Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 94

 

         

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Г-ийн Т-од холбогдох эрүүгийн 1810 0257 80817 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1,  Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 20-480 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Цайз 16 дугаар хороололд түр оршин сууж байгаа гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Г-ийн Т- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БНХАУ-ын нутаг дэвсгэр болох “Ганц мод” гэх газарт “Нийслэл” нэртэй буудалд хамтран амьдрагч Э.Быг бусадтай хардан, улмаар түүний нүүр рүү 2-3 удаа алгадаж, газарт унагаан, цээж рүү нь 2-3 удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед би өөрөө халамцуу байсан ба эхнэрээ хардаж, үл ойлголцолын улмаас хэрэг болсон. Би хохирогчийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон, газарт унахад цээж рүү нь өшиглөсөн. Хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад айж сандраад буруу мэдүүлэг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Гэхдээ цагдан хоригдсон учир одоогийн байдлаар хохирогчтой уулзаагүй байгаа. Цаашид хамт амьдрахыг хүсэж байна. Урьд өмнө нь хохирогчид гар хүрч байгаагүй. Бид хоёр хааяа архи уучихдаг байсан ба тухайн үед нь гэр бүлийн маргаан гардаг байсан. Өөрөөр асуудал байдаггүй бөгөөд бид хоёр 4-5 сар хамтран амьдарсан юм. Хэрэг явдал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болох Ганц мод гэдэг газарт 2018 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрийн хавьцаа болсон ба коридорт хольхоод явж байсан залууг Бтай хардаж асуудал үүссэн. Би тухайн үед нилээн халамцуу байсан ба Б мөн адил архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Анх Хятад Улсад ирээд бид хоёр мөнгөгүй болсон байсан болохоор паспортаа барьцаанд тавьсан, цалингаа буухаар авах гэж байсан. Тэгээд хэрэг болсоны дараа 4 удаа уучлалт гуйж очиход ажлын газрын эзэн намайг оруулахгүй байсан. ” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1810025780817  дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2017 онд Дундговь аймагт нэрийг нь сайн санахгүй байна, хүдрийн уурхайд бэлтгэх тогоочоор ажилладаг байсан ба Галаагийн Т тухайн уурхайд хамгаалагч, бэлтгэх тогоочоор ажилладаг байсан. Бид хоёр 2017 оны 11 дүгээр сард танилцаад үерхэж эхэлсэн юм. Тэгээд Т бид хоёр 2018 оны 03 дугаар сард тэр ажлаас гараад Улаанбаатар хотод ирсэн ба 2018 оны 05 дугаар сараас эхлэн гэрлэлтээ батлуулалгүйгээр байр түрээслэж хамтран амьдрах болсон.

Т бид хоёрыг Тын төрсөн ах Батболд нь “ажил байна” гэж дуудахаар нь 2018 оны 09 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Цагаан хад суманд очиж 3 хоноод Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын хилээр нэвтэрч Өвөрмонголын “Ганц мод” нэртэй газарт очсон. Тэнд бид хоёр хоолны газарт бэлтгэгчээр ажилд орсон ба хоолны газрынхаа дээд давхарт амьдардаг байсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 24-ний орой Т бид хоёр ажлаа тараад гэртээ 0.33 литрийн савалгаатай хятад архи хувааж уусан. Т намайг танихгүй хүнтэй хардаад миний нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж газарт унагаагаад миний цээж, хавирга хэсэгт 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би зодуулаад 2 хоногийн дараанаас цээж хөндүүрлээд зовиуртай болсон ба Батболд ахын эхнэр Нямаа ах Батбаярт “намайг зодуулсан” талаар хэлсэн байсан. Т бид хоёр мөнгөгүй болоод эхлээд Тын гадаад паспортыг, дараа нь миний гадаад паспортыг хүнсний дэлгүүрт 1000 юанаар барьцаанд тавьсан байсан болохоор ах Батбаяр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ганц мод гэх газарт ирээд миний паспортыг барьцаанаас чөлөөлж, намайг Улаанбаатар авч ирсэн. Т нь ах Батболдтой хамт БНХАУ-ын Ганц мод гэдэг газарт үлдсэн. Т ер нь их хартай, түргэн ууртай хүн болохоор намайг тэр буудлын коридороор явж байсан танихгүй хүнтэй хардаад зодсон. Урьд өмнө нь айхтар гэмтэл учиртал зодож байгаагүй ч гэсэн маргалдах болгонд гар хүрчих гээд байдаг юм.

Би шинжээчийн 13094 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Одоо миний цээж хэсгээр эргэх хөдөлгөөн хийхэд бага зэрэг хөндүүртэй, бусдаар биеийн байдал зүгээр байна. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тод холбогдох хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 44-45х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.П-ийн гэрчээр өгсөн:

“...Манай охин Б нь 2017 оны 10 дугаар сард Т гэдэг хүнтэй танилцаж 2018 оны 05 дугаар сард уг хүнтэй хамтран амьдрахаар болж Баянзүрх дүүрэгт хөлсний байранд ороход нь би 4 сарын байрных нь мөнгийг нь төлж өгсөн. Т нь Улаанбаатар хотод ямар нэг ажил хөдөлмөр эрхэлдэггүй, охин маань ажил эрхэлж, түүнийг тэжээж байсан. Т нь Өмнөговь аймагт очиж ажил хийхээр болоод, манай охин хамт явсан.  Өмнөговь руу явсанаас хойш охин утсаар ярихгүй, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байсан.

Тэгтэл Тын бэр эгч Нямаа гэх хүн 2018 оны 10 дугаар сарын эхээр над руу утсаар залгаад “танай охиныг Т их дарамталж зодож байна, охинд чинь Т хань болохгүй юм байна, охиноо ирж ав” гэж ярьсан. Тэгээд том хүү Батбаяр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас цааш Хятад улсын “Цагаан хад” гэх газарт очиж охин Быг олж хотод авчирсан. Тухайн үед Бын гадаад паспортыг Т нь Хятад Улсын “Ганц мод” гэх газарт байхдаа Өвөр монголын дэлгүүрт 1000 юанийн өрөнд тавьчихсан байсныг хүү Батбаяр өрийг нь төлж авсан байсан.  

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Б хотод ирэхдээ зодуулсан байдалтай зүүн гараа хөдөлгөж чадахгүй, хамар нь мурийсан байхаар нь шууд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “толгой нь доргиж битүү хавантсан, 2 хавирга хугарсан байна” гэж, мөн  Бын хавирга одоогоос 2 сарын өмнө хугарсан байна гэж гэмтлийн эмч хэлсэн. Манай охин Б урьд нь Т өөрийг нь зоддог талаараа хэлдэггүй байсан. Манай охин Быг Т удаа дараа зодож, биед нь гэмтэл учруулсанд маш их гомдолтой байна. Т манай охины биед олон удаа гэмтэл учруулсан байх тул түүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.  Би Тыг танихгүй, 2018 оны 09 дүгээр сард Өмнөговь аймаг руу явахад Т, Бын хамт гэрт ирж хувцасаа үлдээхэд нь анх удаа харсан. Их олон шивээстэй, намхан, шар, дунд зэргийн махтай залуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-ын гэрчээр өгсөн:

“...Э.Б нь миний төрсөн дүү байгаа юм. ...Манай дүү Б 2018 оны 04 дүгээр сараас Т гэдэг эрэгтэй хүнтэй танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд энэ хоёр 13 дугаар хороололд байр түрээслэж амьдарч байсан. 2018 оны 09 дүгээр сард Хятад Улс руу ажил хийхээр явсан ба түүнээс хойш уулзаагүй. 2018 оны 10 дугаар сарын 20-дын үеэр Тын бэр эгч Нямаа нь манай ээж рүү утсаар яриад “охиноо ирж аваа, Б Тод зодуулаад хүн харах аргагүй болсон байна” гэж хэлсэн байсан.

Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хятад Улсын ”Ганц мод” нэртэй газарт очиход Нийслэл нэртэй цайны газрын дээд давхарт нь дүү маань хэвтэж байсан. Тухайн үед Б нуруугаа ч тэнийлгэж чадахгүй, бөгтийгөөд суучихсан, нүүр нь хөхрөөд, хөхрөлт нь шарлаж байгаа харагдсан. “Хавирга өвдөөд байна” гээд хурдан хөдөлгөөн хийж чадахгүй байсан. Бын гадаад паспортыг Т нь барьцаанд тавьчихсан гэхээр нь паспортыг нь барьцаанаас гаргаад, дүүгээ аваад Монгол руу буцсан.

Тэр үед хамтран амьдрагч Т байхгүй байсан. Баас хэргийн талаар асуухад бид нарт ямар нэгэн зүйл яриагүй, манай дүүгийн найз Дээгий хэлэхдээ Т нь Быг дарамтлаад “элдэв зүйл яриад байвал охиныг чинь сургууль дээр нь очиж ална” гэж дарамталсан байсан. Мөн бэр эгч Нямаа нь We chat-аар холбогдож ярих үедээ “Т Быг дарамтлаад байх юм, манайд амьдарч байх үедээ нэг удаа зодсон. Би бэр нь болохоор өөр юм хэлж чадахгүй байна” гэж байсан. Бидний хувьд зодож цохиж байхыг нь хараагүй ба сая энэ үйл явдлын дараа л харсан.

Мөн 2018 оны 07 дугаар сард манай ээж Бтай уулзахад “хавирга өвдөөд гээд байсан, тэр үед ч бас Тод зодуулсан байна” гэж байсан. Өөрөөр нүдээр хараагүй болохоор хэзээ, хэрхэн, яаж зодсон талаар нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 13094 тоот актын:

1. Э.Б-ын биед цээжний зүүн талын 7, 8, 10 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, эрүүний баруун буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,

 

5. Аюулгүйн зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 64-69х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т-ын яллагдагчаар өгсөн:

“...Би Б гэдэг эмэгтэйтэй 2017 онд Өмнөговь аймагт Алтны уурхайд ажиллаж байхдаа танилцсан. Түүнээс хойш үерхэж байгаад 2018 оны 05 дугаар сараас хойш хамтран амьдрах болсон юм. Хамтран амьдарч байдаа ажил хийхээр болоод 2018 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Халиут” нэртэй газарт очоод би караокены үйлчлэгч хийгээд, эхнэр Б цэцэрлэгийн багшийн ажил хийсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын эхээр Хятад Улсад зорчих хугацаа дууссан болохоор бид хоёр хилийн шон тойрох гээд Өмнөговь аймаг руу орж ирээд буцахдаа ...Хятад улсын “Ганц мод” гэдэг газарт хоолны газарт ажиллахаар болсон. Бид хоёр цалин өндөр, цаанаасаа хоол, байртай гэсэн учир Заяа гэх Монгол эзэнтэй “Нийслэл” нэртэй хоолны газарт  Б угаагчаар, би бэлтгэгчээр ажилд орсон.

Ажилд ороод бид хоёр тэр хоолны газрын 2 давхарт байрлах өрөөнд байрласан. Ажилд ороод 10 орчим хоног ажлаа хийсэн. Тэгээд 10 дугаар сарын дундуур нь байх өдрийг санахгүй байна, ...ажил тарсаны дараа бид хоёр ойролцоох цайны газар ороход Б “архи ууя” гээд 0.5 литрийн Хятад архи аваад хувааж ууж суухад нэг эрэгтэй ирээд танилцсан, тэр өдрөө бид хоёр архи уусан байсан болохоор “ажиллаж байгаа цайны газраа очихгүй” гэхэд тэр эрэгтэй “та хоёр миний машинд очоод хоночих” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр залуугийн хамт хоноод маргааш нь Б ...“чөлөө авчихлаа” гээд хүрээд ирэхээр нь бид хоёр Хятад эзэнтэй хоолны газрын зочид буудалд ороод нэг шил архи авч,  уугаад байж байгаад “би унтлаа” гэхэд Б “гарч пиво ууна” гээд гараад явсан.

Тэгээд хэсэг байж байгаад буцаж орж ирэхдээ “доод давхарт нэг залуу намайг оролдлоо, цагийн хэдээр явах юм гээд миний гарнаас бариад бөгс иллээ” гэж хэлсэн. Тухайн үед 14:00 цаг болж байсан. Тэгэхэд нь би “ямар залуу, хаана байна” гэж асуухад  “доод давхрын үүдэнд байна” гэхээр нь тэр залуутай нь уулзах гээд буудлын өрөөний хаалгаа онгойлгоод гартал нэг монгол эрэгтэй бид хоёрын өрөөний гаднаас нь чагнаад зогсож байсан. Тэгээд “чи хэн юм бэ” гэхэд тэр эрэгтэй “цаад эмэгтэйгээ дуудчих, уулзъя” гээд байсан ба Б “намайг дагаад байсан хүн наадах чинь байна” гэж хэлсэн. 

 Тэгээд би тэр эрэгтэй хүнтэй муудалцаад зодолдоход тэр хүн “манайхаан” гэж орилох үед зочид буудлын өрөөнөөс хэд хэдэн эрэгтэй жолооч нар гарч ирээд бүгд над руу дайрсан. Энэ үед би биеэ хамгаалж байхад Б миний ард байснаа урдуур орж ирээд салгах үед ...тэр хүмүүс Бын нүүр, хавирга руу цохиж гэмтэл учруулсан.

Тухайн өдөр бид хоёр шил архи хувааж уусан байсан учир Б нилээн согтсон, би арай гайгүй согтолттой байсан. Тэгээд бид хоёр тэр буудлаасаа гарч хямд нийтийн буудалд орсон. Буудалд ороход Б хавиргаа бариад “өвдөөд байна” гээд байсан, мөн унасан гээд гараа бариад байсан. Тэгээд дахиж архи уухаар болоод 4 пиво авч уусан.

Нийтийн буудалд өрөө байхгүй байсан учир бид хоёр коридорт хоноод “маргааш нь сул өрөө гарлаа” гэхээр нь нийтийн өрөөнд ороход хоёр залуу байрласан, өрөөнд архи ууж байсан. Бид хоёрт ууж байсан архинаасаа өгөөд, 3 дахь өдрөө үргэлжлүүлэн архи уусан.

Тэр үед би архиа хундаглаад Бд өгөхгүй байхад Б нь уурлаад, хүний ууж байсан архийг булааж авч уугаад байхаар нь би уурлахад тэнд байсан нэг эрэгтэй өмөөрч “яахав дээ, ууж л байг” гээд байхаар нь би бас тэр эрэгтэйтэй маргалдаж, ганц хоёр удаа хоорондоо цохилцсон юм. Тэгээд би тасраад унтаад өгсөн байсан. Орой нь сэрээд харахад сэрэхэд Б миний ойролцоо унтаж байсан эрэгтэйтэй хамт унтаж байсан.

Өрөөнд хамт байсан нөгөө эрэгтэйг нь татаж сэрээгээд “чи гэрч шүү” гэж хэлээд тэр хоёрын хөнжлийг нь татахад эрэгтэй нь өмдөө өвдөг хүртлээ шувталчихсан, Б өөрөө нүцгэн хэвтэж байсан.

Тэгээд би Быг “босооч” гээд татахад хувцасаа хайгаад олж өмсөж чадахгүй согтуу байсан. Би түүнийг “ичдэггүй хар пизда вэ” гээд нүүр рүү нь баруун, зүүн гараараа нэг нэг удаа алгадаад шилэн хүзүүнээс нь барьж байгаад ор руу түлхэж унагасан.

Мөн хувцасыг нь олж өмсүүлчихээд унтуулсан. Маргааш өглөө нь би түүнийг “ажилдаа  яв” гэж хэлээд явуулсан ба тэр өдрөө би буудалд өнжсөн. Харин Б орой нь буцаж ирээгүй. Маргааш нь ажиллаж байсан цайны газартаа очиход Б нь “надтай  харьцахгүй” гээд намайг хөөгөөд байсан учир би уулзаж чадаагүй, байрлаж байсан буудалдаа өр тавиад, 4 хоногийн дараа буудлын эрэгтэйг “Монгол руу явна” гэхэд нь “Монголд очоод мөнгийг чинь өгье” гэж хэлээд Монголдоо буцаж ирсэн.

Энэ явлдаас хойш би Бтай уулзаагүй ба Улаанбаатар хотод ирээд нэг л удаа уулзсан. Тухайн үед насайг араар тавьсан асуудлаас болж бид хоёр салсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би учруулсан гэж бодохгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43х/,    

Мөн шүүгдэгчийн яллагдагчаар дахин өгсөн:

“...Би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол, хуулийн зүйл заалтыг уншиж танилцсан. Би өөрийн гэм буруугийн тал дээр маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 78х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49х/, шүүгдэгч Г.Тын “өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” Хан-Уул дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 74х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Мөн шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, эвлэрсэн тухай хүсэлтийг /хэргийн 75х/, шүүгдэгч Г.Т нь гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч, улмаар өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хэргийн 74х/ прокурорын хяналтын шатанд тус тус бичгээр гаргасан тул 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолоор талуудын хүсэлтийг хүлээн авч ханган, прокуророос эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулж /хэргийн 85-87х/ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Тод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БНХАУ-ын нутаг дэвсгэр “Ганц мод” гэх газарт Нийслэл нэртэй буудалд хамт амьдарч байсан Э.Быг бусадтай хардан, улмаар түүний нүүр рүү алгадах, түлхэж унагах, өшиглөх зэргээр цохиж  зодон, Э.Б-ын биед “...цээжний зүүн талын 7, 8, 10 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, эрүүний баруун буланд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан:

-  хохирогч Э.Б-ын: “...Т бид хоёр ... 2018 оны 09 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Цагаан хад суманд очиж 3 хоноод Гашуун сухайтын боомтоор БНХАУ-ын хилээр нэвтэрч Өвөрмонголын “Ганц мод” нэртэй газарт очсон. Тэнд бид хоёр хоолны газарт бэлтгэгчээр ажилд орсон ба хоолны газрынхаа дээд давхарт амьдардаг байсан юм.

Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 24-ний орой Т бид хоёр ажлаа тараад гэртээ 0.33 литрийн савалгаатай хятад архи хувааж уусан. Т намайг танихгүй хүнтэй хардаад миний нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж газарт унагаагаад миний цээж, хавирга хэсэгт 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би зодуулаад 2 хоногийн дараанаас цээж хөндүүрлээд зовиуртай болсон ба Батболд ахын эхнэр Нямаа ах Батбаярт “намайг зодуулсан” талаар хэлсэн байсан. ...Миний гадаад паспортыг хүнсний дэлгүүрт 1000 юанаар барьцаанд тавьсан байсан болохоор ах Батбаяр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ганц мод гэх газарт ирээд миний паспортыг барьцаанаас чөлөөлж, намайг Улаанбаатар авч ирсэн. Т нь ах Батболдтой хамт БНХАУ-ын “Ганц мод” гэдэг газарт үлдсэн. Т ер нь их хартай, түргэн ууртай хүн болохоор намайг тэр буудлын коридороор явж байсан танихгүй хүнтэй хардаад зодсон. Урьд өмнө нь айхтар гэмтэл учиртал зодож байгаагүй ч гэсэн маргалдах болгонд гар хүрчих гээд байдаг юм. Би шинжээчийн 13094 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Одоо миний цээж хэсгээр эргэх хөдөлгөөн хийхэд бага зэрэг хөндүүртэй, бусдаар биеийн байдал зүгээр байна. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тод холбогдох хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 44-45х/,

- гэрч Б.П-ийн: “...Т нь Өмнөговь аймагт очиж ажил хийхээр болоод, манай охин хамт явсан.  Өмнөговь руу явсанаас хойш охин утсаар ярихгүй, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгтэл Тын бэр эгч Нямаа гэх хүн 2018 оны сарын эхээр над руу утсаар залгаад “танай охиныг Т их дарамталж зодож байна, охинд чинь Т хань болохгүй юм байна, охиноо ирж ав” гэж ярьсан. Тэгээд том хүү Батбаяр 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас цааш Хятад улсын “Цагаан хад” гэх газарт очиж охин Быг олж хотод авчирсан. Тухайн үед Бын гадаад паспортыг Т нь Хятад Улсын “Ганц мод” гэх газарт байхдаа Өвөр монголын дэлгүүрт 1000 юанийн өрөнд тавьчихсан байсныг хүү Батбаяр өрийг нь төлж авсан байсан. 

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Б хотод ирэхдээ зодуулсан байдалтай зүүн гараа хөдөлгөж чадахгүй, хамар нь мурийсан байхаар нь шууд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “толгой нь доргиж битүү хавантсан, 2 хавирга хугарсан байна” гэж, мөн  Бын хавирга одоогоос 2 сарын өмнө хугарсан байна гэж гэмтлийн эмч хэлсэн. Т өөрийг нь зоддог талаар манай охин урьд нь хэлдэггүй байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

- гэрч Э.Б-ын: “...Э.Б нь миний төрсөн дүү байгаа юм. ...Манай дүү Б 2018 оны 04 дүгээр сараас Т гэдэг эрэгтэй хүнтэй танилцаж, хамтран амьдарч байсан. 2018 оны 09 дүгээр сард Хятад Улс руу ажил хийхээр явсан ба түүнээс хойш уулзаагүй. 2018 оны 10 дугаар сарын 20-дын үеэр Тын бэр эгч Нямаа нь манай ээж рүү утсаар яриад “охиноо ирж аваа, Б Тод зодуулаад хүн харах аргагүй болсон байна” гэж хэлсэн байсан. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хятад Улсын” Ганц мод” нэртэй газарт очиход Нийслэл нэртэй цайны газрын дээд давхарт нь дүү маань хэвтэж байсан.

Тухайн үед Б нуруугаа ч тэнийлгэж чадахгүй, бөгтийгөөд суучихсан, нүүр нь хөхрөөд, хөхрөлт нь шарлаж байгаа харагдсан. “Хавирга өвдөөд байна” гээд хурдан хөдөлгөөн хийж чадахгүй байсан. Бын гадаад паспортыг Т нь барьцаанд тавьчихсан гэхээр нь паспортыг нь барьцаанаас гаргаад, дүүгээ аваад Монгол руу буцсан.

Тэр үед хамтран амьдрагч Т байхгүй байсан. Баас хэргийн талаар асуухад бид нарт ямар нэгэн зүйл яриагүй, манай дүүгийн найз Дээгий хэлэхдээ Т нь Быг дарамтлаад “элдэв зүйл яриад байвал охиныг чинь сургууль дээр нь очиж ална” гэж дарамталсан байсан. Мөн бэр эгч Нямаа нь We chat-аар холбогдож ярих үедээ “Т Быг дарамтлаад байх юм, манайд амьдарч байх үедээ нэг удаа зодсон. Би бэр нь болохоор өөр юм хэлж чадахгүй байна” гэж байсан. Бидний хувьд зодож цохиж байхыг нь хараагүй ба сая энэ үйл явдлын дараа л харсан. Мөн 2018 оны 07 дугаар сард манай ээж Бтай уулзахад “хавирга өвдөөд гээд байсан, тэр үед ч бас Тод зодуулсан байна” гэж байсан. Өөрөөр нүдээр хараагүй болохоор хэзээ, хэрхэн, яаж зодсон талаар нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 13094 тоот актын:

1. Э.Бын биед цээжний зүүн талын 7, 8, 10 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, эрүүний баруун буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,

- шүүгдэгч Г.Т-ын: “...Би яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол, хуулийн зүйл заалтыг уншиж танилцсан. Би өөрийн гэм буруугийн тал дээр маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” мэдүүлэг /хэргийн 78х/ болон хохирогч Э.Б /хэргийн 75х/ шүүгдэгч Г.Т /хэргийн 74х/ нарын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” Хан-Уул дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Э.Б-ын биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан  хүндэвтэр гэмтэл бүхий хохирол нь шүүгдэгч Г.Т түүнийг бусадтай хардан, түүнийг алгадах, түлхэж унагах, өшиглөх зэргээр зодож цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж  хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Тын хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх зүйтэй.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.Т-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Мөн тухайн гэмт хэрэг нь БНХАУ-ын нутаг дэвсгэр “Ганц мод” гэх газарт үйлдэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн дээрх гэмт хэрэгт тухайн орны хуулиар ял шийтгэгдээгүй, энэ талаар хэрэгт тодорхой баримтгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож ирүүлсэн нь “Монгол улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.  

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Т нь хохирогч Э.Быг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дүгнэлт гаргахдаа залруулан зөвтгөсөн бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэхэд түүний эрх зүйн байдлыг илтэд дордуулах нөхцөл байдлыг тус тус үүсгэхгүй тул шүүх зөвтгөн залруулж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж ус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Э.Бын эрүүл мэндэд учирсан “...цээжний зүүн талын 7, 8, 10 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн хажуу доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, эрүүний баруун буланд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна. 

 

Хэргийн хохирогч Э.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан өөрт хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн гомдлын шаардлага гаргаагүй, “...Г.Тод гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн тухай хүсэлтийг /хэргийн 75х/ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан, “... Одоо миний цээж хэсгээр эргэх хөдөлгөөн хийхэд бага зэрэг хөндүүртэй, бусдаар биеийн байдал зүгээр байна. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тод холбогдох хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү, өөр нэмж ярих зүйл байхгүй.” хэмээн мэдүүлсэн  /хэргийн 44-45х/ баримттай зэргээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Г.Тоос гаргуулах баримт бүхий хохирол, төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 49х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тод 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, нийт 41 хоногийг /шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шүүгчийн захирамж/ хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын шүүгдэгчийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Г.Тын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн /41х8=328/ тооцоход цагдан хоригдсон 41 хоног нь нийтэд тустай ажил хийлгэх ялын 328 /гурван зуун хорин найм/ цагтай дүйцэж байх тул шүүгдэгчийн хувьд энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                 

                                                       ТОГТООХ нь:

 

1. М овогт Г-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тод 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Тын цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн хасаж, оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай. 

 

4. Энэ хэрэгт Г.Тын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Э.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Тод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

6. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД