Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М б овогт Б-ын Ш /РД:/-т холбогдох эрүүгийн 18100 0397 0861 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Сартагтай Мөрөн” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, 4-6 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 06 дугаар хороо, Нүхтийн 3 дугаар гудамж, 48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, М б овогт Б-ын Ш /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 714 дүгээр байрны 3 тоотод архидан согтуурсан үедээ Х.Б-тай маргалдаж хутга авч дайрах үед нь салгах гэж байсан Х.Б-ы цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ш-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.н над руу залгаад бид хоёр уулзалдаад, Б.н “маргааш миний төрсөн өдөр” гэж хэлж байсан. Маргааш нь таксинд явж байгаад өглөө нь төрсөн өдрийг нь тэмдэглэх бодолтой Б-ы гэрт очсон. Манай найз нэг архи авчирч өгөөд тэр архийг ууж байхад Б утсаар  ярихад нь Б.н “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Б ирж, бид гурав хамт архиа ууж байтал Б-ар, Б нар маргалдаад, Б.н хутга авахаар нь би хутгыг нь авах гэж булаацалдах үед газарт асгарсан архин дээр Б.н халтирч унахдаа хутганд өртөж гэмтсэн. 

Хэрэг гарах үед Б.р, Б.н нар маргалдсан, чухам юунаас болоод маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Намайг нойлын өрөө ороод ирэх үед тэр хоёр маргалдаж байсан. Би хутгыг нь булааж авах гэж байгаад хохирогчид гэмтэл учруулсан нь үнэн. Би хохирогч Б-нд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, мөн өөрийн “Соната-5” маркийн автомашиныг нэр дээр нь шилжүүлэн өгч хохирол төлбөрийг төлсөн. Миний хувьд 4-6 насны 2 хүүхэдтэйгээ, ээжийнхээ хамт амьдарч байгаа. Эхнэр надаас салаад өөр хүнтэй гэрлэсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. Би хохирогчийн эрүүл мэндэд хохирол, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1993 0613 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн ерөнхий схем зураг /хэргийн 05-11х/,

 

2. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 80-82х/,

                                                           

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-ы хохирогчоор өгсөн:

“...2018 оны 02 сарын 03-ны өдөр Цогтбаатартай хамт Орбитод “Оюу” гараажид машинаа янзалж байхад 16-17 цагийн үед Ш- улаан машинтай ирээд “намайг явъя” гээд хамт гэрт ирсэн. Үүний өмнөхөн нь Ш- нь “төрсөн өдөр болох гэж байгаа, танайд жижигхэн ширээ засаад цомхон тэмдэглэчих үү” гэхэд нь би “тэг тэг” гэж хэлсэн учир намайг машинтай ирж авсан юм. Тэгээд намайг гэрт үлдээчихээд “халтуур хийж байгаад маргааш төрсөн өдрөөрөө ирье” гээд явсан ба 04-ний өглөө үүрээр 04 цагийн үед гэрт ирээд, “жаахан унтаж байгаад төрсөн өдрөө тэмдэглэе” гээд унтсан. Тухайн үед ирэхдээ Буяндэлгэр гэдэг найзтайгаа хамт манайд ирсэн ба тэр өдрөө 14-15 цагийн үед Буяндэлгэр, бид хоёр гарч дэлгүүрээс идэж уух юм, нэг шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи зэрэг зүйлс бэлдсэн. Тэгээд бид гурав ууж идэж байгаад 17 цагийн үед архи дуусаад, Буяндэлгэр бид хоёр гарч, дэлгүүрээс 2 шил 0.75 граммын архи идэж уух юмтай авчирсан. Тэгээд байж байтал Ш- бид хоёрын танил Б надруу утсаар залгаад “хаана байна” гээд ярихад нь би “Шинээгийн төрсөн өдрийг тэмдэглэж байна” гэтэл “өнөөдөр бас миний төрсөн өдөр, яагаад тэмдэглэхгүй байгаа юм“ гэхээр нь  би Быг гэртээ хүрээд ир гээд дуудсан юм.

Буяндэлгэр орой 21 цагийн үед манай гэрээс явсан. Тэгээд байж байтал Шинээ “гаръя, баар сав оръё” гээд, би тэрнээс өмнө гэрээ цэвэрлээд орхъё гээд юм аа цэвэрлээд нойлын өрөөнд байж байтал Б, Ш хоёрын дуу гараад муудалцаад байхаар нь би “болиоч, гарах гэж байж юундаа муудалцаад байгаа юм” гэж хэлээд байж байхад Ш- ширээний хажууд сууж байсан.

Тэгтэл Шинээ ширээн дээр байсан хутгыг аваад Б.р луу дайрахлаар нь би хутгыг нь унагаах санаатай доош нь цохитол Шинээ хутгаа газарт унагаасан. Тэгээд Шинээ “чиний цээжнээс цус гараад байна, би дүрсэн байна” гээд орилж байгаад  миний утсыг аваад зугтаасан. Удалгүй 10-20 минутын дараа 2 ахтай орж ирээд Бын хөмсгөө цохиулсан байсныг, бас намайг хараад “явъя, Гэмтэл оръё” үзүүүлж харуулна гэхэд нь би “зүгээрээ яах ч үгүй, явахгүй” гэхэд сүүлд хамт ирсэн нэг ах нь шалаар асгарсан цусыг угааж цэвэрлээд, намайг явъя гээд ятгасан. Тэгээд замдаа Шинээг гэрт нь оруулаад, Б.р бид хоёрыг аваад Гэмтлийн эмнэлэг дээр очиход Бын хөмсгийн оёулаад, намайг хутгалуулсан шархтай байна, госпиталь руу яв гэсэн. Тэгээд цэргийн госпиталь дээр очиход шархыг оёчихоод, Эход харуулахад “дотуур цус алдсан байна, яаралтай хагалгаанд орно” гээд хагалгаанд оруулсан. Одоо биеийн байдал цанхи татаж байгаа юм шиг цээжний голоор татаж өвдөөд байна. Эмчээс асуухад аюулхай руу хутгалуулсан учир татдаг зовиур илэрнэ гэж хэлсэн.

Би Ш-тай маргаж муудсан зүйл болоогүй, Б Ш- хоёр муудалцахаар нь салгах гэж дундуур нь ороод хутгыг нь унагаах санаатай цохиход хутганд санамсаргүйгээр өөрөө өртсөн байна. Бидны хувьд урьд нь маргаж муудсан зүйл байхгүй, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Ш- бид хоёр “Морин жолооч” ХХК-д хамт жолоочоор ажиллаж байсан.

Би болон Б бид хоёрын хэн ч Шинээг цохиж зодоогүй. Гэрээс гарахаар хувцас өмсөж байхдаа уурлаад куртикнээс татаж зууралдаж байсан. Шинээ “уучлаач дээ” гээд уучлалт гуйгаад уйлаад байсан. Тухайн үед хиам талх зүсээд идэж байсан учир хутга ширээн дээр ил байсан. Тэр хутгыг Шинээ аваад Б луу өндийгөөд босоод ирэхээр би хориглож би дундуур нь орсон. Тэгээд Шинээ намайг “чи цус алдаад байна” гэж орилж байгаад утас аваад “би чамайг хутгалчихлаа, эмнэлэг цагдаа дуудъя” гээд гараад явсан юм.

2018 оны 02 сарын 04-ний шөнө госпитальд очоод шууд хагалгаанд орсон. Хагалгааны зардал нийтдээ 330.000 төгрөг, үүнээс гадна гуурс, аппарат, боолтны мөнгө гэж 200.000 төгрөг болсон. Үүнийг бэлнээр төлсөн. Госпиталиас гарсны дараа Баянгол эмнэлэгт Эход харуулахад үзлэгийн мөнгө 20.000 төгрөг гэж байсан. Тухайн үед би баримтаа аваагүй. Дараа нь авах гэтэл гаргаж өгөх боломжгүй гээд өгөөгүй. Нийт эмчилгээний 570.000 төгрөг зарцуулсан, мөн унаа машин, эмнэлэгт хэвтэхдээ хэрэглэсэн мөнгөний зардал 500.000 орчим төгрөг байгаа. Үүнийг Ш-аас нэхэмжилнэ. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-16х/,

 

Мөн хохирогчийн 2018 оны 05 сарын 15-ны өдөр дахин өгсөн:

“...Тухайн үед Ш-, Б хоёр “би сайн, чи муу жолооч” гээд маргалдаад чанга дуу чимээ болон эд зүйл унах чимээ гарсан. Би 00-ын өрөөнд аяга таваг угаагаад цэвэрлэгээ хийж байгаад гарч ирэхэд Б нь байрны шалан дээр дэвссэн Эрдэнэт хивсний голд буюу буйдан талын хэсэгт шанаанаас нь цус гараад хацар дагаад урссан завилаад, доошоо харсан байдалтай суучихсан, цэнхэр өнгийн хуванцар сандал хагарчихсан, зурагтны өмнө шалан дээр унасан байдалтай, харин Ш- нь буйдангийн зүүн талд хана дагуулан тавьсан ширээний хажуу талд сандал дээр суусан байдалтай байсан.

Намайг 00-ын өрөөнөөс гарч ирээд Б руу дөхөж очиход тэр “намайг ингээд байна ш дээ” гээд босч ирэхэд нь “та нар маргалдахаа боль” гээд хойш нь түлхэхэд Б бөгсөөрөө газар суусан. Тэр үед Ш- ...зүүн гартаа хутга бариад зогсчихсон, Быг дүрчихье гээд байсан. Тэгэхээр нь маргалдах гэж байна гээд “одоо болно, боль” гээд зүүн гараараа цээжин хэсэг рүү нь түлхсэн. Гэтэл Ш- нь “чиний цээжнээс цус гарчихлаа” гэхээр нь харахад цус гарч гэдэс дагаад урсаж байсан.

Ш- намайг санаатай хутгалсан зүйл байхгүй. Бтай маргалдаж байх үед нь би боль гээд дундуур нь орсон. Ш- хутга далайгаагүй, зүүн гартаа барьчихсан байсан. Тэгээд Ш-ын зүүн гарт шар иштэй хутга байсан, цусаа харчихаад Б.Штай маргаан үүсгэсэн, тэр үед би халааснаасаа нокио маркийн цэнхэр өнгийн утас гаргаж ирээд эмнэлэг дуудах гэж байтал, утас булааж аваад гараад явсан. Гараад явсны дараа нь би гэртээ цэвэрлэгээ хийж, их хэмжээний цус асгарсан газар саарал өнгийн шалны алчуураар арчаад байж байтал 20-30 минутын дараа Б.Ш 2 ахыгаа дагуулан орж ирсэн. Тэгээд үүдэнд байхдаа Б.Ш дагуулж ирсэн хоёр хүндээ “би энэ найзыгаа хутгалсан” гэж хэлээд уйлаад байсан. Хамт ирсэн хоёр залуу нь “ахын дүү эмнэлэг явъя, үзүүлье” гэхэд нь би “явахгүй” гээд 20-30 минут дургүйцсэн. Тэр үед Б.Штай хамт ирсэн хоёр залуугийн нэг нь гэрт цэвэрлэгээ хийгээд, хутгалуулснаас болж шалан дээр дуссан цусыг арчиж, нөгөө залуу нь намайг ятгаад хамт эмнэлэг явж тусламж авахаар болсон. Тэгээд гэрээс гараад би өөрөө гэрээ түгжээд гарсан. Шууд Яармагт ирээд Б.Ш гэртээ үлдсэн, дараа нь Б.Ш-ын ах нь гэх залуу Б бид хоёрыг аваад ГССҮТ рүү явсан. Тэндээс намайг госпиталь эмнэлэг рүү явуулсан.

Тухайн хутга шар иштэй хутга байсан. Б.Ш “би чамайг хутгалчихлаа, цээжнээс чинь цус гараад байна” гэж хэлэхэд гарт нь хутга харагдаж байсан. Хутга хаана байгааг одоо мэдэхгүй байна, би гэртээ хутгаа хайгаад олоогүй. Тухайн хутгыг 2015 онд байранд орохдоо гал тогооны эд зүйл цуглуулах үедээ худалдан авч байсан, хоол хийх, мах идэхэд ашиглаж байсан, хэмжээг нь сайн мэдэхгүй байна, 30 орчим см урттай, өргөн нь 5-6 см, гурил хэрчих зориулалтаар хүмүүс ашиглаад байдаг хутгатай төстэй хутга байсан.  

...Намайг аяга угаахаар нойлын өрөө орох үед Б ямар нэгэн гэмтэл, шархгүй байсан. Би чимээгээр нь гарч ирээд харахад цэнхэр өнгийн сандал зурагтын өмнө хагарч унасан байдалтай харин Бын шанаанаас цус гарсан байсан, тухайн сандлаар шидэж, цохисон байж магадгүй.

Одоогоор миний биеийн байдал хэвийн болж байгаа, гэхдээ бүрэн эдгэсэн гэж хэлэхгүй, ер нь зовиуртай, лугшиж өвдөнө, таталт өгөөд хатуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Госпитал эмнэлгээс “эдгэрч байна, гэхдээ гам барь, эмчилгээ хийлгэ” гэж хэлээд гаргасан. Хан-Уул дүүргийнхээ эмнэлэгт хандаж оёдол авахуулсан өөрөөр нарийн эмчилгээ хийгдээгүй. Би эмнэлгээс гараад өөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Ойролцоогоор 1.000.000 төгрөгний эмчилгээ болон бусад зардал гарсан. Цаашид ямар зардал гарах талаар мэдэхгүй байна. Би эрүүл мэндээрээ хохирсон цаашдаа эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй. Баянхонгор аймагт элэг төлжүүлэх эмчилгээ сувилгаанд явмаар байна. Гэхдээ эмнэлгээс сураглаж үзэхэд элэгний хагалгаанд орсны дараа 6 сараас 1 жилийн дараа эмчилгээ хийлгэдэг талаар хэлсэн. Би Ш-аас ойролцоогоор 1.700.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 83-84х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Ц-ын гэрчээр өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 05 минутын үед манай найз Х.Б над руу 99912881 дугаараас залгаад “манай хоёр найз хоорондоо маргалдаад, би энэ хоёрыг салгах гэж дундуур нь ортол нэг нь намайг хутгалчихлаа, одоо Гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн. Удалгүй 91004004 дугаарын утаснаас дахин залгаад “би Цэргийн төв эмнэлэг рүү явах юм байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол Б.н өвчүүнийхээ доод хэсэгт хутгалуулчихсан, танихгүй хоёр залуугийн хамт байж байсан. Тэр хоёр залуугийн улаан куртиктай, жижиг туранхай биетэй залуу нь хөмсгөндөө оёдол тавиулж байсан бөгөөд тэр залуу согтуу, нөгөө нэг нь эрүүл байсан. Тэгээд бид дөрөв цэргийн эмнэлэг дээр ирж Б.н хагалгаанд орсон. ...2018 оны 02 сарын 04-ний өдрийн 17 цагт 88731317 дугаараас залгаад “машинаа зассан уу, би өнөөдөр гэртээ найзуудтайгаа үргэлжлүүлээд архи ууж байна” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан ба орой нь “надад хутгалуулчихлаа” гэж ярихдаа “манай хоёр найз муудалцаад дундуур нь ороход нэг нь намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Надад хэн, хэн гэдэг найзтайгаа хамт байгаагаа хэлээгүй. Тэр хоёр найзынх нь нэг нь Б.ныг хутгалсан юм шиг байсан. Би түүний бусад найзуудыг танихгүй. Б.н ямар учраас өөр өөр дугаараас  над руу залгасныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ы гэрчээр өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед гэртээ байж байхад манай дүүгийн найз  Б.н над руу залгаад “хүрээд ирээч, гэмтлийн эмнэлэг ороодохъё” гэхээр нь машинаа аваад Буянт-Ухаа 1 хорооллын байранд очиход Б.н нэг найзтайгаа согтуу байсан. Хамт байсан залуугийнх нь зүүн хөмсөгний дээд талд язарсан шархтай харагдсан. Харин Б.н “би сая хутгалуулчихлаа” гэсэн бөгөөд түүний цээжний дунд хэсэгт жижиг хэмжээний хутгалуулсан шарх үүссэн байсан ба гэдсийг нь бага зэрэг цус дагаж урссан байсан.

Биед нь өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр ирээд Б.ны найз гэх залуу зүүн хөмсгөндөө оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлэг дээр байхад Б.н “би сая нэг найзыгаа дуудчихлаа” гэж хэлсэн. Удалгүй Б.ны найз гэх залуу ирсэн. Б.ны хутгалуулсан гэх шарханд “гэмтлийн эмнэлэг дээр оёдол тавихгүй, гомпиталь дээр очиж шарханд нь оёдол тавина” гэж хэлсэн. Госпиталь дээр ирээд Б.ны хутгалуулсан шарх нь цээж рүү нь нэвтэрсэн болохыг мэдсэн ба  яаралтай хагалгаанд орсон. Намайг Б.ны гэрт ороход Б.н нэг найзтайгаа хоёулаа байсан. Б.н орон дээрээ сууж байсан ба найз нь 00 өрөөнд байсан. Гэрлүү нь ороход дрож хэсэгт цус болсон байсан. 00 өрөөнд угаалтуурын хэсэгт цус болсон байсан.

 Гэртээ архи уусан байдалтай, маш их архины үнэр үнэртэж байсан Б.н согтуу байсан болохоор хэн хэнтэй хэдүүлээ байснаа хэлээгүй. Б.н дээгүүрээ хувцас өмсөөгүй хагас нүцгэн хаалгаа нээж өгсөн. Надад хэнд хутгалуулсан талаараа огт яриагүй. Би Б.наас чи хэнд хутгалуулсан юм бэ гэж асуугаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг / хэргийн 22-23х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-ын гэрчээр өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нисэхэд найз Б.ныд төрсөн өдрөө тэмдэглэх зорилгоор 18 цагийн үед гэрт нь очсон. Тэнд Ш-, бас нэг залуугийн хамт архи уугаад байж байсан ба би бас архинаас нь уусан. Тэгээд Б.н бид 2 архи авахаар дэлгүүр орж 0.75 литрийн Хараа архи, чанадаг бэлэн гоймон хоёрыг аваад гэрт нь ороод Ш-, Б.н, бас нэг залуугийн хамт үргэлжлүүлэн уусан. Тухайн өдөр би ажил дээрээ пиво уусан байсан болохоор согтоод өөрийн ухаангүй болсон. Тэгээд цааш юу болсоныг, мөн хөмсгөндөө яагаад оёдол тавиулсанаа сайн санахгүй байна.

Гэмтлийн эмнэлэг дээр л ухаан орсон. Би ухаантай байхдаа Б.нтай маргалдаагүй, Ш-, Б.н хоёр маргалдсан эсэхийг санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би өөрөө ч гэмтсэн юм уу, хүн намайг гэмтээсэн үү гэдийг мэдэхгүй учир үзүүлэх шаардлагагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрөө архи уучихсан, очоод тэнд нэмж архи уугаад би согтоод тасарсан байсан. Юу болсон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-31х/

 

7. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2312 дугаартай дүгнэлтэд:

1. Б.ны биед хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний 3-р дэлбэн болон бага сэмжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 43х/,

 

8. ШШҮХ-ийн биологийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2845 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар иштэй хутганаас гарын мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 45-46х/,

 

9. ШШҮХ-ийн биологийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3117 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн 3 ширхэг хадаастай хар өнгийн хуванцар 10 см иштэй 19.5 см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 88х/,

 

10. ШШҮХ-ийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1931 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг лонх, 1 ширхэг лаазанд хагаралт, цууралтгүй юм байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 90-92х/,

 

11 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Даваасүрэнг асууж авсан тэмдэглэлд:

“...Тухайн хохирогч нь Госпитальд хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон байсан. Тухайн хагалгааг хутгалагдсан хэсэг газарт хийж гүйцэтгэсэн байсан учир хутгаар үүссэн гэмтэл мөн эсэхийг тогтоох боломжгүй байдаг юм. Дээрх гэмтэл нь хохирогч, холбогдогч нар хутга барьж ноцолдох үед үүсэх боломжтой бөгөөд хохирогч, холбогдогч нарын хоорондох байрлалаас хамаарна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 119-121х/,

 

12. Хохирогч Х.Бы Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчийн тодорхойлолт баримт /хэргийн 58-72х/,

 

13. Шүүгдэгч Б.Шаас эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг бэлнээр өгснийг хүлээн авсан гэх, мөн Соната-5 машиныг  хохиролд тооцон өгснийг тус тус хүлээн авсан, одоо ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаархи хохирогч Х.Бы  Цагдаагийн байгууллагад болон тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 123х, 156х/,

 

14. Шүүгдэгч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өмнө нь хамт “Морин жолооч” дуудлагын жолоочид хамт ажилладаг байсан Х.Б нь надруу залгаад “би Орбитод машин янзалж байна, намайг ирээд аваач” гээд автобус, таксины мөнгөгүй тухайгаа хэлсэн. Тэр үед нь би төрсөн ах Б. Эрдэнэчулууны найз Мягмарсүрэн гэх хүний автомашинаар хувиараа таксинд явдаг байсан учир түүнийг очиж авсан.

Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Буянт-Ухаа 1 хорооллын ойролцоо байрлах Мягмарсүрэнгийн автомашиныг нь хүргэж өгчихөөд шөнөжин нойргүй явсан учир Х.Бы гэрт унтахаар очтол Х.Б, Н.Буянжаргал нар хамт байсан. Би  нойргүй явсан учир ороод шууд л унтаад өгсөн. Орой 17 цагийн үед сэрэхэд Н.Буянжаргал надад хандаж “төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд дэлгүүрээс 0,75 гр Соёрхол архи, идэж уух зүйлстэй авсан. Тэдгээрийг ширээн дээр тавихад Х.Б нь хиам зүсэж байсан. Үүний дараагаар Х.Бы утас руу Х.Б- залгаад гэрт нь ирэхээр болсон. Тэр өдөр бас Х.Б-ын төрсөн өдөр байсан юм байна лээ.

Х.Б, Н.Буянжаргал бид 3 0,75 гр Соёрхол архи ууж дуусгасан ба Н.Буянжаргалыг явсаны дараа удалгүй Х.Б- гаднаас орж ирсэн бөгөөд дахин 0,75 гр Хараа нэртэй архи авсан. Тэгээд архиа ууж байхад Х.Б, Х.Б- нар согтчихоод, “жолоо муу барьдаг, сайн барьдаг” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэр үед 00 орж бие засаад зогсож байтал чимээ гарсан бөгөөд гараад очиход Х.Б-ын баруун хөмсөг сэтэрчихсэн цус гарсан байдалтай өрөөний ертөнцийн зүгээр зүүн талын хананд байрлуулсан буйдангын хойд хэсэгт доош тонгойсон байдалтай хивсэн дээр суучихсан, ер нь их согтчихсон өөрийн ухаангүй байх шиг байсан.

Тухайн үед ууж байсан 0,75 граммын Хараа архины шил газар уначихсан, архи тавьж байсан цэнхэр сандал хагарчихсан байсан. Тэгэхээр нь Б.нд хандаж, “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний өөдөөс маргалдаж, баруун гартаа ширээн дээрээс шар иштэй хутга аваад, доороос чичих үед би түүний хутгатай гарыг нь барьж аваад салгах гээд мушгиж байх үед нэг юман дээр хальтирсан байх гэнэт цээжээрээ ороод ирсэн.

Тэр үед Х.Б нь богино ханцуйтай футволкатай байсан, цээжний гол хэсгээс нь цус гарсан, өмсөж байсан футволка нь цус болчихсон байсан. Б.н хутга аваад ширээн дээр тавьж байсан.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 135-136 х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Хан-Уул дүүргийн 6 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 113х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 111-112х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 01-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 54-56х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан байх ба тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх ба Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн 2312 дугаартай дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 714 дүгээр байрны 3 тоот дахь хохирогч Х.Бы гэрт “төрсөн өдөр тэмдэглэх” нэрийдлээр архидан согтуурч, улмаар хамт архи ууж байсан Х.Б-тай маргалдаж, хутга барин дайрах үед ”боль” гэж салгахаар дундуур нь орж, шүүгдэгчийн гарыг цохих үед хохирогч Х.Б нь цээжин тус газартаа хутгалагдаж, биедээ  “...хэвлийн хөндийд нэвтэрч, элэгний 3-р дэлбэн болон бага сэмжинд хатгагдсан шарх” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарах гэмтэл авсан үйл баримт тогтоогдсон ба хохирогч Х.Бы эрүүл мэндэд учирсан дээрх хүнд гэмтлийг шүүгдэгч Б.Ш нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Тодруулбал: Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаа зорилго тогтоогдоогүй, энэ нь хохирогч Х.Бы: “...Шинээ ширээн дээр байсан хутгыг аваад Б луу дайрахлаар нь би хутгыг нь унагаах санаатай доош нь цохитол Шинээ хутгаа газарт унагаасан, тэгээд Шинээ “чиний цээжнээс цус гараад байна, би дүрсэн байна” гээд орилоод байсан. ...Ш- намайг санаатай хутгалсан зүйл байхгүй. Бтай маргалдаж байх үед нь би “боль” гээд дундуур нь орсон. Ш- хутга далайгаагүй, зүүн гартаа барьчихсан байсан...” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Шын гэмт үйлдэлд Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тухайн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр  учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,  мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Х.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б нь биедээ хүнд гэмтэл авч, улмаар уг гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэсэн талаарх Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчийн тодорхойлолт баримт /хэргийн 58-72х/ хэрэгт ба шүүгдэгч Б.Шаас эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг бэлнээр, мөн Соната-5 маркийн автомашиныг машиныг  хохиролд тооцон өгснийг тус тус хүлээн авсан, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар хохирогч Х.Баас хэрэгт бичгээр гаргасан хүсэлтэд илэрхийлсэн баримттай байна. /хэргийн 123х, 156х/

 

Иймд шүүгдэгч Б.Шаас гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах баримт бүхий төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.Ш нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 01-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 54-56х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүх, шүүгдэгч Б.Ш нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Х.Б нь гомдол саналгүй болон  үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Б.Шт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг тус тус авах боломжтой гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт Б.Ш нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалүй, хохирогч Х.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тус  тус дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. М б овогт Б-ын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Шт тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагааг явуулах эрхийг 01 /нэг/ жилийн  хугацаагаар хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дах заалтад тус тус заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд Б.Шт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг тус тус авч, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Шт анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ш нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Б “хохирол нөхөн төлөгдсөн” үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Штурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД