-16:12 минутад Хас банк ХК-ийн дансанд нэвтэрсэн эсэхийг шалгуулах хүсэлт гаргасан.

4.2 Мөн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгохоор гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн ба уг хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй. Түүнчлэн, Т.ийн гаргасан өргөдлийг дээрх хороо нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлаараа хэлэлцэх асуудал биш гэж, дахин гомдол гаргахыг зөвлөсөн хариу өгсөн. Гэвч тэрээр дахин өргөдөл өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай тэмдэглэлийг үндэслэн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзэхгүй. Иймд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан.

4.3 Мөн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тэмдэглэл /шийдвэр/-д ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурдсан. Т. дээрх хугацааг хэтрүүлж 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

4.4 Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн. Т. ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тиймээс тус хорооноос ХХК-д хуралдааны тов болон тайлбар өгөх талаар мэдэгдээгүй. Т. маргаан зохицуулах хороонд гомдол гаргасан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Хариуцагч тал Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос Т.ийн гомдол буюу маргааны бичиг баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Дээрх хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай тэмдэглэлээс өөр ямар баримтууд хавсаргагдсан болон тухайн хорооны шийдвэр үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй байна.

Сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэмд зааснаар гомдол болон түүнд хавсаргасан материалуудтай танилцаж гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргах, нотлох баримт өгөх, төлөөлөгчөөрөө дамжуулан хуралдаанд оролцох, тэмдэглэлийг авах эрхтэй.

4.5 Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан. Тодруулбал, шүүх хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж дүгнэн Т.ийг ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговрыг олгох ёстой. Т. ажилдаа орох хүсэлтээ илэрхийлээгүй. Ажилдаа орох сонирхолгүй болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл, тус хорооны тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх эрх зүйн хамгаалалтын аргаар хангуулахаар тодорхойлогдох учиртай. Тиймээс ажилтан Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэлгүй ажилдаа ирээгүй тул эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Р ХХК-ийн захиралтай шүүх хурлаас өмнө уулзаж ажилдаа орох хүсэлтээ илэрхийлэхэд буруугаа зөвшөөрөөгүй. Хариуцагчийг уучлалт гуйгаасай гэж хүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1. Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, ...ажилд нь буцаан авах боломжтой, ...нэхэмжлэгч өөрөө ажилд эргэн ороогүй, ...ажиллаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох боломжгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, дуусгавар болсон талаар зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна.

2. Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1 Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2022 оны 06 дугаар сараас хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр их эмчээр ажиллаж байсан, хариуцагч нь цалин хөлс олгож байсан,

3.2 Хариуцагчийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр бичгээр тушаал гаргахгүйгээр дуусгавар болгосон.

3.3 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хариуцагчийн үйлдлийн талаар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. /хх 80-81/

3.4 Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дээрх гомдлыг хэлэлцээд, талууд эвлэрч чадаагүй, харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. /хх 14-15, 51-53/

4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар шүүхэд тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч уг хугацаатай холбоотой өмнөх тайлбараа үгүйсгэсэн тайлбар гаргасан. /хх 94/ Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй нь буруу. Учир нь, талууд хуульд заасан гомдол гаргах хугацааны талаар маргасан эсэхээс үл хамаарч шүүх хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор мөн зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагад хандах эрхтэй. Тайлбарлавал, ажилтан нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзсэн нөхцөлд энэ талаарх гомдлоо уг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргана.

4.2 Хариуцагчийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийн талаар нэхэмжлэгч нь тухайн өдрөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь тухайн шийдвэрийн талаарх гомдлоо мөн өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор мөн зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагад гаргах ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн дээрх шийдвэрийн талаар 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрх бүхий байгууллагад гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, уг гомдлыг Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн нь нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хугацааг хэтрүүлсэн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

4.3 Түүнчлэн, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй байх үндэслэл болохгүй.

4.4 Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар /цуцалсан/ болгосон шийдвэрийн талаар гомдлын шаардлага гаргах эрхгүй. Улмаар уг шийдвэрийн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/03150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул Р ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай Т.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,904 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН