Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 55

 

 

 

О.Б-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хохирогч Ч.Алтаннавч, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07ы өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21ий өдрийн 88 дугаар магадлалтай, О.Б-холбогдох 202500160029 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08ы өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

 

О.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 28 дугаар гудамжинд 2020 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ч.Ан хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүч хэрэглэн хүчиндэхээр завдсан, мөн хохирогч Ч.Ан нүүр рүү цохих, уруулыг нь хазах, газар чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Бг хохирогчид бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 жилийн хугацаанд хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Б-авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Учир нь шүүгдэгч О.Баасанхүү гэм бурууд маргадаггүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн хэрэг 2020 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө буюу үүрийн 05 цагийн орчим гарсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь хүч хэрэглэсэн байхыг шаарддаг. Улсын Дээд шүүх тухайн гэмт хэргийг “хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд хохирогчийн биед хохирол учирсан байхыг заавал шаардахгүй” гэж тайлбарласан байдаг ба хүчиндэх явцдаа хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь хүчиндэх гэмт хэргийн шинжид хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. Хохирогч Ч.Алтаннавчийн хамрын яс, шүднүүд хугарсан нь гэмтлийн зэрэгт хамаарах учир хүчиндэх гэмт хэргээс тусад нь зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх Г.Баасанхүүд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Прокуророос О.Б согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө гудамжинд явж байсан Ч.Алтаннавчид хүч хэрэглэн зодож хүчиндэхийг завдсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас “... дээд зүүн 2, 3, 4 дүгээр шүднүүд, доод 3 дугаар шүдний хугарал, нүүр, өгзөг, 2 гуянд зулгаралт, зүүн нүдний зовхи, алимны салст, хоёр хөлийн гуянд цус хуралт, бэлгийн бага урууланд шарх”, нэмэлт дүгнэлтээр “хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал” бүхий тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүчиндэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг 1 удаагийн үйлдлээр хангасан, санаатай үйлдэгдсэн 2 гэмт хэрэгт холбогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн магадлалыг хүчингүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21ий өдрийн 88 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                  Б.ЦОГТ

 

                                                              Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                              Ч.ХОСБАЯР

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН