Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ю овогт Ч-ийн Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18100 0317 0576 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Улсын яллагч Б.Энхмэнд /томилолтоор/,

Хохирогч В.С,

Шүүгдэгч Ч.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл  хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 0-18 насны 3 хүүхдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 790 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ю овогт Ч-ийн Т /РД:Ж/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн В.С-д “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж Хан-Уул дүүргийн 4-р хороо, Сансар худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг, мөн өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Сод Монгол шатахуун” түгээх станцын дэргэд бэлнээр 1.600.000 төгрөг,

- Мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.О-д “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, Хан-Уул дүүргийн 10-р хороо, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын гадна 3.500.000 төгрөг тус тус аван бусдын 5.500.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.                                                   

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогч нараас авсан мөнгөнөөс хохирогч В.С-д 500.000 төгрөг төлсөн, одоо 1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөн хохирогч Д.О-д хохирлын 3.000.000 төгрөг тус тус төлж чадаагүй байна. Би хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулна. 

Хохирогч нараас авсан мөнгөнөөс Б-т 1.600.000-1.700.000 орчим төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн боловч бэлнээр мөнгө өгсөн гэдгийг гэрчлэх хүн маань одоо Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан. Надад виз гаргах тусгайлан олгосон эрх байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу. Би хүүхдээ төрүүлээд 11 хоног болж байна. Манай нөхөр Өмнөговь аймагт нүүрсний тээврийн жолооч хийдэг, бид хоёр сард 2.000.000-4.000.000 төгрөгийн орлого олдог. Хохирогч С, О нарын мөнгийг даруй  төлж барагдуулахаа амлаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч В.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Манай эхнэр Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хийж амьдардаг болохоор би эхнэр дээрээ очих зорилготой байсан. Өмнө нь би Солонгос улсын визэнд орсон боловч  татгалзсан хариу авсан. Ч.Т нь “виз баталгаатай гаргадаг” гэхээр нь итгээд пасспорт болон виз гаргуулах төлбөрөө өгсөн. Шүүгдэгч Тийг миний багын найз  Должмаагаар дамжуулж  танилцсан юм. Т нь виз гаргахад “эхний ээлжинд 3.500.000 төгрөг, гадаад пасспортын хамт өгчих” гэсэн. Би түүнд 400.000 төгрөгийг бэлнээр, 1.600.000 дансаар, нийт 2.000.000 төгрөг өгсөн. Би хувь, иргэн хүн Солонгос Улсын виз гаргах эрхгүй гэдгийг мэдээгүй. Бусад хүмүүс ийм байдлаар хүнд өгөөд виз гаргуулсан гэж яриад байдаг болохоор болох байх гэж бодсон юм. Надад гомдол санал байхгүй. Үлдэгдэх хохирол 1.500.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 0371 0576 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.С-гийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 22-392 тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргуулахаар Т гэж хүнд ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Сансар худалдааны төвийн нэгдүгээр давхрын Хаан банкны АТМ-ээр 500.000 төгрөгийг,  5084325924 Отгонбаяр гэсэн хүний данс руу 100.000 төгрөг, мөн 5032749717 Саруулболд гэж хүний данс руу 400.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд тэр өдрөө намайг Тт танилцуулж байсан манай нутгийн эмэгтэй болох Должмаатай хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх шинэ замын хажууд “Сод Монгол шатахуун” түгээх станц дээр Ттэй уулзаад бэлнээр 1.600.000 төгрөгийг гадаад паспорт, гэрлэлтийн баталгааны хамт өгсөн юм.

Тэгээд тэр өдөр Т надад “14 хоногийн дотор надад виз гаргаж өгнө” гэж хэлж байсан боловч хэлсэн хугацаанд нь виз гараагүй. Тэгээд ойролцоогоор мөнгө өгсөнөөс хойш 20 орчим хоногийн дараа Т-тэй утсаар холбогдоход надад “виз гаргаж өгөх хүн нь хагалгаанд орчихсон байна хүлээж бай” гэж хэлсэн.  Тэгээд үүнээс хойш одоог хүртэл надад ямар нэг виз гаргаж өгөөгүй ба би 2017 оны 12 дугаар сараас эхлэн “мөнгөө буцааж авъя” гэж нэхэж эхэлсэн. Т мөнгө нэхэх бүрд л  “удахгүй өгнө, хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн, боломжгүй байна” гэх мэт янз бүрийн шалтаг шалтгаан хэлдэг байсан. Тэгээд олон сар өгөхгүй зугтаад, сүүлдээ утасаа авахгүй, холбоо барихгүй болохоор нь би Цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай нутгийн таньдаг эмэгтэй болох Должмаа нь Тийг анх Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгдөг хүн гэж танилцуулж байсан.

Т надад 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “энэ хоёр хүний данс руу мөнгө хийгээрэй” гэж мессежээр уг дансны дугаарууд өгсөн. Саруулболд гэж хүнийг би танихгүй урд өмнө харж байгаагүй, харин Отгонбаярыг нэг удаа Ттэй хамт явж байхад нь харж байсан. Би түүнд нийт 2.100.000 төгрөг өгсөн. Үүнээс Т надад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчим 140.000 төгрөг буцааж өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Должмаа, Т нар ямар харилцаатай холбоотой болохыг мэдэхгүй, тухайн үедээ найзууд гэж байсан. Т надад эмчилгээний виз 14 хоногийн хугацаатай гаргаж өгнө гэж хэлж байсан. Т анх надаас 3.500.000 төгрөгөөр эмчилгээний виз гаргаж өгнө гэж хэлж байсан, мөн хашаа байшингаа барьцаанд тавина гэж хэлж байсан. Тухайн үед би виз гарсаны дараа үл хөдлөхийн гэрчилгээгээ болон үлдэгдэл 1.400.000 төгрөгийг өгнө гэж хэлээд өгөөгүй юм. Би үлдэгдэл мөнгө болох 1.960.000 төгрөг болон гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа зэрэг баримтаа буцааж авмаар байна. Өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10х/,

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-гийн хохирогчоор өгсөн:

“... Манай салбарт теллер хийж байсан Отгонжаргал нь 2017 оны 08 дугаар сард ажлаас гарах өргөдлөө өгсөн юм. Тэгээд Отгонжаргал нь тухайн үед Бүгд Найрамдах Солонгос Улсын визанд орохоор материал өгсөн ба виз нь 14 хоногийн дотор гарсан.

Тэгээд тухайн үедээ ажил дээр виз хэрхэн гарсан талаар яриа болж, Отгонжаргал нь “ өмнө нэг удаа визний материал өгөөд татгалзсан хариу авч байсан, энэ удаа таньдаг хүнтэй болохоор хурдан гарчихлаа” гэж ярьсан. ...Тэгээд ажлын газрын Отгонжаргалын виз гаргах таньдаг хүнээр нь дамжуулж виз гаргуулахаар болж, ...Отгонжаргалаар дамжуулж Т-тэй холбогдсон.

Би өөрөө “Отгонжаргалын яриулсан хүн байна. Солонгосын виз гаргуулах гэсэн юм” гэж хэлэхэд Т нь надад “манай төрсөн дүү Солонгосын Элчин Сайдын Яаманд ажилладаг, виз бол найдвартай гарна, чи гадагшаа дотогшоо өөр хүнд битгий хэлээрэй, хэл ам ихтэй ажил шүү, манай дүүгийн ажилд муугаар нөлөөлж магадгүй” гэж хэлсэн. Мөн “3 жилийн мульти виз бол 10 сая, 3 сарын виз 3.500.000 төгрөг бэлнээр авна, би Отгонжаргалын эгчийнх нь сайн найз, Отгонжаргал чамайг итгэлтэй хүн гэсэн учраас би чамд гаргаж өгье” гэж хэлсэн.

Тухайн үед утсаар харилцаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ХУД-ийн 10 дугаар хороо “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын гадна нөхөр Энхмандах, найз Энхчимэг, Энхчимэгийн нөхөр Бат-Эрдэнэ нарын хамт очиход Т нь бид нарын сууж явсан машинд орж ирээд 3.500.000 төгрөг бэлнээр аваад, “нэг сарын дараа виз гарна” гэж хэлсэн боловч нэг сар өнгөрсөний дараа асуухад “дахиад нэг сар хүлээчих” гэж хэлсэн.

Тэгээд сунгасан хугацаа нь болоход Т манай байрны гадаа ирээд, надад “Элчин дээр материалын шалгалт их байна, 12 сарын сүүлээр гайгүй болно, тэр үеэр нь гаргана, тэр болтол түр хүлээж бай” гэж хэлсэн. Гэвч Т одоо хүртэл виз гаргаж өгөөгүй, 2018 он гарсаны дараа “Аялал жуулчлалын компаниар гаргуулахаар боллоо” гэж хэлсэн. Сүүлдээ утсаа авахаа болиод холбоогүй болсон.

Тэгэхээр нь би Отгонжаргалаар залгуулахад бас утасаа авахгүй зутгаад байсан учир Цагдаагийн байгууллагад мэдэгдэж өргөдөл гаргасан. Тт бэлнээр өгсөн 3.500.000 төгрөгийн би өөрөөсөө өгсөн ба хэрэв виз гарчихвал найз Энхчимэг Солонгост ажиллаад надад буцааж өгөх ёстой байсан юм. Би Тт нийт 3.500.000 төгрөг өгсөн. Одоо энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 98-99х/,

 

3. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Баруун 4 замын BSB төвийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг “АМО ТУР 113 тоот” Аялал зуучлалын компанид нягтлан бодогчийн ажил хийдэг. Манай компани аялал, эмчилгээ, сургуулийн чиглэлээр Солонгос улс руу виз гаргаж өгдөг юм. Виз мэдүүлж байгаа хүмүүсийн зарим нэгийнх нь виз гарахгүй асуудал байдаг. Манай компани виз мэдүүлж байгаа иргэдээс урьдчилгаа 350.000 төгрөг авдаг. Тэгээд виз гарсаны дараа үлдэгдэл 3.150.000 төгрөгийг авдаг. Мөн явж байгаа хүмүүсээс үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг юм. Яагаад гэвэл манайхаар үйлчлүүлж байгаа зарим хүн тэндээ үлдэж харлах гээд байдаг юм. Үүнээс урьдчилан сэргийлж барьцаа авдаг юм.

Би Тийг зүс танина. Анх 2017 оны 09 дүгээр сарын 25-ны орчим намайг ажил дээрээ байх үед Т нь ирээд “танай компаниар дамжуулж Солонгос улс руу явсан Баярболдын хуурай эгч нь байгаа юмаа, би танай компаниар дамжуулж нөхөр Дамдинболор,  мөн Мэндбаяр нарт эмчилгээний виз гаргуулмаар байна” гэж хэлсэн.  Тэгээд Дамдинболорын урьдчилгаа гэж 350.000 төгрөг өгсөн. Мөн Мэндбаяр гэх хүн өөрөө биеэр ирж 350.000 төгрөг өгсөн.

Тэгээд үүнээс хойш надтай холбоотой байсан ба би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 дугаар эмнэлэгт өнчин тархины хавдар авахуулах хагалгаанд орсон. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын дундуур Т манай ажил дээр ирээд нийт 8 ширхэг гадаад паспорт авчирч өгсөн. Тэгэхдээ надад “Амбекийг яаралтай оруулмаар байна” гэж хэлж байсан. Тэр үед би Амбек рүү нь залгаад “350.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлэхэд Амбек нь “Т гэж хүнд 3.500.000 төгрөг өгсөн” гэж надад хэлсэн.

Тэгэхээр нь би Т рүү залгаад “Амбекийн мөнгө чамд байгаа юм уу” гэж асуухад “тийм, надад байгаа, би чам руу шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд манай компани Амбекийн материалыг визанд өгсөн боловч татгалзсан хариу авсан ба би Тийн данс руу 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр 700.000 төгрөгийг буцааж хийсэн. Тэгээд би Амбек рүү залгаад “виз чинь гараагүй, урьдчилгаа 350.000 төгрөг, түрээсийн гэрээний 350.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг Т рүү шилжүүлсэн, авсан уу” гэж асуухад “авсан” гэж байсан.

Тийн 2017 оны 08 дугаар сарын дундуур надад авчирч өгсөн 8 ширхэг гадаад паспорт дунд С гэж хүний паспорт байсан. Тухайн паспортуудыг өгөхдөө надад ямар ч урьдчилгаа мөнгө өгөөгүй, “энэ паспортуудыг байлгаж бай хөгшөөн” гэж хэлсэн. Тэгээд орхичихоод явсан юм. Би араас нь хэд хэдэн удаа залгаад “энэ паспортуудын хүмүүс орохгүй юм уу, материал бүрдүүлэхгүй юм уу” гэхэд “байлгаж бай” гэж байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын эхээр Т манай ажил дээр орж ирээд “С-гийн паспортыг хүн нь урагшаа явах гээд байна, паспортыг нь түрүүлээд авчихъя” гэж хэлээд аваад явсан.

Надад Ттэй холбоотой ямар нэг төлбөр тооцоо байхгүй, түүний авчирч өгсөн 8 ширхэг паспорт болон авсан 700.000 төгрөгийг буцааж өгсөн. Би С гэж хүнтэй уулзаж байгаагүй, Т надад Сгийн визний урьдчилгаа гэж огт мөнгө өгөөгүй.

Т надтай С гэж хүний талаар нэг ч удаа юм ярьж байгаагүй. Би түүнд “Сд эмчилгээний виз гаргаж өгье” гэж огт хэлээгүй. Тийм зүйл болоогүй. Би Т рүү 700.000 төгрөгийг ямар дансаар шилжүүлсэнээ мэдэхгүй байна. Дансны хуулгаа харж байж хэлье..” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

- Мөн гэрчийн дахин өгсөн:

“…Хамгийн анх Т нь Баярболд гэдэг хүнээс миний утасны дугаарыг аваад надтай холбогдож байсан. Т над руу ярьж байгаад ажил дээр ирж уулзсан ба уулзахдаа “манай дүү Баярболд танайхаар виз гаргуулсан байна, танайх найдвартай юм шиг байна, би 2 дүү болон нөхрийнхөө визийг гаргуулъя” гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Т дахин ирээд нөхөр болон 2 дүүгийнхээ бичиг баримтийг өгөөд 3 хүний урьдчилгаа гэж 1.050.000 төгрөг өгсөн.

Манай компани хүнээс бичиг баримт авахдаа урьдчилгаа гэж 350.000 төгрөг авдаг ба виз гараагүй тохиолдолд уг мөнгийг буцааж өгдөг юм. Тухайн үед Тийн нөхөр “хөдөө уурхайд ажилладаг” гээд өөрөө ирэхгүй байсан болохоор компани эзэнгүй материалыг цааш нь оруулах боломжгүй байсан. Тэгээд Тт нөхөрийнх нь урьдчилгаа болох 350.000 төгрөгийг буцааж өгсөн.

Харин 2 дүүгийнх нь мөнгийг нэрийг нь сайн санахгүй байна өөрсдөд нь өгсөн. Тэгээд байж байтал Т 2017 оны 09 дүгээр сард дахин 5 хүний паспорт өгсөн, гэхдээ нэг төгрөг ч өгөөгүй ба надад өгөхдөө “энэ 5 паспорт чам дээр байж байг, би хүмүүстэй нь холбогдож мөнгө материалыг нь авч өгнө” гэж хэлээд үлдээгээд явсан юм. Тэр дунд миний санаж байгаагаар Оюунсүрэн, С гэж хүний паспорт байсан. Тэгээд би 10 дугаар сарын 04-ний өдөр өнчин тархины хавдар авахуулах хагалгаанд орсон ба эмнэлэгт хэвтэж байгаад 12 дугаар сарын 10-ны орчимд ажилдаа орсон. Энэ хугацаанд би Тээс удаа дараа “чи авчирч өгсөн 5 ширхэг паспортоо ирж ав, эсвэл материалыг нь бүрдүүлж өг” гэж хэлж байсан боловч “маргааш очно, эсвэл өдөр яваад очъё” гэх зэргээр хэлдэг боловч ирдэггүй байсан.

Тэгээд 2018 оны 02 дугаар сард Т гэнэт над руу яриад “чи ажил дээрээ байна уу, би нөгөө 5 ширхэг паспортыг авах гэсэн юмаа” гэж хэлээд манай ажил дээр ирж бүгдийг нь аваад явсан. Надад Т энэ 5 паспорттой холбоотой нэг ч төгрөг өгөөгүй. Тухайн үед Т надаас “хоёр, гурван хүн оруулъя, ямар материал бүрдүүлэх үү” гэж асууж байсан. Тэгэхээр нь би “визанд ороход шаардагдах материалаа, урьдчилгаатайгаа бүрдүүлээд өгчих, тэгээд виз гарвал үлдсэн 3.150.000 төгрөгийг авч болно” гэж хэлж байсан.

Манай компани нэг хүний визний материал бүрдүүлээд, виз гарсан тохиолдолд л нийт зардал 3.500.000 төгрөг байдаг ба мөн барьцаа хөрөнгө авч үлддэг. Яагаад гэвэл хүмүүс очоод харлачихдаг юм. Би тухайн үед Т нь Оюунсүрэн гэж хүний материал өгөх гэж байгаа болон Оюунсүрэн гэж хүнээс 3.500.000 төгрөг авсан талаар огт мэдээгүй. Манай компани хүнээс материал авахдаа 3.500.000 төгрөг авдаггүй. Т манай компанийн нэрийг барьж Оюунсүрэн гэж хүнээс 3.500.000 төгрөг авсан байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй, ярьсан зүйл үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 112-113х/,

 

5. Гэрч О.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Оюунсүрэн нь миний багын найз юмаа. Би Оюунсүрэнгээс БЗД-ийн 17-р хороонд байх 3 өрөө байрыг худалдан авсан ба урьдчилгаа 10.000.000 төгрөгийг өгөх ёстой байсан. Тэгээд би Солонгос явчихвал хурдан хугацаанд өгнө гэж бодоод энэ тухайгаа Оюунсүрэнд хэлсэн.

Тэгсэн чинь Оюунсүрэн “манай ажил дээр нэг хүн найдвартай виз гаргана гэж яриад байна, 3.500.000 төгрөг чи надад өгчих, тэгээд визээ гаргуулчих” гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас Оюунсүрэн миний өмнөөс 3.500.000 төгрөг өгөхөөр болсон. Би тухайн үед хөдөө Дорнод аймагт ажиллаж байсан. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хотод ирээд“бичиг баримтаа бүрдүүлээд, орой нь Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр тэр виз гаргаж өгнө гэх хүнтэй уулзахаар болсон.

Тэгээд би Оюунсүрэнгийн ажил дээр 18 цагийн үед очиж уулзаад, хамт Нисэх рүү явсан. Тэр үед манай нөхөр, мөн Оюунсүрэнгийн нөхөр хамт явж байсан. Тэгээд нисэх буудал дээр ирээд Т гэж хүнтэй уулзсан. Тэр үед Т бид нарт “мөнгөө хар өнгийн уутанд бичиг баримттай хамт хийгээд ирээрэй” гэж хэлж байсан.

Тэгээд бид нар түүнийг Нисэх онгоцны буудал дээр машин дотор хүлээж байхад Т гаднаас ганцаараа машинд орж суугаад бэлэн 3.500.000 төгрөг бичиг баримтын хамт аваад “виз чинь 14 хоногийн дотор гарна шүү” гэж хэлээд буугаад явсан. Тэгээд түүний хэлсэн хугацаа өнгөрсөн боловч виз гарахгүй байсан ба утасдаж асуухаар “энэ удаа гарсангүй, 2017 оны 12 дугаар сарын 20-нд хүмүүс явуулна, тэр үед гаргаад өгье, түр хүлээж бай” гэж хэлсэн. Тэгээд түүний хэлсэн 12 сарын 20-ны хугацаа болоход виз гараагүй ба бид нар “мөнгөө буцааж авъя” гэхэд “удахгүй өгнө” гэж хэлдэг боловч одоо хүртэл өгөөгүй. Би бичиг баримтаа саяхан нэг сар орчимын өмнө Гандан дээрээс танихгүй хүнээс очиж авч байсан. Т намайг “Гандан дээр хүрээд ир” гэж хэлээд танихгүй хөгшин эрэгтэй хүнд миний бичиг баримтыг үлдээгээд явсан байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 102х/,

 

6. Шүүгдэгч Ч.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 08 дугаар сарын орчим өөрийн найз Должмаа гэдэг хүнээр дамжуулж С гэх хүнтэй танилцаж байсан. Тухайн үед би өөрийн нөхөр Дамдинсүрэнг Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах бодолтой байсан юм. Зүс таньдаг Ариунаа гэж хүн “баруун 4 замд оффистой Солонгос улс руу виз гаргадаг хүн байдаг юм, би уг газраар материал бүрдүүлж өгөөд миний виз гарчихсан” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Ариунаагаас уг газрын утасны дугаарыг аваад залгахад Батцэцэг гэж хүн надтай ярьсан ба “манайх визны материал бүрдүүлдэг, виз 100 хувь гаргадаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Дамдинсүрэн, таньдаг найз Нараагийн нөхөр Мэндээ гэх хүний гадаад пасспортыг Батцэцэгийн суудаг оффист аваачиж өгсөн.

Тэр үед Батцэцэг надад “урьдчилгаа 350.000 төгрөг авна, тэгээд виз гарсаны дараа үлдэгдэл 3.150.000 төгрөгийг авна” гэж хэлж байсан. Тэгээд би нөхөр Дамдинсүрэн болон Мэндээ нарын урьдчилгаа гэж 700.000 төгрөгийг Батцэцэгт өгсөн ба 350.000 төгрөгийг бэлнээр, 350.000 төгрөгийг дансаар өгсөн. Тэгээд байж байтал 2017 оны 09 сард С, Должмаа бид гурав хамт архи ууж байхад С надаас “виз гаргадаг юм уу” гэж асуухаар нь би Батцэцэг найдвартай гаргадаг юм чинь болох байх гэж бодоод Сгийн материалыг нь Батцэцэгт дамжуулж өгөөд дундаас нь хэдэн төгрөг олъё гэж бодсон юм.

Батцэцэгийн өгсөн мэдээллээр виз гарсан тохиолдолд 3.500.000 төгрөг гэсэн ба би Сд 3.500.000 төгрөг гэж хэлэхэд “надад бэлэн байгаа нь 2.000.000 төгрөг байна” гэхээр нь 2.000.000 төгрөгийг нь авсан. Тэгээд Сгийн гадаад пасспортыг аваад өөрийн дансаар 400.000 төгрөг, бэлнээр 1.600.000 төгрөг авсан. Мөн хувьдаа 100.000 төгрөг зээлж авсан. Тэгээд уг мөнгийг ойр зуурын хэрэглээнд зарцуулсан.

Тухайн үед би Батцэцэгийн ажилладаг газар нь виз найдвартай гаргаж өгдөг гэдэгт итгэсэн бөгөөд Сг зуучлаад дундаас нь мөнгө олъё гэж бодсон. Гэхдээ өөрийн авах мөнгийг урьдчилаад авсан юм. Яагаад урьдчилан авсан бэ гэхлээр виз гарсаны дараа С надад мөнгө өгөхгүй байх гэж бодсон юм.

 

Мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байх Чингис хаан Олон улсын нисэх буудлын гадна зогсоол дээр Оюунсүрэн гэж хүнээс 3.500.000 төгрөгийг “Солонгосын виз гаргаж өгнө” гээд бэлнээр авсан. Оюунсүрэн анх Отгонжаргал гэдэг хүнээс миний утасны дугаарыг аваад ярьсан байсан. Би Оюунсүрэнг урьд өмнө нь харж байгаагүй. Отгонжаргал бол миний таньдаг дүү юм. Тэгээд Оюунсүрэн над руу залгаад “виз гаргадаг хүн үү” гэхээр нь би Батцэцэгт материалыг өгөөд, визийг нь гаргуулаад өгчихнө гэж бодоод “визийг чинь гаргаж өгч болно, гадаад паспортаа 3.500.000 төгрөгийн хамт өгчих” гэж хэлээд авсан юмаа.

Тухайн үед би Оюунсүрэнгийн пасспортыг Батцэцэгт аваачиж өгсөн боловч урьдчилгаа гэж мөнгө өгөөгүй юм. Тэгээд Оюунсүрэнгээс авсан 3.500.000 төгрөгийг өөрийн дансанд байршуулж байгаад ойр зуурын хэрэгцээндээ бага багаар үрээд дуусгасан. Би Оюунсүрэнгээс авсан 3.500.000 төгрөгөөс Батцэцэгт мөнгө өгөөгүй. Бүгдийг нь өөрөө үрчихсэн юм. Би Оюунсүрэнгийн виз нь гарчих байх гэж бодоод өөртөө ашиг хараад 3.500.000 төгрөг авчихсан юм. Оюунсүрэнгийн хохирлыг төлж барагдуулна.

Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, би бусдад учруулсан хохирлоо барагдуулахаа илэрхийлж байна. Миний хийсэн хэргийг хурдан шуурхай, хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 87-88х, 124-125х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгаа /хэргийн 145-151х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж, дүгнэн  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Тийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ч.Т нь “Солонгос улсын визийг 14 хоногийн дотор гаргаж өгнө” гэж  2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн В.Сгаас нийт 2.000.000  төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Огээс 3.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг  тус тус залилан авч, өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн хохирогч В.С /хэргийн 09-10х/, Д.О /хэргийн 98-99х/ нарын мэдүүлэг, гэрч Д.Батцэцэг /хэргийн 20-21х, 112-113х/, О.Энхчимэг /хэргийн 102х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 87-88х, 124-125х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Т нь “Солонгос улсын визийг 14 хоногийн дотор гаргаж өгнө” гэж хохирогч В.Сгаас 2.000.000 төгрөг, Д.Огээс 3.500.000 төгрөг тус тус авч, өөртөө ашигласан гэмт үйлдэл нь “хуурч, зохиолмол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Ч.Тт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.Тийг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 5.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг хоёр сарын хугацаанд нөхөн төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/  болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.  

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч Ч.Тээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч В.Сд 500.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 1.500.000 төгрөг болон хохирогч В.Оюунсүрэнгээс авсан 3.500.000 төгрөгийг тус тус нөхөн төлөөгүй болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг баримтаар тогтоогдсон.  

 

Иймд шүүгдэгч Ч.Тээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон  5.000.000 төгрөг гаргуулж, хохирогч В.Сд 1.500.000 төгрөг /нэг сая таван зуу мянга/ төгрөг, хохирогч Д.Од 3.500.000 төгрөг /гурван сая таван зуу мянга/ төгрөг тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хэргийн 23 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн нь түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.    

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон бага насны хүүхэдтэй /төрөөд 11 хоног байгаа гэх/ зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосон албадлагын арга хэмээ авах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн харицлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                       

                                                        

                                                           ТОГТООХ нь:

 

1. Ю овогт Ч-ийн Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Т-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж “гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар Ч.Тээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 33в-2 тоотод оршин суух хаягтай, Б овогт Д-ын О-д /РД:/ 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг,

- хохирогч Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 22-392 тоотод оршин суух хаягтай, Д овогт В-гийн С-д /РД:/ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт Ч.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД