Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 249

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт оршин суух Вангийн хошуу овгийн Банзрагчийн Баттулгын /РД: ДБ56062817/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Б.Баттулга нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Вангийн хошуу овогтой Банзрагчийн Баттулга нь 1956 оны 06 сарын 28-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн. 1985-1991 оныг дуустал тус сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1985-1991 оныг дуустал Баян-Уул сумд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Б.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Баттулга нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Хамтын хүч, Хүйсийн говь бригадад малчнаар ажиллаж  байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Б.Баттулга нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Хамтын хүч, Хүйсийн говь бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 240 дугаартай лавлагаа,
Гэрч П.Охиндойн “...Би 1965 оноос 1992 он хүртэл Баян-Уул сумын Лениний зам нэгдэлд нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.Баттулга насаараа нэгдэлд өртөөний тэмээ, адуу хариулдаг байсан. 1992 онд Нэгдэл тарахад хувьдаа гарсан. Яг хэдийд ажилд орсон талаар мэдэхгүй байна. Нэгдлийн хүмүүсийг бүгдийг нь ерөнхийд нь хариуцаж явдаг байсан болохоор хэзээ орж, гарсныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Тайванхүүгийн “...Би 1991 он хүртэл Баян-Уул сумд мал малладаг байсан. Б.Баттулга гуайнхтай айл саахалт олон жил явсан. Намайг ухаан орсон цагаас л мал малладаг хүн байсан. Одоо ч тэндээ мал маллаж байгаа. Нэгдэлд тэмээ, адуу хариулдаг байсан. Тэр үед машин тэрэг байдаггүй байсан болохоор Баттулга гуайн тэмээ морийг нь унаад сургуульдаа явдаг байсан. Би 1981 онд сургуульд суусан. Тэр үед нэгдлийн мал л байдаг байсан болохоор нэгдэлд л ажиллаж байсан байж таарна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Б.Баттулгыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Хамтын хүч, Хүйсийн говь бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Вангийн хошуу овгийн Банзрагчийн Баттулгыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Хамтын хүч, Хүйсийн говь бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ