Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 248

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багт оршин суух Самбил овгийн Гүрийн Янжингийн /РД: ДП67050103/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Г.Янжин нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Самбил овогтой Гүрийн Янжин нь 1967 оны 05 сарын 01-нд Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн. 1983 оны 08 сарын 01-нээс мал аж ахуйн механикжуулагч, санитарчаар тус сумын Улаан туг, Хамтын хүч, Баянгол багуудад 1990 оны 07 сар хүртэл ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан газруудын архивын лавлагаа, холбогдох материал олдохгүй байгаа. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1983 оны 08 сарын 01-нээс 1990 оны 07 сар хүртэл Хамтын хүч, Баянгол, Улаан туг багуудад санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Г.Янжингийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Янжин нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Хамтын хүч, Баянгол, Улаан туг багуудад санитарчаар ажиллаж  байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Г.Янжин нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Хамтын хүч, Баянгол, Улаан туг багуудад санитарчаар ажиллаж  байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар лавлагаа, Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...1985 оны 08 сарын 01-нээс Хамтын хүч бригадын эмчилгээ тэжээлийн санитарчаар Гүр овогтой Янжинг томилсугай...” гэх 40 дугаар тушаал, мөн нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 63 дугаар тушаал, мөн нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...сумын төвийн ЭТЦ-ийн санитарч Г.Янжинг чөлөөлж Хамтын хүч бригадын ЭТЦ-ийн санитарчаар ажиллуулсугай...” гэх “Ажилд томилох тухай” 84 дүгээр тушаал, нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “...Улаантуг бригадын ЭТЦ-ийн санитарчаар жирэмсний амралт нь дууссан Гүрийн Янжинг 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэх 36/Б дугаар тушаал, Осорнямын Янжмаа 1989 оны 10 сарын 01-нд Шарга Төрөхөд төрснийг 1989 оны 10 сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд бүртгэв, эцгийн нэр Ядамын Осорням, эхийн нэр Гүрийн Янжин гэх 65 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, МХЗЭ-ийн гишүүний 314277 дугаартай Бат илэрхийлэх, 1988 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Сайшаалын үнэмлэхээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Г.Янжинг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Хамтын хүч, Баянгол, Улаан туг багуудад санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Самбил овгийн Гүрийн Янжинг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Хамтын хүч, Баянгол, Улаан туг багуудад санитарчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Янжин нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ