Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00182

 

 

 

 

 

 

             

    2024        01           24                                       210/МА2024/00182

 

ББ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/04611 дугаар шийдвэртэй,

 

ББ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

ЧГИ ХХК-д холбогдох,

 

1,179,888,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.И, Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар баг Өлзийтийн-Ус гэдэг газар байрлах “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн хүнд даацын авто замын LOT-3 багцын КМ268.8-КМ308.8 хэсгийн барилгын ажлыг захиалагч тал болох ТХТ ХХК , зөвлөх компани болох “МСРС" ХХК-ийн тус тус хяналтын дор хариуцагч ЧГИ ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 42.5 км авто зам барилгын газар шорооны далан үерийн ус зайлуулах хоолойн угсралтын ажил, даацын угсралтын ажлуудыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.

1.2. Гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгч ЧГИ ХХК-иас ажил эхлүүлэхийг шаардсанаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүн хүч, машин техник хэрэгслүүдийг бэлдэж 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт байрлах баазад ирж гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхээр нийт 50 ажилчин, түрээсийн 30 техник хэрэгслийн хамт баг бүрэлдэхүүнтэй ажил эхлэхэд бэлэн болгосон.

Гэтэл ЧГИ ХХК нь гэрээнд заасан ажил эхлүүлэх шаардлагатай анхан шатны болон мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлүүдийг зохих хууль журмын дагуу гаргуулаагүй, ажил гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөлгүй 65 хоног ажлын байраар хангаагүйгээс ажлын гүйцэтгэлийн бэлтгэл ажилд зориулж бусдаас авсан зээлийн гэрээний алданги, санхүүгийн болон түрээсийн төлбөр, ажиллах хүчний цалин хөлс, бусад урсгал зардлын алдагдал зэрэг их хэмжээний хохиролд орсон. 65 хоногийн хугацаанд хамрагдах ажилчдын цалин хөлс 258,529,902.17 төгрөг, дизель мотор ажиллуулсан түлшний зардал 47,250,000 төгрөг, техник хэрэгслүүдийг түрээсэлсэн зардал 528,089,449.40 төгрөг, нийт 833,869,351.57 төгрөгийг зарцуулсан. 

1.3. Энэхүү хохирол нь ЧГИ ХХК-иас гэрээний 7 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий гэрээнд хамаарах холбогдох баримт бичгийг туслан гүйцэтгэгчид гаргаж өгөх, төслийн ажилтантай холбоотой тусгай зөвшөөрөл бүрдүүлэх” гэж, 5-т “Гэрээнд заасны дагуу ажлын төлбөр тооцоог хугацаанд нь төлөх" гэж, мөн гэрээний 12 дугаар зүйлийн 4-т “Гэрээнд оролцогч талуудын аль нэг нь гэрээний гүйцэтгэлийг удаашруулснаас үүссэн давагдашгүй хүчин зүйл тулгарсан тохиолдолд гэрээний хэрэгжилтэд саатал учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж тус тус заасныг зөрчсөнтэй шууд холбоотой. Мөн захиалагч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх” гэж, 351.1.4-т “ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

1.4. “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 1-д “гэрээт ажлын хугацаа 14 сар буюу ерөнхий гэрээнд заасан ажил дуусах хугацаа болно” гэж заасан хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон ч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-д “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу гэрээний хугацаа үргэлжилж, гэрээний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан.

1.5. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу холбогдох ажлыг хийж гүйцэтгэх явцад тулгамдаж буй асуудал, хүндрэл учирч буй тодорхой асуудлаар төслийг хариуцаж байгаа  Я Ш-д удаа дараа амаар болон албан бичгийг цахим шуудангаар илгээх болон эх хувиар гардуулж өгч байсан. Гэвч хариу огт өгөөгүйгээс болж бидэнд тодорхой хохирол учирсаар байсан. Мөн манай компанийн зүгээс гэрээг дуусгавар болох талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад албан бичгийн хариу болгож 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №CGC221209002 дугаартай бичгийг өгөхдөө “... танай зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж компанийн эзэмшил газарт хүч хэрэглэн, хууль бусаар дайран орж, асуудлыг эвийн журмаар бус хүч хэрэглэн шийдвэрлэхээр оролдон, санхүүгийн болон хууль зүйн үндэслэлгүй баримт бичигт гарын үсэг зуруулахаар шахалт үзүүлж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааны болон төслийн баримт бичгийг хүч хэрэглэж, дур мэдэн хураан авсан хууль бус үйлдэл гаргаж, бизнесийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргаж цаашид хамтран ажиллахгүй талаар манайд мэдэгдсэн. Манай компани уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцлах тухай саналыг хүлээн авч байна...” гэж зориуд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан, гэрээг цуцлах саналыг манай компаниас гаргаж байгаа мэтээр илтэд үндэслэлгүйгээр гэрээг цуцлах үндэслэл гаргаж, гэрээг дуусгавар болгохыг шахалт үзүүлж эхэлснээр бид аргагүйн эрхэнд гэрээг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрч гэрээ дуусгавар болгож, акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан.

 Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн авто замын ажлыг туслах гүйцэтгэх гэрээ болон 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх нэмэлт гэрээнүүдийг дуусгавар болгохоор 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Гэрээг дуусгавар болгох хэлэлцээр”-ийг байгуулсан ба уг хэлэлцээрийн 4-т “Талууд энэ гэрээний хавсралтад заасны дагуу төлбөр тооцоо хийхээс өмнө тоо хэмжээг нэг бүрчлэн тулгах ба тоо хэмжээ дутсан, шилжүүлэх боломжгүй эд хөрөнгө байвал хүлээлгэн өгөх жагсаалтын үнийг нэгж үнэлгээний дүнгээр нийт тохиролцсон төлбөрийн дүнгээс хасаж тооцно” гэж заасныг гэрээний А тал буюу ЧГИ ХХК нь зөрчиж гэрээг дуусгавар болгох хэлэлцээрийн хавсралт 1-д “Гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлөн төлбөр тооцоо барагдуулах акт”-ын хүснэгтийн 7-д “Холын зайн тээврийн нөхвөрт 191,197,062.39 төгрөг гэж зөрүүтэй тооцоо гаргасан нь манай компанийн тооцооноос илтэд зөрүүтэйгээр тусгасан.

1.6. Гэрээнд заасан ажил гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу ажиллах хүчийг 2 хувааж ажиллуулсан бөгөөд 2 дахь кемпийг ПК-20+100 дээр байрлуулан зам барилгын ажлыг хийх явцад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хяналтын компанийн эрх бүхий зөвлөх инженер Б.Н уг карьерийн үйл ажиллагааг зогсоож, 2021 оны 08 дугаар сарын 9-ний өдөр далангийн дүүргэлтэд ашиглаж болохгүй гэсэн шийдвэр гаргаснаар ПК-20+100 дээр ажиллаж байсан кемпийн үйл ажиллагаа доголдож, ажиллах боломжгүй болсон.

Уг кемпийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул 5 км буюу ирж очихын 10 км зайд тээвэрлэлт хийж байсныг өөрчлөн өөр карьер буюу ПК29+700-аас ПК20+000 хүртэлх нэг талын тээвэр 9.7 км буюу ирж очихын 19.4 км-ын зайнд 08 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 35 хоног захиалагч талаас шийдвэр хүлээж ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж холын зайнаас тээвэрлэлт хийж төлөвлөгөөт ажил үүргээ гүйцэтгэсэн болно.

Ажил гүйцэтгэгч компани холын зайн тээвэрлэлтийн зардал тооцоог гэрээг дуусгавар болгох хэлэлцээрийн акт үйлдэж, тооцоо нийлэхээс өмнө 462,683,480.0 төгрөг гэж тооцооллыг гаргаж өгсөн боловч ЧГИ ХХК нь бага үнэлгээгээр буюу 191,197,062.39 төгрөгөөр тооцож акт үйлдэж олгосноос компанид хохирол учирсан.

1.7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6-д “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Гэрээг дуусгавар болгох хэлэлцээр”-ийн хавсралт 1-д “Гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлөн төлбөр тооцоо барагдуулах акт”-ын хүснэгтийн 7-д “Холын зайн тээврийн нөхвөрт 191,197,062.39 төгрөг гэж тусгаснаас үүдэлтэй өр авлагын үнийн дүнгийн зөрүү 346,018,750 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй болно.

Иймд хариуцагч ЧГИ ХХК-иас “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төсөл LОТ 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ”-нд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 833,869,351.57 төгрөг, уг гэрээг дуусгавар болгосноос үүдэлтэй төлбөр тооцоо нийлсэн актад тусгасан үнийн дүнгийн зөрүү 346,018,750 төгрөг, нийт 1,179,888,101.57 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авто замын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн авто замын төсөл дээр хамтран ажилласан ба гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээг тус тус байгуулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, дуусгавар болгосон.

2.2. Хариуцагч ЧГИ ХХК нь 10,555,226,820.32 төгрөгийг нэхэмжлэгч ББ ХХК -ийн дансанд шилжүүлсэн тул ямар нэг төлбөр тооцоо, хохиролтой холбоотой асуудал байхгүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 354 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа бөгөөд зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулах болон түүнийг дуусгавар болгох, мөн төлбөр тооцоо хийх тухай гэрээ, хэлэлцээрийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу харилцан тохиролцож байгуулсан, уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

2.3. Ажилчдын цалин хөлс 258,529,902.17 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд ажилчдын цалин хөлсийг захиалагч тал төлөх тухай тусгаагүй, өөрийн ажилчдадаа өгсөн цалин хөлсийг хохирол гэж үзэж өөр этгээдээс нэхэмжлэх эрхгүй.

Мөн дизель мотор ажиллуулсан түлшний зардал 47,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Тухайн компани гэрээгээр гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай өөрөөсөө зайлшгүй гарах зардлыг хохирол гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн болон түрээсийн техник ашиглах эсэх асуудал нь тухайн компанийн дотоод асуудал бөгөөд энэ нь захиалагч компанид хамааралгүй.

Өр авлагын үнийн дүнгийн зөрүү 346,018,750.00 төгрөг гаргуулах асуудлаар тооцоо нийлж үнийн дүнгийн талаар тохирсон. Нэгэнт тохирсон буюу хүлээн зөвшөөрсөн, өглөг авлагыг хүлээн авсан асуудлын талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.4. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажилсан бөгөөд энэхүү гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох, төлбөр тооцоог барагдуулах тухай нэмэлт гэрээг байгуулж баталгаажуулсан, уг гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь бүрэн биелүүлсэн.

Иймд хариуцагч тал Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн тул ББ ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч ББ ХХК -ийн гаргасан хариуцагч ЧГИ ХХК-д холбогдох 1,179,888,101.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,057,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг зам барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах үүргээ хугацаандаа биелүүлээгүй болон мөн замын ажилд хэрэглэгдэх хайрга, дайрга, элс, цемент болон бусад шаардлагатай зүйлийг авах 5 км тутамд байршуулах ёстой байсан хангамжийн баазыг 10 км тутамд байршуулсан байсан гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т “Ерөнхий гэрээнд хамаарах холбогдох баримт бичгийг туслан гүйцэтгэгчид гаргаж өгөх, төслийн ажилтай холбоотой тусгай зөвшөөрлийг бүрдүүлэх нь ерөнхий гүйцэтгэгчийн үүрэг” гэсэн  тохиролцоо, мөн энэхүү үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч хариуцагчийн хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлын талбай дээр ажил, үүргээ гүйцэтгэхээр очсон үйл баримт, ажил эхлэх боломж нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй хожимдуулсан буруутай үйл баримт, хариуцагчийн үүрэг болох карьерийн зөвшөөрөл, ажлын зураг, кемпийн барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэрэг нь хугацаандаа гараагүйг нотолсон хэрэгт авагдсан баримт зэргийг харьцуулах замаар хэргийн бодит үйл баримтын талаар үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй.

4.2. Шүүх “нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч компанитай ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох тухай хэлэлцээр байгуулах тэрхүү цаг хугацаанд 833,869,351.57 төгрөгийг хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажил эхлүүлэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэнтэй холбоотой гарсан зардал гэж, мөн 346,018,750 төгрөгийг холын зайн тээвэрлэлтийн зардлыг буруу тооцоолсноос дутуу авсан төлбөр гэж маргаж байгаагүй ажээ ” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс энэ дүгнэлтийг хийхдээ талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд зөвхөн гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй төлбөрийн талаарх буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2 шаардлагаас бусад өгөх ёстой төлбөрийн тухайд нийлсэн тооцоог үндэслэж учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүсээд байгаа нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон асуудлыг шийдвэрлэсэн үйл баримт биш бөгөөд учирсан хохирлоо шаардах эрх хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд нээлттэй, уг эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь буруутгаж, шаардах эрх байхгүй мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон.

4.3. Анхан шатны шүүх “Нөгөө талаар нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор өгсөн бусад этгээдэд өр төлбөр төлөх тухай шүүхийн шийдвэр, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах тухай хэлцэл, түрээсийн гэрээ гэх зэрэг нь тус компанид Таван толгой-Манлай-Ханги чиглэлийн автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой тухайн зам барилгын ажилд ашиглагдсан тоног төхөөрөмжүүд мөн бөгөөд эдгээр нь хоорондоо шууд хамааралтай эсэх нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт болсон.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүднээс гаргаж өгсөн нотлох баримтууд нь тухайн маргаанд шууд хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, цаг хугацааны хувьд болон маргаан бүхий үйл баримтанд хамааралтай   байхад ийм дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүх эдгээр нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэлэл бүхий болж чадаагүй.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 24-ны өдрийн 101/ШШ2023/4611 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

5. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай талаас гэрээ байгуулагдаж ажил гүйцэтгэсэн ба гэрээ байгуулагдсанаас хойш 65 хоногийн хугацаанд нийт 3,000,000,000 орчим төгрөгийг төлсөн талаар маргаагүй. Нэхэмжлэгч тал 65 хоногийн хугацаа алдаж хохирол учирсан гэх баримт хэрэгт байхгүй, ажлын гүйцэтгэлийг 3, 4 сарын дараа нөхөж гаргасан ба 65 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал огт үүсээгүй.

65 хоногийн ажил хоцорсонтой холбоотойгоор  хохирол учирсан, түрээсийн техник тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тухайн байгууллагын өөрсдийнх нь зохион байгуулалтаас шалтгаалах асуудал. Мөн холын зайн тээвэртэй холбоотой асуудал нь ажил гүйцэтгэхтэй холбоотой асуудал тул талууд хоорондоо 195,000,000 төгрөг өгч авахаар тохиролцсон.

5.2. 2 жил гаруй хугацаанд ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилж 2022 оны 12 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон ба тухайн үед манай талаас туслан гүйцэтгэгч нартаа төлбөр төлөх боломжгүй байсан. Бидний тооцооллоор 300,000,000 орчим төгрөгийг танайхаас авахаар байгаа тул замын ажилд ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдээ бидэнд өгчих, нэхэмжлэгч талын санал болгож байгаа 1,300,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Уг тоног төхөөрөмжүүд бүгд эвдэрхий байсан боловч нэгэнт гэрээ байгуулагдсан байсан учир манай талаас төлбөрийг төлж дуусгасан. Гэтэл нэхэмжлэгч тал төлбөр төлж дууссаны дараа шүүхэд гомдол гаргасан учир манай талаас хэлцлээсээ буцах саналыг гаргасан.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ББ ХХК нь хариуцагч ЧГИ ХХК-д холбогдуулан 1,179,888,101.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ББ ХХК болон ЧГИ ХХК-ийн  хооронд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийн LOT 3 багцын KM268.8-KM308.8 хэсгийн бүх барилгын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан,  хариуцагч компанийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажилд туслах буюу туслан гүйцэтгэгчийн үүргийг нэхэмжлэгч хүлээсэн, тэдгээрийн хооронд  ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Энэ гэрээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй.

 

4. Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл хийж, уг хэлцлээр 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон, хариуцагч ЧГИ ХХК нь 10,555,226,920.32 төгрөгийг нэхэмжлэгч ББ ХХК -д төлсөн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч ББ ХХК нь хохиролд 833,869,351 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлийг талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу мөн оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 65 хоногийн хугацаанд сул зогссон нь хариуцагч ЧГИ ХХК гэрээний 7 дугаар зүйлийн 2-т заасан гэрээнд хамаарах баримт бичгийг туслан гүйцэтгэгчид гаргаж өгөх, төслийн ажилтай холбоотой тусгай зөвшөөрөл бүрдүүлэх үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой гэжээ.

5.1. Гэрээний 7 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий гэрээнд хамаарах холбогдох баримт бичгийг туслан гүйцэтгэгчид гаргаж өгөх, төслийн ажилтай холбоотой тусгай зөвшөөрөл бүрдүүлэх” үүргийг хариуцагч ЧГИ ХХК хүлээхээр талууд тохиролцжээ. Энэ бичиг баримт нь ямар бичиг баримт болох гэрээнд тодорхойлон заагаагүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ энэ баримт бичгийг ажил эхлүүлэх шаардлагатай анхан шатны болон мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөл гэж тайлбарласан.

 Гэвч нэхэмжлэгч тал 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 65 хоногийн хугацаанд хариуцагч талд өөрийнх нь хүлээх үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гаргасан зөрчлийг нь арилгуулах талаар мэдэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 Түүнчлэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэг тал хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирлыг нөгөө талаас шаардахад гэрээний үүргийн зөрчил гаргасан талын гэм буруугийн талаар тэрээр нотлох үүрэгтэй болно. Иймд анхан шатны шүүх гэрээний 7 дугаар зүйлийн 2-т заасан тусгай зөвшөөрөл нь ямар зөвшөөрөл болох талаарх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хариуцагч талаас гэрээний дагуу гаргаж өгөх зөвшөөрлүүд нь “карьерийн зөвшөөрөл, ажлын зураг, кемпийн барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” байсан гэж нэмж шинээр тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэл анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэснийг зөрчжээ. Иймд нэхэмжлэгч талын холбогдох давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна. 

5.2. Үүнээс гадна талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Гэрээг дуусгавар болгох хэлэлцээр” гэх гэрээг байгуулж  2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төсөл LOT 3 багцын туслан гүйцэтгэх гэрээ”, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээг дуусгавар болгохоор тохиролцох явцад нэхэмжлэгч ББ ХХК -иас 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 65 хоногийн хугацаанд сул зогссонтой холбоотой хохирлыг харилцан тооцуулахаар хүсэлт гаргасан байдал баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр талууд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, хоорондын төлбөр тооцоо, хүлээлгэн өгөх ажил үйлчилгээ, бараа материалын нэр, төрөл, үнэ, хэмжээний талаар харилцан тохиролцож гэрээний үүргийг дуусгавар болгосон тул энэ гэрээний хугацаанд хамаарах хохирлыг шаардах эрхгүй гэж дүгнэнэ.

5.3. Түүнчлэн хариуцагч ЧГИ ХХК 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 6,325,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 60,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 49,725,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 52,148,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 48,700,000 төгрөгийг буюу нэхэмжлэлээр хохирол шаардсан 65 хоног дуусах хугацаагаар  хязгаарлавал нийт 306,898,000 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэгч тал энэ төлбөрөөс ажилчдын цалинг олгох боломжтой байжээ. Сул зогсолтын хугацаанд 47,250,000 төгрөгийн хэмжээгээр түлш зарцуулсан гэх байдал эргэлзээтэй. Техник, төхөөрөмж түрээслэх нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх үүрэгт нь хамаарахаар байна.

5.4. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж хохиролд нийт 833,869,351 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч ББ ХХК нь хариуцагч ЧГИ ХХК-иас хохиролд 346,018,750 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагын үндэслэлийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр кемпийн үйл ажиллагааг зогсоосноор 5 км-т хийх тээвэрлэлтийг нэг талд 9,7 км, хоёр талд 19,4 км-ын зайд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 35 хоногийн хугацаанд холын зайнаас тээвэрлэлт хийх болсон, үүнтэй холбоотой гарсан зардлыг гэрээ дуусгавар болгох актад 191,197,062 төгрөгөөр тусгаж алдагдалд орсон гэж тайлбарлажээ.

6.1. Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Гэрээг дуусгавар болгох хэлэлцээр” гэх гэрээний хавсралт 1-д “Гэрээг дуусгавар болгож талбайг чөлөөлөн төлбөр тооцоо барагдуулах акт”-ын хүснэгтийн “Холын зайн тээврийн нөхвөрт 191,197,062.39 төгрөг” гэж тусгажээ. Энэ гэрээг байгуулахад нэхэмжлэгч тал уг хэмжээг зөвшөөрөхгүй гэж татгалзаагүй, гэрээний энэ хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй байна.

 Иймд хэлцлийн энэ хэсгийг хүчин төгөлдөр гэж дүгнэх бөгөөд талууд харилцан тооцож үүргийг дуусгавар болгосон тул хохирлын буруу тооцсон гэх үндэслэлээр холбогдох  нэхэмжлэлийг хангах боломжгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

 

7. Түүнээс гадна анхан шатны шүүх хариуцагч ЧГИ ХХК энэ гэрээний дагуу хүлээх үүрэг болох 4,409,342,837.01 төгрөгийн үүргийг нэхэмжлэгч ББ ХХК -д харилцан тооцох, мөнгөн хөрөнгө болон түүний бусдад төлөх төлбөрийг төлөх хэлбэрээр дуусгавар болгосон гэж зөв дүгнэжээ.      

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/04611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,057,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧИД                                         Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА