Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00134

 

 

 

 

 

                 

     2024            01          12                                    210/МА2024/00134

 

О.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/05120 дугаар шийдвэртэй,

 

О.Эийн нэхэмжлэлтэй

Б.Тт холбогдох,

 

900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э, хариуцагч Б.Т, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би Б.Ттай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөгийг Б.Тийн дансанд шилжүүлсэн. 2 цагийн дараа байрандаа орохгүй гэдгээ хэлж, мөнгөө буцааж авах гэхэд “600,000 төгрөгийг авахгүй гэж гарын үсэг зурж өгөхгүй бол 1,200,000 төгрөгийг чинь өгөхгүй” гэхээр нь айгаад гарын үсэг зурж 1,200,000 төгрөгийг буцааж авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулаагүй.

1.2. Иймд барьцаа төлбөр 600,000 төгрөг болон сэтгэл санааны хохиролд 300,000 төгрөгийг хариуцагч Б.Таас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэн О.Э нь манай байрны том өрөөг хажуу өрөөгөөр түрээслэхээр 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ хийж, гэрээний төлбөрт 1,200,000 төгрөг барьцаанд 600,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрээр гэрээ байгуулсаны дараа өрөөг түрээслэхгүй боллоо гэсэн.

Гэрээний 2.8-д "Б тал нь гэрээнд заасан хугацаанаас өмнө гарсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй" гэж заасан. Өөрөөр хэлбэл, О.Эт түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг буцаан олгохгүй нөхцөлтэй байсан ч миний бие түрээсийн төлбөрийг нь буцаан өгсөн. Гэрээний 2.7-д "Б тал нь гэрээг сунгах боломжгүй бол энэ тухай 15 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүй бол барьцаа төлбөр буцаан олгогдохгүй. Мөн 6 сар дотроо гарвал барьцаа олгохгүй" гэж заасны дагуу барьцаа 600,000 төгрөгийг суутгаж авсан болно.

Гэрээг хийхдээ харилцан тохиролцож хийсний адил гэрээг цуцлахдаа ч мөн харилцан тохиролцож хийсэн бөгөөд О.Э нь өөрийн гараар түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг аваад барьцаа мөнгөө авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдэж өгсөн тул үндсэн төлбөрийг буцаан олгосон.

Бидний хийсэн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хууран мэхлэх болон хүчээр хийсэн зүйл огт байхгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэдийн хийсэн гэрээ хэлцэл болно.

2.2. Би хэнийг ч доромжлоогүй, харин намайг олон удаа доромжилж хараасан тул би утсаа салгасан. Нэгэнт тохиролцоод авсан тул зөвшөөрөхгүй. Гэрээг нотариатаар ороогүй гэж байна. Гэтэл гэрээг 2 тал тохиролцсон бол гэрээ гэж үзнэ. Гэрээг нотариатаар оруулъя гэж надад хэлээгүй. 1,200,000 төгрөг шилжүүлэхэд намайг дарамталж эхэлсэн.

2.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу гэрээний Б тал нь гэрээг сунгах боломжгүй бол энэ тухай 15 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. Мэдэгдээгүй, 6 сар дотроо гарвал барьцаа олгохооргүй байх тул барьцаа мөнгийг суутгаж авсан болно. Хажуу өрөө түрээслэхэд хугацаа их зарцуулж байж хүн ордог. Энэ үед О.Э нь манай байрыг түрээслэнэ гэж өмнө нь түрээслэхээр тохирсон байсан хүмүүсийг цуцлуулж, байршуулсан зарыг устгуулж, хоног алдуулж, маргаан үүсгэснээс хажуу өрөөг түрээслэх 15 хоногийг хугацаа алдсан.  Би маш их хохиролтой байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар хариуцагч Б.Таас 600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,650 төгрөг гаргуулж, нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрт 4.а-д “Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 304.1-т эрх үүсээгүй байхад ...” гэж үзжээ.

Хөлслөгч нь гэрээг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж гэрээний харилцаа үүсэж түлхүүрээ гардан авч байрыг хүлээн авсан байсан. Өөрөөр хэлбэл, бидний нөхцөлд Иргэний хуулийн 304.1 дүгээр заалт огт хамааралгүй байхад хуулийн заалтыг буруу хамааруулсан гэж үзэж байна. Энэ заалт нь хариуцагч би байраа хүлээлгэн өгч түлхүүрээ өгсөн байхад байр түлхүүрээ хүлээлгэн өгөөгүй байсан мэт ойлгогдохоор заалтад хамааруулсан байх бөгөөд хөлслөгч гэрээ цуцлах эрх бүхий заалт болгож буруу ашигласан байна.

4.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.б-д хариуцагчид хохирол учраагүй гэж үзжээ. Гэтэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. 9 дүгээр сар бол орон сууц түрээслэх хамгийн өндөр орлоготой үе байдаг бөгөөд нэхэмжлэгч О.Э нь удаан хугацаанд түрээслэнэ гэж гэрээ байгуулж, зар устгуулж, түрээслэхээр ярьж байсан хүмүүсийг буцааснаар тухайн байрыг дахин зар тавьж, түрээслэгчид үзүүлэх, гэрээ байгуулах гэж хугацаа алдсан бөгөөд дараагийн түрээслэгч 21 хоногийн дараа орсон нь миний хувьд олох байсан орлогоо алдсан хохирол болно. Энэ бүх хохиролдоо тооцон гэрээний дагуу барьцааг суутгасан юм.

4.2. Мөн 4.б-д “Гэрээ байгуулагдсан өдрөө нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагч үүнийг зөвшөөрсөн байх тул” гэжээ. Би үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар 2 талд маргаан үүсэж маргааш өдөр нь барьцаа 600,000 төгрөг болох төлбөрийг гэрээний дагуу үлдээсэн тохиолдолд гэрээг цуцлахыг зөвшөөрч нэхэмжлэгч тал гар өргөдөл бичиж өгч хүлээн зөвшөөрсөн. Үүнийг шүүхэд гаргаж өгсөн байхад авч хэлэлцээгүй байна. Иймд иргэд хоорондын байгуулсан хүчин төгөлдөр гэрээг үгүйсгэсэн үйлдэл болж түрээслэгч талын эрхийг зөрчиж байна.

Миний бие Худалдаа, хөгжлийн банкинд үл хөдлөх эд хөрөнгийн зээлтэй байдаг бөгөөд өөрийн түрээсийн орлогоор тухайн зээлээ төлдөг бөгөөд орлого тасарсанаас зээл төлөхөд хүндрэл гарах эрсдэл гардаг. Иймд олох ёстой байсан орлогоо алдах нь хохирол болж байгаа тул түрээслэгч талаас авсан барьцаа хөрөнгийг зээлээ төлөхөд зарцуулсан. Мөн тухайн байрны цэвэрлэгээ, урсгал зардал, хоногийн алдагдалд зарцуулах зориулалтаар барьцааг авдаг болно. Үүнийг түрээслэгч тал ч мэдэж байсан бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гэрээний харилцаа үүссэн болно.

Шүүх нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдрөө татгалзнаар хөлс төлөх үүрэг дуусч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зүйлээр үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах эрх үүсээгүй гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан ч хариуцагч би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул хөлс төлөх үүрэг хэвээр байж маргааш нь гэрээг цуцлах шинэ гар бичмэлийг бичиж баримт үйлдэн гэрээний дагуу 600,000 төгрөг үлдээхийг тохиролцон гэрээг цуцалж байрны түлхүүрийг би хүлээн авч, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлээр шаардлагаа хангуулсан.

4.3. Мөн хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруугаар ашиглаж байгааг дахин нягтлан шалгаж үзнэ үү.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр орон сууцыг үзсэн. Тухайн өдрөө орон сууц таалагдахгүй байсан учир 1 цагийн дотор гэрээгээ цуцалсан. Миний бие гомдолтой байгаа бөгөөд 600,000 төгрөгөө авах шаардлагатай байна. Миний бие тэтгэвэрт гарсан хүн бөгөөд хэдэн хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Хариуцагчид ямар ч өр төлбөргүй. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. 1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Б.Тт холбогдуулан 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. О.Э болон Б.Т нар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Хажуу өрөө хөлслүүлэх гэрээ”-г байгуулж, хөлслөгч сарын 600,000 төгрөгийн хөлс төлөх, хөлслүүлэгч 600,000 төгрөгийн барьцаа авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч О.Э нь гэрээний дагуу 2 сарын хөлс 1,200,000 төгрөг, барьцаа 600,000 төгрөгийг Б.Тийн дансанд шилжүүлсэн байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна. 

 

4. Гэрээ байгуулагдсан өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч тал гэрээг цуцалж, орон сууцны түлхүүрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй. 

 

5. Хүчин төгөлдөр гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцоогүй. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан бий болоогүй.

Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар тодорхой нөхцөл байдлаас шалтгаалалгүйгээр гэрээг нэхэмжлэгч цуцалсан бөгөөд энэ тохиолдолд гэрээг цуцлах хугацааг гурван сар байх боловч уг хугацааг гэрээгээр өөрчилж болно.

Гэрээний 2.7-д хөлслөгч нь гэрээг сунгах боломжгүй бол энэ тухайгаа гэрээ дуусахаас өмнө 15 хоногийн өмнө мэдэгдэхээр тохиролцсон байх бөгөөд уг хугацааг дараагийн хөлслөгчтэй гэрээг хийх боломжит хугацаагаар тодорхойлсон гэж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцлах хугацааг 15 хоног гэж тодорхойлохоор байна. 

6. Гэрээний 2.3-т талууд 600,000 төгрөгийг барьцаа болгохоор тохиролцжээ. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д барьцааг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж тодорхойлж, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдсан үүргийг үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээс уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байхыг зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөлслөгч гэрээг цуцалсан бол 15 хоногийн хөлсийг төлөх үүрэгтэй, уг үүргийг гүйцэтгүүлэхдээ барьцаагч нь уг хугацаанд хамаарах хөлсийг барьцааны зүйлээс хасч тооцох юм.

Иймд барьцааны зүйлийг бүхэлд нь суутгаж авах хууль болон гэрээнд заасан үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул тэрээр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хөлсөд илүү төлсөн 300,000 төгрөгийг буцаан шаардах эрхийн хүрээнд барьцааны мөнгөн хөрөнгөөс 300,000 төгрөгийг шаардах эрхтэй. 

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Таас 300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эт олгож, барьцааны мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлээс 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

7. Сэтгэл санааны гэм хорын хохирол шаардсан 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэлд зохигчид гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй. 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/05120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 600,000 ” гэснийг “300,000” гэж, “300,000” гэснийг “ 600,000” гэж,

2 дахь заалтын “18,650” гэснийг “9,650” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

 

       ШҮҮГЧИД                                        Э.ЭНЭБИШ                                                                                 

                                                     Э.ЗОЛЗАЯА