Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00183

 

 

 

                 

    2024         01             24                                       210/МА2024/00183

 

Ш.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04412 дугаар шийдвэртэй,

 

Ш.Оийн нэхэмжлэлтэй,

НШШГГ холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4143 дугаартай захирамжаар ОТ ХХК -иас 293,744,779 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 811,345 төгрөгийн хамт гаргуулж  ТБ ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шийдвэр гүйцэтгэх явцад ОТ ХХК -ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, ********************* тоотод байршилтай, ресторан, конторын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг битүүмжилж, хураан авсан ба шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, 2,251,130,742 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэнг танилцуулсан.

1.3. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, дэд бүтэц сайтай, үйлчилгээ болон бусад бүх зүйлд ойр, иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг бөгөөд ОТ ХХК -ийн захирал Ш.О уг хөрөнгийг 10,000,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шинжээч томилон үнэлгээ тогтоосон. Баянзүрх дүүргийн тухайн бүсэд үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбай  хамгийн багадаа 8,000,000 төгрөг байхад үл хөдлөх эд хөрөнгийг маань хэт багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.4. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4143 дугаар захирамжаар ОТ ХХК -иас 293,744,779 төгрөг гаргуулж ТБ ХК-д олгож шийдвэрлэсэн.

2.2.Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч ажиллагаа явуулан Баянзүрх дүүрэг, **********************тоотод байршилтай ресторан, конторын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4-187/6803 тоот мэдэгдлийг тус бүрт нь хүргүүлэхэд харилцан тохиролцсон үнийн санал ирүүлээгүй.

Төлбөр төлөгч ОТ ХХК -ийн үнийн саналыг төлбөр авагч ТБ ХК зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/157 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 2,251,130,742 төгрөгөөр үнэлсэн.

2.4.Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одод хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4-187/8805 тоот мэдэгдлийг гардуулан өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул Ш.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ холбогдох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, ******************* конторын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэлтэй, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхрын хэсгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ш.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, **********************байрлах 522 м.кв талбайтай, ресторан, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Тус хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц болон бүх зүйлд ойр дөт, нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг.

4.2. ОТ ХХК -ийн захирал миний бие нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000,000 төгрөгөөр үнэлэж үнийн санал өгч байсан. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн өмч. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө дуудлага худалдаанд  ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох Ш.О миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна.

4.3. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч НШШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4143 дугаар захирамжаар ОТ ХХК 292,948,235 төгрөгийг харилцан тохиролцсон хугацаанд “ТБ” ХХК-д төлж барагдуулах, төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн байна.

 

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүгчийн захирамжийг  гүйцэтгэх ажиллагаа явуулж ОТ ХХК -ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн **************** хаягт байршилтай, ресторан, конторын зориулалттай, 522 м.кв талбайтай, хоёрдугаар давхарын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хураасан. Талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнийн санал дээр талуудыг тохиролцуулах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч ОТ ХХК 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцны зах зээлийн үнэлгээг 10,000,000,000 төгрөг гэж санал ирүүлснийг төлбөр авагч ТБ ХК 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. Талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шинжээчээр “Сэлэнгэ эстимтэйт” ХХК-ийн шинжээч Г.О-ыг томилсон байна. Эдгээр ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд тус тус нийцжээ.

3.3. Шинжээч 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үнэлгээний тайланг гаргаж НШШГГ ирүүлсэн бөгөөд уг тайлангаар барьцаа хөрөнгийг 2,251,130,742 төгрөгөөр үнэлсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой” байх, 8.3.6-д заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт”, 8.3.10-д “хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал”-ыг заах шаардлагыг тус тус хангасан байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

5. Төлбөр төлөгч ОТ ХХК -д үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр мэдэгджээ.

 

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ш.О иргэний хувиар буюу гуравдагч этгээдээр оролцоогүй байх тул тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээнд гомдол гаргах эрх бүхий этгээд биш байна. 

Иймд НШШГГ холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ш.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА