Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1224

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02939 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХХХХХХ-д байрлах үйлчилгээний барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

 

Бие даасан гуравдагч этгээд ХХХХ-ын,

2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ХХХ, ХХ нарын байгуулсан “Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг үйлчилгээний зориулалттай 52 м.кв талбай бүхий барилгыг ХХХ, ХХХ, ХХХ нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн дүү ХХХ нь надаас 68 000 ам.доллар зээлж авч эд хөрөнгийн эрхийн Ү-2205005209 тоотод бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах, 1000 нэрийн барааны дэлгүүрийн зүүн талын, одоо Монбейкери ХХК-ийн нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлж буй барилгыг худалдан авсан болно. Уг 68 000 ам.долларыг надаас зээлж авахдаа барилгад нарийн боовны худалдаа үйлчилгээ эрхэлж, олсон орлогынхоо 50 хувийг cap бүр өгнө гэсэн тул мөнгийг өгч байсан. Гэтэл анх тохирсон ёсоор орлогын 50 хувийг надад өгөөгүй, ямар ч ашиг орлого өгөхгүйгээр 2006 он хүрсэн тул миний бие зээлүүлсэн мөнгийг, ашгийн хамт эргүүлэн өгөхийг шаардахад мөнгийг буцаан өгөх санхүүгийн боломж байхгүй. Харин анх миний мөнгөөр худалдан авсан Монбейкери ХХК-ийн нарийн боовны цех, худалдаа үйлчилгээ явуулж байгаа барилгыг мөнгөний оронд 2006 оны 8 сард шилжүүлж, ХХХ бид хоёрын хооронд төлбөр тооцоо дууссан.

 Уг барилгыг дүү ХХХы салсан эхнэр ХХХ ажиллуулж байсан бөгөөд түүнийг өөрөө сайн дураараа суллаж өгөх байх гэж хүлээж байсан болно. ... Би өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөлж өгөхийг ХХХаас шаардахад суллаж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Миний өмчлөлийн барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлж тус барилгад үйл ажиллагаа явуулж байгаа компанийг албадан нүүлгэж өгнө үү.

... Хариуцагч болон гуравдагч этгээд нар 68 000 ам долларыг зээлдүүлсэн гэсэн баримт байхгүй гэж маргадаг. Яг үнэндээ ах дүү хүмүүсийн хувьд эгч нь дүүдээ мөнгө зээлэхдээ заавал баримтжуулж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлэхгүй байх. ... Гэрээ хийж нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн хүчинтэй баримтыг гарын үсэг хуурамч гэж яриад байна. ХХ Монгол улсад ирээд 7-14 хонодог. Энэ үеэрээ гэрээг хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ, бүртгэл, газрын гэрчилгээ зэргийг  итгэмжлэлээр Ү.Отгонбаатар хийсэн.

Гуравдагч этгээд 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ХХд гэсэн Батламж бичиг дээрх гарын үсэг миний нөхрийн гарын үсэг биш гэж шүүхийн шинжилгээнд шинжлүүлсэн байдаг. Эхний шинжилгээгээр /хх-ийн 173 дугаар хуудас/ хуурамч байна гэж гаргасан. Шинжилгээг хийхдээ Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн архивт байгаа мэдүүлэг, эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх гэрээ, хэргийн гол баримт болох Батламж бичиг зэргийг шинжилсэн байдаг. Ингэж шинжлэхдээ эд хөрөнгийн бүртгэлийн архивт байх мэдүүлгийн эх хувийг хэргийн 105 дугаар хуудасны арын хуудсанд тавиад, дараа нь гарын үсгийг эх хувиас нь татаж тавиад хяналтын шинжилгээ гэж хийсэн байдаг. Мөн эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх гэрээг шинжлэхдээ хэргийн 177 дугаар хуудасны ард талд Батламж бичгийг шинжилгээнд ирүүлсэн 2006 оны 8 дугаар сарын 03-ны ХХд гэж гарчигласан Батламжны гарын үсэг шинжиллээ гэсэн байгаа. Гэхдээ эх сурвалжийг нь тавиагүй, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй гарын үсэг тавиад, энэ гарын үсэг нь хуурамч гарын үсэг байна гэж гаргасан. ...Энэ бол ХХХХ-ын өөрийнх нь зурсан гарын үсэг байх, эсхүл энэ хүн ХХХы гарын үсгийг дуурайлгаж зурсан байх. Тиймээс энэ шинжилгээг хуурамчаар хийсэн байгаа юм. Үүний дараа бид дүгнэлтийг эсэргүүцэж дахин шинжээч томилуулсан. Ингэхдээ өмнө шинжилсэн объектууд дээр нэмээд ахын найздаа бэлэглэсэн Чонон сүлд ном дээр бичигдсэн гарын үсгийг шинжлүүлж, ХХХы гарын үсэг мөн гэж дүгнэсэн. ХХХ ... хуурамчаар дахин дүгнэлт гаргуулах гэсэн учир би эх хувь Чонон сүлд гэдэг номыг дахин дүгнэлт гаргуулахаар гаргаж өгөөгүй. Маргаан бүхий байрыг 55 000 доллараар ХХХ худалдаж авсан гэж байна. ... ХХ-ийн өмчлөлд шилжсэнийг ХХХ мэдэж байсан.

 Хэргийн 105,106 дугаар хуудсанд төлбөр төлсөн баримтуудаар ХХ-ийн нэр дээр шилжсэн гэдгийг ХХХ мэдэж байсан нь нотлогдож байгаа. 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэлцлийг хийхэд Ү.Отгонбаатар ахтайгаа хамт байсан. Өөрөө гарын үсгээ зурсан. Гэр бүлийн дундын хөрөнгө гэж яриад байна. Яг үнэндээ хуваарьт хөрөнгө байсан. "Монбейкери" XXK-ийг 1998 онд авсан гэж байна. Энэ батламж бичиг дээр 1999-2000 он гээд баримжаагаар бичсэн байна. ...  Гэхдээ 68 000 ам.доллар авсан нь үнэн. 1998 онд анх худалдаж аваад түрээслэж ажиллуулж байгаад 1998 оны сүүл 1999 онд мөнгийг 2 удаа тасалж өгсөн байдаг ... 68 000 ам.долларын баталгаа нь би өөрөө байна. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХХХХ-ын нөхөр талийгаач ХХХ, нэхэмжлэгч ХХ-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, 68 000 ам.доллар өгөлцөж авалцсан баримт, зээлж авсан гэх мөнгөөр нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг, худалдаа үйлчилгээний хамт худалдан авсан гэх баримт гаргаж өгөөгүй, мөн олсон орлогынхоо 50 хувийг нэхэмжлэгчид cap бүр төлнө гэсэн гэрээ хэлцэл ч байхгүй, тийм хэлцэл хийгдээгүй тул нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байна. Маргаж буй эд хөрөнгө нь ХХХ, түүний талийгаач нөхөр ХХХ, хүү ХХХ, ХХХ нарын дундаа хамтран өмчлөх хөрөнгө байсан.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг анх ХХХХ-ын үүсгэн байгуулсан “Монбейкери” ХХК түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад "Монгол интертрейд" ХХК-иас 55 000 ам.доллараар худалдан авч, төлбөрийг 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр ХХХы нэр дээр бүртгүүлэн авсан байдаг. Гэтэл ХХХ, ХХХ, ХХХ нарт мэдэгдэлгүйгээр 2006 оны 8 дугаар сард уг хөрөнгийн өмчлөх эрхийг гэр бүлийн бусад гишүүдэд мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрлийг авалгүйгээр ХХд шилжүүлэн өгсөн хууль бус үйл ажиллагаа болсон байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч ХХХХ-ын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа:

Маргаж буй үл хөдлөх хөрөнгийг "Монгол интертрейд" ХХК-аас төлбөрийг төлж худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр ХХХы нэр дээр бүртгүүлсэн, нөхрийг маань нас барснаас хойш түүний төрсөн эгч ХХ нь манай гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгө хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж, албадан чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь миний болон хүү ХХХ, ХХХ нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бидний эрх үүрэгт сөргөөр нөлөөлсөн маргаан үүсгэж байна.

2006 оны 8 дугаар сард нэхэмжлэгч ХХ уг хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохоо нэхэмжлэлдээ дурдсан. Гэвч ямар нэгэн гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан ч тэр нь хүчин төгөлдөр бус байна. Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.4-т зааснаар уг үл хөдлөх хөрөнгө бол манай гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч тул миний болон хүүхдүүдийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл тул өөрийн болон хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээр хамгаалуулахаар энэхүү шаардлагыг гаргаж байна. Иймд бидний дундаа хамтран өмчлөх өмч мөн болохыг, мөн бидний зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг ХХд шилжүүлэн өгсөн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоож өгнө үү.

... Улсын бүртгэлд бүртгүүлэх бүртгэлийн маягт, өргөдөл зэрэг улсын бүртгэлийг шилжүүлэхтэй холбоотой бүх баримтад Ү.Отгонбаатар гарын үсэг зурсан мэт, илт ХХ-ийн гарын үсэг биш. Гэтэл ХХгаас Ү.Отгонбаатарт олгосон итгэмжлэлээс улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой өргөдөл анкет баримт дээр төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгоогүй байдаг. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсэгт хэд хэдэн шинжээч томилуулсан. Эхний шинжээч ХХХы гарын үсэг тохирохгүй байна гэсэн. Сүүлийн шинжээч дээр нэхэмжлэгч талаас Чонон сүлд гэсэн номонд бичсэн ХХХы гарын үсэгт шинжилгээ хийлгэсэн. Энэ бол нэг хүний гарын үсэг биш. Гэхдээ талийгаач ХХХы гарын үсэг биш гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэвэл сүүлийн дүгнэлтээр зөвхөн тэр баримтууд дээр дүгнэлт хийгээд өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримтууд байдаггүй.

Нийслэлийн шүүхээс хэргийг буцаахдаа дахин шинжээч томилох шаардлагатай, эргэлзээг нь гарга гэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал шинжилгээнд өгсөн баримтуудаа өгөхгүй байсаар 8 cap болсон. Тиймээс тэр баримтууд нь “ноотой” байжээ гэдэг нь харагдаж байгаа. Хамгийн гол нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь ойлгомжтой байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь эрх зөрчигдсөн буюу эрх зөрчигдсөн гэдгээ мэдэх, мэдсэнээс хойш тоологддог. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгч нь "Монбейкери" ХХК-ийн бүр дансаараа л төлөөд явж байсан. Төлбөрийг компаниараа төлдөг, шивэлт нь өмчлөгч нь өөрчлөгдсөн учир өөр шивэгдсэн. Нэхэмжлэл гаргах хүний эрхийн асуудал юм. Энэ бол хүний үүрэг биш. Нөхөр нь нас барах хүртэл энэ хүний эрх зөрчигдөөгүй байгаа.

Давж заалдах шатны шүүхээр ороод хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харилцан шаардлага гаргаад явж байгаа нь хууль ёсных байна гэдэг дүгнэлт өгөөд дахин хянуулахаар буцаасан. Анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгсөн. Тиймээс өнөөдөр дахин хөөн хэлэлцэх хугацааны асуудал яриад байх нь зохимжгүй юм. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар тавьж байгаа хууль зүйн үндэслэл бүхий тайлбар мөн түүнийг үндэслэж байгаа үнэн зөв эргэлзээгүй баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй учир бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдиин шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ХХ нь ХХХХ-ын үүсгэн байгуулсан "Монбейкери" ХХК-ийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж нэхэмжлэлиин шаардлага гаргаагүй, харин "Монбейкери" ХХК-ийн эд хөрөнгийг нь чөлөөлж өгөхгүй байгаа тул уг компанийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. ХХХ нь "Монбейкери" ХХК-ийн үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ явуулж буй ХХ-ийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэсэн нь үндэслэлгүй. 2006 оны 8 дугаар сард уг эд хөрөнгийг ХХд шилжүүлсэн гэрээ, мөн талийгаач ХХХы өөрийн гараар бичсэн баталгаа гэх баримтаар уг үл хөдлөх хөрөнгийг ХХгаас авсан мөнгөөр худалдан авсан нь тодорхой байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд гэж тодорхой заасан бөгөөд эд хөрөнгийн эрхийн Ү-2205005209 тоотод бүртгэгдсэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах эд хөрөнгө нь ганц өмчлөгчтэй, талийгаач ХХХы нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т ... зааснаар ганц өмчлөгчтэйгээр улсын бүртгэлд ХХХы нэр дээр бүртгэгдэн баталгаажсан эд хөрөнгө тул өөр бусад этгээдээс зөвшөөрөл авах хуулийн шаардлага байхгүй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй гэж заасан тул өмчлөгч ХХХ уг эд хөрөнгөө ХХд шилжүүлсэн хэлцэл нь хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл. Иймд ХХХХ-ын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ХХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч "Монбейкери" ХХК-д холбогдох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үйлчилгээний барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХ-ын  “ХХ, талийгаач ХХХ нарын 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хийсэн Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцлийг дүр үзүүлэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцож, гэр бүлийн гишүүдийн дундын өмч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд ХХХад олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Ү-2205005209 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээ хийж, 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авсан байдаг. Энэхүү гэрээг тухайн үед гуравдагч этгээд болох ХХХ мэдэж байсан бөгөөд миний эгч гадаадаас ирэх болоогүй, ирэнгүүт нь суллаж өгөхөөр тохирсон байсан. Миний ахыг нас барангуут уг үл хөдлөх хөрөнгийг өгөхгүй гэсэн санаа агуулж шүүхэд худал мэдүүлэг өгч эхэлсэн. Тухайлбал 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргалын "...гэр бүлийн бусад гишүүдэд мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлсэн", 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гуравдагч этгээд ХХХХ-ын шаардлагад "...нөхөр хүүдээ зориулж авч өгсөн, түүнд нэр заан өгсөн өмч бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ нь талийгаач дээр байсан." гэж шилжсэнийг нь мэдээгүй мэтээр тайлбар, нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэтэл миний бие бичиг баримтаа үзэж байтал 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Монбейкери” ХХК-иас газрын төлбөр төлсөн баримт нь гарч ирсэн. Хэргийн 106 хуудсанд байгаа баримтын “Хаана ажилтай” гэсэн нүдэнд Ү.Байгальмаа /Монбейкери газрын төлбөр/, төлбөрийн зориулалт гэсэн хэсэгт “Монбейкери” газрын төлбөр гэж байдаг. Эндээс харахад ХХХ нь уг обьекгыг Ү.Байгальмаагийн нэр дээр шилжсэн талаар мэдэж байсан нь нотлогдож байна. Бид энэ баримтыг 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр газрын албанаас хуулбарлан авч өгсөн. Үүнийг гаргах хүртэл ХХХ нь үл хөдлөх хөрөнгө шилжсэнийг огт мэдээгүй мэтээр худал ярьсан байдаг.

Иймээс Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гуравдагч этгээдийн шаардлагыг хангах ёсгүй байсан. Мөн хэргийн 91 дэх хуудсанд 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХХХыг нөхөр нь гэртээ нас барсантай холбогдуулан байцаахад байр шилжүүлсэн талаар "...манай нөхрийг согтуу байхад нь түүний эгч Ү.Байгальмаа шилжүүлэн авсан" гэж мэдүүлсэн бөгөөд дараа нь шүүхэд бие даасан шаардлага гаргахдаа огт мэдээгүй байсан мэтээр бичсэн нь түүний худал хэлж байгааг нотлож байна.

Анхан шатны шүүх 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэл", "Батламж" зэрэгт зурсан гарын үсэг ХХХых гэхэд эргэлзээтэй бөгөөд шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан. Дахин шинжилгээ хийгдээгүй тул үнэлэхгүй гэжээ. Энэ дүгнэлтээ үндэслээд 68 000 ам доллар авсан нь тогтоогдохгүй тул хэлцлийг хүчингүйд тооцжээ. Гэтэл тухайн үед талууд өөрсдөө гарын үсэг зурсан бөгөөд түүнийг нь Иргэний хуулийн шаардлагын дагуу нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нотариат хуулийн дагуу ажилласан бөгөөд хуурамчаар, эзнийг нь байхгүйд баталсан гэвэл нотариатын гэрчилсэн үйлдлийг, нотариатчийг гэрчээр асуух ёстой байсан. Гэтэл нотариатын үйлдийг шалгаагүй байтлаа түүнээс өмнөх хэлцэлд зурсан гарын үсэг нь хуурамч эсэхийг шалгана, шалгах боломжгүй болохоор нь түүнийг нотлох баримтаар үнэлэлгүй хассан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Ү.Жаргалсайхны гарын үсэг биш байна гэсэн 1058 тоот дүгнэлтийг 1 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан, шинжилгээ хийгдсэн обьект нь хязгаарлагдмал байсан. ХХХы гарын үсэг мөн байна гэсэн 2142 тоот дүгнэлийг 3 шинжээчийн бүрэлдхүүнтэй гаргасан, шинжилгээ хийгдсэн обьект нь өргөн хүрээнд байсан. Тухайлбал, эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх гэрээ, батламж дээрх гарын үсгийг нийслэлийн архивт хадгалагдаж байгаа нотариатын баримт, 2000 оны 4 дүгээр сарын 12-ны "эцэг тогтоолгох"-оор гаргаж байсан өөрийнх нь өргөдөл, гэрээ хэлцэл-3, 2006 гэсэн бичилттэй бүртгэл гэсэн дэвтрийн 1063, 1064 дугаартай бүртгэлүүд, гэрчээр хууль сануулан байцаагдсан гэрчийн мэдүүлэг, найздаа дурсгасан ном, иргэний үнэмлэхний гарын үсэг, 1999 оны 3 сарын 29-ний "үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ", зэргийг хамруулсан. /Ганц Чонон сүлд ном биш/

Энэ дүгнэлт нь Шинжилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу шинжээч тус бүр шинжилгээг эхнээс нь бие дааж хийх бөгөөд шинжилгээний эцэст үр дүнгээ нэгтгэн гаргасан дүгнэлт. Тэгээд ч 1058 тоот дүгнэлтийг 2142 тоот дүгнэлт нь албан ёсоор үгүйсгэсэн. Тиймээс зөрүүтэй дүгнэлт гэсэн ойлголт байхгүй байтал 2142 тоот дүгнэлтийг шүүх үгүйсгэсэн, 1 ном өгөөгүйгээс шинжилгээ хийж болсонгүй гээд нотлох баримтаас шүүгч хассан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн шаардлагын хувьд УДШ-ээс гаргасан тайлбараар няцаагдана гэж үзэж байна. Тухайлбал Гэр бүлийн эд хөрөнгийг зохицуулсан Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 20 тоот тогтоолын 5 дугаар зүйлд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулах талаар хуулийн 128 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарласан. Үүнд: 128.2-т заасан "гэр бүлийн насанд хүрсэн гишүүний ... зөвшөөрлийг" зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд авна. Гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаан гаргах эрхгүй гэж заасан. Иймээс гуравдагч этгээд маргаан гаргах ёсгүй. Үүнийг шүүгч мэдсээр байж гуравдагчийн шаардлагыг хангасан нь хууль зөрчсөн.

Гарын үсгийг дахин шинжлүүлээгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаас эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх хэлцэл, батламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн баримтыг үнэлэхгүй хасаж байгаа бол дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Мөн 68 000 ам доллар өгөхөд хамт байсан, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд хамт байсан эгч Цэцэгмаагийн хүү Ууганбаатарыг гэрчээр асуулгах шаардлага байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан, түүний үндэслэлийн талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрт агуулга болон найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үйлчилгээний барилгыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХХ нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгч ХХ ХХХ нарын хооронд 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг, үйлчилгээний зориулалт бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн буюу ХХХ, ХХХ, ХХХ нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ХХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, дүү ХХХ нь 1999 онд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа 68 000 ам.доллар зээлж, сар бүр олсон ашгийн 50 хувийг өгөхөөр тохиролцсон боловч уг үүргээ биелүүлэхгүй байснаар 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэл хийж, өмчлөх эрхээ хууль ёсоор шилжүүлж бидний тооцоо дууссаныг эхнэр ХХХ нь мэдэж байсан гэж тайлбарлажээ.

 

Маргааны зүйл болох уг барилгыг анх “Монгол интертрейд” ХХК /захирал Д.Оюун-Эрдэнэ/ төрийн өмч байхад нь дуудлага худалдаагаар авч “Мон бейкери” ХХК түрээсээр ашиглаж байгаад 55 000 ам.доллараар худалдан авч, 1998 онд төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа хууль ёсны татвар төлөгч гэх үндэслэл зааж хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан.

 

Гуравдагч этгээд ХХХ бие даан гаргасан шаардлагаа “талийгаач нөхөр ХХХы нэр дээр өмчлөх эрх бүртгэлтэй байсан ч гэр бүл болсноос хойш бидний хамтын хөдөлмөр болон орлогоор бий болсон манай гэр бүлийн дундын хөрөнгө.  Гэтэл бидний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн” гэж үзжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

Гуравдагч этгээд ХХХ, талийгаач ХХХ нар 1989 оноос хамтран амьдарч, 1997 онд гэрлэлтээ батлуулан, 1997 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүү ХХХ, 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү ХХХ нарыг төрүүлсэн, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нөхөр ХХХ зуурдаар нас барсан, энэ үед тэд тусдаа амьдарч байсан, 1998 оноос ХХХХ-ын үүсгэн байгуулсан “Мон бейкери” ХХК нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа, “Монгол интертрейд” ХХК-иас 55 000 ам.доллар төлж худалдан авсан, нэхэмжлэгч ХХ, ХХХ нарын хооронд 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэлд үндэслэн өмчлөх эрх ХХд шилжин, улсын бүртгэлд бүртгэгдэн гэрчилгээ олгогджээ.

/хх-ийн 46, 47, 48, 45, 146 дугаар тал/

 

Шүүх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд ХХХ, талийгаач ХХХ нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд, тэдний хамтын хөдөлмөр, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байсан орлогын эх үүсвэрээс бий болсон хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгийг талийгаач ХХХы “хуваарьт хөрөнгө” гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн эсэхээс үл шалтгаалан хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заан зохицуулсан байна.

 

Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад адил тэгш эрх эдлэх нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1. дэх хэсэгт заасантай нийцэх тул ХХ-ийн өмчлөлд шилжүүлэхдээ эхнэр ХХХтай харилцан тохиролцож, улмаар түүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөлд маргаж буй эд хөрөнгийг шилжүүлсэн 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэлцлийг хийхэд ХХХаас зөвшөөрөл авсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд маргаантай байгаа “Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх хэлцэл”-ийг талийгаач ХХХ байгуулсан эсэх, уг хэлцэл болон Батламж бичиг зэрэгт зурсан гарын үсэг түүнийх мөн эсэх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлд ач холбогдолтой гэж үзэхгүй. Уг хууль зүйн үндэслэлийн хувьд хэргийн эцсийн шийдвэлд нөлөөлөхгүй тул гарын үсгийн талаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 6228 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

/хх-ийн 161-162, 171 дүгээр тал/

 

Иймд гуравдагч этгээд ХХХ нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн талаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардлагыг гаргах үед хүү ХХХ, ХХХ нар насанд хүрээгүй байсан тул тэднийг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд байжээ.

/хх-ийн 46, 47, 41-42 дугаар тал/

 

Анхан шатны шүүх, маргаж буй хөрөнгө нь хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Улмаар шүүх тухайн хэлцэл нь хууль зөрчөөгүй буюу өмчлөл хууль ёсны байснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгч хөрөнгөө шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХ-ын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч хэрхэн биелэгдэх нь тодорхой бус агуулгаар бичигдсэн тул залруулан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02939 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 заалтыг

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.2.4. дэх хэсэгт заасныг баримтлан “нэхэмжлэгч ХХ, талийгаач ХХХ нарын байгуулсан 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх хэлцэл”-ийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 1/8 дугаарт байрлах, Ү-2205005209 тоот үл хөдлөх эд хөрөнгийг ХХХ, ХХХ, ХХХ нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Отгонбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА