Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 247

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ-Уулд оршин суух Оточ овгийн Насмайн Энхтуяагийн /РД: ДО66040107/ нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Н.Энхтуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Насмай овогтой Энхтуяа миний бие нь 1965 оны 04 сарын 22-нд Чандмань сумд төрсөн. Хөдөө гэрт төрсөн учраас төрсний гэрчилгээгээ тухайн үед авч чадалгүй дараа нь авсан байдаг. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн боловч иргэний үнэмлэх дээр 1966 оны 04 сарын 01-ний өдөр гэж буруу бичигдсэний улмаас тэтгэвэрт гарах боломжгүй болсон юм. Иймд миний бүрдүүлсэн материалыг үндэслэн 1965 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Энхтуяагийн нас тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хүсэлт гаргагч Н.Энхтуяа нь 1965 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн болох нь “...эцэг Доригийн Насмай, эх Дарьжавын Цулхаан нарын гэр бүлд 1965 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн Насмайн Энхтуяаг 1965 оны 04 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 33-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 00/002992 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 
Үндэсний төв архивын “...Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтын “Н” үсгээр эхэлсэн өрхийн тэргүүний нэрсийг шүүж үзэхэд Доригийн Насмайд холбогдох баримт байхгүй байна...” гэх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02/174 дугаартай албан бичиг,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивын тасгийн “...БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1966 оны 02 сарын 14-ний өдрийн 18 дугаар зарлигаар тус аймгийн Чандмань сумын харьяат Дарьжав овогтой Цулхааныг алдарт эхийн 2 дугаар одонгоор шагнасугай. Д.Цулхааны хүүхдүүд Насмаагийн Энхтуяа 1 настай гэж бүртгэгдсэн байна...” гэх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Иймд Н.Энхтуяаг 1965 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Оточ овгийн Насмайн Энхтуяаг 1965 оны 04 сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ