| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0081/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 18100 11200 826 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Эрчим” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-907 б тоотод оршин суух хаятай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-ийн У- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 134 дүгээр цэцэрлэгийн орчим гудамжинд иргэн Д.Тын нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтээ тус шүүхэд бичгээр гаргасан тул түүний ”өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У-ын өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба би ер нь архинаас хамааралтай. Гэхдээ архины эмчилгээ хийлгээгүй. Би хохирогчийг гуяанд нь хөлөөрөө өшиглөж унагаагахад, босож ирээд маргаад байхаар нь түүнийг нүүрэнд нь нэг удаа мөргөчихсөн юм. Тухайн хэргэг хохирогчийн гэрийн үүдэнд болсон. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол ийм асуудал болохгүй байсан. Хохирогч Төмөрбаатар нь эмчилгээний төлбөр хохирол нэхэмжлээгүй учир мөнгө төгрөг төлөөгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Цаашид ийм асуудал гаргахгүй. Хохирогчтой эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 11200 826 дугаартай хэргээс:
1. Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд гэртээ ирээд машинаа хашаандаа оруулах гээд ухарч байсан юм. Тэгтэл танихгүй согтуу эрэгтэй гар утсаараа миний зургийг дараад байсан ба тухайн үед түүний манай эхнэр хашаанаас түлхэж гаргасан. Тэгэхэд тэр залуу манай эхнэрийг “казак пиздАуд минь” гээд байхаар нь миний уур хүрээд тэр залуу дээр очоод “цаашаа яв” гээд түлхэж холдуулсан. Удалгүй тэр залуу буцаж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүн дээр очтол намайг цамцнаас барьж аваад ам, уруул хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөөд газарт унагаасан. Тэгэхэд миний нүүр газарт шороон дээр зулгарсан. Удалгүй цагдаа ирсэн.
Манай эхнэр тэр хүний хүүхдийг цохиж зодоогүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Ц.У гэдэг залуу учруулсан. Ц.У гэдэг хүнтэй надад ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр залууд зодуулсаны дараа эмчилгээ хийлгээгүй, надад учирсан гэмтлүүд энгийн явцаар эдгэрсэн. Би шүүх хуралдаанд оролцохгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-19х/,
2. Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн үед гэртээ ирж байтал манай бага охин 14 настай А гаднаас уйлчихсан орж ирсэн. Тэгээд охиноосоо юу болсон талаар асуухад “урд айлын эгч намайг хүзүүнд цохиж зодсон, одоо аавыг зодоод байна” гэхээр нь би гэрээсээ гартал манай гэрийн ойролцоо байдаг, нэрийг нь мэдэхгүй эрэгтэй, эмэгтэй хоёртой манай нөхөр зодолдож байхаар нь очиход манай нөхөр тэр эрэгтэйгийн нүүрэнд нь нэг удаа мөргөчихсөн.
Тэгээд би тэр эмэгтэйд “чи яагаад хүүхэд зодоод, хоёулаа нийлээд хүн зодоод байгаа юм” гэхэд ямар нэгэн зүйл хэлэлгүй цагдаа дуудсан. Тэгээд би нөхөрөө аваад хашааныхаа үүдэнд очоод цагдаа ирэхийг нь хүлээж байгаад цагдаагийн машин ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн. Намайг харж байхад манай нөхөр тэр залуугийн нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Харин манай нөхрийг тэр 2 хоёр талаас нь цохиод машины түлхүүрээр чичээд байсан. Манай охины баруун билүү, зүүн чихний хойд хэсэг хавдсан, толгой нь өвдөөд байгаа. Тухайн үед манай нөхөр дунд зэргийн согтолттой байсан. Нөгөө хүмүүс архи уусан эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
3. Гэрч Т.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Манай нөхөр Д.Т 2018 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад машинтайгаа ирж байна гэсэн ба би өөдөөс нь нөхөрөө тоссон. Манай нөхөр гэрийн гадаа ирээд хашаанд машинаа оруулах гээд ухарч байтал манай гудамжны зүс таних согтуу ах манай хашааны зургийг утсаараа аваад байхаар нь би “боль” гээд хашаанаасаа гаргасан юм. Тэгээд би гэртээ хүүхдүүдээ оруулаад буцаад гараад иртэл тэр согтуу хүн манай нөхөртэй барилцаад газарт унагачихсан байсан. Тэгтэл тэр согтуу хүний хүүхэд нь гэх 14 насны орчим охин манай нөхрийн үснээс нь зулгаахаар нь би “болиоч” гээд алгаараа цохитол тэр хүүхдийн чихний ар хэсэгт хурууны үзүүр хэсгээр цохигдсон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би Ц.У гэдэг хүнийг анх хашаанаасаа гаргасан. Харин манай нөхөр түүнийг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Намайг гэрээс гараад ирэхэд тэр хоёр ноцолдож байсан ба хэн нь хэнийгээ хаана, хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Харин би тэр охины чих хэсэгт нь хуруугаар цохисон нь үнэн.
Би тэр охиноос утас булааж авах гэсэн асуудал огт болоогүй. Манай хашааны зургийг авсан болохоор Ц.Ут “зургийг авсан бол устга” гэж хэлсэн. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргасан санал хүсэлт байхгүй. Тухайн үед манай нөхөр бид хоёр хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5645 дугаартай:
1. Д.Тын биед уруулын дотор салстад язралт, цус хуралт, дух, шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,
4. Шүүгдэгч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд амьдардаг Д.Т гэдэг залуу машинаа хашаандаа оруулж байсан. Тэгээд би гар утасныхаа гэрлийг асаагаад гарал тусгах гэтэл Д.Тын эхнэр нь машинаас бууж ирээд утсаараа зураг аваад байна гээд миний гар утсыг авах гээд дайраад байхаар нь би гараараа түлхээд нөхрийг нь гуяанд нь хөлөөрөө өшиглөж унагаагаад түүнийг нүүрэнд нь нэг удаа мөргөчихсөн юм. Би охиндоо гар утсаа өгчихсөн ба манай охиноос утсыг авах гээд байхаар нь өшиглөж мөргөсөн.
Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Д.Тт би учруулсан. Тухайн үед би 2 пиво уусан байсан болохоор бага зэрэг халамцуу байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 50х/, Хан-Уул дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Ц.Уын “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 88х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн нөхөн төлбөр баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл шаардлага гаргаагүй, хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр тэдгээр нь холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 78х/ прокурорт гаргаснаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Иймд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Уын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 134 дүгээр цэцэрлэгийн орчим гудамжинд тодорхой шалтаг шалтгаангүйгээр иргэн Д.Ттай маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, биед нь “...уруулын дотор салстад язралт, цус хуралт, дух, шанаанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Д.Т-ын: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд гэртээ ирээд машинаа хашаандаа оруулах гээд ухарч байсан юм. Тэгтэл танихгүй согтуу эрэгтэй гар утсаараа миний зургийг дараад байсан ба тухайн үед түүний манай эхнэр хашаанаас түлхэж гаргасан. Тэгэхэд тэр залуу манай эхнэрийг казак пиздАуд минь гээд байхаар нь миний уур хүрээд тэр залуу дээр очоод “цаашаа яв” гээд түлхэж холдуулахад ...буцаж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүн дээр очтол намайг цамцнаас барьж аваад ам, уруул хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөөд газарт унагаасан. Тэгэхэд миний нүүр газарт шороон дээр зулгарсан. Удалгүй цагдаа ирсэн. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Ц.У гэдэг залуу учруулсан. Ц.У гэдэг хүнтэй надад ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр залууд зодуулсаны дараа эмчилгээ хийлгээгүй, надад учирсан гэмтлүүд энгийн явцаар эдгэрсэн. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-19х/,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5645 дугаартай:
“...Д.Т-ын биед уруулын дотор салстад язралт, цус хуралт, дух, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/ болон хэрэгт гэрчээр асуугдсан Т.Жанаргүль /хэргийн 25-26х/, Б.Нэргүй /хэргийн 23-24х/ нарын мэдүүлэг болон шүгдэгч Ц.Уын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтогдсон байна.
Хохирогч Д.Т-ын биед учирсан “уруулын дотор салстад язралт, цус хуралт, дух, шанаанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.У нь түүний нүүрэн тус газарт нь мөргөснөөс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.У-ын хохирогч Д.Т-ыг мөргөж биед “...уруулын дотор салстад язралт, цус хуралт, дух, шанаанд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ц.У нь нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх урьд гаргасан саналаа дэмжиж буйг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн прокуророос Ц.У-ын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул шүүгдэгч Ц.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Д.Т нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдүүлж, энэ тухай хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж /хэргийн 15-19х, 78х/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Ц.У-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.У нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 50 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.У-т тус шүүхийн шүүгчийн 188 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх авч, 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2019 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл 04 /дөрөв/ хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 04 /дөрөв/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн /4х8=32/ түүнд энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 32 цагийн ялыг эдэлснээр тооцож Ц.У-ын биечлэн эдлэх ялыг бүгд 368 /гурван зуун жаран найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ц-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.У-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.У-ын цагдан хоригдсон 04 /дөрөв/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүүцүүлэн тооцсон 32 /гучин хоёр/ цагийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Ц.У-ын биечлэн эдлэх ялыг бүгд 368 /гурван зуун жаран найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.У нь шүүхээс оногдуулсан эдэлвэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмэлгдсэн эд хөрөнгө үгүй, Ц.У-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД