Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00108

 

МАГАДЛАЛ

 

     2024            01          10                                    210/МА2024/00108

 

С.Рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/03081 дугаар шийдвэртэй,

 

С.Рын нэхэмжлэлтэй

ХБ ХХК -д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 15,487,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Р, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний аав С.С2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. С.Сыг нас барахаас өмнө түүний нэр дээрх ХБ ХХК дахь 50*********** тоот дансанд 422,985 төгрөг, 50************ тоот дансанд 13,048,913 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.  

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн дүү С.Т, аавын хамтран амьдрагч М.С нар ХБ ХХК -д очиж менежертэй уузахад “нас барсны гэрчилгээ гарсан тохиолдолд данс хаагдаж ямар ч гүйлгээ хийгдэхгүй, та хоёрын хэн нь ч авах эрхгүй, жилийн дараа хөрөнгийг залгамжлах хүн өвлөх эрхээ үүсгээд хандаж болно” гэсэн.

1.2. Жилийн дараа миний дүү С.Н, С.Д, С.Т нар данс дахь хөрөнгийг өвлөх эрхээс татгалзан нотариатаар баталгаажуулж, ХБ ХХК -ийн 50***********, 50************ тоот данс дахь хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг С.Рд олгогдсон.

1.3. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХБ ХХК -д очиж дансны хуулгыг авахад 50*********** тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 420,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж 2,985 төгрөгийн үлдэгдэлтэй,  2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 50************ тоот данснаас 13,170,357 төгрөгийн гүйлгээ хийгдэж 27,334 төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.

ХБ ХХК -ийн буруутай үйлдлээс нийт 13,590,357 төгрөгийн хохирол учирсан.  

1.4. С.Сын хугацаагүй хадгаламжийн болон дансанд байсан 13,590,357 төгрөг, уг хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 6,6 хувийн хүүгээр тооцож 896,963 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 15,487,320 төгрөгийг ХБ ХХК -аас гаргуулж өгнө үү. 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Харилцагч С.Снь тус банканд 50************ тоот хугацаагүй хадгаламжийн данс, 50*********** тоот тэтгэврийн харилцах данс эзэмшдэг байсан.

2.2. Тэтгэврийн дансанд ямар нэгэн хамтран данс эзэмшигч бүртгэдэггүй. Харин хугацаагүй хадгаламжийн хувьд хамтран эзэмшигчтэй байхыг зөвшөөрдөг. Харилцагчийн 50************ тоот хугацаагүй хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр М.Сг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэрээр уг данснаас 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын дугаар сарын 02-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 13,147,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.

50*********** тоот тэтгэврийн харилцах данснаас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр АТМ-ээс картаар 420,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтаар нотлогдож байна.

2.3. Банкны хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхгүй, өв хамгаалах үүрэг хүлээгээгүй, гагцхүү хуульд зааснаар өвлүүлэгчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах талаар эрх бүхий субъектээс гаргасан шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд банк хуульд заасан холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй.

Харилцагчийн өвийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу хамгаалах үүргээ биелүүлээгүй.

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй" гэж заасны дагуу харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг банк хянах эрхгүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн харилцагчийн данснаас хэн, хэзээ, хэрхэн хэдэн төгрөгийн гүйлгээ хийж байгааг хянах эрхгүй.

2.4. Корона вирус цар тахал гарсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцно” гэж заасан. Тиймээс хугацаагүй хадгаламжид хүү тооцох боломжгүй.

2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд зааснаар өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгч авч хөлс төлөх нь тухайн хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд хариуцагч нь тухайн өмгөөлөгчийн хөлсийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Рын хариуцагч ХБ ХХК -д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 15,487,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,203 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжпэгч С.Рд №1577292 дугаартай хугацаагүй хадгаламжийн дэвтрийг буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бүрэн, бодитой харьцуулан үзээгүйгээс хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, талуудын маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1. Мөн шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэсэн шийдэл болон шийдвэрийн дүгнэлтийн бичвэрийг бичихдээ хэт нэг талыг баримталсан заалтыг барьсан байх бөгөөд шүүхийн дүгнэлт нь хэргийн байдлын талаархи хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй гэж үзэж байгаа тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн бичвэр хэт ойлгомжгүй, нуршсан, хэргийн оролцогч нарын тайлбарыг хэт дурьдаж өөрийн шийдлийнхээ үндэслэлийг хэт нотлох гэж дүгнэсэн, мөн зөвхөн гэрч М.Сгийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбарыг шийдлийн үндэслэл болгосон зэрэг нь Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоол, мөн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал”-д заасан шаардлагыг хангаагүй байна.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.10-т “Иймд хугацаагүй хадгаламжийн данс хамтран эзэмшигч М.С нь хамтран эзэмшдэг данснаасаа гүйлгээ хийсэн нь хууль болон холбогдох журам зөрчөөгүй, Хаан банкны “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцлийн 6.1-д “дансны хамтран эзэмшигч нь банкны үйлчилгээ авахад үндсэн эзэмшигчтэй адил эрх эдэлнэ”, 6.7-д “хамтран эзэмшигчтэй хадгаламжид дэвтэр авах тохиолдолд зөвхөн үндсэн эзэмшигчийн нэр дээр олгоно” гэж зааснаар хугацаагүй хадгаламжид байсан 13,170,357 төгрөгийг хамтран эзэмшигчид олгосон нь Хаан банкны буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв" гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч талаас өөрийн төрсөн эцэг талийгаач С.Сын, ХБ ХХК дахь тэтгэврийн харилцах болон хугацаагүй хадгаламжид байсан 13,170,357 төгрөгийг хамтран эзэмшигч М.Сд олгосон нь ХБ ХХК -ийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа бөгөөд холбогдох хуулийг зөрчсөний улмаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол учирсан гэж үзэж байна.

Учир нь иргэн С.Сыг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсны дараа түүний охин С.Т, өөрийн төрсөн эцэг С.Стай хамтран данс эзэмшигч, хамтран амьдрагч М.Сгийн хамтаар С.Сын нас барсны гэрчилгээ болон С.Саас М.Сд олгосон итгэмжлэлийг тус тус барьж С.Сын харилцах данс болон М.Стай хамтран данс эзэмшиж буй хадгамжийн данснаас дээр дурдсан мөнгийг авахаар ХБ ХХК -ийн салбар дээр очиход банкны зүгээс “Нас барсан өдрөөс, нас барсны гэрчилгээ гарсан тохиолдолд данс хаагдана ямар ч гүйлгээ хийгдэх үндэслэл байхгүй, та хоёрын хэн нь ч авах эрхгүй, жилийн дараа өвөө үүсгээд хандаж болно” гэсэн нь гэрч С.Т, М.С нарын мэдүүлгээр нотлогдож байгаа.

Ийнхүү ХБ ХХК харилцагч нас барсныг мэдсэн үеэс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх өвлөх эрхтэй”, 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “үйл ажиллагааны нууцлал, аюулгүй, найдвартай байдлыг хангах”, 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт “Банк дараах тохиолдолд дансыг хааж болно, 9.8.4-т хууль тогтоомжид заасан бусад үндэслэл”-ээр дансыг хаах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай, 14 дүгээр зүйлийн 14.2.7-д “хадгалагч өөрийн буруугаас учирсан хохирлыг нөхөн төлөх” үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Хадгалуулагч нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл тухайн хадгаламжийн гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийж болно” нас гэж заасны дагуу харилцагч барсан тохиолдолд гэрээг шинэчлэн хийх үүргээ хэрэгжүүлээгүй.

Тиймээс нэхэмжлэгч С.Р нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “Хадгалуулагч нь хадгалагчаас энэ хуулийн 12.3, 12.7-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй", 14 дүгээр зүйлийн 14.1.7-д “хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж тус тус зааснаар ХБ ХХК -аас шаардах эрхтэй.

4.3 Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүх хуралдаанд гэрч М.С нь ...С.Стай 2003 оноос нас барах хүртэл хамтран амьдарч байсан. ... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12,000,000 төгрөгийг бэлнээр авсан. 12,000,000 төгрөгийг буянд хэрэглэсэн, 1,000,000 төгрөгийг хийдэд ном хуруулахад хэрэглэсэн” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч М.С нь хугацаагүй хадгаламжийн дансанд байсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн, энэ нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, Хаан банкны зарлагын мэдүүлэгээр тус тус нотлогдож байна” гэж зөвхөн М.Сгийн мэдүүлэгт үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь дараах баримтаар хууль зүйн үндэслэлгүй юм.

Миний аав С.Снь М.Стай 2003 оноос эхлэн хамтран амьдраагүй болох нь хэргийн материалд авагдсан С.Сын хадгаламжийн дэвтэрээр нотлогдож байгаа бөгөөд уг хадгаламжийн дэвтэрт бичигдсэнээр хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар миний аав 11,898,033 төгрөгтэй байсан тул М.Стай хамтран уг мөнгийг цуглуулаагүй юм. Мөн миний аавын өөрөө цуглуулсан 12,000,000 төгрөгийг М.С нь буяны үйл хэрэгт зарцуулаагүй, бид аавынхаа ажил явдлыг өөрсдийнхөө мөнгөөр хийсэн болно. Хэрэв 2003 оноос эхлэн хамтран амьдарсан гэж үзвэл тэр хугацаанаас хамтран данс эзэмшиж, хамтран дансандаа төлбөр мөнгө хийх байсныг шүүх анхаарч авч үзээгүй.

Мөн гэрч С.Тгаас шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...аавын захиран зарцуулах хэмжээнд авч байсан” гэж тайлбарлаж байсныг хариуцагч буруугаар мушгин тайлбарласныг шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хамтран данс эзэмшигч С.Т аав С.Стай хамтран данс эзэмшиж байх хугацаанд ХБ ХХК -наас мөнгө авах болгонд банкнаас итгэмжлэл шаарддаг бөгөөд ааваас өөрийн данснаас тодорхой мөнгөний хэмжээ тогтоож өгч байсныг шүүх буруугаар хүлээн авч, хамтран эзэмшигч бол итгэмжлэлгүйгээр, иргэний үнэмлэхээ үзүүлээд авах боломжтой гэж үзэж байгаа нь өвлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тэр тусмаа С.Сын хадгаламжийн данснаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.С өөрийн биеэр биечлэн хадгаламжийг авах тохиолдолд хэн гэж харилцагчтай хамтран данс эзэмшдэгийг мэдэх боломжгүй учраас ХБ ХХК -аас зайлшгүй итгэмжлэл шаардаагүй нь банкны буруутай үйлдэл бөгөөд гэрч М.С, С.Т нарын мэдүүлгээр С.Сыг нас барсны дараа ХБ ХХК -ийн салбар дээр очиход “М.Сд С.Саас олгосон итгэмжлэлийг авч очсон” гэсэн мэдүүлэгүүдээр давхар нотлогдож байхад шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаараагүй.

ХБ ХХК нь “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”-ийн 6 дугаар зүйлийн 6.6-д “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамтран эзэмшигч нь өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэл, хууль ёсны төлөөлөгч болохыг гэрчилсэн баримт бичиг шаардлагатай” гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хадгалуулагч нь хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг бичгээр олгосон итгэмжлэл бүхий төлөөлөгчөөр дамжуулан хийлгэж болно. Хадгалагч хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийнэ" гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Харилцах дансны дэд эзэмшигч нь харилцах данс эзэмшигчээс хуульд заасны дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд харилцах данснаас зарлагын гүйлгээ хийнэ” гэж тус тус заасныг зөрчиж М.Сд С.Сын хадгаламжийн данснаас 12,000,000 төгрөгийг гаргаж өгсөн буруутай гэж үзэж байна.

4.4. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 454.1-д заасны дагуу хадгаламжийн гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчийн хадгаламжийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх” гэж тус тус зааснаар хадгаламжийн хүү төлөх үндэслэлтэй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талийгаач С.Саас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэл нь түүнийг нас барснаар дуусгавар болсон тул банк итгэмжлэлээр үйлчилгээ үзүүлэхгүй. М.С нь С.Стай хамтран данс эзэмшдэг учраас тухайн дансыг захиран зарцуулах, данснаас зарлагын гүйлгээ хийх талаар хүсэлт гаргаагүй. Банк хүмүүсийн хувийн байдалтай холбогдуулж хэн нэгэнтэй хамтран амьдардаг эсэхийг тогтоодог байгууллага биш. С.С, М.С нар хамтран амьдардаг байсан гэдгээр үйлчилгээ үзүүлсэн зүйл байхгүй. С.Сын хугацаагүй хадгаламжийн эзэмшигчээр өмнө нь С.Сын охин С.Т бүртгэлтэй байсан бөгөөд сүүлд хүсэлт гаргаж, хамтран данс эзэмшигчээ солиулж М.Сг бүртгэсэн.

5.2. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1 дэх хэсэгт заасны дагуу өв хамгаалуулах эрхтэй байсан ч өв хамгаалах ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэгч С.Сын хууль ёсны өвлөгч гэдгээр банканд хүсэлт гаргаж дансыг бүтүүмжлэх арга хэмжээ авах боломжгүй. Гагцхүү тухайн данс эзэмшигчийн зөвшөөрлийн хүрээнд дансанд байгаа мөнгөн хөрөнгийн хэмжээнд банк үйлчилгээ үзүүлдэг. С.Сын өмнө нь хамтран данс эзэмшигч байсан С.Т нь М.Сг хамтран данс эзэмшигчээр бүртгэлтэй байсан гэдгийг мэдэж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Р нь хариуцагч ХБ ХХК -д холбогдуулан гэм хорын хохиролд 15,487,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дараахь үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1.С.Снь ХБ ХХК -нд 50599342576 тоот тэтгэврийн харилцах дансыг дангаар, 50************ тоот хугацаагүй хадгаламжийн дансыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хамтран амьдрагч М.Сгийн хамт эзэмшдэг бөгөөд түүний тэтгэвэрийн 50*********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 420,000 төгрөг, хугацаагүй хадгаламжийн 50************ тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 13,048,913 төгрөг тус тус байсан,  

 

3.2. С.Снь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан,

 

3.3. В.Сувдмаа 50************ тоот хугацаагүй хадгаламжаас 13,000,000 төгрөгийг авсан,

3.4. Өвлөх эрхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0133 тоот гэрчилгээгээр С.Рэгзэнгарам нь талийгаач С.Сын өвийг хүлээж авсан байна. 

 

4. ХБ ХХК -ийн “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл”-ийн 6.1-д “дансны хамтран эзэмшигч нь банкны үйлчилгээ авахад үндсэн эзэмшигчтэй адил эрх эдэлнэ” гэж заасныг үндэслэн 50************ тоот хугацаагүй хадгаламжаас М.С нь хамтран эзэмшигчийн хувьд 13,000,000 төгрөгийг авах эрхтэй бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлсэн байдалд ХБ ХХК -ийг буруутгах үндэслэл болохгүй болно.

 

 4.1. Түүнчлэн ХБ ХХК -ийн “Депозит бүтээгдэхүүний бодлого, журам”-ын 5.2.1-д “данс зогсоох гэдэг нь эрх бүхий этгээдийн шаардлагаар эсвэл харилцагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу дансанд санхүүгийн гүйлгээ /бэлэн болон бэлэн бус орлого, зарлагын гүйлгээг бүгдийг ойлгоно/ хийгдэх нөхцлийг түр хугацаагаар хязгаарлахыг хэлнэ” гэж заасан байх бөгөөд энэ журмын дагуу өв хүлээн авагч С.Р болон  данс хамтран эзэмшигч М.С нар 2021 оны 10 дугаар сарын 11-ний ХБ ХХК -д очихдоо уг данс зогсоолгох талаар хүсэлтийг зохих журмын дагуу гаргаагүй тохиолдолд  банкыг өөрийн санаачилгаараа эзэмшигчийн дансны гүйлгээг зогсоох боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин хугацаатай хадгаламжийг банк өөрийн санаачилгаар цуцлах эрхгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээ энэ маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх дүгнэсэн нь алдаатай болсныг дурдах нь зүйтэй.

 

4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ХБ ХХК 50************ тоот хугацаагүй хадгаламжийн данснаас 13,000,000 төгрөгийг хамтран эзэмшигч М.Сд олгосон нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

5. Талийгаач С.Сын тэтгэвэрийн 50*********** тоот дансанд байсан 420,000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас шилжүүлэн авсан байх бөгөөд гэрч М.Сгаас уг дансны гүйлгээ хийдэг картыг С.Сын хүүхдүүдэд өгсөн гэх мэдүүлгийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй.

Картаар гүйлгээ хийсэн тохиолдолд ХБ ХХК -ийг гэм буруу тогтоогдохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

ХБ ХХК нь хадгаламжийн болон харилцан данснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийж нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулаагүй, харин данс хамтран эзэмшигч болон карт эзэмшигч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримтад хариуцагчийг гэм буруу үгүйсгэгдэж байна.  Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж дүгнэнэ.

 

6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/03081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ЭНХБАЯР 

 

       ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР                                                                             

                                                      Э.ЗОЛЗАЯА