Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/0060

 


 “Буурал ерөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, хариуцагч Тендер сонгон шалгаруулах комиссын төлөөлөгч А.Баяраа, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран-Отгон нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаар магадлалтай, “Буурал ерөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга болон тус Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар байгуулагдсан Тендер сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Буурал ерөө” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Буурал Ерөө” ХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарласан “Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд гар аргаар алт олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах” тендерт оролцохоор тендерийн урилга, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр захиалагчаас авсан.

Харин тендерийн урилга, бичиг баримтад тендерийн материал ирүүлэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 15.00 цагаас өмнө хэмээн заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тендер хүлээн авах, хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтоох ёстойг зөрчснийг тендерийн бичиг баримтаа бүрдүүлэх явцад мэдсэн бөгөөд манай компани үүнийг бичиг техникийн алдаа байна гэж ойлгосон. Тендер хүлээн авах өдөр энэ талаар захиалагчид утсаар мэдэгдсэн боловч холбогдох албан тушаалтан тендерийг аль хэдийн шалгаруулсан гэх тайлбарыг амаар өгсөн.

Гэтэл энэхүү сонгон шалгаруулалтын ажиллагаа нь нээлттэй тендер мэтээр нийтэд зарласан атлаа тендер бэлтгэж ирүүлэх хугацааг зориуд тэгш бусаар олгосон, ялагч нь урьдаас тодорчихсон хууль бус ажиллагаа болсныг олж мэдсэн бөгөөд энэ хууль бус үйлдэл нь манай компанийн уг сонгон шалгаруулалтанд оролцох эрхийг зөрчсөн, хязгаарласан үйлдэл боллоо. Хууль зөрчсөн ажиллагааны талаар холбогдох дээд шатны албан тушаалтанд хандсан боловч энэ талаар сонсохыг хүсээгүй, асуудалд ултай суурьтай хандаж шийдвэрлэхгүй болох нь илэрхий болсон тул арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 тоот захирамжаар байгуулагдсан тендер сонгон шалгаруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан “ММНС” ХХК, “Төгөлдөр хангай” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах улмаар Дорноговь аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/626 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаараа тендерт шалгарсан гэх компаниудтай нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр гэрээ байгуулах эрх олгосон тул “ММНС” ХХК, “Төгөлдөр хангай” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/626 дугаартай захирамжийг мөн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Тендер сонгон шалгаруулах комиссыг төлөөлж тус комиссын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлгэрэх сумын нутаг “Шар модны бууц” гэдэг газар хууль бусаар алт ухагч нар байгаль орчин, тухайн орон нутгийг их хэмжээгээр эвдэн сүйтгэсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор тухайн газрын байгаль орчин болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон юм. Дэлгэрэх сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад тендер сонгон шалгаруулалт явуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа ирүүлж байсан учир нөхөн сэргээлт явуулах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг зарласан.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээ биш байхаар зарласан. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиас зөвхөн тендерийн баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх, бүртгэлийг явуулах тухай заалтуудыг авч хэрэглэсэн бөгөөд энэ үйл ажиллагааг хурдан явуулах цаг үеийн шаардлагаас шалтгаалж богино хугацаанд зарласан.

Нэхэмжлэгч нь зарыг 12 дугаар сарын 03-нд мэдсэн тул 12 дугаар сарын 08-ны өдрийн хугацааг мөн мэдсэн байна. Хуульд тодруулга авах эрхтэй гэдгийг зохицуулсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хэрэв төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ёстой ажил байсан бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохих төсөв батлуулан гаргуулж хийгдэх ёстой ба энэ дагуу явагдах тендерийг аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулан явуулдаг.  Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2015 оны "Гэрээ байгуулах эрх олгох тухай" А/626 дугаар захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.3 м/-д  “нутаг дэвсгэрийнхээ  байгалийн тодорхой төрлийн баялагийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах”, н/-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ийн 4/-д “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. 1-д “Ургамлыг гал түймэр, өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга улсын төсвийн  хөрөнгөөр,  гэрээний  дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр”, Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.3-д ”газрын хэвлийг ашиглах, хамгаалах хяналт шалгалт хийх” гэсэн аймгийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан.

Байгаль орчны нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.   Учир нь төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлээгүй, мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “ММНС” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компани Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд гар аргаар алт олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зарласан тендерт оролцож уг ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх авсан. Тендерийн тухай зарыг интернетээс олж мэдсэн. Манай компани нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн дагуу ажил хийхээр байнга ажил хайж байдаг ба аймгуудын сайтад тогтмол орж шалгадаг ажилтан байдаг.

Тухайн тендерийн урилга нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймгийн сайтад зарлагдсаныг мэдээд материалаа бүрдүүлж бүх бичиг баримтаа бэлэн болгож, уг тендерт түншлэн оролцохоор харилцан тохиролцсон “Эрдэнийн ундарга хайрхан” компанийн захирал н.Сайнбаярт зарлагдсан цагаас өмнө Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст хүлээлгэн өгсөн.

Бүх материалыг тендерт бусад ижил төрлийн болон тендерт оролцоход тавигддаг шаардлагын дагуу бүх тодорхойлолт бичиг баримтыг бүрдүүлсэн ба нөхөн сэргээлтийн төслөө бичиж өгсөн. Манай компанийн хувьд геологи хайгуул, нөхөн сэргээлтийн чиглэлээр 6 жил ажиллаж байгаа туршлагатай, мөн улсын хөрөнгөөр хийгдэх зураглалын ажлын тендерт 2 жил дараалан, мөн тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмалын газраас зарласан удаа дараагийн тендерүүд, Оюу толгой компаниас зарласан тендер гэх мэт олон төрлийн тендерт оролцож байсан ба Дорноговь аймгийн Дэлгэрэх сумд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх тендер зарлагдах үетэй давхцан Ашигт малтмалын газраас зарласан 106 тусгай зөвшөөрлийн тендерт оролцохоор бүх материалаа бэлдсэн байсан учраас түүнээсээ нэг хувийг өгч, дээрээс нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх төслөө нэмж өгсөн.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх тендерт зохих журмын дагуу, мэргэжлийн үндсэн дээр бүх бичиг баримтаа бэлтгэн оролцсон тул нэхэмжлэгчийн зүгээс биднийг эртнээс мэдсэн, ялагчаар тодорсон гэж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд “Төгөлдөр хангай” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компани Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Дэлгэрэх сум дахь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нөхөн сэргээлт хийх тендерт оролцож шалгарсан болно. Мөн энэхүү ажилд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бямбасүрэнгээр дамжуулан материал хүргүүлж оролцсон. Бидний нөхөн сэргээлт хийх талбайд эвдэрсэн газар байгаагүй, санхүүжилт тодорхой бус гэх зэрэг шалтгаануудын улмаас бид ажлаас татгалзсан албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлгэрэх сумын Засаг даргад тус тус хүргүүлсэн” гэжээ.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 24 дүгээр зүйлийн 24.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 тоот захирамжаар байгуулагдсан тендер сонгон шалгаруулах комиссын “ММНС” ХХК, “Төгөлдөр хангай” ХХКомпаниудыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “ММНС” ХХК, “Төгөлдөр хангай” ХХКомпаниудад гэрээ байгуулах эрх олгосон А/626 тоот захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр хэвээр үлдээсэн.

Хариуцагч Тендер сонгон шалгаруулах комиссын дарга А.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аймгийн Засаг даргын Тамгын газраас эвдэрсэн талбайг нөхөн сэргээх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж явуулсан. Үүний дагуу зарлагдсан талбайд гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтын материалыг худалдан авч оролцсон. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15.00 цаг хүртэл сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авч, оролцогч нарыг байлцуулан нээлт хийсэн. Нэхэмжлэл гаргаж буй “Буурал ерөө” ХХК нь сонгон шалгаруулалтын материалаа ирүүлээгүй болно. Дэлгэрэх сумын Цагаанхад багийн нутагт гар аргаар алт олборлогч нар газрын хэвлий руу цооноглон 18-20 м гүн нүхнүүд ухаж шороонд даруулах нөхцөл үүссэн, олон хүн цугласан газарт эрүүгийн нөхцөл бүрдэж хулгай, архидалт, тээврийн хэрэгслийн замбааргүй хөдөлгөөнөөс хөрсний доройтол бохирдол үүссэн тул яаралтай энэ байдлыг таслан зогсоож, хамгаалалтад авах улмаар үлдэгдэл нөөцийг авах замаар нөхөн сэргээлт яаралтай хийх шаардлагатай болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн дагуу нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтыг зарласан юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарьш 16-ны өдрийн 576 дугаар магадлал заасан Байгаль орчныг хамгаалах хуулийн 16 дугаар зүйлд заасан Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах арга хэмжээг боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдүүлж гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах эрхтэй байвч хууль бусаар алт хайгч, ухагч нарыг дахин тус газарт нэвтрүүлэхгүй байх, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1/-д “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно”, 2/-д “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; гэсэн хүний амьд явах, эрүүл энх байх” наад захыг эрхийг хангах, байгаль орчны доройтол эвдрэлээс урьдчилан сэргийлж, хугацаа алдаж дахин эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд богино хугацаанд нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан.

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа төсвийн жилийн эцэс болсон, төсөв санхүүгийн хүндрэлтэй байсан учир алт хайгч ухагч нарыг дахин тус газарт ирж алт хайж ухахаас сэргийлж үлдэгдэл нөөцийг авах, цооноглосон нүхнүүдийн хоорондох ханыг нурааж техникийн нөхөн сэргээлт хийх замаар тухайн аж ахуй нэгж нь өөрсдөө зардлаа хариуцаж ажиллахыг төлөвлөсөн юм. Энэ дагуу сонгон шалгаруулалтын материалыг бэлтгэж тараасан.

“Буурал ерөө” ХХК нь сонгон шалгаруулалтад огт оролцоогүй саналаа ирүүлээгүй байж комиссын үнэлгээний шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаар магадлалыг хянаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасныг үндэслэн Дэлгэрэх сумын Цагаанхад багийн нутаг дэвсгэрт хууль бус, гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаагаар эвдэрч сүйтгэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийх гүйцэтгэгч сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг баталж, уг бүрэлдэхүүн эвдэрсэн талбайг 2 хэсэгт хувааж, нөхөн сэргээлтийг хийлгэхээр “ММНС” ХХК, “Төгөлдөр хангай” ХХК-ийг тус тус шалгаруулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/626 дугаар захирамжаар  дээрх 2 компанид гэрээ байгуулах эрх олгожээ. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2/-д “нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж тус тус зааснаар аймгийн Засаг дарга байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах арга хэмжээг боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, уг асуудлаар гаргасан хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээр байна.

Тухайн тохиолдолд хариуцагч, хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зорилгоор сонгон шалгаруулалтыг явуулсан хэмээн тайлбарлаж байгаа боловч Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд гар аргаар алт  олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт  “... орхигдсон талбайд хаягдал нөөцийг авах замаар нөхөн сэргээлт хийх” болзолтойгоор сонгон шалгаруулалт явуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

Тендерийн баримт бичигт дурдсан “...орхигдсон талбайд хаягдал нөөцийг авах замаар нөхөн сэргээлт хийх” болзол нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ”ашигт малтмал ашиглах” үйл ажиллагаа бөгөөд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаар зохицуулагдах эрх зүйн харилцаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална”,  Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3-д “Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тухай дүгнэлт гарсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү журмын 2.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулна...” гэж заасан атал хариуцагчаас байгаль орчныг нөхөн сэргээх нэрийн дор “ашигт малтмал ашиглах” үйл ажиллагааг зөвшөөрч, сонгон шалгаруулалт зарласныг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 53 дугаар зүйлийн 1-д нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 3 дугаар зүйлийн 3.2-ыг тус тус  зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзнэ. 

Хэдийгээр нэхэмжлэгч “Буурал ерөө” ХХК “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер хүлээн авах хугацааг 30 хоногоор тогтоосон байхад богино хугацаа тогтоож, тэгш бус хандаж, тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан” гэж маргаж байгаа боловч дараах үндэслэлээр тус компанийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан байх бөгөөд иргэн, хуулийн этгээд нь хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй, харин захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас үүсэх хууль бус боломжийг шаардах эрхгүй юм.

Нөгөөтэйгүүр “хууль дээдлэх” нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа дээрх зарчимд нийцэх нь захиргааны акт хууль ёсны байх нөхцөл болдог. Хууль ёсны захиргааны акт нь иргэн хуулийн этгээдэд эрх зүйн хамгаалалыг бий болгож, тэдэнд тэгш эрхийн боломж олгодог. 

Гэтэл нэхэмжлэгчийн оролцохоор маргасан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь өөрөө хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйлийг зөрчиж “хууль бусаар ашигт малтмал ашиглах”-ыг зөвшөөрсөн сонгон шалгаруулалт тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанд оролцох эрх нэхэмжлэгчид үүсэх үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагчийн “сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэхгүй” гэсэн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Буурал ерөө” ХХК-ийн “Тендер сонгон шалгаруулах комиссын “ММНС” ХХК, “Төгөлдөр хангай” ХХК-ийг  гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “ММНС” ХХК, “Төгөлдөр хангай” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон А/626 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай   хуулийн 41   дүгээр   зүйлийн   41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН