| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2016/1033/З |
| Дугаар | 205 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 205
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.Б.
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга.
Нэхэмжлэлийн шаардлага: “2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Татварын ерөнхий газрын даргын Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилуулах” үндсэн шаардлагатай, “В.Бг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/08 дугаар тушаалуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г, нэхэмжлэгч В.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Б миний бие нь 1994 оноос өнөөг хүртэл татварын албанд 22 жил тасралтгүй ажиллаж байгаа болно. 2013 оны 05 дугаар сард Татварын ерөнхий газрын даргын 371 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдон 2016 оны 09 дүгээр сарын 19-нийг хүртэл ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа Татварын ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг 2013 онд 82,0 хувь буюу “В” үнэлгээтэй. 2014 онд 89.95 хувь буюу “В” үнэлгээтэй, 2015 оны 80,8 хувь буюу “В” үнэлгээтэйгээр тус тус дүгнүүлж ажиллаж байсан. Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг 2013 онд 92,4 хувь буюу “А” үнэлгээтэй, 6 дугаар, 2014 онд 78,89 хувь буюу “С” үнэлгээтэй, 4 дүгээр, 2015 онд 84,0 хувь буюу “В” үнэлгээтэй 4 дүгээр байр эзэлж байсан. Улс болон орон нутгийн төлөвлөгөөг 100-138 хувиар давуулан биелүүлж ажилласан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Татварын ерөнхий газрын даргын Б/73 дугаар тушаалаар миний бие В.Бг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалаас ямар нэгэн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр чөлөөлж Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн. Энэ тушаал шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: В.Б миний бие тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаал “Төрийн албаны тухай” хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд буцааж томилж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлага дээр дараах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: В.Бг албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх тухай Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын томилсон Татварын ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/74 дүгээр тушаал, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаал /шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр/ гаргасан нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин хууль бус тушаал гаргаж албан тушаал, цалин бууруулан томилсон, Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалыг тус тус хууль бус гэж тооцож, хүчингүй болгуулах.
Иймд дээрх тушаалуудыг тус тус хууль бус гэж тогтоож хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаарын тушаалаар Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэн шийдвэрлээгүй байна.
Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Б нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа тухайн орон нутгийн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж, өөрөө ажлын байран дээр ёс зүйн зөрчил гарган архидан согтуурах, татварын хэлтсийн ажилтан, албан хаагчидтайгаа зүй бус харьцах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан талаар хэд хэдэн гомдлыг Хөвсгөл аймгийн татвар төлөгчид болон Хөвсгөл аймгийн татварын хэлтсээс Татварын ерөнхий газарт ирүүлээд байна.
Үүнтэй холбоотойгоор В.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж ажиллаагүйг нотлох үндэслэл болох бөгөөд тухайн үед Гааль, татварын ерөнхий газар Засгийн газрын тогтоолоор татан буугдаж, Татварын ерөнхий газрыг шинэчлэн байгуулах хугацаанд тухайн асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай болсон.
Татварын ерөнхий газрын Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороог 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан болно.
Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаарын тушаалаар Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн.
Ирүүлсэн гомдлын хүрээнд авч үзэхэд: Хөвсгөл аймаг дахь бизнес эрхлэгч иргэн аж ахуй нэгжийн төлөөлөл гэх нэр бүхий 93 хүний Татварын ерөнхий газрын даргын нэр дээр ирүүлсэн гомдол, Хөсвгөл аймгийн татварын хэлтсийн жолооч ажилтай Ч.Эын “өөрийг нь зодож гэмтээсний улмаас бэртэл учирсан” талаарх Хөвсгөл аймгийн татварын хэлтэст гаргасан гомдол, Хөвсгөл аймгийн татварын хэлтэст иргэн Н.Дгээс “өөрт учирсан хохирлоо барагдуулах талаар” гаргасан гомдол зэрэг 3 гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхээр Ёс зүйн хороонд хүргүүлэхээр бэлтгэж байна.
Мөн В.Бг ямар нэгэн албан тушаалаас халах тухай Татварын ерөнхий газрын даргын шийдвэр гараагүй бөгөөд өөр албан тушаалд томилох эсэх талаар судалж, өөртэй нь зөвшилцөж байгаа болно. Иймд энэ хэргийн хүрээнд асуудлыг эцэслэн шийдвэрлэх нөхцөл боломж бүрдээгүй байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж зарим шаардлагаас татгалзах тухай хүсэлтдээ: Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргаар эргүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаал, Татварын ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/74 дүгээр тушаал, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох шаардлагаас татгалзаж байна. В.Бг албан тушаалаас чөлөөлж Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар, мөн В.Бг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/08 дугаар тушаалуудыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргад эргүүлэн тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Нэхэмжлэгч В.Бгийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарагддаг бөгөөд уг албан тушаалд томилох, чөлөөлөх нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Татварын ерөнхий газрын бүрэн эрхийн асуудал хэдий ч аливаа шийдвэр хуульд нийцсэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байж хууль ёсны болдог учиртай байдаг. 2012 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Монгол улсын засгийн газар Татварын газар, Гаалийн газрыг нэгтгэн байгуулсныг 2016 оны засгийн газар буцаан салгасан байдаг. Энэ буцаан салгасан нь иргэний хуулийн 5 дахь хэсэгт зааснаар явагдсан. Өөрчлөн зохион байгуулагдсан асуудал юм гэж манай зүгээс үздэг. Учир нь дээрх байгууллагуудын хийж хэрэгжүүлдэг бүрэн эрх, эд хөрөнгийн эрх, төрийн албан хаагчдын албаны харилцааны асуудлууд хамаарах дээд шатанд шилжиж өмнөх албаны үйл ажиллагаа нь үргэлжлүүлэн хэрэгжиж байгаагаар тайлбарлагдах юм. Харин орон нутгийн татварын хэлтсийн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт нь ямар ч өөрчлөлт ороогүй ба аймгийн татварын хэлтэс хуучин хэвээр байгаа. Гэтэл гааль татварын хэлтэс татан буугдсан гээд В.Бг татварын хэлтсийн даргын албан тушаалаас түр чөлөөлж мөн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэдий ч уг албан тушаал Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д заасан шаардлагыг хангаагүй этгээдийг томилохын тулд В.Бг дахин томилсон шийдвэр гаргалгүй ажлаас нь чөлөөлөн, татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн татварын ерөнхий газрын энэхүү үйлдэл нь иргэнийг ялгаварлан гадуурхсан үйлдэл бөгөөд төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн хууль бус ажиллагаа байсан. Нэхэмжлэгчийн хувьд уг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахад хуульд харшлах ямар нэгэн шалтгаан байхгүй. Учир нь төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн дүнгээр сүүлийн 3 жилийн байдлаар байгуулсан үр дүнгийн гэрээг хангалттай сайн гүйцэтгэсэн гэж үнэлэгдсэн. Мөн тус аймгийн татварын орлого зэргийг байнга давуулан биелүүлж байсан. Мэргэжлийн хувьд татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д заасан шаардлага болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байсан. В.Бг түр орлон гүйцэтгэгчийн албанаас чөлөөлөн Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 тоот тушаал нь төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн албанд мэргэшсэн тогтвортой байх зарчим, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэвээр хадгалан үлдсэн бол уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах тухай төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэгчийн зүгээс үздэг. Хариуцагч 3 үндэслэлээр татгалзлаа бичсэн байдаг. Нэгдүгээрт 98 аж ахуйн нэгжийн захирал нарын гарын үсэг бүхий гомдол ирсэн гэж буруутгадаг. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь В.Бг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргаар томилогдсоны дараа татвараа төлдөггүй дархлагдсан этгээдүүдийг татвар төлдөг болгосон үйлдэлтэй холбоотой. Тухайн үед татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын иргэд судалгаа үйл ажиллагаа явуулсан нь шалгагдаад тогтоогдсон байсан. Энэ гомдлыг бичсэнээс хойш 3 жил өнгөрсөн байгаа. Хоёрдугаарт 2013 онд далд эдийн засгийг бууруулж, татварын схемийг өргөтгөх, улс орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, татварын өрийг дарагдуулах ажлыг эрчимжүүлэн, 2014 онд татвар ногдуулалт болон татвар төлөгч хувь хүнийг бүртгэх, тоолох, бүртгэлийн баазыг цэгцлэх ажлын удирдамж зэргийг баталсан ажлыг эсэргүүцсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа байсан гэдэг нь гомдлоос харагдаж байсан. Энэ ажлыг хийсний улмаас В.Бгийн талаар гомдол гаргасан гэж үзсэн.
Мөн жолоочтой асуудал үүсгэсэн гэсэн тайлбар байдаг. Энэ нь хувийн маргаан байсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын үйл явдлыг 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад В.Бг ажлаас чөлөөлсний дараа гомдлыг бичүүлэн авсан нь ямар зорилготой байгааг харуулж байгаа гэж бодож байна.
Гуравдугаарт машин мөргөсөн гэсэн асуудал байдаг. Энэ хуулийн дагуу шалгагдаагүй ба энэ үйлдлийг В.Б гаргаагүй, хамааралгүй юм. Эдгээр асуудлаар В.Б нь ёс зүйн зөрчил гаргаагүй ба сахилгын зөрчил хүлээж байгаагүй нь хариуцагч татварын ерөнхий газрын баримтаар нотлогддог. Харин эсрэгээрээ Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдон сайн ажиллаад Татварын ерөнхий газар болон татварын зөвлөлөөс шагнагдаж байсан. Тэгэхээр В.Бгийн талаар бичсэн гомдлууд нь хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэхэмжлэл гаргасны дараа В.Бгийн саналыг авалгүйгээр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилохдоо албан тушаалын зэрэглэл, цалин бууруулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасанд нийцэхгүй үйл явдал болсон. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийг албан шаардлагын хүрээнд шилжүүлэх асуудлыг зохицуулсан. Гэтэл В.Бг албан тушаал бууруулан томилохын тулд татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш цалин бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилох боломж байсаар байтал цалин зэрэглэл бууруулан томилсон нь хууль зөрчсөн үйлдэл байна. В.Бтай адил даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон чөлөөлөгдсөн хүмүүс буцаад Татварын ерөнхий газарт албан тушаалд томилогдсон байдаг. Энэ хүмүүсийн цалин, зэрэглэлийг бууруулаагүй байсан. Иймээс намын хараат бус байна гэх зарчмаас хазайсан юм шиг харагдаж байна. Иймд хууль бус захиргааны актууд болох татварын ерөнхий газрын 2016 оны Б/73, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 тушаалыг тус тус хүчингүй болгуулан нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилуулан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.: Эхлээд татварын ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар чөлөөлсөн. Энэ нь засгийн газрын тогтоолоор өөрчлөн байгуулагдсан нь чөлөөлөх ямар нэгэн үндэслэл болохгүй. Гааль, татварын ерөнхий газар өөрчлөн байгуулагдсан гэж Засгийн газрын тогтоолд заасан гэж өмгөөлөгч яриад байна. Энэ бол өөрчлөн байгуулагдсан юм биш харин гааль, татварын ерөнхий газар татан буугдсан. Татан буугдсан процесс нь иргэний хуулийн дагуу тухайн чиг үүрэг нь шилжиж байгаа газруудын бүх албан хаагчдыг түр чөлөөлнө гээд татан буугдаад байгууллага байхгүй болж байгаа учир тухайн байгууллагын чиг үүрэг шилжиж байгаа газарт шилжүүлэх үйл явц болсон. Үүний дагуу Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/713 тушаалаар нийт татварын албанд ажиллаж байсан татварын улсын байцаагч, албан хаагчдыг чөлөөлсөн. Чөлөөлөөд үүний дараа бүгдийг нь төрийн алба тасралтгүй байх зарчмын үүднээс бүх албан хаагчдын чиг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу төрийн албаны шалгуурыг хангаж байгааг түр орлон гүйцэтгэгчээр бүгдийг нь томилсон байгаа. Дараагийн процесс нь тухайн албан тушаалд томилох үйл явц байсан ба үүний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл татварын ерөнхий газрын дарга удирдлагуудыг, аймгийн татварын хэлтсийн дарга нарын тушаалыг өөрөө, нийслэл, дүүргийн дарга нар болон татварын улсын байцаагч нарын тушаалыг өөрөө томилж эхэлсэн. Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын хувьд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/74 тушаалаар томилогдсон. Үүний тул Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөний дагуу аймгийн татварын хэлтсийн даргыг томилдог. Үүний дагуу албан бичгээр санал ирсний дараа н.Х******* гэх хүнийг томилсон байгаа. Ингэхийн тулд өмнө ажиллаж байсан түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх шаардлагатай ба тухайн өдрийн 73 дугаар тушаалаар чөлөөлөөд 74 тоот тушаалаар томилсон. Түр орлон гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албан хаагч ба түүнийг ялгаварлан гадуурхаж байна гэж байна. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхах гэдгийг хуулийн дагуу шалгуулсны үндсэн дээр нотлох баримттайгаар өмгөөлөгч ярих хэрэгтэй. Энэ бол төрийн албанд оруулахад ялгаварлан гадуурхаж байгаа ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл гарсан байх ёстой. Ийм зүйл байхгүй байхад ялгаварлан гадуурхсан гээд нотлох баримтгүйгээр ярьж болохгүй. Шалгаад хамгийн сайн ажиллаж байсан гэж тогтоож байсан. Татварын орлогыг давуулан биелүүлж байсан гэж байна. Энэ нь угаасаа үүрэг нь болохоос ямар нэгэн шагнал биш. Татварын орлогоор нийт Монгол улсын төсөв бүрддэг. Аймгийн татварын хэлтсийн дарга нь тухайн орон нутгийн төсвийг бүрдүүлэх чиг үүргээр томилогдож байгаа албан тушаалтан. Харин төсвийг төлөвлөгөөний дагуу бүрдүүлээгүй, түүнээс дутаасан ийм үйл явдалд хариуцлага тооцдог. Давуулан биелүүлсэн гэдэг нь ямар нэгэн шагнал урамшуулал авах үндэслэл биш. Ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтод заасан ажил нь юм. Нөгөө талаар хэрэгт байгаа баримтаас үзэхэд дандаа ч давуулан биелүүлээд, А үнэлгээ байнга аваад байсан зүйл байхгүй, С гэх зэрэг өөр өөр үнэлгээ авсан байсан. Ёс зүйн зөрчил гаргаагүй тэр хүмүүс худал хэлсэн, гүтгэсэн гэж яриад байна. Яагаад ёс зүйн дүгнэлт гаргаагүй гэхээр тухайн үед өөрөө ёс зүйн хорооны гишүүдээ томилж байсан. Ёс зүйн хороо хамгийн түрүүнд гомдлыг хүлээн аваад үзээд дүгнэлт гаргадаг. Ёс зүйн дэд хороо нь дүгнэлт гаргаад түүнийгээ татварын ерөнхий газрын даргад хүргүүлдэг. Тэгэхээр энэ процесс нь энд алдагдсан байгаа. В.Б өөрөө тухайн үед аймгийн татварын хэлтсийн дарга байсан бөгөөд ёс зүйн хорооноос гарсан дүгнэлтийг Татварын ерөнхий газрын даргад хүргүүлдэг албан тушаалтан өөрөө байсан. Ингээд өөртэй нь холбоотой дүгнэлт ирж байгаа тохиолдолд өөрөө энэ асуудлаас татгалзах ёстой. Өөрийг нь хэлэлцэж байгаа асуудал дээр хэзээ ч дүгнэлт гаргаж ерөнхий газарт явуулахгүй. Харин албан үүргийн дагуу татварын албаны дарга ёс зүйн хорооны дүгнэлтийг татварын ерөнхий газарт хүргүүлэх үүрэгтэй. Гэхдээ миний талаарх асуудал хэлэлцэж байгаа учир би татгалзъя гээд, харин төрийн захиргааны хэлтсийн дарга ч юм уу шилжүүлэх албан тушаалтанд өгөн удирдуулж зохион байгуулах ёстой ба үүрэгтэй байсан. Ямар ч ийм арга хэмжээ аваагүй, 3 өргөдөл дарагдсан байсан. Одоо ингээд хуулийн хугацаа хэтэрсэн байгаа юм. Түүнээс биш тэр хүмүүс өргөдөл гаргасандаа ичээд буцааж татаад авсан юм биш. Хэрэгт өгсөн байсан шаардлага хангаагүй баримт байсан. Үүнийг хэрэв шаардлагатай гэж үзвэл Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн алба нотлох болохоос биш В.Б өөрөө бариад явж байдаг юм биш. Энэ нь юу байсан гэхээр удирдамжийн дагуу ажил хийсэн чинь энэ иргэдийн мэдээлэл гарч ирсэн. Хууль зөрчиж байсан хүмүүсийг олж илрүүлсэн гэдэг. Энэ нь бол бүрэн эрхийн хүрээнд олгосон байгаа учир чиг үүргийнхээ дагуу хийж байсан ажил. Харин нөгөө хүмүүс нь өргөдөлдөө “Танай байцаагч нар хууль бусаар хяналт шалгалт хийгээд байна” гэсэн байсан. Сая харж байхад удирдамжийн дагуу ийм ийм ажлыг шалган тогтоож хийх ёстой байдаг болохоос биш эцсийн дүгнэлт гарсан юм шиг бичсэн байдаг. Хяналт шалгалт нь гомдлоор, төлөвлөгөөт байж болдог. Томилолт олгогдоход заавал тодорхой тусгагдсан байх ёстой. Тэгэхээр иш татсан ямар ч зүйл байхгүй, зүгээр энэ иргэдийг шалга гэсэн ийм зүйл байсан. Тэгэхээр энэ нь ямар үндэслэлээр шалгаад байгаа нь байхгүй, өөрийнх нь эрх мэдэл хэтрээд байна гэдэг нь харагдаж байна. Татварын ерөнхий газраар дүгнүүлэх ёстой байсан ёс зүйн хорооны ямар ч дүгнэлт ирээгүй. Тэнд нь байсаар байгаад хуулийн хугацаа хэтэрсэн. Тиймээс бид шалгах боломжгүй болсон. Энэ ажиллагаа тухайн хэлтсийн дарга хийх ёстой байтал өөр дээрээ дараад явсан. Тэгэхээр энэ хүнийг сайн, муу ажиллаад байгааг нь мэдэхгүй, дээд газар нь энэ мэт гомдлууд нь ирэхгүй байсан. Намын төртэй холбоотой зүйл ярьж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүн нь зөв зүйтэйгээр нэхэмжлэгчдээ ойлгуулах ёстой. Намын харьяаллын талаар ярьж байхад ард нь нотлох баримт байх ёстой. В.Б нь намд элссэн байсан юм уу? Би ерөөсөө ойлгохгүй байна. Намд элссэн байсан чинь намаас нь татгалзаад байгаа юм уу, энэ төрийн албаны маргаанд яаж уялдаад байгаа юм.
Албан тушаал бууруулахдаа саналыг аван зөвшилцөж томилох ёстой байсан гэж байна. Миний мэдэхийн төрийн захиргаа, удирдлагын газрын даргатай хэд хэдэн удаа уулзаж байсан. Энэ болгондоо өөрийн хүсэлт з*******ийг илэрхийлсэн байсан. Ийм байтал хүсэл з*******оо илэрхийлээгүй байж байтал шууд томилсон гэж яриад байна. 1800 албан хаагч, татварын улсын байцаагч нараас саналыг нь аваад явна гэдэг бол хүндрэлтэй. Шууд хязгааргүй эрхтэй томилсон мэт үндэслэлээ гаргаад байна. Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж өөрчлөөд байна. Татварын улсын ахлах байцаагч гэсэн юм бас орж ирээд байсан шиг санагдаад байна. Татварын улсын ахлах байцаагчийн эрхтэй байсан. Түүний дагуу ажиллах бас нэхэмжлэлийн шаардлага байсан байх. Одоо бол хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд хуулийн дагуу татан буугдсаны дараах үйл явц иргэний хуулийн дагуу энэ хүмүүсийг чөлөөлөөд дараа нь хуульд нийцсэн шаардлагыг хангасан хүмүүсийг томилсон татварын ерөнхий газрын даргын тушаал гарсан. Иймээс өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн ашиглан, гомдлоо дээд шатны албан тушаалтанд мэдэгдэхгүй явсаар байгаад өнөөдөр хамгийн сайн ажиллаж, шагнаж байсан албан тушаалтныг нь албан тушаал бууруулсан мэт яриад байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013, 2014 оны удирдамжуудыг өөрөө авч явж байна гэж байна. Энэ бол тухайн цаг хугацаандаа гааль, татварын ерөнхий газрын даргаас удаа дараа орон нутагт буюу бидэнд чиглэл ирж байсан. Татвар төлөгчдийг бүртгэх, орлогыг нь тодорхойлох, үнэн зөв тогтоох эдгээр шаардлагуудыг одоо байгаа түвшнээс нь сайжруулах, нэмэгдүүлэх, үнэн зөв болгох түлхүү нормоор орон нутаг болон улсын орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр албан даалгаврууд ирж байсан. Энэ албан даалгаврыг үндэслэн бид удирдамжит ажлыг зохион байгуулан орон нутагтаа хэрэгжүүлсэн. Хариуцагч тал намайг дураараа өөрөө хэдэн аж ахуйн нэгжийн нэр сонгож байгаад ийм удирдамж гаргаж байсан мэт яриад байна. Энэ удирдамжтай холбоотой ажлуудыг хийхэд Хөвсгөл аймагт татвар төлөгчид нь татварын хууль тогтоомжоо мэддэггүй, хэрэгжүүлдэггүй, татварын улсын байцаагч нар нь ч шаардлагаа тавин бүрэн ажиллаж чаддаггүй байсан. Би 2013 оны 5 сард томилогдож очоод гаднаас очсон гэдэг утгаараа эдгээр ажлыг гааль, татварын ерөнхий газраас ирсэн албан даалгаврын хүрээнд хийсэн учир энэ гаднаас ирсэн хүн санаатайгаар Хөвсгөл аймгийн татвар төлөгчдийг дарамтлахаар Ардчилсан намын хүн ирсэн гэдэг ойлголтоор намайг ингэж харах уур амьсгал бий болсон. Тэр бүү хэл Улсын Их хурал дээр энэ асуудал яригдаж байсан. Энэ асуудлын чиглэлээр татварын ерөнхий газрын хуулийн хэлтсээс хүн очин энэ асуудлыг урьд нь очин шалгаж байсан. Дээр нь Хяналт, шинжилгээ, үнэлгээний газраас ажлын баг очин ажиллаж тухайн асуудлаа тайлагнасан зүйл байдаг. Энэ мэдээллүүдийг авч үзээгүй байж зөвхөн хараар яриад байна. Удирдамжит ажилтай холбоотойгоор гэнэт өмнө тавьдаггүй шаардлага тавиад эхлэхээр энэ хүмүүс гомдол гараад, надад энэ төрийн бус байгууллагын асуудал гаргасан. Энэ асуудал нь сүүлдээ намжаад, хуулийн дагуу явагдаж, улсын Их хурлын гишүүн н.Э*******, н.Д******* гишүүд очин махны ченж нартай уулзан ярилцаж үнэн зөв ойлголцож, энэ асуудал намжсан. Энэ гомдлыг би өөр дээрээ дараад байсан юм биш, 2014 оны 11 сард татварын ерөнхий газрын дарга н.А*******гийн нэр дээр энэ 93 хүний гомдлыг өгсөн байгаа. Энэ бол тэр төрийн бус байгууллагын нэрийг барьсан н.Гангар гэдэг хүний зохион байгуулсан татварын хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа, татварын хувь хэмжээ бууруулах гэж байгаа гэж татвар төлөгчдөөр гарын үсэг зуруулсан юм билээ. Дараа нь хүмүүстэй уулзахад юун таны эсрэг, танай үйл ажиллагаатай холбоотой гомдол гэж мэдээгүй, бид ийм л зүйл дээр гарын үсэг зурсан гэдгээ хэлээд учраа олоод сүүлийн 3 жил хууль дүрмийнхээ дагуу татвараа төлөөд явж байгаа.
Ялгаварлан гадуурхах гэж үндэслэлгүй ярьж байна гэж байна. Би 2016 оны 8 сард ээлжийн амралтаа аваад 2016 оны 9 сарын 4-ний өдөр ажилдаа орох байсан. Ажилдаа орохоос өмнө би томилогдсоны дараагаар орж уулзсан. Тэгээд би Р.З******* дарга дээр ороод Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн дарга байна гэхэд “чи Б******* гэж хүн үү” гэхээр нь тийм байна гэсэн. Ингээд Р.З******* даргатай уулзахад “чамайг н.Д******* гишүүн сайн ажилласан гэж хэлсэн. Гэхдээ чи манай намын татвар төлөгч компаниуд дээр сайн ажилласан гэсэн.” гэж хэлсэн. Тэгээд би “даргаа тийм зүйл байхгүй, би хуулийн хүрээнд бүх л татвар төлөгчдөд ажлын шаардлага тавьсан” гэж хэлсэн чинь “чи харин хэрэгт оролгүй ирэхээ бод, чиний ажилд шалгалт оруулан чамаас ажлаа авна” гэж хэлсэн. Би надад айх зүйл байхгүй, та шалгалтаа явуулаарай, тушаал гарсан үед нь би ажлаа өгөх байх гээд уулзаад явсан. Ингээд байж байтал тушаал гарсныг би мэдээгүй байхад аймгийн Засаг дарга 1 дэх өдрийн үдээс хойш 3 цагийн үед дуудаад 5 цагийн үед өдөрт нь миний ажлыг хүлээлцүүлсэн. Тэр Х******* гэх хүн 2016 онд Алаг-Эрдэнэ суманд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшээд нэр нь төлөөлөгчөөр бүртгэгдээд, тогтоол нь анхдугаар хуралдаанаар гараад Гэрэлхүү гэх хуралдааны дарга нь батламжилсан байгаа. Тэгэхээр ийм асуудлаар намайг ялгаварлан гадуурхсан байгаа.
Чиг үүргээ хэрэгжүүлсэн, давуулан биелүүлсэн, үр дүнгийн гэрээнд B, C, D авсан гэж байна. Энэ бол давуулан биелүүлсэн гэдгийг орлогын төлөвлөгөөгөөр ярьж байгаа. Түүнээс зөвхөн ганц давуулан биелүүлсэн гэдгээр би ажлаа дүгнүүлээгүй, тэр дунд чинь татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулах, хувиарыг цэгцлэх, төлөвлөгөө норм биелүүлэх, хяналт шалгалт хийх энэ бүхнийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Үүний дагуу би 31 байгууллагаас 29 дүгээрт орж байсан байгууллагыг 12 дугаар байранд оруулан ажлын ахиц гаргаж байсан. Аймаг орон нутагт Засаг даргын эрхлэх хүрээний 18 байгууллагаас 4-т 2 удаа, 6-д 1 удаа орж ингэж ажиллаж байсан. Энэ бол миний тодорхой хийсэн ажил.
Ёс зүйн хороог байгуулах, ажиллах журам гэж байгаа. Үүндээр хамт олны хурал хийгээд хамгийн олон санал авсан хүнийг ёс зүйн хорооны даргаар, дараагийн санал авснаар нь 3-5 юм уу 7-5 хүний бүрэлдэхүүнтэй ёс зүйн хороог байгуулж тушаалаар баталгаажуулах журамтай. Энэ журмын хүрээнд бид хуралдаад хамт олны саналыг аваад бид хийж байсан. 3 өргөдөл гомдол дарсан гээд байгаа. нэг нь татварын ерөнхий газар очсон 94 хүний өргөдөл гомдлыг би дараагүй. Хоёрдугаарт жолоочийн өргөдөл гээд байна. Намайг халсны дараагаар бичүүлж авсан хэнд ч хандаагүй, он, сар, өдөргүй ийм өргөдөл байгаа. Гуравдугаар машин мөргөсөн гээд байна. Ямар ч машинд учирсан хохирол байхгүй, асуудал байхгүй учир энэ надтай хамааралтай асуудал биш. Албан тушаал бууруулсантай холбоотойгоор дарга нартай удаа дараа уулзаж байсан. 9 сараас хойш хэзээ ажилд орох вэ, би яаж асуудлаа шийдвэрлүүлэх вэ гэсэн. Чи байж бай, аймгийн татварын хэлтсийн дарга нарын асуудлыг 11 сард шийднэ. Тэр хүртэл амар ч бай, цалинг чинь өгнө санаа зоволтгүй байж бай гэсэн. Тэр болтол би нийслэл, дүүргийн хэмжээнд тодорхой орон тоонууд дээр байцаагч хүмүүсийг томилж байсан. Дадлага туршлагагүй, хуульд заасныг зөрчсөн хүмүүсийг зөндөө томилж байсан. Энэ хугацаанд хэлэхээр тийм зүйл байхгүй, энэ 2 дүүргийн аль нэгийг сонгож байцаагчаар томилно гээд хүлээлгээд байсан. Ингээд дараа шүүхэд намайг нэхэмжлэл гаргасны дараагаар чи эхлээд шүүхэд хандсан шүү гэж хэлээд араас нь тушаал гаргасан. Тэр тушаал нь Баянзүрх дүүргийн улсын байцаагчаар томилсон. Тэгэхээр би ялгаварлан гадуурхсан, албан тушаал бууруулсан гэдгийг дарга нартай уулзаж байсны хүрээнд хэлж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
В.Б Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Б/73, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалуудыг тус тус хууль бус гэж тогтоож хүчингүй болгож урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч В.Б Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 371 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/318 дугаар тушаалаар тус аймгийн Татварын хэлтсийн даргаар томилогдон 2016 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан төрийн жинхэнэ албан хаагч байна.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй ажил албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин албан тушаал бууруулан шилжүүлж томилсон хууль бус гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “В.Бг албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх тухай” Б/73, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “В.Бг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасгийн татварын улсын байцаагчаар томилсон” Б/08 дугаар тушаалууд тус тус хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэв.
1.Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “В.Бг албан тушаалаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх тухай” Б/73 дугаар тушаалын тухайд:
2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд эмхлэн зохион байгуулагдсан Улсын Их Хурлын 12 дугаар тогтоол, шинэ Засгийн газрын 4 дүгээр тогтоолыг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, газар, хэлтсийн чиг үүргийг баталсан байна.
Энэ ажлын хүрээнд өмнөх Засгийн газрын үед чиг үүргийг хэрэгжүүлж байсан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр “Ажлаас түр чөлөөлж, томилох тухай” тушаалаар аймгуудын татварын хэлтэс, газрын дарга нарыг үүрэгт ажлаас түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тоилсон байна.
Энэ тушаалаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Бг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.4, 271.6.9-д заасныг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн Б/23 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах.....” -аар зохицуулсан байхад Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг, бүтэц өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдан үлдсэнийг үл харгалзан хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл аймгийн татварын хэлтсийн үйл ажиллагаа, чиг үүрэг, хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж үлдсэн байхад энэ ажлын байранд ажиллаж байсан этгээдийг үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн заалтыг хариуцагч биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн атлаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлж ажиллагаагүй, тухайн асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлсөн гэсэн нь маргаан бүхий захиргааны акт гаргасан хууль зүйн үндэслэлтэй нийцээгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан үйл баримт тогтоогдоогүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, маргаан бүхий актыг гаргахдаа энэ дүгнэлтээ үндэслээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтлана:”, 4.2.2 “ил тод байх;”, 4.2.5 “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;”, 4.2.6 “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл,баталгааг төр хангах;” гэсэнтэй нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахад харшлах зүйлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн эрх бүхий байгууллагын үнэлгээ, шийдвэр байхгүй, ямар нэг ёс зүйн зөрчил гаргасан зөрчилд сахилгын шийтгэл хүлээгээгүй байна.
2. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “В.Бг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасгийн татварын улсын байцаагчаар томилсон” Б/08 дугаар тушаалын тухайд:
В.Бг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасгийн татварын улсын байцаагчаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өөр албан тушаалд шилжүүлж ажиллуулсан гэж ойлгогдохоор байна.
Харин хариуцагч маргаан бүхий Б/73 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлж Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн процесс түүний хууль зүйн үндэслэл ойлгомжгүй тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Бг үүрэгт ажлаас чөлөөлж, дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчаар албан тушаал бууруулж томилсон үндэслэлээ хуулийн хүрээнд хангалттай нотлоогүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч аймгийн татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг зөвшөөрөхгүй маргаж байхад түүнийг дүүргийн татварын хэлтэст албан тушаал бууруулж өөрийнх нь зөвшөөрөлгүй томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд...сэлгэн ажиллуулж болно.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ажил албан тушаалд томилуулах асуудлаар Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудтай удаа дараа уулзаж ярилцаж байсан гэх боловч энэ талаар тодорхой тохиролцож, харилцан ойлголцолд хүрээгүй нь түүнийг удирдлагатайгаа зөвшилцөж, өөрөө зөвшөөрснөөр дүүргийн татварын хэлтэст шилжиж, сэлгэн ажилласан гэж үзэхээргүй энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.6.4-т “”татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах;”, 271.6.9-д “үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах..” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн эдгээр хуулиар хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй.
Ийнхүү хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт дүгнэлт хийхэд хариуцагчийн В.Бг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн Б/73, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасгийн татварын улсын байцаагчаар томилсон Б/08 дугаар тушаалууд хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.4, 271.6.9-д заасныг тус тус баримтлан В.Бг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн Б/73, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасгийн татварын улсын байцаагчаар томилсон Б/08 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч В.Бг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР