Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00065

 

 

 

 

 

                 

     2024            01          05                                    210/МА2024/00065

 

Ц.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/03117 дугаар шийдвэртэй,

 

Ц.Хийн нэхэмжлэлтэй

Б.Эт холбогдох,

 

Бэлэглэлийн болон зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 171,738,610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.У, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:  

1.1. Ц.Х нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Эээс 24,948,000 төгрөгийг зээлсэн. Гэтэл зээлийн гэрээнд 35,000,000 төгрөг зээлдүүлсэн болж бичсэн учир уг гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус юм. Иймд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

1.2. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 21,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг мөнгийг би аваагүй, Р.А гэдэг хүн рүү шилжүүлсэн байдаг. Иймд уг гэрээ хүчин төгөлдөр бус юм.

1.3. Зээлийн гэрэний дагуу барьцаа болгож, миний өмчлөлийн, Баянгол дүүрэг 8 дугаар хороо 3 дугаар хороолол дилав хутагт жамсранжавын гудамж 39 дүгээр байрны 57 тоот байрыг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Нэхэмжлэгч нь Б.Эт орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр бүр мөсөн шилжүүлэх хүсэл, зориг байхгүй.  Б.Э нь миний байрыг хууль бусаар өөртөө шилжүүлж авсны дараа орон сууцыг минь хөлслөх гэрээ надтай байгуулж сар бүр 600,000 төгрөгийг надаас авч байсан.

1.4. Би Б.Эт 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд орон сууцны түрээс болон зээлд нийт 8,898,000 төгрөгийг төлж хохирч байна.

Иймд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 24, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авахыг хүсч байна.

1.5. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Эдгээр зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэцэх хугацаа дууссан байна. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 10 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.   

Мөн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш 3 жилийг тооцвол 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. 

1.6. Мөн 500,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 6,900 ам.долларын хувьд ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

1.7. Эхний зээлийн гэрээний хугацаанд 1,250,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус тул 2020 оноос хойш орон сууцны түрээсийн төлбөрт үндэслэлгүй төлсөн 8,898,000 төгрөгөөс 1,250,000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг эхний 2 зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр болох 45,948,000 төгрөгөөс хасахад 36,050,000 төгрөгийг хариуцагчид төлөхөд татгалзах зүйлгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Би Ц.Хтай 2014 оны 10 дугарс сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, дансаар 21,000,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 14,000,000 төгрөг өгсөн. Нотариатчийн дэргэд нийт 35,000,000 төгрөг болгож өгсөн. Үүнээс хойш 6-7 хоногийн дараа барьцааны гэрээ хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Энэ гэрээний дагуу хүүнд бага зэргийн мөнгө төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй.  

2.2. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, Ц.Х найман нэрийн дэлгүүрээ ажиллуулах гэж байгаа учраас мөнгө зээлээч гэхэд нь 21,000,000 төгрөг өгсөн. Энэ зээлийн гэрээний дагуу зээлдэгч төлөлт огт хийгээгүй.

2.3. Би 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 6,900 ам.долларыг Ц.Хт зээлдүүлсэн. Ц.Х “байр чиний нэр дээр барьцаалсан учраас мөнгө зээлээч, болохгүй бол байраа өгнө, санаа зоволтгүй” гэсэн. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Бэлэглэлийн гэрээг байгуулсан, энэ талаар маргаангүй хүчин төгөлдөр гэрээ юм. 57 тоот байр нь Ц.Эийн өмчлөлд шилжиж, гэрчилгээ олгогдсон. Энэ хугацаанд байнга л мөнгөө нэхэж байсан, би мөнгөө л авах ёстой гэж бодож байна.

2.4. Эхний зээлийн гэрээ бэлэглэлийн гэрээ хийж дуусгавар болсон, дараа нь нэхсэн мөнгөнүүд бол байраа чөлөөлж өгөхгүй байсан учир сар бүр 500,000 төгрөг өгнө гээд нэхэж байсан. Орон сууцандаа Ц.Х өөрөө амьдарч байгаа. Зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр учир Ц.Х зээлээ хүү, алдангитай нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.5. Зээлийн гэрээний үүрэгт 171,738,610 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.  Талууд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг, сард 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, Баянгол дүүргийн 32 дугаар хороо, *********************, Ү-22******** дугаартай бүртгэлтэй орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 21,000,000 төгрөгийг “Хас банк” ХК дахь дансаар, 14,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Иймд энэ зээлийн гэрээний үндсэн зээл 35,000,000 төгрөг, түүний хүүд 10,500,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, нийт 68,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.6. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ц.Х найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулна гээд 21,000,000 төгрөгийг, сард 12 хувийн хүүтэй, жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Ц.Хт “Хаан банк” ХК дахь дансаар дамжуулан 21,000,000 төгрөг өгсөн. Эдгээр зээлүүдийг бичгээр гэрээ байгуулж өгсөн. Зээлийн гэрээний хугацаанд Ц.Х нь огт төлбөр төлөөгүй. Иймд энэ зээлийн гэрээний үндсэн зээл 21,000,000 төгрөг, хүү 30,240,000 төгрөг, алданги 25,620 төгрөг, нийт 76,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.7. Ц.Хтай амаар тохиролцож 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 6,900 ам.доллар буюу 24,128,610 төгрөг, нийт 26,628,610 төгрөгийг түүний “Хаан банк” ХК дахь дансанд шилжүүлж өгсөн. Ц.Х нь зээлүүдийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй.  

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн 6,900 ам.долларыг сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 24,128,610 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлсэн 2,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

2.8. Зээлийн төлбөрийг байнга нэхэж шаардаж байсан талаар нэхэмжлэгч тайлбарласан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар тасалдсан байна.   

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ***********************************, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Хийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч Б.Э болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн болон 2015 дугаар 06 дугаар сарын 12-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хаас 141,154,461 төгрөг гаргуулан хариуцагч Б.Эт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 30,584,149 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар схрын 13-ны өдрийн 2408 дугаар захирамжийн үйлчлэл шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үйлчлэхийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,690 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,016,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 317,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 863,722 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Хаас 141,154,461 төгрөг гаргуулан хариуцагч Б.Эт олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно.

4.1. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа 35,000,000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, нэг сар нь 2.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Гэтэл гэрээнд заасан 35,000,000 төгрөг шилжүүлээгүй 24,948,000 төгрөгийг шилжүүлсэн байхад шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг буруу тайлбарлан дүгнэсэн. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д тус гэрээг байгуулахдаа 35,000,000 төгрөг шилжүүлж аваагүй 24,948,000 төгрөг шилжүүлсэн нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байхад хүү, алданги тооцож гаргуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, тус гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг авсан тохиолдолд хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэхээс 24,948,000 төгрөг авсан нь энэ дүнд тохирсон хүү, алданги төлөх үндэслэлгүй, анх авсан 24,948,000 төгрөгийг л буцааж төлөх үр дагавар үүсч байгаа юм.

4.2. Мөн зээлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулахдаа  нэг жилийн хугацаатай гэж тохирсон бөгөөд уг хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусч шаардах эрх Б.Эт үүссэн, Ц.Х зээлээс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл төлөлт хийгээгүй,  мөн 2015 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн зээлийн гэрээг 13 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж, шаардах эрх Б.Эт үүсч, үүнээс Ц.Х 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл төлөлт хийгээгүй нь тус тус Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” өнгөрсөн байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй.

4.3. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 6,900 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд мөн Б.Эийн шаардах эрх үүссэнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” өнгөрсөн байх тул Ц.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлтэй.

4.4. Б.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Монгол банкны албан ёсны ханшийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад 6,900 долларыг 24,177,600 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй хууль буруу хэрэглэсэн байна.

4.5. Иймд Ц.Хаас 141,154,461 төгрөг гаргуулан хариуцагч Б.Эт олгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талууд 2 зээлийн гэрээ, 2 барьцааны гэрээ байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр.

5.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хариуцагчийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг. Бэлэглэлийн гэрээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай.

Ц.Х би бэлэглээгүй, зээлийн гэрээний үүрэгт өгчихсөн гэж тайлбарлаж байсан болохоор тэгвэл зээлсэн мөнгөө авъя гэдэг тайлбарыг анхан шатны шүүхэд тайлбарласан тул анхан шатны шүүх үүнд зөв дүгнэлт өгсөн.

5.3. Зээлийн гэрээ байгуулаагүй, амаар харилцан тохиролцсон гэж байна. Яагаад мөнгө өгч байсан бэ гэхээр Ц.Хийн хүүхэд нь улсын бүжгийн уралдаан тэмцээнд явдаг, тухайн үед мөнгө хэрэг болвол өгдөг байсан. Бидний зүгээс хүү, алданги нэхэмжилсэн зүйл байхгүй.

5.4. Нэгэнт гэрээ байгуулсан тул хүү, алданги авах нь зүйтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Б.Эт холбогдуулан бэлэглэлийн болон зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 171,738,610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Ц.Х болон Б.Э нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Э 35,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч Ц.Х зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байх боловч зээлдүүлэгч бодитоор 24,948,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.Хийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, **************************3 өрөө орон сууцыг барьцаалсан.

3.1. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 21,000,000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 13 сарын хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, зээлдүүлэгч 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Х нь дансаар хүлээн авсан, тэрээр уг мөнгөн хөрөнгийг иргэн Р.Ат шилжүүлсэн нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх боловч энэ байдал нь зээлдэгч Ц.Хийг энэ зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

3.2. Талууд амаар харилцан тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр 6,900 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус Ц.Э-ээс Ц.Хт шилжүүлжээ. Уг мөнгөн хөрөнгийг Ц.Х дансаар хүлээн авч 2,200 ам.долларыг иргэн Р.Ат шилжүүлэх зэрэг байдлаар захиран зарцуулсан, зарим хэсгийг буцаан төлсөн тайлбараа баримтаар нотлоогүй тул зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

3.3. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.Х нь 35,000,000 төгрөгөөс 24,948,000 төгрөгийг шилжүүлэн авсан атлаа зээлдүүлэгч Б.Эийг зээлийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардаагүй байна. Иймд анхан шатны шүүх шилжүүлэн авсан 24,948,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 

Зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул зээлдэгч нь зээлийг хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар төлөх, алдангийн гэрээг мөн бичгээр байгуулсан тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар тус тус төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт түүний төлсөн 1,250,000 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хасаж үндсэн зээл 23,944,000 төгрөг, зээлийн хүү 6,465,117 төгрөг, алданги 15,204,617 төгрөг, нийт 45,613,851 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

4.1. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21,000,000 төгрөг, зээлийн хүү 32,760,000 төгрөг, алданги 26,880,000 төгрөг, нийт 80,640,000 төгрөгийг төлөх үүргийг анхан шатны шүүхийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тодорхойлсон 76,860,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул зээлдэгч нь зээлийг хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар төлөх, алдангийн гэрээг мөн бичгээр байгуулсан тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар тус тус төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний сарын 12 хувийн хүү хэт өндөр талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд хүсэлт, нотлох баримтыг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4.2. Түүнчлэн талуудын амаар харилцан тохиролцон байгуулсан 2,500,000 төгрөг болон 6,900 ам.долларын зээлийг зээлдэгч нь төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч буюу хариуцагч нь шаардах эрхтэй.  Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргасан үеийн буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3,504 төгрөгөөр анхан шатны шүүх үүргийг тооцсоныг буруутгах боломжгүй бөгөөд  24,128,610 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэжээ.

Монголбанкнаас зарласан валютын ханш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

4.3. Дээрх зээлийн гэрээний нийт үүрэг болох 149,102,451 төгрөгөөс нэхэмжлэгчээс орон сууцны хөлсөд төлсөн 7,948,000 төгрөгийг хасч тооцож зээлдэгч Ц.Хийн зээлийн гэрээний үүргийг 141,154,461 төгрөгөөр тодорхойлж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв.

 

5. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заажээ.

Талууд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болгож, мөн өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан Ц.Х өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Эийн өмчлөлд шилжүүлснийг бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Харин нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаснаар хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар шинээр эхлэн тоолно. Иймд зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Түүнээс гадна 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 90,000,000 төгрөгийг төлж эвлэрэх талаар санал гаргаж байсан, мөн орон сууцны хөлсөд 2020-2022 онд төлсөн 7,948,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцуулах тайлбар гаргасан тул зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэнэ. /хх 126-127 дахь тал/

 

6. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэлд Ц.Хийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ************************************** 3 өрөө орон сууцыг барьцаалж талууд барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг талууд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болгосон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Гэрээ дуусгавар болсон өдөр талууд бэлэглэлийн гэрээг байгуулж, барьцааны зүйл байсан дээр дурдсан орон сууцыг барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэж, уг орон сууцны өмчлөх эрхийг Ц.Хийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/03117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 864,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЦОГТСАЙХАН

 

        ШҮҮГЧИД                                        Ц.АЛТАНЦЭЦЭГ                                                                        

                                                      Э.ЗОЛЗАЯА